ХӨДӨӨ ГЭРИЙН ӨВӨӨ
“Аргаа бараад байвал аргалд яв!”
Ээжийн маань аав Өмнөговь аймгийн уугуул, насаараа тээвэрт явсан онц тээвэрчин, 80 гарч яваа цоглог нь дэндсэн хүн байдгийм! Сурсан зангаа тавихгүй цагаан приусээ унаад үе, үе таксинд явж татах тамхи, таваг чихрийнхээ мөнгийг олчихдог аатай нөхөр бий 😊 Дүү бид хоёр багадаа л өвөө, эмээ нараа ялгаж ярихын тулд өвөөгөө “Хөдөө гэрийн өвөө” гэж нэрийдсэн хэрэг.

Дүү бид хоёр ухаан орсон цагаасаа эхлэн үе, үе хөдөө явах томилолт зуруулж, хугацаагүй албанд явдаг байлаа. Өвөө, эмээ хоёр маань тэр үеийн жишгийн адилаар хэдэн малаа дагаж, Говьсүмбэр аймгийн Тэрэгт хэмээх газар суурьшив. Би тэр үеийн дурсамжиндаа туйлын их хайртай! Одоо ч хажуугаар нь өнгөрч явахдаа дандаа л боддог юм. Яг л дуртай киноныхоо дуртай хэсгийг ахин дахин ухрааж үзэх мэт 😊
Ингээд л дүү бид хоёр өвөө, эмээгийндээ ирж, малын дөртэй болж, ахуйн ажилд суралцан, малчин ардын амьдралын ухааны зах зухаас мэддэг болсон юм даа. Бид хоёр ч гэлтгүй ач, зээ нар нь өвөөгөөсөө их айна. Яагаад ч юм мэдэхгүй. Одоо бодох нь ээ, өвөөгийн чанга хоолойноос л болдог байх 😬

Хүүхэд л болсон хойно хашгиралдан тоглож, гэр тойрон гүйж нураах шахам болно. Өвөө маань хаалгаар гарч ирээд бид нар руу өнөөх өндөр, чанга дуугаар “Аргаа бараад байвал аргалд яв” гээд хэлчихнэ. Энэ их гоё үг шүү 😍 Бид ч бушуухан шиг хөдөлж хошлонд хавчуулсан хэдэн шуудайгаа аваад хоёр, хоёроороо тал, тал тийш тардагсан. Аргал түүж явсаар бусадтайгаа зам нийлж, үргэлжлүүлэн сахилгагүйтсээр шуудайтай аргалаа үүрцгээсээр харина. Өвөөгийн үг бол ямар ч үед хууль, дүрэм! 😁
Нээрээ манай өвөөгийн хоолой аргагүй л ид шидтэй шүү! Амлая хэхэ 😊 Ямарсайндаа л тэртээ тэнд бэлчиж яваа хонин сүргээ буруу тийш явчихаас нь өмнө эргүүлэхэд морь унахын шаардлагагүйгээр гэрийнхээ үүдэнд зогсож байгаад л тал нутаг цуурайттал “ ГУАГ, ГУАГ, ХИАГ” зэрэг үл ойлгогдох авиа гарган хашгирна. Өнөөх хонин сүрэг үүнийг ойлгосон мэт эргэх нь ёстой л гайхамшиг! 😍 Аргагүй л миний өвөө дөө ❤️
Авиаг бичгийн хэлбэрт буулгах хэцүү юм. Гэхдээ нэг иймэрхүү анзааны авиа гаргадаг байсан юм шүү.

“Өвөөгийн өвөрт мангас байдаг байсан юм болов уу?”
Орой болж унтахаар хэвтэхэд их асуудал үүснээ. Газраар унтахаар хорхой шавьж ихтэй, чих рүү орчих гээд зовооно. Хаяагаар хэн нэгэн ороод ирэх ч юм шиг санагдаад айдаг байж дээ, хөөрхий. Гэрийн баруун, зүүн талд байх орон дээр өвөө, эмээ хоёр унтана. Үеийн бид хүртэл энэ бол өвөөгийн тал, энэ бол эмээгийн тал гээд хуваачихдаг байсан даа. Бид яагаад ч юм эмээгийн ор, эмээ хоёрыг булаацалдана. Эмээ яг л тэр үед айл бүрт байсан хүүхдүүдээ тойруулсан Энх-Амгалан хааны баримал шиг л байж. Эмээгийн хоёр тал, хөлд гээд ор дүүртэл шахцалдан унтдагсан. Харин өвөөтэй унтдаг хүн нэг ч байдаггүй шүү. Эмээ биднийг багтахгүй байна, явж өвөөтэйгөө унт гэхээр яагаад ч юм айгаад газраараа л унтдаг байж! Ёстой сонин. Мангастай юм шиг л ойртдоггүй байсан даа. Хүүхдийн гэнэн, томоогүй зан юм байлгүй. Нэг удаа яах ч аргагүй үеэл дүү (Паваг) маань өвөөтэй хамт унтах болов. Маргааш нь бид бараг л зүгээр байна уу гэж асуух нь холгүй байсан санагдана. Хөгжилтэй моньднууд! 😁

