Эрчүүдийн чанар

unsplash.com

Одоо үед ч юм болгоны чанар муудаждээ. Хүн чанар, бензиний чанар, хувцасны чанар, орон сууцны чанар, оюутан сурагчдын чанар, төрийн албан хаагчдын чанар, улсын их хурлынхны чанар, агаарын чанар гээд л тоочоод байвал дуусашгүй жагсаалт гарч ирэх биз. Манан гэх чанар муутай улс төрчидийн бий болгосон тогтолцооны гайнаас салбар болгон зогсонгошилд орж хамраараа газар шаасан өдөр хөвөрсөөр. Монголд болж бүтээд байгаа зүйлс байгаа ч цаад тогтолцоо нь ялзарсан болохоор ямар ч ирээдүйгүй мэт санагдан харах харцаа гадны орны тийш зүглүүлсэн хүмүүс зөндөө. Утаа+ханиад гэсэн хослол энэ өвлийг улам ч аймар болгосоор…

Энэ дундаас эмзэглүүштэй нэг чанар буурсан нь эрчүүдийн маань чанар байна. Тэр ноён нуруу, алсын хараа, уужуу ухаан нтр нь бишээ. Монгол гадаад гэлтгүй бүх л эрчүүдийн эр бэлгийн эсийн чанар сүүлийн жилүүдэд буурсаар байгаа нь хамгийн аймшигтай. Хүний тоогоо дийлэхээ больж янз бүрийн бодлого бариад явж байгаа хятад, энэтхэгийг бодвол эсэргээрээ 3хан сая хүнтэй Монгол цаашид хөгжих, дэвшихэд хүн амын тоогоо нэмэх нь зайлшгүй чухал. Тэгэж байж зах зээл ч тэлнэ /монголд хэзээ ч газар авахааргүй сонин сонин бизнес санаанууд бусад оронд хүн амын тоо, зах зээл томын ачаар л хөл дээрээ босдог байх/, хамгийн чухал капитал хүний нөөц ч нэмэгдэнэ, ганхах гээд байгаа тусгаар тогтнол мааньд ч нэмэртэй гэж би дотроо бодно.

Үргүйдэл: Бүтэн жилийн хугацаанд гэр бүлийн хосууд байнгын бэлгийн харилцаатай, ямар нэгэн жирэмслэхээс сэргийлэх эм, бэлдмэл хэрэглээгүй ч үр тогтоогүй бол үргүйдэл гэж үздэг. Иймэрхүү тохиолдолд хосууд хамтдаа нөхөн үржихүйн төвд хандан шалтгаанаа хайх шаардлагатай байдаг ч ялангуяа монгол улсын хувьд ихэвчлэн эмэгтэйчүүд нь л эмэгтэйчүүдийнхээ эмнэлгээр харин ч нэг хөлөө хүрэх газар явна шүү. Мэдээж эмэгтэй бодгаль гэдэг өөрөө байгалийн онц сонирхолтой нууц үзэгдэл бөгөөд мөчлөг болон олон төрлийн дааврын өвөрмөц өөрчлөлтүүдийн цогц биет тул оношлогоо, эмчилгээнд нилээн цаг авдаг. Тэглээ гээд эрэгтэйд нь учир байвал дэмий л цаг хугацаа, мөнгөө салхинд хийсгэнэ гэсэн үг. Одоогоор үргүйдэлтэй хосуудын хэд нь эрэгтэйгээс хэд нь эмэгтэйгээс гэсэн барим тавим нэгдсэн тоо статистик байдаггүй ба энэ талаар өчнөөн янзын судалгааны дүн байдаг. Эрчүүд өөрсдөө эрүүл мэндээ анхаарах нь сул, хойрго байдаг учир хамгийн сүүлд нь л эрх биш нэг үзүүлдэг нь харамсалтай юм. Уг нь энэ асуудлаар хосууд хамтдаа явах ёстой. Сонирхуулахад японы практикт үргүйдлийг 1 биш 2 жилийн хугацаанд жирэмсэн болоогүй бол гэж оношилдог. Учир нь амьдралын хэв маяг, ажлын ачаалал зэргээсээ шалтгаалж гарууд бол угаасаа л маш цөөн нөгөө юу яадаг юм байна л даа хэхэ. тэгсэн хэрнээ хэнтай, эччи гээд бүхэл бүтэн ертөнц бүтээгээд хошуураад байдаг сонин хүмүүс шүү.

