“ОЮУТАН…”

Идэр есын жавар тачигнах нэгдүгээр сарын хүйтэн орой толгойд эргэлдэх урт, урт өгүүлбэрүүдээ мартчихгүйн тулд алхаагаа улам түргэсгэн талбайг хөндөлсөн алхаж явна. Хүйтэнд гар даараад утсан дээрээ ч тэмдэглэн авч зүрхлэхгүй. Ганцхан мартчихгүй л юмсан гэж хаширлана. Хэний ч тоож хөнддөггүй энгийн нэгэн сэдвийг “оюутан” би өөрөө хөндөж бичихээр болсон учир хамгийн сүүлд уншсан ярилцлагынхаа “Гол нь мэдрэмждээ хөтлөгдөж бичвэл зохилтой. Сэтгүүлч хүний ажил хөдөлмөр нь уран үгийг элдэж хөөх бус, үнэний төлөөх эрэл хайгуулын замнал юм. Үнэнийг олчих юм бол уран үгийн хэрэг үгүй ” гэх хэсгийг санан, мэдрэмжээ л хурцлан, түүнийг бүрэн гаргах гэж хичээв.

Хүн бүрийн амьдралын хамгийн чухал үеийн талаар, гэхдээ хүн бүр тийм ч онцгойлон дурсдаггүй тэр л цаг хугацааны талаар бичихийг багш маань хэдэн өдрийн өмнө надад санал болгов. “Одоо жаахан мэргэжлийн түвшний юм бич” гэж хэлснийг нь бодон, бодсоор алхаж явна. Өөрийнхөө амьдралын талаар, өөр шигээ бусад бүхий л оюутнуудын талаар нэг үгээр “Оюутнуудын амьдрал” гэх сэдвийн доорх “чөлөөт сэтгүүлчийн” бичвэр маань эхэлж байна.

1. Би “Оюутан”

Өнгөрсөн арван жилийн турш нэгэн хэвийн байснаас тэс өөр өглөө намайг угтсан нь гурван жилийн өмнө байсан юм. Олон жил улиг болж давтагдсан зүйлс биш цоо шинэ ертөнц намайг хүлээж байх шиг санагдана. Тэр хавар өөрийн хүсэж байсан сургуульдаа орчихоод бараг анх удаа чин сэтгэлээсээ маш ихээр баярлаж үзэв. Нэг л эрх чөлөөтэй болчихсон мэт, одоо л нисэж болох мэт бодлууд минь намайг ээрсээр хөөрч догдолсон сэтгэлээрээ тэр зуныг би төвөггүй барлаа. Намайг хүлээж байсан олон дурсамжуудад бэлтгэлтэй байсан гэж хэлж чадахгүй ч эргээд харахад аль хэдийн 3 жил өнгөрчихжээ. Одоо би төгсөх курсийн оюутан.

Сурагч гэж дуудуулсан 10 жил эцэг эх, дэврүүн хүүхэд настай минь илүү ойр байсан бол, “оюутан” ахуй цагийн 4 жил бидний амьдрал хэмээн нэрийддэг тэр л их далайн хөвөөнд ойртуулах жим байлаа. Саяхныг хүртэл би өөрийгөө жаахан охин л гэж төсөөлдөг байснаа нуух юун. Өмнө минь жижигхэн асуудал тулгарахад л бүдэрчих зүрх зориг муутай, аливаа зүйлийг бодож тунгаахаасаа урьтаж гомдож тунирхах минь их байв. Бүр саяхныг хүртэл шүү. Ганцхан алхамын л өмнө. Гэхдээ “Хүн бол ганцаараа амьтан…” гэж анх оюутан болохдоо л өөртөө дүгнэчихсэн байсан учир ганцаардлаас, ганцаардлыг мэдрүүлэх ирээдүйд байгаа өдөр хоногуудаас ч айсангүй.

