Altanzaya
Altanzaya
Nov 5 · 2 min read

Вакцинжуулалт

Хүний өмнөөс өвдөж өгдөг үйлчилгээ байсан бол…

Хоёр сартайд хийлгэдэг вакциндаа Цэлмүүн охин хамрагдав. Тарианы өрөөнд инээд алдан хэвтэх охиныхоо хөлийг хөдөлгөөнгүй барьж өгөөд сувилагчаар тариуллаа. Час хийн уйлахад нь тэвэрч, бүрэн тайвширч амжаагүй байхад нөгөө гуя дээр нь ахин нэг тариулж аваад ээж охин хоёр гэртээ ирэв. Эмчийн хэлсний дагуу үдээс хойш халуурч эхлэн уйлагнаж оройжин, шөнөжин тэврүүллээ. Бяцхан пийшин шиг халуунаар төөнөх охиноо тэвэрч байхдаа хүний өмнөөс өвдөж өгдөг үйлчилгээ байсан бол бүх л ээж нар нялх нярай үрийнхээ өмнөөс өвдөлтийг мэдэрч, халууныг нь авах байсан байхдаа гэж бодов.

Гэхдээ энэ бодлоо дахиад жаахан лавшруулсан чинь тавгүй санагдлаа. Өндөр настай ээж аавынхаа өвчнийг хүүхдүүд нь авах байсан болов уу, чи ав би ав гэж муудалцах болуу? Мөнгөтэй нэг нь хүн хөлслөөд, үргэлж өвдөхгүй явахыг эрмэлзэх биз. Тэгвэл мөнгөний төлөөх тэмцэл улам хувийн чанартай болж одоогоос хэд дахин муу муухай хэрэг явдал гарах нь гарцаагүй. Суут сэтгэгчид огт өвдөхгүй бол дэлхий ертөнцийг орвонгоор нь эргүүлж амжих байсан байх. Эцэг эхчүүд хүүхэд нь өвдөх бүрт тайван байж чадалгүй өмнөөс нь өвдсөөр байгаад бие болоод сэтгэл зүйн хувьд сул дорой бүтэн үе бий болгох байх. Харин тэдний хүүхдүүд өвдвөл яах болоо, төсөөлшгүй нь.

Өвдөж байж хүний бие дархлаатай болж, зовлон мэдэрч байж сэтгэл нь хат суудаг юм чинь өвдөнө гэдэг тийм ч муу зүйл биш бололтой шүү. Давах ёстой даваагаа хэн нэгнээр хөнгөлүүлэхгүйгээр өөрөө даван туулах нь бие даасан хүн бий болоход чухал нөлөөтэй учраас хэрвээ хүний өмнөөс өвдөж өгөх үйлчилгээ бий болсон ч гэсэн би хүүхдийнхээ өмнөөс өвдөж өгөхгүй гэж дотроо шийдлээ.(Мэдээж үхлийн аюултай, хүнд өвчин тохиолдвол арай өөр өнцгөөс ахин бодож үзэх байх. Одоо гэхдээ бодохгүй ээ. 😅)

2019.11.05

    Altanzaya

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade