Ашгүй бүх юм дууслаа

…Мөнөөх шүдэнзийг хэзээ асаах нь, заавал шүдэнз биш асаагуур ашиглах эсэх нь миний мэдэлд захирагдах бөлгөө. Магадгүй түүнийг асаахгүйгээр он удаан, хэдэн мянган жил ч хадгалж дөнгөх вий. Хэрэвзээ асаасан л бол тэр хэзээ нэгэн цагт үнс болох авай. Төрөх, бөхөхийн дүрэм энэ аж.

Амьдрал гээч нь асар том супермаркет. Хэрэв чи дүрмийг сайтар ухаарсан бол, мөрөөдөлтэй, хүч чадалтай басхүү мөнгөтэй бол хүссэн бүхнээ сонгож, өөрийн болгож болно. Үгүй бол байгаадаа тааруулан “бараа” сонгохоос өөр яах билээ. Хүн бүр араншингийн хувьд өөр болоод огт адилгүй зураг төөргөөр замнадаг нь чухам үүнтэй л холбоотой биз. Гэвч энд бас хүсээд авч боломгүй, хэчнээн тэг тоолоод ч хүчрэхгүй юм бий. Тэр нь цаг хугацаа. Энэ гариг дээр яагаад ирснээ, хожим хэзээ, бас яагаад буцах ёстой болохоо бид мэддэгүй. Учир нь энд ирэхийг чи өөрөө сонгоогүй, магадгүй хүсээгүйтэй адил явах цагийг зарлах дуун хэзээ дуугарах нь чамд бас надад хамаагүй ажээ.

Багадаа би хүмүүс яагаад удаан, бүр хоёр зуугаас ч урт наслаж болдоггүйг гайхдаг байлаа. Эрүүл мэндийн бүхий л энгийн жорыг ашиглаж, байж болох хамаг л тэвчээрийг заан амьдарсан нэгэн нэг зуун дөчин таваас дээш наслаагүйг сонсоод “Чөтгөр алгад, тэгээд яах ёстой билээ?” хэмээн эгээ л “том хүн” шиг эргэцүүлж суусан цаг саяхан. Гэвч хэн нэгэн надад хэлээгүй, шинжлэх ухаанч тайлбар олоогүй хэдий ч хүн яагаад ч үхэхгүй амьдрах, ядаж л нэг зуун тавин насны босго давах тэнхэлгүй болохыг ухаарч байна. Энэ амьдралд хариулт, тайлбаргүй нь энгийнээсээ олон болохоор яалтай ч билээ.

Боломжит бүхий л цаг хугацааг дэмий үрчихэлгүй, аль болох удахын мөрөөсөл болон амьдарлаа ч элсэн цагны сүүлчийн ширхэг хөсөр унах нь хэзээ гэдгийг би мэдэхгүй. Тэгэхээр нас гэдэг хязгааргүй аж. Гэвч хэзээ мөдгүй унах нь л үнэн учраас үхэлд урьдаас бэлтгэн, энэ насны амьдралдаа нэр төртэйгөөр цэг тавьсан нь цөөн аж. Үхэл гэдэг ирэхийн цагтаа хэн хэдэн тэг тоолдог, хэний царай толинд илүү сайхан харагддаг вэ гэдгийг үл тоон, бүр өрөвдөх сэтгэлийг ч таягдаж хаяад амьтай болгонд адил тэгш ханддаг учраас л тэр хамгийн үнэн шударгуу нь юм. Гэтэл хүмүүс бид өрөвч нинжин, араатанлаг авир эсвэл ойшоох үл ойшоох зэрэг эсрэг тэсрэг зан суртахууны цуглуулга учраас эцсийн цэгтээ алийг нь дагах вэ хэмээх эргэлзээтэй тулж, нэг л их бөөрөнхий суртахуунаар бүхэнд хандаж ирэв. Нэг хэсгийг нь зүүний сүвэгчээр харах төдий л шүүдэг хэрнээ нөгөөг нь томруулдаг шилээр тун ч нямбай ажиглаж “чаддаг” учраас бид үхэл яагаад ирдгийн нууцыг тайлж чадахгүй яваа ч байж мэднэ.

Хөгширнө гэдэг нь хэзээ ч ашиглаж чадахгүй баахан туршлага цуглуулахыг хэлдэг гэлцдэг. Нээрээ л энэ амьдрал гээч үл ойлгогдох тоглоомын дүрмээс ядаж л өчүүхэн жижиг хэсгийг өнгөц ч болтугай мэдэх төдийд л буцах тийз гарт ирнэ. Угаас надаас урт настай ч миний өмнө бөхөлздөг модод, чимээгүй орших хад чулуудад үүнээс чухал дүрэм байдаг гэдэгт би эргэлздэг. Хэтэрхий урт амьдрах, хамаагүй ихийг мэдэх тусам арьс үрчийж, нуруу бөгтийн, утгагүй, уваагүйг улам л гүнд нь хүрч мэдрэх гээд байдаг. Цааш явсаар л, насны тэг нэмэгдээд л байвал бүр хоосон руу, бүр л утга учиргүй рүү дурайсан урт холын уйтгарт аян болж таарна. Тэгэхээр эцсийн цэг гэж байдгийг, түүний өөдөөс тэмцээд амжилт олохгүйг аль болох залуудаа л ухаарч чадвал дээрсэн. Угаасаа мөнхий настай бурхад махан биет хүний ертөнцөд зэрэгцэн оршдоггүй биз дээ. Тэнгэрт эсвэл… ямартай ч биднээс аль болох л хол бий. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй тэрхүү эцсийн цэгийг хүлээж цөхсөн зарим нь үхлийг өөрөө сонгон одсон жишээ байдаг л юм. Үхлийн өөдөөс сөрөх, хариу барих цорын ганц арга энэ л гэх. Гэвч үхлийг өөрөө сонгох, үхэл өөрөө ирэхийн хооронд тийм том ялгаа байдаг гэж үү?

Ширхэг шүдэнз асаагаад, барьж зогслоо. Нэг, хоёр, гурав, дөрөв… арван нэг. Түрүүхэн өмнө минь хүлцэнгүйгээр уугиж, амьсгалах тоолонгоор дэрвэлзэж асан дөл нь яг арван нэгэн хормын дараа эрхий хурууны өндгийг хайр найргүйгээр түлж орхив. Ашгүй бүх юм дууслаа.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.