“Өвөөгийн жоотгор охин”
Өвөө, эмээ хоёр маань намайг “Жоотгор охин” гэж дуудна. Миний түргэн уурлаж, хошуугаа унжуулаад суучихдагтай холбоотой байсан болов уу гэж боддог. Тэгээд суучихаар л “Жоотгор охин жоотойчихсон уу?” гэдэгсэн. 😊 Би бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Нэг удаа дүүтэйгээ хамт аргалд явжээ. Нэлээн удахаар нь өвөө маань дурандаад үзтэл яасан гээч? Дүүдээ шуудай дүүрэн аргалаа үүрүүлчихээд, өөрөө хажууд нь навсаганаад бүжиглээд явж байсан гэж өвөө маань хуучилдаг юм. Гүй ээ мөн хобби шүү. 😜

“Өвөө зуу татсан нь!”
Жаахан байхад тэгэж санагддаг байсан юм уу бүү мэд! Өвөө согтчихоороо их л сайхан ааштай болчихдог юм шиг санагддагсан. Бид ч тэр үеийг нь далимдуулан эрхэлж гарна даа харин ч нэг. Ээж хүртэл багадаа өвөөгөөс айдаг байснаа ярьж байсан удаатай. Өвөө маань согтчихоороо хэдэн хүүхдээ эрхлүүлж, байдаг мөнгөө тараачихдаг байж л дээ. Ээж маань тэр үед “Аав согтуу байгаасай” гэж боддог байсан гэсэн. Ёстой инээдтэй 😁
Өвөө маань их хөөрхөн. Зуу татчихаараа орон дээрээ хэвтээд өөрөө асуултаа тавиад, өөрөө түүндээ хариулаад, гар хуруугаа эргэлдүүлж байгаад унтчихдаг. Эгдүүтэй санагдаад байдаг юм. ❤️ Улсдаа хийдгээ хийж, үр хүүхдээ хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүнд энэ байтугай эрх нь бүрэн бий. Томрох тусмаа өвөөгөөсөө айх нь битгий хэл, улам ихээр хайрлаж хүндлэх болсонсон.

“Өвөөгийн шинэ машин”
Миний санаж буйгаар 2009 онд юм уу даа. Өвөө маань усан ягаан өнгөтэй “Vitz” машинтай боллоо. Бид сар шинийн баяраар өвөө, эмээтэйгээ золгохоор ирсэн байсан юм. Өвөө машинаа граждаа хийсэн гээд шинэ машинаа ирсэн хүмүүст үзүүлэхгүй, ер хөдөлж өгөхгүй байж л дээ. Би тэр үед зураг дарах хоббитой, “Sony”-ийн халаасны аппараттай байсан юм. Намайг очиход өвөө маань намайг дагуулсаар, зорин байж гражаа нээгээд шинэхэн хүлгээ харууллаа. Яг л дэлгүүрт байх бараагаа зарахаар тайлбарлаж байгаа мэт бүхий л зүйлийг нь танилцуулсым даа. Тэгээд надад захиж “Өвөөгийнхөө машины зургийг аваарай, гоё байгаа биз дээ” гээд хөөрч баярлаж байсан юм. Би энэ дурсамжаа ярьж онгирох дуртай ❤️

“Цаг хугацаа ба миний өвөө”
Саяхны нэг өдөр ээж бид хоёр утсаар ярьж байлаа. Тэгтэл ээж өөдөөс “Аав маань их хөгширчээ” гээд их л гунигтай хэлэв. Тэр үед юу хэлэхээ эс олсон ч миний дотор бараантав! Хэсэгтээ л бодлоо. Гэхдээ…
Бид цаг хугацааг зогсоож чадахгүй ч сэтгэл доторх дурсамжаа тэр чигт нь, тэр дүр төрхөөр нь хадгалж чаддаг нь сайхан юм. Өвөө маань өнөөдөр 80 гарч яваа ч миний дотор үргэлж л сэтгэл татам хэвээрээ.
Мориндоо мордоод сэмбэлзтэл давхихыг нь гэрийнхээ үүднээс хараад зогсдог байсан тэр үе шиг, дүнсэн тамхиа ороогоод гэр дүүрэн утаа суунаглуулан суудаг тэр үе шиг, хоймортоо залсан радиогоо чангаас чанга тавиад нүдээ анин хэвтэх тэр л үе шиг, очих бүрт хошуу дэвссээр үнсэн угтдаг тэр үе шиг, шинэ жилийн баяраар хамтдаа вальс эргэн бүжиглэсэн тэр үе шиг миний сэтгэлд мөнхөд хадаастай байдаг юм шүү та минь! ❤️
Хайртай өвөөдөө зориулав! 😍
2018.09.04 03:22 минут