2000-аад он гарсанаар эцэг эхчүүд бүгд л боловсролыг чухалчилдаг болсон. Тэр хэрээрээ ч их, дээд сургуульд хүүхдээ оруулах гэж хичээнэ. Мэдээж шүү дээ, бидний ирээдүй чанартай боловсрол дээр л тулгуурлаж байна. Ингэхэд ер нь энэ нийгэм, нэг бол улс төр, аль эсвэл агаарын бохирдлоос өөр юманд анхаарлаа хандуулж байна уу? Эсвэл цахим ертөнцөөр явах хэнд ч хэрэггүй авгай хүүхнүүдийн хэрүүл, зурагтын сувгаар гарах олон зуун ангитай солонгос, турк, хятад сериалууд… Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа дээрх зүйлсэд даанч хэврэг. Үүнийгээ дагаад сэтгэлзүйн дархлаа ч бас сул. Тэгэхээр бид яаж эрүүл аж төрөх вэ? Бидний эрүүл мэнд үнэндээ агаарын бохирдлоос болж муудаад байгаа юм биш ээ. Анхаарч буй мэт боловч шийдэл нь одоо хүртэл тодорхойгүй энэ олон асуудлууд нийгмийг бухимдуулхаас цаашгүй. Харин оюутнуудын амьдрал ямар байдаг вэ? Тэд яаж суралцаж, хэрхэн цаг хугацааг өнгөрөөж байна вэ? Тэдэнд анх оюутан болоход ямар санагдаж байсан бэ?…

Би эргэн тойронд минь байгаа аль болох өөр сургууль, мэргэжлийн ангийн хэдэн оюутнаас ганц л асуултыг тодотгож асуугаад товч бөгөөд тодорхой хариулт хэлэхийг хүсэв. Харин тэд ийн хариулсан юм.

1.

- Оюутан болох ямар байсан бэ?

- Их сургууль намайг их эвдсэн юм шиг санагддаг…

Муис- Бизнесийн дээд сургууль Бизнесийн удирдлага 2- р курсын оюутан Б.Энхжин

Түүнтэй оюутны амьдралын тухай ярилцаж суухад тэрээр маш их зүйлийн талаар бодсон нь харагдаж байв. Сэтгэл дундуур зүйл ч цөөнгүй байгаа нь тодхон. Мөн залуус яагаад гадаад руу хошуураад байгаа тал дээр ч өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлээд зогсохгүй хөдөө орон нутгаас оюутан болон ирж буй залуучуудын ахуйн соёлоо гээгээгүй, хүнлэг чанар нь хэвээрээ, уужуу тайван зан байдал зэргээс нь суралцмаар санагдаж байснаа ч ярилаа.

2.

- Оюутан болох ямар байсан бэ?

- Төсөөлснөөс минь бүх зүйл өөр байсан…

МУИС- Хууль зүйн сургууль, Эрхзүйн мэргэжлийн 4р курсын оюутан Ч. Батцэнгэл

Өглөө гараад орой ирдэг гэж ярьсан тэрээр анх оюутан болоход бүх зүйл бодсоноос нь өөр байсан талаараа дэлгэрэнгүй ярьсан юм. Оюутан залуус мэдэмхийрэх дуртай, зарим нь хэтэрхий хов жив хөөдөг болчихсон, тархинд байгаа мэдээллээ боловсруулах чадваргүй байгаад тэрээр эмзэглэж явдагаа илэрхийлсэн. Оюутнууд өдөр тутмын амьдрал, хичээл номоо болгоод байдаг ч өөрийгөө танин мэдэх тал дээр учир дутагдалтай байна гэв. Мэдээж бүх оюутан тийм биш ч бас бүр огт байхгүй гэж үгүйсгэж чадахгүй нь…

3.

- Оюутан болох ямар байсан бэ?

- Оюутан болсон эхлэл нь дэвшилттэй мэт байсан ч, ихэнхдээ ачаалалтай цаг хугацааг өнгөрөөсөн…

АШУҮИС Сувилахуйн сургууль PT/ physical therapy/ 2- р курсын оюутан Г. Баясгалан

Тэрээр хичээл ихийн хажуугаар анатоми цээжлэх нь хамгийн хэцүү гэж ярив. Заримдаа өдрийн бодол шөнийн зүүд болдог гэнэ. Ер нь анагаахын оюутнууд маш их ачаалалтай байдаг учир хувийн амьдралдаа бага цаг зарцуулдаг тухай бид ярилцлаа.

4.

Харин хамгийн сүүлд энэ асуултыг би өөртөө тавив.

- Оюутан болох ямар байсан бэ?

