Антихрист

Найруулагч: Ларс вон Триер

Продюсер: Мета Луйс Фолдагер

Гол дүрд: Уильям Дефо

Шарлотте Гэйнсбур

Нээлтээ хийсэн он: 2009

Үргэлжлэх хугацаа: 103 минут

Box office-ийн орлого: 11 сая доллар

“Дэлхийг бурхан бус чөтгөр бүтээсэн юм шүү дээ” гэх үзэл уг киноны гол ноён нуруу болсон юм. Гэхдээ өнгөц харвал “Антихрист”-ээс шашинлаг үнэр ханхлахгүй. Ларс вон Триер Библийг ягштал цээжилсэн болон антихрист үзлийн анхны шатны мэдэгдэхүүнтэй үзэгч ч киноны гүн санаанд нэвтэрч чадахааргүй тэр л хэмжээнд ерөнхий агуулгаа нууж чадсанд “Антихрист”-ийн үнэ цэнэ оршино. 103 минутын турш аллага, хүчирхийлэл, сексийн увайгүй дүрслэлүүдээр таны нүдийг мялаах энэ кино нээлтээ хийхээсээ өмнө л шуугиан тарьж байв. 2005 онд кино хэдийнэ бэлэн болсон, зохиол нь түүнээс ч өмнө амилсан хэдий ч тэрслүү Ларс уг бүтээлээ дөрвөн жил хав дарсан юм.

2009 оны Каннын кино наадмыг үзэхээр ирсэн бас ч гэж кино урлагийг ойлгодог, элдэв гаж санаанд дасал болсон мянга мянган үзэгчийг алмайруулж, дэлхий даяар шуугиан тарьсан уг бүтээлд кино шүүмжлэгчид харьцангуй үнэлгээ өгч байв. Хүрч болох хамгийн өндөр онооноос ч илүүг өргөх хүсэлтэй зарим нь байхад эргэлзээгүй хасах үнэлгээ өгч зүрхэлсэн шүүжлэгчид байсан. Гэвч кино урлагийн хамгийн этгээд төлөөлөл, ер бишийн гаж найруулагч Ларсд оноо сэлт төдийлэн чухаг байгаагүй агаад тэр удаан хүлээсэн шуугианаа нэр төртэйгээр тарьж чадсан л түүний хувьд үнэ цэнийн хэмжүүр байжээ.

Өөр өнцөг гэх үзэл киноны эд эс бүхэнд шингэсэн бөгөөд уянгын симфонын аян дахь галзуу секс дүрслэлээр эхэлнэ. Ер бишийн намуухан шөнө эгэл биш хөнгөн цас хаялж, дөнгөж хөлд орсон Ник (тэдний хүү) цэлийтэл нээсэн цонхноо бүжих цас барих гэнэ. Никийг унтаж байгаа эсэхийг ч үл анзааран галзуу сексийн амтыг мэдэрч буй хосод цонхны тавцан дээр юу болж буйг анзаарах тэнхэл байсангүй. Бяцхан гараараа цас атган алдах Никийн хамгийн сүүлд хийсэн алхам цонхны тавцангаас холдох байж, өнөөх л ер бишийн намуухан аянд бяцхан хүүгийн унах нь хүртэл эгэл биш тайван. Хамгийн галзуу шөнийн дараа байж болох хамгийн эмгэнэлт явдалд цочирдсон бүсгүй, гашуудлын хар хувцастайгаа тогтож ядан алхана. Диваажан хэмээн нэрлэсэн эдлэнд Никтэй хамт үдсэн дурсамж бүхэн түүнд харуусал, уй гашуугаас өөрийг өгсөнгүй.

Гэр бүлдээ өчүүхэн төдий анхаарал хандуулдаггүй сэтгэлзүйч эрийн шинэхэн өвчтөн эхнэр нь болов. Арав шахам жилийн хамтын амьдрал тэдэнд хэн хэнийгээ таних бололцоо олгоогүй аж. Боломж. Мэдээж тэдний эмчилгээ хийх орчин эмнэлгийн зэврүүн өрөө биш “диваажин”. Кино урлагаас сайн сайхан, өнгө гэгээ хайгч үзэгчийн хамгийн тэвчишгүй үйлдлүүдийн өрнөх цэг, “диваажин”. Хаанаас, юу илэрхийлэх гэж буй нь үл мэдэгдэх үнэг, буга… дээвэр мөргөн унах боргоцойн чимээ хүртэл түгшүүртэй. Бүсгүйн амьдралдаа хэзээ ч хүсэшгүй газар болох айдсаар дүүрэн модон гүүр, үнэгний үүр эмчилгээний гол объект болох юм гэж хэн санах билээ. Гэвч бүсгүйн айдсаа давсан, харамсалтай нь энэ сэтгэлзүйн эмчилгээний гайхалтай үр байгаагүй юм. Энэ бүх утгагүй үйлдлийн үр дүнд тэр чөтгөр, хэзээ ч номхрошгүй сексийн хуял тачаалтан болж хувирна. Зүрхнийх нь гүнд нуугдсан адгуус сэрсэн байж ч мэднэ. Сексийн хөдөлгөөн, байрлал, өрнөх газар хүртэл хүний төсөөллөөс хальж эхлэнэ. Ямар л эрүүл эзэгтэйн толгойд нөхрийнхөө бэлгэ эрхтнээс цус шүүрэхийг харж, шилбэнд нь гантил эргэдэх санаа төрөө аж. Хуял тачаал нь сүүлдээ хүчирхийлэл, гар хангалга, аллага болж хувирна. Сексийн гал халуун эрчимд автсан нөхрийнхөө дор тачаадан хөдлөх бүсгүй хүүгийнхээ үхлийн алхмын эхлэл, өрнөл, төгсгөл бүрийг нүдээрээ харсан нууц тайлагдана. Тэр чөтгөр болсон юм биш угаасаа тийм байж. Энэ бүхний эцэст…

“Антихрист” киноны гол дүрийг бүтээсэн францын жүжигчин Шарлотте Гэйнсбур Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. “Кино зураг авалтын турш дахь элдэв сэтгэл хөдлөлөөс илүү Дефотой сексдэх хэсэг л хамгийн хэцүү нь байсан” хэмээн тэр хожим ярьсан. Ларс вон Триерийн эл бүтээл дэлхийн хүн бүрт зориулагдаагүй. Азийн төдийгүй Европын орнуудын нэртэй кинотеатрууд хүртэл “Антихрист”-ийг толилуулах сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан юм. Энэ үйлдэл хүртэл Ларсын бах тавыг хангаж байв. Зураг авалтаа ердөө 40 хоногт амжуулсан уг бүтээл аймшгийн кино фанатуудын сэтгэлээс үхтэл нь салахгүй гэдэг л түүний хувьд гайхамшиг.

Шоу ертөнцтэй хутгалдсан “Оскар”-ын наадмыг эс тоочвол дэлхийн бүхий л нэр хүндтэй кино наадмуудын бүхий л шагналыг хамсан Ларс вон Триерийн уг бүтээл триллер төрлийн кино ертөнцийн шинэ хуудсыг нээж, энэ төрлийн кино сонирхогчдын заавал үзэх чухаг бүтээлийн тоонд багтсан юм. Магадгүй дэлхийг бурхан бус чөтгөр бүтээж, биднийг үй түмэн жил тарчлаан бах таваа хангаж байгаа ч юм билүү, чөтгөр бүү мэд. Үзээд л алд.

<! — [if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.