Хэрхэн бүтээлч уншигч болох вэ?

Ном унших дадлыг бий болгож чадвал тэр нь амьдралдаа хийж буй чухал ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ болох юм. Иймээс өөрийн ойлгож мэдсэн хэдэн зүйлийг хуваалцаж, бага ч гэсэн тус хүргэхээр дараах зөвлөмжийг бичлээ

  1. Чи ямар төрлийн номонд дуртай вэ? гэдгээ тодорхойл. Баримтат, намтарчилсан, адал явдал, уран зохиолын, шинжлэх ухааны, түүх философийн, хувь хүний хөгжлийн гээд аль төрлөөр уншвал чиний сонирхлыг илүү татаж байгааг олж мэд. Ингэхийн тулд мэдээж төрөл төрлийн ном уншиж, туршиж үзэх хэрэгтэй.
  2. Орчноо бүрдүүл. Хэрвээ чамд кофешопт сууж халуун кофе амтлан ууж дуртай номоо уншаад суух нь сайхан байдаг бол түүнийгээ хий. Эсвэл гэртээ өөрийн гэсэн орчныг бүрдүүлж унших нь үр дүнтэй байдаг байж болно. Тэндээ унш. Эсвэл чимээ шуугиан багатай номын санг сонгож болно. Хаана чи тухтай, үр дүнтэй уншлага хийж байна, тэр орчинд л очих хэрэгтэй.

3. Гарт ойрхон, нүдэнд үзэгдэх газраа байрлуул. Хичээлийн ширээ, амралтын буйдан, гар тогооны тавиур, цонхы давцан, угаалгын өрөө, зурагтын дэргэд гээд байнга хүрдэг, очдог газрууддаа байрлуулаарай. Цүнхийхээ булан руу шидчихвэл байн байн авч унших хүсэл төрнө гэж үү?

4. Уншлагын хуваарьтай бол. Өглөө эртлэн босож багадаа 30 минутыг ном уншихад зарцуул. Бас унтахын өмнөх уншлага хийж байгаарай. Мөн ажил эхлэхээс 30 минутын өмнө очоод унших, цайны цагаар унших, бүр бууз жигнэж байхдаа унших зэргээр ч төлөвлөж болох юм. Цагийн үр дүнтэй ашиглах хэрэгтэй, тийм ээ?

5. Хэзээ ч өөрийгөө “шахаж” болохгүй. Ном унших нь чиний хүсэл сонирхол дээр тулгуурласан ажил байх ёстой. Чиний дурлаж хийсэн зүйл л чамд үр дүнгээ өгөхөөс биш, хийх ёстой гэж бодож хийсэн зүйл үр дүнгээ өгөхгүйг санаарай.

6. Номын тэмдэглэл хөтлө. Үүнд уншсан номын тухай өөрийн сэтгэгдэл болон таалагдсан эшлэлүүд бичих, шинэ санаа тэмдэглэх, ирэх сард\жилд унших номын жагсаалт, авах номын жагсаалт, уншсан номын жагсаалт бичих зэрэг олон талаас нь тэмдэглэл хөтөлж болно. Эдгээрийг хэрэгжүүлэх нь уншлагаа үр дүнтэй болгох чухал арга юм шүү.

7. Цүнхэндээ байнга ном авч яв. Хичээл, ажил, амралт аялалд явахдаа өөрийн дуртай, авч явахад хөнгөн номоо цүнхэлчиж байгаарай. Гэнэтийн хүлээлт, банкны очер зэрэг цаг их авах ажилд утсаа ширтэж суулгүйгээр номоо гаргаад унш. Тэгвэл чиний цаг хий дэмий өнгөрөхгүй.

8. Уулзалтуудад оч. Номын цуглаан, уулзалтуудад очсноор чи илүү их урам зориг, тэмүүлэлтэй болно. Тухайн номын талаарх санал, сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, аливааг олон өнцгөөс харах боломж олдоно. Мэдээж ижил сонирхолтой найз нөхөдтэй болно.

9. Номын дэлгүүрээр хэс. Дэлгүүрт заавал ном худалдаж авах гэж очдог гэж үү? Мэдээж үгүй. Ямар ном шинээр гарсан, аль ном бестселлэр болж шуугиан тарьж байна, хуучны сайхан номууд хэвлэгдсэн болов уу? би ямар төрлийн ном унших уу зэрэг олон зүйлийг таньж мэдэхээр очиж болно. Сандал дээр суугаад номоо гарчиглаж, бүр уншаад дуусгачихаж яагаад болохгүй гэж?

10. Номын хямдралыг “отож” бай. Одоо цагт хүүхэд залуу хөгшин залуугүй номыг сайн унших болжээ. Эрэлт ихтэй энэ үед номын үзэсгэлэн худалдаа, хямдрал, солилцох өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохиогддог болсон. Яг үеүдийг “битгий алд” Хүссэн номоо хямдралтай авч, эсвэл ямар ч зардалгүйгээр хайсан номоо бусадтай солилцож болно.

11. Номын тэмдэглэл хөтөлдөг цахим хуудас, блог, сайт зэргийг тогтмол уншиж байхыг зөвлөж байна. Ингэснээр бусдаас үлгэр дуурайлал авахын зэрэгцээ ном унших хүсэл тань улам л нэмэгдэнэ. Бас олон төрлийн мэдлэг, мэдээлэл олж авч, бүтээлч хандахад туслана.

2017.07.29

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.