Надад байдаг ганцхан айдас

Би унтах гэж хэвтээд нүдээ аних мөчдөө маш ихээр айдаг. Маш ихээр өвдөж, маш ихээр гунигладаг. Үргэлж. Надад байдаг ганц хайраа алдчих вий дээ гэж. Амьдрал надад ганцхан хүчтэй хайрыг мэдрүүлсэн, тэр хайр намайг амь оруулж, тэр хайр намайг одоогийн минь би болгон хувиргасан.

Эмээ

Миний мэдэх ганцхан хайр бол миний Эмээ. Тэр хүнийхтэй эн зэрэгцэх жинхэнэ хайр хаана ч байгаагүй, хаанаас ч мэдрээгүй, хэзээ ахиж мэдрэхээ мэдэхгүй юм. Магадгүй байхгүй байх. Надаас өөр хэнд ч ийм эмээ байдаггүй байх гэж би боддог л доо. Магадгүй үнэн ч байж болох юм. Амнаас нь ганц л үг өдөр шөнөгүй, зогсоо зайгүй гардаг тэр нь миний нэр. Хол байгаад утсаар ярихдаа өглөө нь жаахаан толгой өвдсөн гэж хэлчихээд удаачгүй зүгээр болчихоод мартчихсан явахад орой нь залгаад толгой нь яаж байна? Яасан юм бол? Эм ууснуу миний охин? Даарсан юмуу? Хүйтэн юм ууснуу? Гээд л өдөржин бодож санаа нь зовж, шаналсан нь илт ярьдаг. Үргэлж миний “номер 1" шүтэн бишрэгч байж нулимс дуслуулан намайгаа магтдаг, урамшуулдаг. Тэр нулимсаараа даран байж хэлсэн үгс болгон нь намайг зоригжуулж өнөөдрийн намайг бүтээсэн. Би тэр хүний бүтээл.


Тэр хүнээ алдах вий, намайг орхиод яваад өгөх вий гэж бодоход л тэнгэр нураад, нүд харанхуйлаад ирдэг. Энэ мэдрэмжийг би анх тэр агуу хайрыг нь мэдэрсэн өдрөөс л авч эхэлсэн. Тэр үедээ үргэлж уйлдаг байлаа. Уйлаад л, уйлаад л. Цаг хугацаа өнгөрч уйлахаа больчихлоо гэж баярлатал харин ч эсэргээрээ юу нь мэдэгдэхгүй нэг юм цээжин дээр гарч ирчихээд намайг өвтгөдөг болсон. Өвдөөд байгаа болохоор хичээж байгаад уйлчихвал гайгүй болох байх гэж бодтол уйлж чадахаа больчихсон байсан. Энэ хайрыг, энэ хүнийг алдчихвийдээ тэгвэл би ингээд л гав ганцаараа үлдэх нь гэж бодож эхэлснээс хойш 15 жил.

Хүн өөрөө өөрийгөө өвчтэй болгож, өөрөө өөрийгөө хорт хавдар тусгаж, өөрөө өөрийгөө үхүүлдэг юм билээ. Тэр цээжин дээр гарч ирчихээд яахаа мэддэггүй юм бол сэтгэл юм билээ.

Тийм болохоор би өөрөө өөрийнхөө зүрхийг сийччихсэн юм билээ. Давж гарч чаддаггүй нэг л юмтай хүн юм даа. Даанч тэр нэг юм нь айдас. Тэр айдсаа давж гарч чадахгүй явсаар байгаад сэтгэл, зүрхээ өөрөө сийчээд, авах юмгүй болгочихсон тэр нь бодит болоод хувирчихсан болохоор эмч нар ч үзээд зөв онош тавьж чаддаггүй юмаа. Би мэднэ. Өдийг хүртэл уусан эм, хийлгэсэн тарианууд үйлчлээгүй нь ийм л учиртай юм. Би л өөрөө эмчлэхгүй бол хэн ч эмчилж чадахгүй.

Хамгийн хайртай хүнээ юу ч хийж чадалгүйгээр алдсаны дараагаар хамгийн их хайрласан хүнээ алдчихвийдээ гэж айх нь хамгийн аймшигтай нь. Битгий төсөөлөөрэй. Хэрэггүй шүү!

12/08/2018 — Гоо
Like what you read? Give Asserpme a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.