Нэг өдөр хаана байсан бэ 🎶
Sang by Osorjama
…... явах замд
Галт тэргэндээ арай гэж амжлаа. Зуршил ёсоор хүмүүсийг ажиглавч, энэ удаад дотооддоо анхаарахыг хичээн Монтэний 2 эсээг уншин, 6 сараас хойших тэмдэглэлүүдээ уншлаа. Өмнөх аз жаргалгүй байдлыг бага багаар магад …….д явсны ачаар үгүй болгож буйгаа анзааран баяр төрөв. Хальтхан тэмдэглэл хөтлөн, зүрхээ дагах шийдвэрээ жижиг ч атугай алхамаар дагаж буйдаа сэтгэл оюуны ханамж төрөн, цонхоо өнгөрөх уул толгод, жижиг улаан байшин, мөөгөн цагаан гэрүүдийг ажсаар.

……д
Үдэд ирэв. Эндэхийг 2 зорилготой зорьсон юм. Нэгт, нөгөө юугаа сураглах-олох, Хоёрт, таньдаг эгчид юм зааж өгөх байлаа. Азаар, сайн хүний ачаар эхний зорилгоо богонд ирэхдээ бараг бүтээсэн.
Би угаас уул, мод, тэнгэр, үүлсэд хайр зарласан хүн тул ирээд уул усаар бяцхан газарчийн хамт харайлган, бувар бувар хийн бүтэн өдрийн турш 14 км гаруй алхав. Бороошсноос цэлмэг өдөрт ч манан юмуу униартай байсныг эс тооцвол харахуйн диваажин.
Бяцхан газарч надаас 3 дахин яриа тул ямар их хэрэг-тэй-гүй мэдээлэл сонссон нь ойлгомжтой. Сүүлдээ түүний дургүй хөвгүүний нэрийг асууж, ‘одоо хэн түрүүлж ярьсан нь ….-н найз охин шүү, за? 😉’ хэмээн байгалийн чимээг сонсон алхав. Мэдээж хэсэгхэн хугацаанд 😬. Оройноос өмнө хоёр дахь зорилго ок.

Гэрээс халуу дүүгнэ, гэрийн эзэд ахуй амьдралынхаа сонинг, чухал юмсаа ч надад хүүрнэнэ. Сүүтэй будаа, би мах идэхгүй байгаагаа хэлсэн юм.
Шөнө шүд ам угааж, жо орохдоо гадаа хэсэг ганцаар зогсож, саран, сарны гэрэлд тодрох моддыг ширтэн, нохдын хуцах, үхэр мөөрөх, гэрээс дүнгэр дүнгэр ярихыг /яриаг бус чимээг/ чагнан хэсэг зогслоо. Орой бүхий ийм дүр зураг, ийм чимээг анирдана гэдэг жаргал шүү. Гэрт ортол айлынхан бүгдээр газар юм дэвсэн унтаж, хойморт буй орон дээр намайг унт гэлээ. Яаж айлын хойморт, гэрийн эзэд байсаар атал, гадны хүн би унтах билээ, үгүй ээ гэж хэсэг гүрийв. Барсангүй ээ, унтлаа. Ингээд айлын хойморт, энхрий бяцхан газарчийнхаа хөнжилд хөлбөрөн, хатан хаан шиг л, айлынхан бяцгануудтайгаа газраар “хөөрхөн” иржийтлээ унтах. Өдий наслахдаа ингэж хүндлүүлж байгаагүй тул баярлах- санаа зовох зэрэгцнэ. Сайхан амарлаа.