- Ямартай ч аз жаргалтай байсан…

Учир нь би “тулах цэгээ” аль хэдийн олчихсон байсан хэрэг. Чин зүрхнээсээ хүсэж дурласан мэргэжил минь энэ учир аль болох хурдхан л “оюутан” болмоор санагдаж асан өдрүүдийн тухай нэхэн дурсахад хамгийн аз жаргалтай, гал цогтой оюутан байсан гэж өөрийгөө дүгнэмээр. Үнэхээр л тийм байсан. Харин цаг хугацаа улиран одож, урлагийг таньж мэдэхийн хэрээр “уран бүтээлчийн эмзэглэл” намайг эзэмдэн буйг мэдэрч эхэлсэн тэр цагаас л би илүү бодлогшронгуй, хөнгөн гунигтай явдаг болчихсон.

2. Автобус

Оюутнуудын хамгийн үнэнч унаа бол автобус. Магадгүй над шиг оюутнууд хэзээ ч энэ унаанаас уйдахгүй байх. Автобусан дотор ч амьдрал үргэлжилсээр л… Миний хувьд хавар, зун нь Chopin, харин намар өвөл нь Guns and Roses- ийн November rain- ийг сонсож явах дуртай. Дулаахан өдрүүдэд автобусны амьдрал яг л кино шиг, харин хүйтэн үеүүдэд бүх зүйл мөстчихсөн юм шиг, цантсан цонхны наанаас амьдрал ч тод үзэгдэхгүй, гадаад орчиноос тэр чигтээ тусгаарлагдчихсан ч юм шиг мэдрэмж төрнө. Мэдээж оюутнуудын амьдрал дотроо хав халуун. Бидний эрч хүч хаанаас ч юм ундраад л байдаг.

Хамгийн анх Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” хязгаар номонд байдаг нэгэн эсээний “ард кино театрын өмнөх автобусны буудлаас суусан автобусандаа нэгэн зураачтай таардаг” хэсгийг уншаад их л дотно санагдаж билээ. Учир нь би ч гэсэн үргэлж тэр буудлаас автобусанд суудаг юм. Мөн намрын дулаахан амралтын өдрийн өглөө эртлэн босоод тэнгисийн автобусны буудлаас зайсан чиглэлийн автобусанд суун явах хамгийн сайхан. Богд уулын энгэрт буутал автобустай бяцхан аялал хийж байна л гэсэн үг. Хаа нэг нисэхийн автобусанд сууж хотын нэг захаас нөгөө зах хүртэл бүтэн тойрох ч сайхан шүү. Оюутан болсны эхний жилүүдэд автобус, номын сан хоёрт унтаж үзэх бяцхан мөрөөдөлтэй байлаа. Харин тэр мөрөөдөл минь одоо хүртэл биелээгүй л явна. Хаа явсан газраа хэсэгхэн хугацаанд ч гэсэн зүүрмэглээд нойроо авчихдаг оюутнуудад би үнэн голоосоо атаархдаг юм.

Ихэнх оюутнууд автобусаар явдаг. Мөн алхдаг төрлийн оюутнуудыг хэзээ ч мартаж болохгүй. Тэд хэзээд ч алхсаар л байдаг. Өвлийн хүйтэнд ч, хаврын хавсраганаар ч сургууль, номын сан, гэр гэхчилэн маршрутаар алхана. Хоёр, гурван буудлын зай бол тэдний хувьд юу ч биш. Би ч тэдний адил алхах дуртай оюутан билээ. Автобус, унааны мөнгөгүйдээ биш алхах дуртайдаа л тэр. Харин өнөөх халаасны мөнгөө цуглуулж байгаад дуртай номоо худалдан авах нь л хамгийн том таашаал шүү дээ.

Бид алхсаар л, уншсаар л, өөрийгөө хаа нэгтээгээс, заримдаа өөрсдөөсөө хайсаар цаг хугацааг туулдаг энэ 4 жил маш урт санагдах ч ард нь гарсны дараа үнэхээр богинохон байсныг ухаарна. Харин одоо бид юу хийх ёстой вэ? Амьдрал өмнө минь байна. Үнэндээ ард ч хоцорсон амьдрал гэж буй.