Эрчүүдийн чанар: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/үрийн шингэнийг хэрхэн шинжлэх, оношлох талаар нилээн хэдэн хуудас бүхий журам, зааварчилгаа, аргачлал батлан гаргадаг. Хамгийн сүүлийн хэвлэл нь 2010 онд 290 хуудастайгаар гарсан. Мэдээж дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэсэн том нэрний өмнөөс гарч байгаа тул дэлхийн ямар ч эмнэлэг, лабораторуудын үйл ажиллагааг нэгтгэж өгөх ёстой, үндсэн нэг стандарт болгон базах ёстой, судалгаа шинжилгээний өндөр түвшний бүтээл нь ойлгомжтой. Хамгийн анхны хэвлэл нь 1980 онд гарсан ба 5 жил тутамд шинэчлэгдэн явсаар 1999 онд 4 дэх хэвлэл гарснаас 10 жилийн дараа буюу 2010 онд сүүлийн 5 дах хэвлэл гаржээ. Сүүлийн хэвлэлийн нэг онцлог гэвэл өмнөх 4 хэвлэлд харьцангуй тогтвортой байсан үрийн шингэний үзүүлэлтүүдийн стандарт хэмжээнд ихээхэн өөрчлөлт орсон байдаг юм. Жишээ нь үрийн шингэний хэмжээ хамгийн багадаа 2мл-ээс 1.5мл болон багассан, 1мл шингэнд байх эр бэлгийн эсийн тоо 20 саяаас 15 сая болж буурсан, нийт хөдөлгөөнтэй эсийн тоо багадаа 50 хувь байвал хэвийн гэж үзэж байсан бол одоо 40%, амьд эсийн тоо 75% байсан бол одоо 58% болтлоо багасаж миарсан байгаа юм. Хамгийн ноцтой нь хэвийн хэлбэр хэмжээтэй эсийн эзлэх хувь 1980 онд гарсан анхны хэвлэл дээр 80.5% гэж байсан бол 2010 онд гарсан сүүлийн хэвлэл дээр багадаа ердөө 4% болж ам ангайлгасан билээ. Эдгээр тоог гаргахдаа том хэмжээний түүврээс судалгаа аван статистик боловсруулалт хийн гаргасан байх учиртай. Үүнээс үзвэл дэлхий даяар эрчүүдийн үрийн шингэний чанар утгаараа багасаж үүнээс ч улбаалаад үр тогтоох чадвар багассан байх боломжтой. Өмнөх үеээ бодвол судалгаа шинжилгээ гайгүй болж байгаадаа ч юмуу ямар ч байсан аль ч улс оронд үргүйдэлтэй хосуудын тоо өмнө жилүүдийг бодвол нэмэгдэж байгаа ч гэсэн дагаад анагаах ухаанд үр тогтоох арга техник сайжирсаар өөрөөр хэлбэл бурхан чөтгөр 2 ана мана үзсээр байна

Уужуу амьсгаа ав: Хэдий Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан норм хэмжээ ч гэлээ сүүлийн хэвлэл гарсны дараа олон арван эрдэмтэд, судлаачдын эсэргүүцэлтэй тулгарсан байдаг юм. Өмнөх хэвлэлүүдэд шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж норм хэмжээг гаргадаг байсан бол сүүлийн хэвлэл дээр хамгийн бага утга гэж гаргасан бөгөөд эдгээр утга нь сүүлийн хэвлэл гаргахад ашигласан судалгааны нийт түүврийн утгуудын хамгийн бага 5%-ийн дундаж утгууд юм. (гэсэн ч нийт утгын дундаж нь өмнөх жилүүдийн дундажаас бага хэвээрээ). Ямартай ч шинэ норм, тэмдэглэгээ нь толгой эргүүлсэн эхний асуудал болж чадсан. Дараагийн асуудал нь судалгааны түүврийг зөвхөн Дани, Франц, АНУ, Норвеги, Австрали, Финлянд улсуудаас авсан байсан бөгөөд 1998–2009 оны хооронд түүвэрлэж судалгааг хийсэн байна. АНУ-ын түүврээс бусад улсын түүврийн эрчүүд нь сүүлийн 12 сарын дотор эхнэрээ жирэмсэн болгож чадсан гэсэн сонгон шалгаруулалттай. Өөрөөр хэлбэл эрүүл эрэгтэй хүн гэж үзсэн бололтой. Энэ ч зөв. Гэхдээ энэ шалгуурыг АНУ-ын түүврээс шаардаагүй нь ойлгомжгүй. Мөн нэг дутагдалтай тал нь түүвэрт өмнөд америк болон ази, африкийн эрчүүдийг хамруулаагүй нь жоохон арьс өнгөөр ялгаварлах үнэр үнэртээд явчих шиг болсон. Тиймээс ч ер нь европ, америк эрчүүдийн үзүүлэлт яахлаараа маниусыг төлөөлдөг юм ай??!!?!?!

Жижигхээн дүгнэлт:

  1. ДЭМБ-ийн үзүүлэлт ам ангайлгаж байгаа ч манай Ази, Африкчуудыг төлөөлнө гэдэг эргэлзээтэй. /бид нарыг чинь цагаануудаас өөр гээд байдаг биздээ хаха/
  2. Гэсэн ч хаа сайгүй үргүйдэл байгаа нь үнэн. Ялангуяа монгол эрчүүд үнэндээ хайхрамжгүй. Архи, тамхи, бэлгийн замын халдварт өвчин, стресс зэрэг нь маниусын чанарт шууд нөлөөлнө.

жич: эмэгтэй хүнд жирэмсэн болох боломжтой хоног сард 3–6 хоног л байдаг. Жил тойрон хүүхэдтэй болохгүй байгаа хосууд өдөж байгаа юм шиг яг тэр хоногуудыг зөрүүлээд юу яагаад байсан байх боломжтой хха /энэ ч ховор л доо гэвч онолын хувьд боломжтой/. Гэхдээ л та хоёр, нэг жил байтугай 6 сарын хугацаанд жирэмсэн болоогүй бол би ганцхан юм хэлье. Шууд эмнэлэг ор!!