Өглөө эрт үхэр гэр шөргөөх чимээнээр сэрлээ. Зуурдхан ч хамаагүй, гагц байгальтай байх юмсан. Урд /хойд байж магад, I am bad at direction 😅/уулын энгэр дэх хусан ойруу. Модыг харан, түүний чимээг, үнэрийг, салхилахыг мэдрэхээр хичээвч хүсээгүй зочдыг хооллов. Буян болог. Хувцаст наалдсан зангууг түүхэд ихэнх чанартай цагаа зарцуулав.
……ээс буцах замд
Ийшээ ирэх шийдвэр минь машид зөв байсан аж. Гагц өөрт бус өрөөлийн аж амьдралд бага ч атугай тус хүргэнэ гэдэг том сургуулийн дипломноос ч илүү сайхан санагдуулдаг юм болов уу /гэхдээ би том сургуулийн дипломгүй учраас мэдэхгүй юм, зүгээр л өөрийн хийснээ сэтгэлдээ өег болгох гэсэн юмуудаа чааваас/ Магад боловсролын ачаар бүр олон хүнд илүү том тусыг хүргэх аргыг сурч болох.
Миний цүнх өрөм, сүү, таргаар дүүрээд нилээдгүй хүнд.
Үүргэвч, даавуун тортой юм, 2 шалны мод, жижиг модон ширээ зэрэг бага сага ачаатай, үл таних эмээ өвөө. Өвөө багахан донхойсон, эмээ намуухан дуутай.
Богонд суух болоход би ачаанаас нь барилцахаар зэхэхэд эмээ 'энэ охин маань хүндээ цүнхтэй, май энийг барь' хэмээн шалны модыг өгөв. Өвөө 'чи энэ том охиныг гутааж байна. Тортой юмыг барь, миний охин' гэлээ. Тэгсэн эмээ 'өө нээрээ яаж охиноороо шалны мод бариулахад дээ' гээд би тортой ачааг барин суулаа.
Намайг сайн танихгүй хир нь 'миний охин, миний охин, миний хөө' хэмээн дуудацгааж байсан нь ' миний охин кофе, цай уу. Аваад өгье, ав ав' 'юу авахуулмаар байна, дуртай юмаа ав' хажуугаар бараа зардаг хүн явтал 'миний охин мах идэх үү? Чи иднэ гэвэл бид 2 хамт идье' зэргээр намайг халамжлан явж байв аа. 'Би жүгэлэ, би өлшөөгүй ээ, би усаа уужнаа, би мах идкүээ' гээл 😋. Зайрмаг дээр ирээд миний тэвчээр алдарлаа, ооё. Худлаа2, өнөө 2 маань шахсаар байгаад авч өгсөн шүү. Яагаад ч юм хачин гоё амтагдсан.
Зайрмаг идэх үед өвөө уншиж байсан 'Монтэний эсээ'-г сонирхон жаал үзэв бололтой надад хэлж байна. 'миний охин, ийм гадны ойлгомжгүй ном уншиж байхаар Сорхугтани, Чингис хаан, Нууц товчоо монгол номоо унш.Чи нууц товчоог уншсан уу? 4-5 удаа унш' гэж 'зөвлөв'. Би ам дагууласхийсэн шиг ээ. Эмээ өвөөг дуугуй бол гээд .

Би чихэвчээ зүүн, богонд болж буй үйл явцыг ажиглахын хажуугаар, цонхоор урсан өнгөрөх тосгон суурин, уул толгод, үүлсийг ширтэж явлаа. Чихэвчний хажуугаар, өнөө 2 маань нутгийн эгчийн хэлснээс сонссон уу богонд хамт сууж таарсан ах эгч 2т ‘Энэ охин маань Гярманы том төсөл дээр ажилладаг, толгой гэж ЧУЛУУ’ ч гэнүү нэг юм яриад байна шүү! Танихгүй ах эгч надруу зэрэг харж эдр. ‘ЭЭ бурхан минь, танус чинь юу ярих нь энэ вэ? би чинь Гярманы том төсөл байтугай ажилгүй, толгой минь ЧУЛУУ байтугай УС хааяа бүр ЗУНГАГ шүү дээ 😓’ гэж хэлж арай л зүрхэлсэнгүй. Эмээ өвөөг эвгүй байдалд оруулаад яахав гэсэндээ инээвхийлээд, бага зэрэг додигор царайлсаар /уг ташаа мэдээллээс над этгээдэд бага зэргийн додигоролт, хурган бардамнал үүссэн байх нь/ хотын бараа харлаа.
Богоноос буун, эмээ өвөөг таксинд суугаж өгөөд салцгаав.
201808221740
#Augustmattes #Writingchallenge
