Ганцаардах тухайд

Өнгөрсөн нэг жилийн хугацаа надад "ганцаардах" гэдэг хичээлийг заажээ. Үүний ачаар бусдаас хамаарахгүйгээр аз жаргалтай байж сурсаан.

Хүн болгонд ганцаараа туулдаг цаг үе гэж бий. Ганцаараа угтсан өдрүүд, ганцаараа туулаад гарсан бэрхшээлүүд, ганцаараа догдолсон баярт мөчүүд гээд л.

Чамтай хамт байгаа хэрнээ сэтгэл нь холоос хол байдаг хүмүүс бий, хамт байхыг хүссэн ч хэзээ ч хүрч чаддаггүй нэгэн бас бий. Тиймээс хэн нэгэн "үргэлж" дэргэд чинь байна гэж хэзээ ч, хэзээ ч бүү найд. 
Бүтэлгүйтэл, азгүйтэл, амжилттай ямар ч үе хүнд байх. Энэ үед "хүчтэй байгаарай" гэж өөртөө хэлэх тэнхэлтэй байх хэрэгтэй юм болов уу даа. Бусдаас сэтгэл хүртэнэ гэж хүлээлгүй өөрийгөө сонсож, өөртөө итгэж, өөрийгөө ойлгож бас өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэйг ч бас ойлгосон гэж боддог юм.

Би бусдад, бусад нь надтай үл нийцэхийг ойлгох үедээ, бас байх ёсгүй газраа байгаагаа мэдрэхдээ хүн хамгийн ихээр ганцаарддаг байх. Энэ л үед магадгүй хаашаа ч юм зугтмаар болж, тэгээд өөрийнхөө дотор амьдарч эхэлдэг бизээ. Хүн үргэлж л өөртэйгөө төстэй нэгнийг хайдаг юм болов уу...
 Би яг одоо ганцаардлын их замыг ганцаараа "жаргалтайгаар" туучин алхана. Амар амгалан, тайван байна. Өөрийгөө бусадтай адихан болгох гэж хичээлгүй зүгээр л өөрийнхөө замаар ганцаар алхах нь амар байна…

Show your support

Clapping shows how much you appreciated September Note’s story.