“Гэрэл”-ийн хурдаар 2041 он руу

Зураач Жинэдийн Гэрэл

Маргааш бол үлдсэн амьдралын минь эхний өдөр. Өнгөрсөн шиг гэгээн сайхан дурсамж байхгүй, өнөөдөр шиг шинэхэн мэдрэмж үгүй хэрнээ хүрч болох хийгээд болохгүй бүхнийг атгачихаад инээмсэглэн холддог маргааш. Давуу нь маргаашид хязгаар үгүй. Яг л хүний төсөөлөл, мөрөөдөл шиг. Харин одоо би яг ийм маргаашийн үзүүрээс барьж, их ойроос харж зогсоно. 2041 оны маргааш. Манай гаригийн хамгийн өтөл болох Голоцены цаг тоолол 12041 оныг зарлах тэр агшныг зураач Ж.Гэрэл төсөөлөлдөө амилуулах юм. Тэрбээр өөрийнхөө болон охин Г.Гэрэлтзулынхаа 30 жилийн дараах маргаашийг бүтээнэ. Би түүний бүтээл төрүүлэх цаг хугацаа, туурвил зүйг цааснаа буулгах юм. Тэгэхээ уншигч та ч бас түүний бүтээх маргаашийн гэрч нь болох нь. Оршилгүй эхэлчих үү, эсвэл энэ оршил байв уу? Ямартай ч, үлдсэн амьдралын минь эхний өдөр ийн эхэллээ.

2011 оны наймдугаар сарын 15.

Дүнсгэр өдөр. МУЭ-ийн харьяа уран бүтээлчдийн “Б” урлан, 103 тоот. Будаг, ус, урлагдаж буй модны үнэр ханхийнэ. Онгодын зараалаар, эсвэл “халаалт”-ын үр дүнд элдвийг сийлсэн энэ хана хэлтэйсэн бол Монголын дүрслэх урлагийн хэдэн жилийн түүхийг хүүрнэх вий. Будаг нь халцарсан модон шал, гэрэлгүй хонгилоор явсаар Ж.Гэрэл зураачийн урлангийн үүдэнд ирлээ. Энд бид 10.00 цагт уулзахаар тохирсон юм. Гэвч хаалга хаалттай. Тогшвол хариу алга. Олон арван уран бүтээлчийн диваажин болсон энэ газраас бидний мэдэхгүй, шинжлэх ухаан ч нотлоогүй онгод гээч нь дүүрэн байх шиг, ер бусын мэдрэмж төрнө, дүүрнэ. Харин тэр байсангүй.

Наймдугаар сарын 17.

09.45 цаг. Ж.Гэрэл зураачийг цаг ягштал баримталдаг гэдгийг мэдэх учраас уржигдрын явдлыг сөхөөд яахав. Би мөнөөх л орчинд, онгорхой хаалганы цаанаас гар барин мэндчилэх Ж.Гэрэл зураачийг харж зогсоно. Цагтаа Пушкинтэй “андуурагдан” Санк-Петербургийн онгоцны буудалд олон арван охидтой зургаа татуулж явсан мөнөөх эр өдгөө Есүстэй адилхан болж шүү. Танил уран бүтээлчид нь ийм нэр хайрласан гэнэ билээ. Түүний тоглосон “Гэрэл” богино хэмжээний кино хэтэрхий үнэмшилтэй байсан болоод ч тэр үү хар цагаан, чухам хар цагаан орчин, дүнсгэр харилцан яриа л төсөөлж байв. Харин яваад ортол…

Moi de`s que je suis loin de paname

J’ai les poumons tout essouffle’s

J’ai le coeur bouffe’s par plein de larmes

et le corps comme tout exile… Нора Арнезедрийн “Loin de Paname”эгшиглэж байна. Нэлээд хуучны бололтой төгөлдөр хуур, модон ширээн дээр элдэв скизүүд, хананд нь өөрийнх нь гэхээс илүү охиных нь зурсан зургууд өлгөөстэй. Санаа төрж, бойжиж, амилж байдаг энэ өрөө эцгийн хайраар дүүрэн юм. “Таны төрж өссөн газраас яриагаа эхэлье” гэхийн хэрэггүй болохоор бид ийн хөөрөлдлөө.

