Ганган хүүхэн хавар намар өвлөөр

Монголоор бичье гэж бодлоо. Тэртээ тэргүй би ямар гадаад хэлэндээ төгс ч биш дээ. Эх хэлээрээ ярих шиг сайхан зүйл хаана байна. Бичих үү байх уу гэж зөндөө бодсны эцэст бичиж байна. Өнөөдөр би ганцаараа кино театр ороод кино үзчихлээ. Гэнэт ч юм шиг гаргасан энэ шийдвэр яг үнэндээ хэдэн өдрийн өмнөөс бодсон зүйл л дээ. Амралтаараа ганц кино үзчихье гэж бодсон хэрэг. Ямар кино байх нь чухал биш, хэнтэй үзэх нь ч чухал биш. Зүгээр л асар том дэлгэцний урд суугаад өөр юу ч бодохгүй кинондоо автаад цааш нь юу болох бол гэж догдолж үзэхд л татагдсан хэрэг л дээ. Өө байж бай. Эхлээд энэ долоо хоногт юу болж өнгөрсөн талаар жаал хувцаалцъя л даа. Түүх ингэж эхэлсэн юм.

Арван сар гарч хүйтний ам наашлаад ирлээ. Жирийн нэг эхэлсэн намар гэнэт л хүн ардыг цочтол хүйтэрч эхлэх нь тэр. Би ч нимгэн цувтай гарч эхлээд хурдхан шиг пальтондоо орж, удалгүй ороолт, удалгүй өвлийн гутал гэж явсаар хэд хоногийн өмнөөс өвлийн курткандаа хам хум орж нэг санаагаа амраалаа. Гэтэл нэг л зүйл дутсаар. Ээж минь хэлэхдээ битгий эрт өвлийн гутлаа одоо өмсөө, эс тэгвээс өвлийн хүйтэн эхлэх үед илчээ алдчихна гэх. Хэн мэдхэв надад л лав өвөл шиг л санагдсан юм чинь өмсөөд л орхилоо. Би бээрэг хөөн. Бичин жилийн өвөл гэж бараг л домог шиг юм ярих юм билээ. Бишээ, тэрнээс өмнө бүр сонин юм сонссон нь бичин жилээр хурим хийдэггүй гэх хүмүүсийн яриа. Тэгэхээр яадаг яадаг ч гээд байлаа, лав даг энэ жил хэдэн мянган хүн л хуримаа хийхийг харж, нэгнийх нь хуримын зураг авалтанд ч ороод амжлаа. За тэр яриа ч яахав тэгсгээд өнгөрсөн, гэтэл бичин жилийн өвөл маш хүйтэн, хахир хатуу өвөл болдог юм байна гэж сонслоо. Учир нь хэзээний ч гэлээ бичин жилээр зуд болж Монгол улсад тохиож байгаагүй хамгийн хохиролтой өвөл болж хэдэн зуун мянган малаа алдаж байсан юм байна лээ. Өвөл зуданд зориулж шүдэнз лаа хураагаад байдгийг би лав дэмждэг. Тэртээ тэргүй хотод байх хүмүүст лаа хэрэг болох юм биш, би лав худалдаж аваад тэр хөдөө байгаа хүмүүст хандивлъя гэж төлөвлөж байгаа. Болдог бол хөнжил дэвсгэр ч оёоод явуулмаар санагдах, гэхдээ би юм оёхдоо ч муу л даа. Ингээд энэ үйл явдлаас үүдээд энэ жилийн өвөл их хүйтэн болно гэж ярьсныг нь би сонссон юм. Тэр нь ч үнэн бололтой энэ долоо хоног бол их л хүйтэн өнгөрлөө. Ажлын өдөр ч урсдгаараа л урсаж, наймаа тохиролцоо, тайлан тооцоо гэж хойноос нь хөөцөлдсөөр л өнгөрдөг хойно. Долоо хоног ч уур савсуулан давших галт тэрэг мэт л хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй нэг тийшээ л хар эрчээрээ л урагшилж байгаа санагдах. Хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй гэхдээ бодвол ирээдүй рүү л биз. Сайхан газар луу л явж байгаасай. Дув дулаахан, баяр хөөртэй, латин америк аян дээр салса бүжиглэн ром дарс уун амьдралын сайн сайхныг ярьж инээлдэж хөөрөн хайр сэтгэлээр бялхах тийм л газар руу явж байгаасай гэж би хүснэ.

Тав дах өдөр болохоор л хүмүүсийн сэтгэл нэг л онгойсон мэт харагддаг нь үнэн. Энэ тав дах өдөр ч ялгаагүй бүх хүмүүс л нэг л сириозны царай гаргах гээд чадахгүй инээдээ барих аятай харагдаж байлаа. Учир нь хүмүүс ажлаа үтэр түргэн дуусгаад гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ 3 хоногийг зугаатай өнгөрүүлж хэд хоног ч гэсэн нэгнийхээ ууртай царайг харахгүйгээр тайван байхын сайхныг эдлэх гэж яарч байсан юм. Миний хувьд тав дах өдөр болгон нэг л уйтай байдаг. Урд нь хичээлийн жил дуусч зуны амралт болох үед хүүхэд болгон л ямар нэг тийшээ яарч, хөөрцөглөн энэ тэрүүгээр гүйлдэж байхад би хаашаа харж хэнтэй юу ярихаа мэдэхгүй, амралтаа юу хийж өнгөрөөх талаар огт төсөөлөл ч байхгүй гиеүрч явдаг байсан минь санаанд минь тодхон үлджээ. Яг тийм үе л нэг л сонин, ихийг бодуулсан, санаашрал төрүүлсэн мэдрэмж өгдөг дөө. Ийм мэдрэмжийг л ойр ойрхон авдагаараа би өөрийгөө их ховорхон мэдрэмжтэй хүн гэж бодно. Тав дах өдрийн оройг эхлүүлэхээр би өвөөгийн гэртээ ойрхон байх бургер хийдэг жижигхээн газарт очиж оройн хоолоо идлээ. Бусад газар үнэхээр их хүнтэй байсан тул энд очих нь зөв хэрэг гэж бодсон юм л даа. Бургерээ хүлээнгээ ном уншхаар шийдэж Монголын баячуудын нууц гэдэг номыг барьж аван эхнээс нь уншлаа. Барс захын эзэн Монголын толгой баячуудын нэг Ч.Амарбаатар гэдэг хүний тухай бичсэн байна. Үнэхээр entreprenuer хүн гэдэг төрөлхийн байдаг гэх миний бодлыг бататгаж өгсөн хүн байлаа. Багаасаа л наймаа хийж, социалист нийгэм ардчилсан нийгэм, Герман, Монгол улс гэж ялгалгүй л өөрийн санасан зүйлийг хэрэгжүүлж, бусдаас өөр сэтгэн мөнгө олох аргыг сэдэж байсан нь энэ хүн мундаг толгойтой, гүйлгээ ухаантай байсныг нь батлах. Гэтэл одоогийн залуучууд тэр болохгүй байна, энэ нь бүтэхгүй байна гэж гомдоллохыг хараад уур ч хүрэх шиг хааяа. Ингээд миний оройн хоол бэлэн болжээ. Гэрийн аргаар хийсэн бургер, шарсан төмс ч тэр оройны чимэг байсан шүү. Сонирхолтой ном, амттай бургер энэ оройг маш сайхан эхлүүлж, миний амьдралын аз жаргалтай мөчүүдийн нэг болон үлдсэн юм.

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.