Абсурд Улаанбаатар. Ганцаардсан Бодио

Ж.Бодьбаатрын амьдралыг кино урлагаас салгаж ойлгох боломжгүй. Харин кино нь урлагийн төрөл мөн эсэх талаарх бодлоо тэр ийн хэлсэн юм. “Киног хэрвээ урлагийн нэг төрөл гэж үзэх юм бол тэр нь хүнд чухал хэрэгтэй эд биш. Баяжихгүй, аз жаргал хүлээгээд бүр нэмэргүй. Кино бол зүгээр л шаардлага. Энэ утгаараа кино надад юу ч өгөөгүй. Матераллаг талаасаа тэр. Мэдээж миний үзэл бодол, оюун санаанд нөлөө тусгалаа оруулсан байх. Гэхдээ энэ нь сайн, сайхан зүйл байсан гэдэгт би эргэлздэг”.

Тэрбээр Монголын кино урлагийн амьд домог болсон Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн дунд хүү. Эрхэлдэг ажил нь Соёл урлагийн хорооны Кино, дүрслэх урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн. Мөн тэр хагассайн өдөр бүр “Занаду арт” галерейд “Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгт оролцдог. Энэ цөөн шалтгаан л түүнийг киноноос ангид бус амьдралтай гэдгийг нотлох биз ээ.

-Жигжидсүрэн найруулагчийн хүү нь болж төрсөн гэх шалтгаан урлаг, тэр дундаа кинотой холбогдох хувилбаргүй сонголт байсан уу?

-Аав маань намайг урлагийн хүн болно гэхэд дургүй байсан. Надад зөвлөж, заримдаа бүр ятгахыг оролдоно. Харин нэг л мэдэхэд би урлагтай холбоо, хамааралтай болчихсон байсан. Ямар нэгэн шахалт, дэмжлэггүй, бас өөрөө ч нэг их зорьж тэмүүлсэн зүйл байсангүй. Харин ах, дүү хоёр маань урлагаас ангид мэргэжилтэй хүмүүс болсон. Аав одоо ч намайг урлагтай холбогдсонд таашаахгүй байгаа. Урлаг хэцүү гэдэг. Учир нь урлаг хүнд юу ч өгөхгүй гэдгийг аав мэддэг учраас намайг энэ зам руу оруулахыг хүсээгүй байх гэж боддог юм гэв.

Харин тэр одоо өөрийн сонгосон замаараа урагшилж байна. Тэрбээр Анкарагийн их сургуулийг урлагийн түүхч мэргэжлээр төгссөн. Түүний амьдралын сонирхолтой хуудсын гэрч байсан хотынхоо тухай Ж.Бодьбаатар ийн өгүүлэв. “Анкара миний амьдралд нэлээдгүй өөрчлөлт авчирсан. Зөвхөн урлаг судлах талаараа биш шүү. Анкара дүнсгэр, уйтгартай хот. Улаанбаатартай ихэнх талаараа төстэй. Надад ганцаардах, өөрийгөө эргэцүүлэх боломж олгосон. Туркийн алдарт яруу найрагч Жемал Сюреа Анкараг “Сайхан сэтгэлтэй хойд ээж”-тэй зүйрлэсэн байдаг нь надад их дотно санагддаг юм. Бид аливааг хүлээдэг, энэ магадгүй амьдрал байдаг. Тэрийг нь бид мэддэггүй. Тиймээс Анкарагийн уйтгарт, дүнсгэр байдал надад хүлээх боломж олгосон юм” гэлээ. Харин Улаанбаатар хот түүнд абсурд санагддаг аж. “Абсурд кино гэж байдаггүй. Хэрвээ байдаг бол Улаанбаатарын хэмнэлтэй яг дүйх байсан даа. Бүх юм нь холилдсон, инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг хот” гэсэн юм даа.

Кино урлагийн талаар судлах, багшлах, шийдвэр гаргах төвшинд ажиллах эсвэл жирийн үзэгчийн байхын аль түүнд таалагддаг талаар тэрбээр ийн ярилаа. “Үзэгч байх үедээ л би өөрөөрөө байдаг. Бусад нь ямар нэг албан тушаал, сэтэртэй холбоотой учраас шахалттай тулна. Заавал давхар баг зүүх хэрэг гардаг. Тиймээс жирийн үзэгч байх нь л хамгийн зугаатай ажил”. Түүнд судлаач, шүүмжлэгч гэх сэтэр асар хүнд дарамт шиг санагддаг байна. Харин Ж.Бодьбаатар өөрийгөө “кино зөвлөгч” хэмээн танилцуулсан. Учир нь кино судлах, шүүмжлэх уйтгартай ажлаас бусдад кино зөвлөх, санал болгох нь түүнд хамгийн ойр бөгөөд өөрт нь тааламжтай байдаг аж.

“Кино шүүмжлэгчдийн бичсэнийг уншихаар заримдаа уйтгартай, нэг хэв загварт баригдсан байх шиг санагддаг. Заавал нэг ном, онолтой холбох ч юм уу, эсвэл ойлголттой тулгаж тайлбарлах гэнэ. Гэтэл тэр дунд өөрийн бодож таньсан зүйл, сэрэл мэдрэмж нь алга болох тохиолдол бий” хэмээсэн.