-Зурахаас илүү бодоход цаг хэрэгтэй гэсэн, та. “2041 он”-ы санаа хэзээ төрөв, тархинд тань аль хэдийнэ зурагдчихсан биз?

-Үгүй дээ, анх төрсөн санаа л байгаа болохоос биш тархиндаа бүтээчихээд түүний зараалаар зурна гэдэг утгагүй. Зурж эхэлсэн л бол тэр зогсолтгүй бүтэж, баяжиж байх ёстой. 2041 он. Би 80 хүрсэн өвгөн, охин минь 30 гарсан бүсгүй болсон байхаар төсөөлж зурна. Зүгээр нэг санаагаа сараачих биш тэр үеийн нийгэм, урлагийн бүтээл ямар байх вэ, 30 жилийн дараа би болон охин минь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Охин маань ээжтэйгээ их адилхан, үзэсгэлэнтэй. Би энэ хоёрыгоо харж, төсөөлж, охиныхоо төрхийн ерөнхий загварыг гаргасан. Харин би өөрчлөгдөхгүй байх аа. Яахав, хамар, чих ургаж, үс, сахал маань бууралтна биз. Гэхдээ би байна, энэ зургаас охиндоо хайртай эцэг, мөн зураачийн араншин харагдах ёстой.

-30 жилийг алгасаж төсөөлөх, өөрийгөө “байна” гэх итгэлийг танд юу өгсөн бэ. Ная хүрсэн Ж.Гэрэлд амьдрал хүссэн, хүсээгүй өнгө будгаа тусгана. Энэ нь магадгүй гадна төрхийн гэхээсээ илүү дотор хүн, үзэл санаа руу чиглэсэн өөрчлөлт байх болов уу даа.

-Цагийн цаазыг сөрөх хэцүү. Мэдээж 30 жил намайг гадна төрхийн хувьд болон үзэл санааны хувьд өөрчлөх гэнэ. Гэхдээ миний доторх Ж.Гэрэлд тэр хүрч чадахгүй. 30 жилийн өмнө ч би энэ хэвээрээ л байсан, тиймээс би өөрийгөө алдахгүй өтөлнө. Магадгүй үзэж туулсан зүйлсийн нөлөө, тусгал шингэж, нүд илүү нээгдэх болов уу. Эхний асуултыг чи үхэлтэй холбож байх шиг байна. Би түүнээс чинь айдаггүй ээ. Тэр огтхон ч аймаар зүйл биш. Хэдэн жилийн өмнө би хорт хавдар тусаж, сэтгэл дотроо үхсэн. Зарим нь шоолох л байх, гэхдээ сүнс биеэс минь гарахыг би мэдэрсэн. Тэр үед шөнө бүрийн зүүдэнд цагаан ирвэс ирдэг байхад ч би үхэж байсан. Гэхдээ бодлын хүч, бусдын итгэлийн хүчээр би ялсан. Одоо би эрүүл, надад хоёр сайхан хүүхэд, хань минь байна шүү дээ.

Энэ сэдвийг бид орхихыг хүслээ. Өнгөрсөндөө л үлдэх ёстой түүх гэж бий. Зургаа эхлэхийн өмнө хажуудаа өндөр толь тавилаа. “Есүс” гэж хочлуулахад хүргэсэн үсээ байн байн илж, өөрийгөө нэлээд нухацтай харж байна.

-“Би”-дээ ойртох тусам улам ойлгомжгүй, нэг тийм хачин айдас төрдөг гэх. Та өөрийн хөргөө цөөнгүй зурсан. Хэцүү биш үү?

-Хүн мэддэг зүйлээ хамгийн сайн хийдэг. Тиймээс өөрийгөө зурах нь харин ч ойлгомжтой, амар байдаг. Нидерландын Уран зургийн академид сурч байхдаа анхны хөргөө зурсан. Багш маань тэр зургийг гайгүй үнэлж, “Чи үүнийгээ хэзээ ч, хэнд ч битгий зараарай” гэж захисан. Түүнээс хойш хоёр, гурван ч удаа зурчихав уу даа. Сүүлд “2011” нэртэй хөргөө зурсан, 2041 оныхтой харьцуулах зорилготой. Тэр харж байна уу?

-Энэ зурган дээр таны баруун нүд хөхөрчихөж.