3. Нөхөрлөл ба Танихгүй ч таньдаг хүмүүс

Дөрвөн жилийн хугацаанд нийгмийн дотор ч амьдрах гэж үзэв, нийгмээс гадна ч амьдрах гэж үзэв. Нэг хэсэг өөрийгөө үзэн ядан увайгүй амьтны дүрээр өдөр хоногийг өнгөрөөж, харин түүний дараа бүгдийг өөдрөгөөр харах гэж ч жүжиглэлээ. Өөрийгөө хайрлаж бас үзэн ядаж, өөрөөсөө зугтаж, өөрийгөө хуурч, өөр нэгэн байх гэж ч оролдов. Миний хийсэн оролдлогуудын ихэнх нь бүтээгүй л дээ. Бүтэхгүйг нь мэдэж байсан ч би алдахаас айгаагүй юм. Үнэндээ бидний энэ нас, оюутан байх цаг хугацаа айж суух ёстой үе биш, харин ч айдсаа таньж мэдэх, айдастайгаа нүүр тулан, даван туулах ёстой цаг билээ. Ийм л үеүүдэд хальт зөрөөд өнгөрөхдөө хамгийн сайн нөхөр минь болчихсон, аль эсвэл хамтдаа хичнээн цаг хугацааг өнгөрөөгөөд ч нэгнээ ойлгож чадаагүй тийм хүмүүс надад цөөнгүй бий.

Анх оюутан болчихоод нэгэн удаа номын дэлгүүрт ямар ном сонгохоо мэдэхгүй олон номон дунд будилан зогсох үед минь надад тусалсан сэтгүүлч ах байдаг юм /Тэр ах өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулсан, харин би нэрийг нь асуугаагүйгээ сүүлд санасан/. Би ч СУИС- д сурдагаа хэлэн, бид хоёр цөөхөн хэдэн үг солилцов. Ямар ном сонгохоо мэдэхгүй номын дэлгүүрийг хэд тойрсон гэхэд минь өнөөх ах ер зэмлэсэнгүй, харин “Чиний үеийн охидууд энэ доод давхараар ээмэг, бөгжний хямдрал гээд л шуурч байгаа харагдана лээ, будилаад явж байгаа чинь л сайн хэрэг шүү дээ, дүү минь” гэж билээ. Тэр өдрөөс хойш сонгосон мэргэжилдээ эзэн болохын тулд номон дунд төөрч явсан өдрүүд минь тийм ч олон байгаагүй ээ.

“Бас нэгэн удаа…” гэж эхлэл ийм л түүхүүд оюутан насанд олон бий. Хааяа эргэн дурсахад сэтгэлд дулаахан, амьдралын хамгийн онцгой мөч болоод үлдчихсэн ийм л үеүүд бидэнд байхад ганцаардана гэж үгүй.

Нэг нэгнээ олох, биенээ таньж мэдэх, найзалж нөхөрлөх, амьдралаа хамт туулах ийм л хүмүүстэйгээ бид оюутан насандаа л учирдаг шүү дээ. Ядаж л “яг, тийм хүн” гэх бодлыг төрүүлдэг хүмүүстэйгээ заавал учирдаг. Зарим нь хажууд үргэлж хамт байх хувьтай байдаг бол, зарим нь зөвхөн дурсамжинд л үлддэг. Зүрх сэтгэлийг минь нээх гэж хэн нэгэн бидэнтэй учирдаг бол, зүрх сэтгэл минь хэрэгтэй хэн нэгнийг бид хайдаг. Ерөөс хамгийн дэврүүн үе гэвэл “оюутан нас” л билээ.

Надаас алсран холдсон хүмүүст би зөвхөн сайн сайхныг л хүсдэг юм. Надтай надгүй амьдрал үргэжлэх учир. Энэ миний үнэн. “Харин надаас холдоод сайнаа үзэхгүй дээ” гэсэн хүмүүстэй бишгүй л таарч явлаа. Эцэст нь тэр хүмүүс өөрсдөө сайн явдаггүй нь харин хорвоогийн үнэн. Би тийм хүн л болчихгүй юмсан гэж өөрийгөө байнга чагнана.

Техник технологи, материаллаг зүйлс дээр бүгд л хөл нийлүүлэн алхахын тулд урд хойноо орон уралдаж байгаа ч хүнлэг, ёс суртахуунтай байх тал дээр бид хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна гэж арван найман настай охин надад ярьж байсныг гэнэт саналаа. Түүний яриаг сонсож суусан би ч бас санал нэг байсан. Тийм ээ, бодож үзэх л ёстой асуудал. Магадгүй залуу хүмүүсийн бодох ёстой хамгийн том асуудал ч байж мэдэх юм.

