Хайрлана гэдэг.. Дурлана гэдэг…

Selenge Tulga
2 min readJul 10, 2019

--

Хайрлах, дурлах 2 ямар ялгаатай вэ?

Уруулаа будаад толинд хартал урдаас минь будаггүй уруул “УРВАГЧ” гэж хашхирлаа.

Хуйлран одохыг дурлал, тэвчээд үлдэхийг хайр гэх юм болов уу?

Зугтахыг дурлал, үлдэхийг хайр гэх үү?

Залхахыг дурлал, даван гарахыг хайр гээд нэрлэчих үү?

Хорихыг дурлал, чөлөөлөхийг хайр л гэе.

Дурлал гэдэг нь нэг хүний асуудал. Хайрлана гэдэг хоёр хүний асуудал. Маш гоё цэцгийг хараад таслаад авна гэдэг таны дурлал. Өдөр бүр цэцгээ усалж, зэрлэгийг нь түүж арчилна гэдэг таны хайр.

Өөртөө авахыг хүсэх нь дурлал, өөрийгөө өгөхийг хүсэх нь хайр. Дурлал таниас догдлол, шунал, хүсэл тэмүүллийг нэхнэ. Хайр таниас тэвчээр, итгэл, ухаарал, цаг хугацааг нэхнэ. Дурлал таньд цоо шинэ санагддаг бол хайр таньд танил илүү тухтай санагдана.

Дурлал таны инээмсэглэлийг харах дуртай. Хайр таныг аз жаргалтай байлгах дуртай. Дурлал таныг жаргалтай байдалд чинь өөрийгөө саад болж байна гээд зугтаж магадгүй. Хайр таныг жаргалтай байлгахын тулд гарыг чинь атгаад хамтдаа алхана. Дурлал анхных байх дуртай. Хайр сүүлийнх байх дуртай. Дурлал амиа боддог. Хайр зориглодог. Дурлал чамайг сайхан байхыг, хайр чамайг сайн нь байхыг хүсдэг.

Дурлал чамайг гомдоохгүй гэж худал хэлнэ. Хайр чамайг гомдоохгүй гэж үнэнг хэлнэ.

Дурлалыг сайхан, хайрыг зөв гэж нэрлэвэл энэ хоёрын аль ч зөв бурууд хуваагдахгүй. Дурлал таныг зурагт үзэхийг, хайр таныг ном уншихыг зөвлөж магадгүй. Үнэндээ бидний хайр, дурлал хааяа хэтэрчихээд байдаг. Бүх зүйлийг давуулах гэсэн оролдлого нь бүхнийг нураачихдаг.

Дурласан үед түүний бүх зүйл сайхан болж харагддаг. Бид бүх анхаарлаа зөвхөн сайхан зүйлүүдэд төвлөрүүлээд, алдаа дутагдлуудыг нь харсан ч анзаардаггүй. Бие биедээ дасал болж эхлэх үед таны нүдэнд дутагдалтай зүйлүүд харагддаг. Энэ үед бид урам хугардаг. Үнэхээр л хайртай бол бид урагшилдаг. Эс тэгвэл зугтдаг.

Хүсэл мөрөөдөл бол дурлал юм шүү. Түүнд хүрэх урам зориг, шунал, хүсэл тэмүүлэл зүрхэнд чинь байгаа байх. Бүгдийг нь бужигнуулаад хаячихмаар эрч хүч ч бидэнд бий. Гэхдээ урам хугарч хөл алдах үед таныг татаад босгох хүчтэй тийм л хайр хэрэгтэй. Энэ хайр бол зорилго болон тэвчээр. Хүсэл тэмүүлэл байгаад зорилго болон тэвчээр үгүй бол бид ухарсаар л байх болно. Хайр ч мөн адил.

Амьдралыг хайрла. Хүнийг хайрла. Гэр бүлээ хайрла.Хийж байгаа зүйлээ хайрла. Өөрийгөө хайрла.

Хайртай шүү! Т.Сэлэнгэ ❤

--

--