Бид өнгөрсөн долоо хоногт “Занаду арт”-д Стив Маккүиний “Өлсгөлөн” кино үзэх үеэр таарсан юм. Кино зөвлөгч хэмээн өөрийгөө нэрлэсэн түүнд “Өлсгөлөн” кино “Хүний амьдралын оршихуй нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа сонирхолтой заагийг харуулсан кино. “Өлсгөлөн” түүхэн, улс төрийн сэдэвтэй ч гэсэн хэцүү сонголтыг маш намуухнаар үзэгчдэд хүргэж чадсан. Улс төрийн мессеж болгож болох хувилбартай байсан ч Маккүйн тэгээгүй. Үзэгчдэд өөрсдөө эргэцүүлэх боломж олгосон” гэж санагджээ. Ж.Бодьбаатар удаан хүүрнэлтэй киног таашаадаг. “Ойлгох ойлголтоо удаан барих тусам бидний таньж мэдэх хүрээ онгойно. Гэтэл хүмүүс аливаад үргэлж яарч амьдрах юм. Энэ нь мэдрэхүйн хамаг сайхан бүхнээ гээж буй үзэгдэл” хэмээх тайлбартай тэр санал нийлдэг юм билээ.

Ж.Бодьбаатар найруулагч биш ч шаардлага тулбал удаан хүүрнэлтэй кино хийхийг хүсдэг. Цөөхөн бөгөөд мэргэжлийн биш жүжигчдийг сонгоно гэсэн. Бодит амьдралд илүү ойр кино бүтээх тухай бодож байгаа нь цаанаа нэг шалтгаантай. Түүнийхээр сүүлийн үеийн кинонууд амьдралаас хэт тасарсан, хүнд юм бодуулахыг ор тас мартсан аж. Гэхдээ урлагт, тэр дундаа кинонд ямар ч үүрэг байхгүй гэж тэр хэлсэн. “Кино анх үүсэхдээ л мөнгөтэй холбоотой байв. Олон талын нөлөө ордог, хамтын бүтээл гэдэг утгаараа тухайн найруулагч өөрийн үзэл бодлоо бүрэн гаргахад хүндрэлтэй. Зохиолч, зураачид бол хамгийн амар, өөрийн бодлоо бусдын ятгалаггүйгээр гүйцэлдүүлж чадна” гэв.

Ж.Бодьбаатар 19 нас хүртлээ сагс тоглохоос өөр зүйл хийгээгүй. Харин тэр үеэс номонд дурлаж, улмаар кино үзэхдээ сонголттой болж эхэлсэн байна. Энэ нь түүний хэлснээр гэнэтийн процесс байжээ. “А.Тарковскийн киног анх үзэхэд миний урьд өмнө үзсэн бүхнээс тэс өөр байсан. Ийм кино байж болдог юм уу гэж бодсон доо. Одоо ч би А.Тарковскийн киног үзэхийг хүсдэг. Ялангуяа “Сталкер”-ээс нь бол хэзээ ч уйдахгүй” аж.

Тэр хамгийн сүүлд аавтайгаа хэзээ хамт кино үзсэнээ бодоод олсонгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд лав үгүй гэнэ. Урьд нь аав, хүү хоёр биендээ кино санал болгоод хамт суугаад үздэг байж. Бидний яриа явсаар телевизээр гарч буй киноны сонголтын тухайд хүрлээ. Телевиз бол кино үзэхэд тохиромжтой орчин огт биш гэж тэр боддог юм байна. Дундуур нь реклам гарна, тэр тоогоор үзэгч сатаарна. Энэ нь зах зээлийн хууль учраас бид хорьж чадахгүй. Харин кино үзэх хамгийн тааламжтай орчин бол кинотеатр юм аа гэдэгт бид санал нийлэв. Ж.Бодьбаатар “Dreamers day”-ийг эс тооцвол Монголын кинотеатруудаар тэр бүр ордоггүй. Түүний хүссэн, ядаж сонирхол татах кино гардаггүй болохоор тэр. Хамгийн сүүлд найруулагч С.Бямбын “Хүсэл, шунал”-ыг кинотеатрт зорьж үзсэн, ажлын шаардлагаар бол “Цогт тайж”-ын нэмж засварласан хувилбартай танилцсан байна.

Дүнсгэр Анкарад дурладаг, абсурд Улаанбаатарт амьдардаг, олон хүн цугласан газарт дургүй, “би ичимхий хүн шүү” гэх тайлбар нь нийлээд Ж.Бодьбаатарын ганцаардлыг өмнө минь дэлгэх шиг санагдсан. Гэхдээ энэ нь зөв, буруу хэмээн дэнслэх шалтгаан биш. Бидний яриа даарх асуулт, хариултаар өндөрлөсөн юм.

-Та энэ ертөнцөд юуны тулд ирсэн юм бэ. Хэрэв та үгүй боллоо гэхэд таныг дурсах шалтгааныг бүтээж чадсан уу?

-Үгүй. Чадах эсэхдээ ч эргэлздэг.

Киноны тухай яриагаар эхэлсэн бидний уулзалт кино ярьж төгсөхөөс өмнө кино зөвлөгч Ж.Бодьбаатараас би нэг зөвлөгөө хүссэн юм.

“Энэ хагассайнд (өнөөдөр) Ираны найруулагч Сохраб Шахидийн 1974 оны бүтээл “Stilllife”-ийг үзэхэд илүүдэхгүй л байх”.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.