-“Цогоо намайг зодсон” гэж хочилдог юм (инээв). Хөрөг төгс, заавал наашаа харж инээсэн, өө сэвгүй, гоё сайхан байх албагүй. Энэ хөргийг зурах үед үнэхээр л миний баруун нүд хөхөрсөн байсан учраас би тэр агшныг л зурсан.

-Таны хөргүүдээс эрх, эсвэл зөрүүд, магадгүй эрх чөлөөтэй, омголон араншин илрэх юм.

-Эрх байж таарахгүй. Бусад нь бол дөхөж байна. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү. Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Ж.Гэрэлийн байгаа нь л энэ. Энэ араншин зөвхөн хөргөөс харагдах биш, бүтээлүүдэд маань ч шингэсэн байгаа. Хэн ч, хэзээ ч давтагдах ёсгүй.

Эхний зураас. Тэр харандаа хэрэглэдэггүй аж. Толинд удаан гэгч харснаа нэг их бодлогошронгуй харц тодруулан зураад л. Хамгийн түрүүнд хамар… 2041 оны хамар гэе. Үнэхээр л тэр ямар нэгэн бодолд захирагдалгүй, агшинг аргамжиж байна. Түүний зургуудад бүрэн төгсгөлтэй нь тун цөөн. Гар хөлгүй бие, туурайгүй морь… гэхдээ л ямар нэг адын шидээр харагдахгүй л болохоос байрандаа байгаа мэт үзэгдэнэ. Асуух гэснээ зүрхэлсэнгүй, тэр зурж байна. Харин таамаглая, тэр бүтээлээ тархинд төгсгөхийг хүссэн байж мэднэ. Гэхдээ өөрийнхөө биш хүн бүрийн тархинд өөр, өөрөөр төгсгөе гэж шийдэж. Бүр төгсөхгүй тэр чигтээ зогсчихсон ч яадаг юм. Гэнэт хаалга тогших ч үгүйгээр нэгэн “дарга” орж ирлээ. Ер бусын амар амгалан сарниж, Ж.Гэрэл зураач ч ажлаа зогсоов. Чи хэн бэ?

#2 ЯГААХАН БҮЖИНГҮҮД ЯМАР ГЭМ ХИЙСЭН БЭ?

Түүний бяцхан гэрэл, Зулаа охин нь байж. Тэр энэ жил “Хөгжим бүжгийн коллеж”-ийн төгөлдөр хуурын ангид элсэн орно. Өнөөх бардам, ихэмсэг, зөрүүд Ж.Гэрэл энэ “дарга”-ын өмнө л нурчих юм. Тэвэрч өхөөрдөн, өнөөдөр юу хийснийг юу идсэнийг нь шалгаана. Аавын авьяас охинд өвлөжээ, түрүүн хэлсэнчлэн түүний урланд охиных нь бүтээл дүүрэн юм. Түүнийг аз жаргалтай нь хамт үлдээе, бид маргааш дахин уулзахаар тохирлоо.

Наймдугаар сарын 18.

10.05 цаг. Тэр ажлаа хэдийнэ эхэлчихэж, гэхдээ нэг л ууртай дүрслэлүүд буугаад байх шиг. Тэрбээр “2041 он” зураг дахь өөрийн хөргийг бараг дууссан, охиныхоо хөргийг зурж эхлэх гэж байгаа гэв. Таагүй эхлэл, дүнсгэр харилцан яриа.

-Зураг зурж байхад үед тань хөндлөнгийн байр суурь хэр нөлөө үзүүлэх вэ.

-Юуг ч өөрчлөхгүй. Гэхдээ хэл, хэл.

-Таны хөрөгт хар, саарал өнгө хэтэрхий их оржээ. 2041 он таньд ийм өнгөөр харагдав уу, эсвэл амьдралд хоёрхон өнгө бий гэж тайлбарлах уу?

-Өнөөгийн Улаанбаатар дүнсгэр, уйтгартай хот ш дээ. Миний, охины минь амьдрах хот ирээдүйд энэ хэвээрээ байхгүй гэж найдаж байна. Одоохондоо чи хар, сааралыг л олж харж байна, энд би гэрэл гэгээ нэмнэ ээ гэв.