4. Эмо

Ихэнх хүмүүс намайг “Аймар эмо охин” гэж тодорхойлдог байв. Байв ч гэж дээ, одоо ч тэгж боддог, дууддаг хэвээрээ л… Шүлэг, яруу найрагт дуртай, уран зохиолд шимтэн дурладаг зан минь намайг нэг талаар их эмзэг болгосон бол нөгөө талаар юм бүрийг тунгаан бодох зан чанарыг суулгасан юм. Хэдий 4 жил гэдэг богинохон хугацаа ч, энэ хугацаанд би багагүй хувьсан өөрчлөгдсөн хэрэг. Үнэндээ би анх оюутан болж байхдаа тийм ч эмо байгаагүй юм шүү.

“Жүжиг, кино зохиол бичих ур чадварын үндэс” гэх мэргэжлийн хичээл орж байх үеээр нэг удаа багш маань биднээс ийн асууж байсан юм. “Та нар намрын шарлаад, газарт уначихсан навчсын дээгүүр гишгэлж явахдаа эмзэглэдэг үү?…” гэж, тэр үед би энэ асуултыг өөрөөсөө ахин асуулаа. Би ингэхэд шарлаад газраар нэг хөглөрчихсөн навчсын дээгүүр алхалж явахдаа юу боддог юм бэ?, надад ямар мэдрэмж төрдөг билээ?… Тэр үед л багшийн ярьсан өнөөх эмзэглэл гээч нь надаас алс хол байгааг ухаарсан юм даа. Магадгүй энэ л үеээс “уран бүтээлчийн эморол” гээч нь эхэлсэн байх. Мэдээж хүн бүр шарласан навчсыг хараад эмзэглэх албагүй л дээ. Харин уран бүтээлч хүн бол өөр!

Юмаа бичиж байна уу? Сүүлд ямар ном уншив? Чи хичээх ёстой! Дэндүү “эмо”, залхуу байгаа юм биш үү?..,.. Эдгээрх нь надад өдөр бүр хүмүүсээс ирдэг асуултууд. Бусдын нүдэнд би ингэж л харагддаг байх нь. “Эмо” гэж. Нэг талаар эморох нь хэсэгхэн хугацаанд амсхийх эрх чөлөө юм. Заримдаа зүгээр л бүгдээс маш ихээр залхана. Хүчлээд байгаа цаг хугацаанаас, дэндүү хурдан эргэлдэх энэ дэлхий ертөнцөөс. Амьдралаас уйдсандаа биш. Заримдаа хүн залхаж болно. Тийм эрхийг өөртөө өгч болно. Тиймээс эмо байх нь тийм ч муу зүйл биш шүү. Ер нь ихэнх оюутнууд над шиг “эмо” шүү дээ. Үгүйсгэх аргагүй.

Мэдээж би хичээж байгаа, бусад оюутнуудын адил хийдэг зүйлс ч олон. Бас надад мөрөөдөл бий. Мөрөөдөл гэдэг оюутан бүрийн “далавч”. Магадгүй бусдаас өөр ганцхан зүйл гэвэл би урлагт хайртай, уран зохиолд амьдралаа зориулна гээд шийдчихсэн. Энэ л миний ялгаа. Зүгээр эмороод суудаггүй, өдөр бүр алхам алхмаар урагшлах гэж хичээдэг минь үүнтэй холбоотой. Эцэст нь дүгнэхэд эморох нь гэрэл гэгээнд ойртох олон жимийн нэг юм. Харин тэр жимээ “зам” болгох эсэх нь зөвхөн таниас л шалтгаална.

5. 4 улирал ээлжилсэн ДӨРВӨН ЖИЛ

Нүцгэн моддын мөчир бүрээс зүүгдэх гуниг, өвөл хамгийн үзэсгэлэнтэй улирал.

