Сөрөг бодлуудаа арилгах буюу дотоод хүнтэйгээ тулалдах урлаг

Чамайг баруун тийшээ явах гэхээр зүүн тийшээ татдаг, олон хүмүүсийн дэргэд үгээ хэлэх гэхээр чимээгүй бай гэж ятгадаг, амьдралдаа нэг удаа зоригтой алхам хийж таалагддаг бүсгүйгээ болзоонд урих гэхээр дэмий санаа байна гэж хэлээд болиулдаг тэр хүн хэн бэ? Хүн болгонд л ийм хүн байдаг. Тэр бол мэдээж тархин дотор чинь орших аймхай, санаа зовох хоббитой, өөртөө итгэлгүй хүний дуу хоолой буюу чиний хамгийн том дайсан билээ. Энэ дайсанд автах нь чиний амьдралд юу юунаас илүү хамгийн том гай зовлон байх болно.

Тиймээс энэ дайсныг яаж дарах вэ?

Laird Hamilton гэдэг алдартай серфингийн тамирчин хэлэхдээ:

“Юу ч болж байсан чиний хамгийн том дайсан хоёр чихний чинь голд л байх ёсгүй юм шүү”

Өөрийн дотоод ертөнцдөө амар амгалан байж чадахгүй бол гадаад ертөнцийн ямар ч тааламжтай нөхцөл байдалд аз жаргалтай байж чадахгүй ээ гэж би боддог.
Сөрөг бодлуудаа арилгах буюу өөрийн дотоод хүнтэйгээ тулалдаж ялахын тулд юу хийх ёстой вэ гэсэн нийтлэлийг уншсныгаа би өөрийнхөөрөө орчуулж доор бичлээ.

1. Өөрийгөө жинхэнэ байлдагч мэтээр хар.

Хамгийн түрүүнд чи өөрийгөө ялагдашгүй тулаанч гэж харж, хүлээн зөвшөөрөх ёстой.

Чамаас өөр хэн ч, улс төр, нийгэм эдийн засаг, чиний найзууд, ажлын чинь дарга, эхнэр эсвэл нөхөр чинь гээд хэн нь ч байсан чиний амьдралыг удирдаж чадахгүй. Чи бол өөрөө өөрийнхөө амьдралын босс нь юм.

Харин өөрийгөө хэзээ ч битгий буруутгаарай. Жинхэнэ байлдагч дайсандаа хэзээ ч бууж өгдөггүй юм.

2. Өөрийгөө хэн гэдгийг ойлгох

Энэ мэдээж маш хэцүү зүйл л дээ. Гэхдээ өөрийгөө юунд дуртай, юунаас айдаг, ямар үед яаж шийдвэр гаргаж байгааг анзаарч ойлгох гэж хичээ. Дайсантайгаа хүн тулалдахын тулд сайн судалсан байх шаардлагатай байдаг.

3. Юунд ч битгий хүлээлттэй бай

Дотоод зөрчилдөөнийг үүсгэдэг хамгийн том хүчин зүйлүүдийн нэг нь хүлээлт юм.

Хүн өөрөөсөө бусад хүнд хүлээлт, горьдлого тавих нь элбэг байдаг. Жишээ нь

а. хамгийн сайн найзыгаа өөрийг чинь хэзээ ч орхихгүй гэж боддог, 
б. өөрийнхөө найз охин, найз залууг өөрийг чинь хуурахгүй гэж итгэдэг, 
в. эсвэл гэр бүлийнхэн чинь чамтай үргэлж хамт амьдарна гэж боддог. Гэтэл амьдралд бидний таамаглашгүй маш олон зүйл болж бидний тэр их хүлээлт, найдварыг хэмхэлж орхидог шүү дээ.

Бусад хүмүүсээс юуг ч хүлээхгүй, горьдохгүй болж харин тэр хүмүүсээс чамд өгч буй сэтгэл бүхнийг бэлэг мэтээр хүлээж аваарай.

4. Чи бол төгс биш!!!

Нэг л танил үг байна уу? Эсвэл ердөөсөө сонсоогүй үг байна уу? Аль ч нь ч байсан хамаагүй ээ, яагаад гэвэл төгс хүн гэж байдаггүй юм.

Хэт төгс байх гэж хичээж, хүн болгонд таалагдах гэж оролдох тусам чи шавар руу улам гүн шигдэж байдаг. Сүүлдээ чи юунд ч сэтгэл ханахаа байж сэтгэл санааны гутралд ч орж магадгүй.

Тиймээс байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч, амьдралын хором мөч бүрт аз жаргал нуугдаж байдгийг олж харах л хэрэгтэй. Тун удалгүй чи ямар учраас өөрийнхөө гадаад төрх, зан харилцаандаа тэгтлээ их санаа зовниж, өөрийгөө зовоож байсныг бодож гайхах болно.

5. Өөрийгөө ядартал ажиллах нь буруу зүйл.

Чи ядарчихсан, туйлдчихсан байхдаа тулаанд ялах нь юу л бол доо.

Чи нэг зүйлийг хэтэрхий их хүсч, түүндээ хүрэхийн тулд нойр хоолоо хасан байж ажиллаж болно. Гэхдээ ингэж ажиллахдаа энэ бол ердөө л чиний хийх ёстой зүйлийн нэг өчүүхэн л хэсэг гэдгийг толгойдоо сануулах хэрэгтэй. Чи эрүүл, ухаан санаа чинь саруул байж байж л зөв шийдвэр гаргаж амьдралаа үргэлжлүүлнэ гэдгийг сана. Ганцхан зүйл хийхийн тулд цаашид хийх 100н зүйлийг үгүй хийж болохгүй.

6. Өөртөө итгэх

Өөртөө итгэлтэй болохын тулд өдөр бүр өөрийнхөө давуу талуудыг сануулж хэлж байх хэрэгтэй.

Өглөө босохдоо хийх ажлуудаа төлөвлөж, орой ажлаасаа ирээд юу хийснээ дүгнэж байх нь өөрийнхөө итгэлтэй болоход их туслалцаа үзүүлдэг.

Ялах эсвэл Үхэх

Бусад хүмүүс ойшоохгүй байж болох ч чиний өөртэйгөө тулалдаж байгаа тулаан бол бодит юм. Хэрвээ чи зөв стратеги ашиглаж тулалдах юм бол дийлэх нь гарцаагүй.

Яагаад өдөр бүр тулалдах ёстой юм бэ гэж үү? Наполеон Бонапартын дараах үгийг хэлсэн байдаг.

Үхэл бол юу ч биш юм. Харин ялагдсан амьдралаар амьдрана гэдэг нь өдөр бүх үхэж байгаатай адил.

Тиймээс чи тулалдсаар л байвал хэзээ ч ялагдсан гэсэн үг биш юм.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.