“Гэгээн” Анне

Тэр их гэгээлэг зурагчин. Үнэндээ тэр гэгээн хүүхэд нас руу л дурангаа чиглүүлдэг болохоос өөрөө тийм гэрэл цацарсан хүн биш. Гэвч зөвхөн энэ л “гэрэлтэх” хангалттай шалтгаан болно гэж үзэж байна. Австралид өсөж, Шинэ Зеландад хүн болсон түүний нэрийн өмнө гэрэл зурагчин, дизайнер, бизнес эмэгтэй гэх гурван “шошго” бий. Эмэгтэй хүний насны талаар яриа ихэд бүдүүлэг болохыг мэдэх ч Анне Геддес өдгөө 50 хол давсан настай гэдгийг цухуйлгах (ер нь шаардлага байна уу?) …

25 нас хүртлээ дээрх гурван шошгоны аль нь ч үгүй “иргэн” Аннегийн дүрээр амьдарч байснаа гэнэт л гэрэл зургийн аппарат шүүрмээр санагдаж. Аппарат өөрөө Аннег шүүрсэн ч байж мэднэ. Гэхдээ үр дүн нь ялгаагүй. Тэр алдарт хүрсэн. Аппарат үүрсэн болгон алдарт хүрдэггүй учраас дэлхийн 83 оронд гэрэл зургийн номоо хэвлүүлэх хүртэл тэр нэлээд зовсон нь мэдээж. Аннед аппаратны хүчин чадлаас илүү дуран хааш чиглэх, дүрсийг хэрхэн урлаг болгон буулгах нь сонин санагдах үеэс тэр бусдаас өөр гэдгээ мэджээ. Улмаар үүнийг давуу тал нь гэдэгт бат итгэсэн бүсгүйн дуранд хүүхдүүд шинэ өнцөг болон тусав. 25 наснаасаа хойш тэр ийм л юм хийж яваа.

Нойрсож буй эсвэл цэцгэн дүрд хувилсан, хүнсний ногоо болж вааранд ургасан бүр ээжийнх нь амнаас урсаж, өөрсдийнх нь төсөөлөлд л амилдаг үлгэрийн баатарынхаа дүрд хувилсан жаалуудын зургийн та харсан байх. Аннегийн бүсгүй насныхаа талаас илүү хувийг зарцуулсан ажил ердөө л энэ. Гэвч дутуу үнэлэх хэрэггүй. Түүний бүтээлийн ном 18 сая ширхэг зарагдсан бол календарь нь 13 сая хувь хэвлэгдээд тарж одсон. Гэсэн ч тэр зургаа авсаар л байгаа. 1997 оны нэг нартай өдөр 1.8 сая календарь зарж чадсан сүйхээтэй эмэгтэй шүү тэр. Аннегийн “Down in the garden”ном нь Нью-Йорк таймсийн бестселлерээр шалгарсан гэхээр түүний дуран байгаа оножээ гэхээс өөр юу хэлэх билээ.

“Тэр нэг бүтэнсайн өдөр хүүхдийн зургийг үлгэр шиг, тоглоом шиг л авч чадахгүй бол шинэ юм биш гэж бодсон. Гэрэл зургийн зах зээлд “хууччуул”-д зай байдаггүй гэдгийг би хэтэрхий эрт мэдэрсэн учраас…”

Хүүхдийн сэтгэл хөдлөл хамгийн хүчтэй хийгээд үнэн байдаг. Хэчнээн ч дарж, хүчээр загнаж номхорууллаа гээд “дүрсгүйн гал”-аа нүднээсээ нууж чаддаггүй тэдний “үнэн” зургууд Аннегийн зургаан боть номд хадаатай бий. Тэр зургийнхаа гол дүрийг тодруулах гэж багахан хэмжээний шалгаруулалт хийх болдог. Учир нь түүний дуранд хүүхдээ өртүүлэх гэж хэчнээн эцэг эх зураг илгээдэг гээч. Хүүхдээ боогоод явуулах нь л холгүй… Гэгээн байгаа биз?


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.