Дөрвөн улирал хэрхэн ээлжилж, намар өвлөөр, хавар зунаар солигдохдоо яаж авирлдагийг нь мэдрэх л хамгийн сайхан. Харин оюутнууд бид эргэх хорвоо, улиран одох жил бүрийг хэрхэн туулдаг вэ? Миний л хувьд өвөл хамгийн сайхан улирал. Нэвсийтэл цас орно, хүмүүсийн царай зузаан, зузаан ороолтон дотроосоо бараг л үзэгдэхгүй. Бүгд л дулаан газар бараадна. Зарим нь бөөнөөрөө хөөлөрдөн суудаг бол ихэнх нь дэлгэц ширтэн, дэвтэр шагайн, улирлын шалгалт, бие даалтандаа дарагдсаар өвлийг барна. Тэгээд амралт болоход хот эзгүйрнэ. Бүгд л эл, хуль эзгүй оргино. Хөл хөдөлгөөн, чимээ шуугиан бага тэр л үеүүдэд би ч гэсэн хахир хүйтэн хайртай хотоосоо хаашаа ч хамаагүй арилаад өгмөөр санагдана. Гэсэн ч энэ миний төрсөн хот шүү дээ гэж бодохоор жаахан ч гэсэн сэтгэл уужрин, энэ л шүлгийг уншсаар өвлийг барна даа.

***

Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!
 Орчлон дээр ингээд л бүтэн жил
 Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
 Ахиад нэг жил, хоёр гурван жил,
 Арав хорин жил, гучин жил,
 Амсхийх ч завгүй жаран жил…
 Амьдрал баяртай!
 Үсэн дээрээс минь цасан ширхэг
 Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
 Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
 Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
 Үнэхээр сайхан байлаа.

Өө, миний дургүй сар
 Арван хоёрдугаар сар ч биш… /Г. Аюурзана “Миний дургүй сарууд” шүлгийн хэсгээс/

Учир нь би өвөл төрсөн. Тэгээд бүр 12- р сард. Тийм ч учраас миний дургүй сар, дургүй улирал өвөл биш. Ер нь л өвөл хамгийн үзэсгэлэнтэй улирал. Тэр дундаа бүр нэгдүгээр сар…

***

Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар
 Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
 Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт,
 Хамгийн их хүйтэн болдог.
 Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт,
 Хамгийн их цас унадаг.
 Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л
 Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг.
 Нэг л тайвшрал -
 Нэгдүгээр сард одод хамгаас тод байдаг…
 Үзэсгэлэнт хүйтэн цасны одод…
 Одот цасны, цаст оддын хүйт…

Үгүй дээ, миний дургүй сар
 Нэг сар биш юм байна. /Г. Аюурзана “Миний дургүй сарууд” шүлгийн хэсгээс/

Хавар болоход сэтгэл нэг л тогтворгүй. Зарим зүйлийн эхлэл, зарим зүйлийн төгсгөл зөвхөн энэ л улиралд тавигддаг. Би ч гэсэн энэ хавар төгсөнө шүү дээ. Хөнгөн гуниг, хөөр баяр давхцаж байна. Хариугүй гүйцэх гэж байгаа элсэн цагны сүүлчийн хэдэн ширхэг элс доош урсаж буй ч юм шиг. Гэвч элсэн цаг хэзээ ч зогсдоггүй шүү дээ. Энэ амьдрал яг л элсэн цаг шиг санагдана.

Хавар дуусахад хот дахиад л эзгүйрч,харин хонины бэлчээр эзэнтэй болно доо. Хөдөө нутгийг би сайн мэдэхгүй. Гэвч зун хамгийн ихээр хараа баясгаж, зүрх сэтгэл хөвсөлзүүлэх бүхэн тэнд л байдгийг явсан цөөхөн хэдэн газраасаа мэдэрсэн юм. Зуны улирал надад тэр чигтээ аагим халуун, бас бороотой олон өдрүүдээр л төсөөлөгддөг. Халуун өдөр зовлонтой бол, бороотой өдрүүд харин ч нэг жаргал. Энэ улирлын хамгийн сайхан нь төлөвлөсөн хэдэн номоо уншиж, гэрийн мухар сахих нь л юм даа. Өөрийгөө чагнах хамгийн их боломжтой үе зун л тохиодог аж.

Намар мэдээж хамгийн сайхан улирал шүү дээ. Намрын бороо, анхны цас, налгар дулаахан өдрүүд. Ингээд бодоход намар сэтгэлд минь хамгийн ойр улирал. Хот сэрж, дахиад л амь орж, нөгөө л хүмүүсийнхээ царайг ширтэн зөрөн өнгөрцгөөж, ямар нэгэн зүйлийг таньж мэдэх гэж тэмүүлж догдолон, цаг хугацаа урссаар л… Оюутнууд сурсаар, завгүй мөрөөдсөөр. Ирээдүйнхээ талаар ярилцан, урагш алхсаар.