Сонсголонтой аяз эгшиглээд л, гэхдээ түүний дотор ямар нэг юм байна. Тэр нь “2041 он”-д ч нөлөөлж байх шиг. Мушгирсан хар зураасууд эрээлжлээд л, одоогийн сэтгэл хөдлөлтэй нь ямар нэг шижмээр холбоотой. Бийрээ усанд дүрэх, барих, таталгах нь хүртэл эрчимлэг болж ирлээ. Гүйцээ, тэр өөрийгөө зурж дуусав. Одоо охиноо зурна. Гэхдээ тэр сэтгэл зүйн хувьд бэлэн биш байх шиг.

-Таны дотор ямар нэг бухимдал байна аа. Өнөөдөртөө ингээд өндөрлөх үү?

-Тэгье, би бэлэн биш байна.

-Яагаад?

-Миний Франц найз Патрисиа саяхан над руу уйлж ярьсан. Бүжингүүдийг мааньюу ч үгүй эвдлээд, чихнүүдийг нь хугалаад хаячихсан байна гэнэ. Өмнө нь очиход заримыг нь эвдэлсэн байхыг харсан л даа. Гэхдээ Патрисиагийн хэлж буйгаар одоо тэнд бүтэн бүжин үлдээгүй бололтой гэв.

Тэрбээр 2008 онд “Гэрэлтзул” төсөл хэрэгжүүлж, Гачууртын амны сүйтгэгдсэн модны хожуулаар бүжин урлаж эхэлсэн юм. Ж.Гэрэл танил зураач, найз нөхөд, шавь нартайгаа очиж, 400 орчим бүжин хийсэн, удахгүй тэр хавийг төгөлжүүлэх санаа тээж явснаа ярив. Түүний зургаан настай охин Зулаа хүртэл бүжин урласан гээд бод доо. Шалтгаан нь энэ. Дүнсгэр харилцан яриа үүнээс эхтэй аж.

-Хэрэв та дүргүйцэхгүй бол маргааш хамт очъё. Тэгэх үү?

-Үгүй, би хүсэхгүй байна.

Наймдугаар сарын 19.

Ж.Гэрэлийн сэтгэл нэг л тогтож өгөхгүй байсан учраас бид өнөөдөр урланд очсонгүй. Харин Гачууртын зүг ойртох тусам тэр суудлаасаа өндөлзөөд л байв. Очихгүй гэж их гүрийсэн ч Патрисиагаас сонссон таагүй мэдээ нөлөөлжээ. Гачууртын аман дахь түүний сонгосон талбайд 12000 орчим хожуул бий. 2030 оноос урьтаж тэр 2500 гаруй бүжин хийхээр санаатай аж.

-Таны цөөнгүй зураг, инстолляцийн ажлаас нийгэмд чиглэсэн тэмцлийг чинь харж байсан. Энэ удаа бүжингээр зэвсэг хийжээ, та. Туулай жилтэй болохоор тэр үү?

-Тэр нь ч юу юм бэ (замын турш ер инээхгүй байснаа, тачигнатал хөхөрч байна шүү, тэр). Энэ инстолляцийн ажлаа охиндоо зориулсан. Хүүхдүүд бяцхан гөлөг, бамбаруушаас бүжинг илүүд үздэг. Махчин амьтан биш учраас тэр байх. Хүмүүс байгалиа сүйтгэж, зөвхөн өнөөдрийн түлэх түлээнээс болж, ирээдүйг нугачиж байгааг эсэргүүцэн, уран бүтээлчийнхээ хувьд ямар нэг зүйл хийе гэж бодсон. Тэгээд тэдний тасдаж хаясан модны хожуулаар бүжин хийж, тэр хавийг төгөлжүүлэхийг хүссэн юм…

Яриа гэнэт зогсов. Бид зорьсон газраа ирлээ. Гол гаталж, уулын бэлээс дээшх өгсүүр замаар алхав. Би Ж.Гэрэл зураачийн адил Патрисиагийн ярианд үнэмшихгүй л байна. Учир нь бүжингүүд рүү хүрэх замд хад асгатай эгц газар, бас бүх модыг хядсан учраас хэрэг гарган тийш зүглэх шалтгаан байхгүй мэт. Уул өөд нэлээдгүй явлаа, Ж.Гэрэл зураач хамгийн түрүүнд авирч, бараа нь ч харагдахаа болив. Өгсүүр жимээр амьсгаадан байж иртэл, зураач маань зогтусан зогсоно. Тэгснээ бүжин бүр дээр очин “амьд” эсэхийг нь шалгаж байна. Нааш гарахаас өмнө тэр нээлтийн үеийн зургийг нь харуулсан юм л даа. Харин энэ хавь өдгөө ягаахан бүжингийн “оршуулгын газар” болсон гэлтэй. Патрисиагийн зөв байж. Энд бүтэн мэнд үлдсэн нэг ч бүжин алга.

