Замд
Өдий наслахдаа юу эсийг үзээ аж. Худлаа худлаа, хаа нэгтээгээс уншсан ийм өгүүлбэр гэнэт орж ирлээ.

Баттай эх сурвалжаас сонсвоос би хамгийн анх агаарын тоосыг хөдөлгөсөн болтой юм. Мөнгөн цагаан хөлөгт өлгийтэй байхдаа нисжээ. Ухаан орсноор “алтан шар”, жаахан томроод “хатуу зам”, бага зэрэг бие дааж эхлээд “төмөр зам”, ажиллаж аялаад“усан зам”-ыг татуулжээ.

Замд юу эс тохиолдоо билээ. Замтай тэмцсэн нь.
Багадаа замд явах тун дургүй байсан юм. Бөөлждөг байснаас тэр. Гэдэс, элэг, уушиг бүгд амаар гарах гээд, нус нулимс урсаад ямар хэцүү мэдрэмж билээ дээ. Бөөлжихгүйн тулд ам дамжсан бүх “арга хэмжээ”-г авч байлаа. Хүйсний нүхэндээ хоргол хийж скочдох, юм идэхгүй явах, юм идээд явах, бохь зажилах, унтаад явах, дуулаад явах, алсыг ширтэн явах, машины урд суулгахын аль ч миний бөөлжилтийг дийлсэнгүй тул сүүлдээ эвлэрсэн. Байн байн бөөлжиж машин зогсоох нь түвэг болдог тул гялгар уутанд юу-яаж явдаг боллоо.
Бор ногоон өнгөтэй, 69 гээд дөрвөлжин машин байсандаа, хичнээн хатуу машин билээ. Тэрний голын жижиг модон дээр суулгаад, намайг бөөлжүүлэхгүйн тулд бүтэн шөнөжин нойргүй, бохь зажилуулж явуулж билээ. 8-тай надад их л урт шөнө байсан. Үзсэн үхэрчин хүүтэй киног дуурайн нэг хөлөө нөгөө хөлийн өвдөг дээр тавьж, өөрийгөө их л стиллэг суудаг, күүл нөхөр мэт мэдэрсэн додигор баагий би бээр хааяа нэг бохио зажлан, хааяа нэг зүүрмэглэн сандал мөргөж явжүлэ. Хол явна гэхээр зүрх үхдэгсэн. Гайгүй томхон болоод, онгоцонд нисэхдээ хүртэл бөөлсөөр явсан, юун үүлэн дээр, тэнгэрт дүүлэх манатай. Дотор муухайрах мэдрэмжээс бусад бүхнийг анзаарч үл чадна. Хөөөөрхий.

Замд юу эс тохиолдоо билээ. Амьдсын өнгийг тольдох.
Автобус, микроны зорчигч болж, түмэн хүмүүсийг ажиглан амьдралын буман өнгөтэй танилцав.

Зодоон нүдээн, хулгай зэлгий, шахдалцаан чихэлдээн, үнэр танар, хиртэй хиргүй, гундуу гандмал, гял цал, дэмий яриа, луйвар залиас авахуулаад жинхэнэ-хуурамч, хээгүй-хямсгар, омог бардам, баяр жаргал, гуниг гутрал, цөхрөл-найдвар гэх буман хөдлөлүүдийг харж, сонсож, үнэртэж, мэдэрч, танив. Замын хажуугаар эрээлжлэх эрээн мяраан хаяг шошгууд, барилгууд.
Цаг хугацаа урссаар, туулсан зам уртассаар ашгүй бөөлжихөө больж, замд таарах түмэн өнгө, буман аяыг хүлээн авч, эргэцүүлж боддог болжээ.

Замд юу эс тохиолдох билээ. Хүмүүсийг ажихуй.
Галт тэргэнд мөн сонирхолтой дүр зураг ажиглагдна. Жинхэнээсээ амьдрал өрнөнө. Улс хооронд эсвэл хот хөдөөгөөс ямар нэг том гахай /жинхэн гахай биш, цүнх шүү/ чирсэн ард, наагуур цаагуур гүйлдэх багачууд, нааш цааш холхих хүнс, барааны бичил дэлгүүр. Шахалцаа донсолгоо бага, зам урт тул самар цөмөн хов ярих эгч нар, аахар шаахар зүйлээр цагийг нөхцөөгчид, хөзөрчид, ном сонин уншигчид, хөлөө нүүрлүү жийн унтагчид, нүд нь гөлрөн бодогчид, алсыг ширтэгчид гээд олон. Мөн над шиг болж буй үйл явдалыг ажиглагчид. Харагдах байдлаар бусдыг уншихыг оролдно. Харцыг, харцан дах атаа, баясал, хилэн, бахдал, сувдаглал, дүр эсгэл, өөрчлөлтийг таамаглана.
Одоо хангалттай. Хүн гэгчийг “гадарлах” боллоо.


Замд юу эс тохиолдох билээ. Дотроо аялахуй.
Нар, уул, үүл намайг дагах авч мод, ус, чулуу, айл, амьтан өнгөрөн үлдэнэ. Байгалийг ажина,, бишрэнэ,, хайрлана. Дахиж хэзээ ч энэ янзаараа байхгүйг ухаарч ядаж сэтгэл оюундаа үүрд энэ хэвээр нь хадгалахыг хүснэ. Хүн байгаль бүгд өөрчилөгднө.

Замд би дуулна. Дурсамжиндаа умбаж хааяа уйлна /нууцаар/. Жиг жуг ярианд инээлдэнэ. Бодолд автана. Найдвар төрнө. Замд бууж зураг авна. Замын гуанзанд хооллоно. Шинэ газар руу догдолсоор, гэртээ яарсаар.

Замд явахад гагц байгаль бус, хүмүүсээр, өөрөөрөө аялна.
Нэг юм мартах шахлаа. Замын хажуугаарх цагаан цагаан нойлын цаас, хуванцар сав, гялгар уутнуудыг жигшин, харамсан явдаг. Ядаж хуванцраа аваад явчихаж байя өө хэдүүлээ.
#augustmatters #writingchallenge