Ингээд бодоход бүх л зүйлийг дүүргэдэг “оюутан цаг” гэдэг залуус бидний үнэт зүйлээс гадна, их хотын маань чимэг юм даа. Шил шилээ даран дүнсийн байх их сургуулуудийн олон барилгуудыг амьд оруулдаг мянга, мянган оюун санаа, зүрх сэтгэл, хичээл зүтгэл байгаа учир л энэ хот оршин буй ч юм шиг.

Энэ хотын бүх мэдрэмжийг нь би мэднэ. Зах хязгааргүй том юм шиг хирнээ ганц өдөр алхахад л нэг захаас, нөгөө зах хүртэл нь яваад барчихдаг, хүмүүс нь түргэн, түргэн алхаатай, хүүхдүүд нь цолгиун инээдтэй, хөгшин нь гүн харцтай. Зогсолтгүй урагшилсаар л байгаа, хөгжил дэвшил нь ч, алдаа дутагдал нь ч бүгд энэ хотийнх.

Үзэж харах зүйлс нь өдрөөс өдөрт өргөжин тэлсээр буй тийм л хот, миний хот. Итгэл найдварыг минь хэзээ ч хугалж үзээгүй, үргэлж ямар нэгэн гарц байгааг сануулсаар байдаг тийм л хот. Заримдаа гуниг дүүрэн, дүнсийх тэнгэр нь ч ер цэлмэдэггүй шидийн хот.

6. Эцэст нь.

Оюутан болоод л би анх М.Ю.Лермонтовын шүлгүүдтэй танилцаж, Зэр зэвсэг минь баяртай- г уншаад гунигт автаж, Франц Кафкаг чин сэтгэлээсээ хайрлаж, Шекспирийг биширч, Моцартийн сонатыг сонсоод өөрийн мэдэлгүй нулимс унагаж байжээ. Унших бүртээ ахиад л унших ёстойгоо ойлгон, анх удаа намар, өвлийг өөрөөр ажин, анх удаа хэн нэгнийг хайрлаж, ахин дахин дурлаж үзсэн. Цаг хугацааг цуг элээх анд нөхдүүдтэйгээ учирч, дөрвөн жилийг хамт туулсан хамт олонтой болов.

Эцэст нь би өөрийгөө сайн оюутан эсвэл шилдэг оюутан байсан гэж хэлж чадахгүй. Харин зоригтой оюутан байсан л гэж дүгнэнэ. Энэ бол миний өөртөө өгч буй хамгийн үнэн, бодит үнэлгээ юм. Яг үнэндээ хаа нэг багштайгаа ам зөрөлдчихдөг, хичээлдээ унаж, заримдаа бүр тасалчихдаг байсан над шиг оюутанг шилдэг оюутан гэхгүй. Гэхдээ бас “сайн” оюутан, “шилдэг” оюутан гэдэг нь тэс өөр хоёр ойлголт гэдгийг андахгүй. Нөгөө талаар оюутан л оюутандаа хамгийн үнэн үнэлгээг өгч чадах юм шиг санагдсан. Өөр шигээ ижил олон залуустай мөр зэрэгцэн 4 жилийг өнгөрөөхөд хамгийн, сургамжтай сайхан байсан. Энэ бол зөвхөн бидний л мэдэх, мэдэрч чадах ертөнц билээ. Энэ болтол бичсэн бүхэн минь бусад оюутнуудын амьдрал, дотоод мэдрэмжтэй бага ч атугай шүргэлцэнэ гэж найдна. Оюутаны амьдралаасаа хагацаас өмнө яг л одоо төрж буй мэдрэмжээ хадгалан үлдээх хүслээ жаахан ч болов биелүүлсэн гэж найдна. Одоо би амьдралд сайн уу?, өнгөрсөндөө баяртай! гэж хэлэхийн аль алиныг нь хүсэхгүй байна. Учир нь бүх зүйл өнгөрсөнд үлддэггүй бас ирээдүйд ч байдаггүй шүү дээ.

Суис-Театрын урлагийн сургууль жүжиг, киноны зохиолч/утга зохиол судлал/4-р курсийн оюутан