-Та уйлмаар байна уу.

-Түрүүн ирэхдээ зарим бүжинг эвдснийг хараад би тэсгэлгүй уйлсан. Харин үүнийг хараад нулимас ч хайран байна. Хүмүүс яагаад ийм, бүдүүлэг, соёлгүй байдаг юм бол доо л гэж бодож зогсоно. Охин, найз нөхөд, шавь нарын маань хийсэн бүжингүүдийг чи хар л даа. Тэр Патрисиагийн хийсэн бүжингийн чихийг нь хугалчихаж. Хамгийн анхны бүжинг тэр хийсэн юм шүү дээ, уйлахаас ч яахав. Энд байсан хоёр моторыг ч бас хулгайлчихаж.

-…

-…

-Мэдээж таны тэмцэл зогсохгүй. Дараа харин харуул тавих хэрэгтэй юм байна даа.

-Энэ буйд газар хэн харуул хийх вэ дээ. Тэглээ ч нийгмийн сэтгэл зүй ийм сул дорой, арчаагүй байхад харуулын хэрэг ч юу билээ дээ. Гэхдээ хүмүүс өөрчлөгдөнө. Миний, охины минь ирээдүй өөр байх болно. Би 2030 он хүртэл бүжингээ хийнэ. Удахгүй найзуудтайгаа ирж, бүжингүүдээ ахиад “амилуулна”. Ирэх жилээс энэ төсөлдөө бүр эрчимтэй орно оо гэв.

Уул нь тэр сэтгэлээ онгойтол уйлж, сэтгэлийн тамаа сэгсрээд явбал дээрсэн. Гэхдээ тэр би биш. Уран бүтээлч хүний сэтгэлийг нугачих зуун зэвсэг байхад өндийж босох мянган шалтгаан бий. Буцъя даа.

Наймдугаар сарын 20.

Би мөнөөх 103 тоот өрөөнд, зураач Ж.Гэрэл хэзээний ирчихсэн “2041 он”-оо урлаж байна. Өчигдрийн явдлыг тэр мартсан бололтой, азаар. Харин энд би “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрнэ” инстолляцын ажлыг нь харж зогсоно. Бидний өнгөрсөнд нь үлдээхээр шийдсэн түүхийн баримт энэ. Ходоодны хорт хавдартай байхдаа эмч нар, ойр дотнынхон нь болон тэр өөрөө ч үхэлтэйгээ бүрэн эвлэрчихсэн байсан гэнэ лээ.

#3 ДАЛД АМЬДРАЛ

Тэр намайг мэдчихэж. Ж.Гэрэлийн “Далд амьдрал” хэмээн нэрийддэг уран бүтээлийнх нь их эрчимлэг үе рүү өөрийн эрхгүй яваад орчихлоо. “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрье”. Инстолляцийн ажлыг нь хараагүй байсан ч энэ өгүүлбэр бүхнийг илтгэнэ. Нидерландаас “хоёр сарын настай” хэмээх онштой, 32 кг жинтэй ирсэн тэрбээр амьдралынхаа үлдсэн хором, мөч бүрийг уран зурагт буулгахыг хүссэн аж. “Зүүд”, “Далд амьдрал”, “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрье” зэрэг бүтээл нь үхэлтэй эвлэрсэн, гэхдээ үхлийн өөдөөс тэмцэж буй үеийнх нь гэрч. Их хүчтэй зургууд хэмээн шүүмжлэгчид үнэлдэг юм билээ.

“Далд амьдрал” зураг элдэв томъёогоор дүүрэн. Дунд нь тэр өөрөө. Зургийнхаа өмнө Монгол цоож өлгөжээ. Энэ бол “Далд амьдрал”.

-Энэ цоожны түлхүүрийг “олсон” уу та?

-Би “Далд амьдрал”-аа цоожилчихсон. Урьд нь чамд хэлж байсан даа, үхэлтэйгээ эвлэрчихсэн байх үеийн зураг. Харин одоо би амьд. Гэрэл гэгээтэй “2041 он”-оо буулгаж байна. Амьдралд нэг л бурхан байдаг. Тэр нь хүний бодол. Чухам түүний зараалаар л бүх юм шийдэгддэг. Сайн сайхныг бодох бүрт тэр над дээр хэмжээлэшгүй тунгаар ирдэг юм даа. Хэрэв би андуураагүй бол, хоёулаа энэ түүхийг өнгөрсөнд нь үлдээчихсэн санагдах юм.

-Тийм ээ, орхиё. Уран зурагт элдэв тайлбар, нэр өгөх ямар хэрэг байдаг юм бэ. Яруу найраг, хөгжим, уран зураг бүгд л тусдаа урлаг шүү дээ. Энэ чинь “харах яруу найраг” биш гэж үү?

-Хэнд зориулж зурдаг вэ гэх асуулт зураачдад байнга ирдэг. Би өөртөө л зориулж зурдаг. Тэгэхээр нэр бол энэ миний ертөнц шүү гэдгийг илтгэж байгаа хэрэг. Жишээ нь тэр зургийн нэр “Би түүнд хайртай байсан…”. Зөвхөн би түүнд хайртай байсан сэтгэлээ буулгаж, тэр ганцхан минийх учраас би ийн нэрлэсэн юм гэв.

Тэр амалсандаа хүрдэг юм байна. Бидний гэрч нь болж буй “2041 он”-оос гэрэл, гэгээ цацарч байна. Тэр зурж байхдаа ярьдаггүй, ярьж байхдаа зурдаггүй. Уран бүтээлдээ бүхнээ зориулах тэр хүчийг нь би харж зогсоно. “2041 он” дахь охины хөрөг бараг дуусч байна. Ж.Гэрэл түр завсарлага авч, “Дауны синдромтой хүүхэд” зургийг харж зогсоо над дээр ирлээ.

-1965 оныг хүртэл дауны синдром өвчнийг “Монголайд” гэж нэрлэдэг байсан гэнэ лээ. Хавтгай нүүртэй, том шаймий эрүүтэй, муруй хамартай түүний жижигхэн нүднээс бүхэл ертөнцийг харж болно. Зэрлэгшсэн, араатан шинж рүүгээ улам ойртсон өнөөгийн нийгэмд хүнээрээ байгаа нь зөвхөн тэд. Гэнэн, инээж хөөрөх, гуниж гутрах сэтгэлийн хөдлөл бүхнээ нуудаггүй, яг л хүүхэд шиг хүмүүс. Харин бид нэг их муу санаатай, бусдаас сэтгэлээ нуудаг хачин хэрнээ дауны синдромтой хүмүүсээс эмээдэг. Энэ нь ч аргагүй, тэд жинхэнэ хүнийг мартаад удаж байгаа шүү дээ гэв.

Тэрбээр энэ бүтээлээ “Арт Монако-2010” үзэсгэлэнд дэлгэж, шуугиан тарьж байсан билээ. Энэ гол нь биш, бидний мэдэх хийгээд мэдэхгүй хүн гэгч хэн бэ гэдгийг ахин нэг эргэцүүлэх боломжийг эндээс би олж авсан юм. Тэр бослоо, “2041 он” түүний өөртөө итгэлтэй, эрчимлэг бодлын хүчээр амилж байна. Өмнө нь түүний хажууд хар, саарал будаг, мөн ийм өнгөнд ууссан ус байсан бол одоо тэр ногоон, ягаан, улаан өнгийн будаг дүүрэн өржээ.

-Та уран зурагт дүрийг бүтээж, бий болгодог. Харин өөр уран бүтээлчийн дүр болох ямар санагдсан бэ. Өнөө хэр таныг найруулагч Б.Чингүүний “Гэрэл” богино хэмжээний кинон дахь дүрээр төсөөлдөг хүн цөөнгүй байдаг юм билээ.

-Тэр кинонд би тоглоогүй, дүр ч бүтээгээгүй шүү дээ. “Гэрэл” кино миний амьдралын нэг сонирхолтой хуудас байсан. Найруулагч надаас жүжиглэлт шаардаагүй, та зохиолтой танилцаад зөвхөн өөрийнхөөрөө л байгаарай гэсэн. Учир нь түүнээс зураачийн амьдрал, араншин, сэтгэл хөдлөл харагдах ёстой. Би хэн нэгний дүрд тоглоогүй болохоор таны асуултад хариулж чадахгүй нь ээ.

-Үнэн юм биз дээ. “Амьдралд хоёрхон өнгө бий, хар цагаан” хэмээн хашгирч байхдаа ч та өөрийнхөөрөө байсан хэрэг үү?

-Энэ бол зохиол дээрх, магадгүй гол зангилаа болсон хэсэг л дээ. Гэхдээ энэ үнэн, бас нэг талаар худлаа. Би хувьдаа цээнийн ягаан өнгөнд дуртай гэв.

Тэр дахин зурж эхэллээ. Урланд хөгжим эгшиглээд л, хананд өлгөсөн бүтээлүүд (энэ дунд Далд амьдрал, өөрийн хөргүүд бас бий) шинэ “хүн”-ээ хүлээж байх шиг, энэ орчинд амгалан тайван ноёложээ. “2041 он” зураг дахь Зулаагийн цаана Ж.Гэрэл өөрийн дуртай цээнийн ягаан өнгийг номин цэнхэртэй хослуулж байна. Харин өөрийнх нь төрхийн цаана саарал орчин… Гэхдээ “Далд амьдрал”-аасаа хагацан одож гэрэл, гэгээ рүү тэмүүлж байгаа ч юм шиг. Энэ яг үнэн, бидэнд хэдийнэ танил, зах зухаас нь гадарлах болсон амьдралаа тэр чигт нь, үнэнээр нь буулгаж байна, тэр.

-Энд таны нүд хаашаа ч юм, өөр тийшээ харчихаж. Өнгөрсөн амьдралаа эргэцүүлж байгаа хэрэг үү, эсвэл тэндээс таныг ямар нэг зүйл татаад байна уу?

-Өнөөдрөө мэдэхийн тулд өнгөрснөө уудлах хэрэг гардаг биз дээ. Хүн бүр түүх бүтээж байдаг. Харин энэ түүхээс чөлөөлөгдсөн, хязгаарлагдсан амьдрал байх боломжгүй. Бидний өнгөрсөнд нь үлдээхээр шийдсэн тэр түүх ч гэсэн хэзээ ч мартагдашгүй, миний амьдралын сонирхолтой хуудас хэвээр үлдэнэ гэв.

Хэн ирснийг хардаа. Ж.Гэрэлтзул өөрийнхөө 2041 онтой “уулзах”-аар иржээ. “Аав аа, би ийм зураг зурсан та энэ хананд өлгөөд өгөөч” гэнэ. Аав нь түүний авьяасыг ихэд үнэлнэ, гурван настайдаа тэрбээр үзэсгэлэнд оролцож байсан аж. “2041 он”-ыг харчихаад “Энэ ямар хөөрхөн эгч вэ” гэж байна. 36 настай өөрийгөө гэж тэр яаж мэдэх билээ дээ. Сонирхолтой дүр зураг байгаа биз.

Харин одоо 2011 оны наймдугаар сарын 20-ны 17.45 цаг, түүх нэгэнт бүтсэн. “2041 он” ийнхүү мэндэллээ.

Ж.Гэрэл зураач сэтгэл дүүрэн байна, охиноо тэвэрч өргөөд л түрүүчийн хүсэлтийг нь биелүүлж хананд зургийг нь өлгөлөө. Харин шив шинэхэн “2041 он”-оос амьдралын өнгө будаг дүүрэн асгарч байна. Тэр надад тайлбар хийхийг хүссэнгүй. Энэ зэргийн араншин гарч болох хүн гэдгийг та хэдийнэ мэдсэн байх. Харин нэг л үг… Ж.Гэрэл “Бодлын хүч” гэлээ.

Би Монголын урчуудын эвлэлийн харьяа, Уран бүтээлчдийн “Б” урлангийн 103 тоот өрөөны хаалгыг хаалаа. “2041 он”-ыг юу гэж хүлээж авахыг тэр миний бас таны тархинд үлдээсэн учраас юу хэлэх билээ. Харин тэр гэрэл, гэгээтэй 2041 он руу тэмүүлэх хүслийг бидэнд өгсөн, нууцыг хэлсэн. Маргааш үлдсэн амьдралын минь эхний өдөр, тиймээс цэг тавих хэрэг юусан билээ


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.