Г.Баяр: Шүлэг хүний тархин дотор төгсөж байвал л бол оо

Яруу найрагчтай уулзаж болох хамгийн томхиромжтой газар бид уулзав, номын дэлгүүр. “Номын дэлгүүр их гэгээлэг, сайхан энерги хурсан газар шиг санагддаг. Номын үнэр, ялангуяа хуучин номын үнэр их гоё шүү. Ном хуучрах тусмаа үнэ цэнэтэй болдог” гэж байна. “Хүн” гэдэг мөн чанарын яг цав тодорхойлсон тайлбар хаана ч байдаггүй, хэний хэн бэ, хэдэн тэг тоолдог эсэх нь ч үүнд хамаагүй. Жинхэнэ язгуур чанар нь үнэртдэг, тэгэх бүртээ тодрон гэрэлтэх хөгжмийн цор ганц утас шиг л зүйл байх. Г.Баярын бүхий л оршихуй нь тэр утсаараа нэвт шувт сүвлэгдсэн болохоор л түүнийг “хүн” гээд нэрлэчихье. Сүүлийн арав гаруй жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн хэдий ч тэр оюун санаандаа тэнгэрт дүүлж, усанд шумбаж бидний хэзээ ч мэдэхгүй газарт аялаж чаддаг юм даа. Тэр аяллынхаа нэгээхэн хэсгийг бичиглэсэн “Азиза” номоо надад авчирчээ.

-“Азиза” гэх нэр их л танил санагдаад байх чинь. Номоо яагаад ийм этгээдээр нэрлэх болов?

-Танил санагдах нь аргагүй, энэ “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн “Дурласан, дурлуулсан хоёр” хэсэгт гардаг дүр. Азизтай нэг залуутай гэрлэхээр болоод яг сар гарсан үед хуримаа хийнэ гэж тохирч л дээ. Сар гарахаас өмнөхөн нөгөө залуу нь усанд орохоор явж, тэгэх зуураа байшингийн хажуугаар гартал нэг үзэсгэлэнтэй бүсгүй тагтан дээрээ зогсоод дуулж байж. Мань хүн дурлаад, өнөөх бүсгүйн санамсаргүй унагасан алчуурыг аваад гэртээ ирэхэд Азиза бүхнийг ойлгоод “Өөр хүн чамайг татсан бол би чамайг буруутгахгүй ээ” гэж хэлдэг. Сүйт залуугаа хүлээж суугаа бүсгүй шүү дээ. Бүсгүйн ухаан, бас тэр өөрөө надад их гүн мэдрэмж төрүүлсэн юм. “Азиза” шүлгээ өнгөрсөн зун бичсэн.

“…Хагархай толины өмнө уйлж суугаа, Азиза…

Далдын хар малгайд шургалсан хувь тавилангийн эх адаггүй орооцолдоон

Дээврийн буланд ямар нэг шавьжийг цовдолж татсан аалзны тор хоёрыг

Лаа, лааны гэрлийг хар далавчаараа чимхэж унтаар гэж өнгөлзсөн харанхуй

Өчүүхэн жижиг тоосонцорт үүрлэсэн цаг хугацааг барих гэж

Хар үстэй гэрээсээ гараад

Цагаан үстэй буцаж ирэх хоёрыг

Юугаар нь чи ялгаатай гэх вэ?…

-Чиний шүлгүүд асуултаар дүүрэн юм. Энэ ертөнцөөс асуух асуулт чамд тийм их байдаг гэж үү?

-Амьдрал тэр чигтээ л асуулт. Навч яагаад, юуны төлөө ургаж байна гээд хөөвөл…

-Хариултыг олж байсан удаа би юу?

-Хариултыг нь олвол утгагүй, би шүлэг бичих материалгүй болчихно ш дээ (инээв).

-Тэгэхээр асуулт хэвээрээ байгаа нь л чамд үнэ цэнэтэй байдаг байх нь ээ.

-Миний асуулт уншигчид бас нэг асуулт болж очно. Тэр нь их сонирхолтой. Миний шүлгийг хүмүүс төгсгөлгүй байна гэдэг юм. Би шүлгэнд төгсгөл байх албагүй гэж боддог. Шүлэг тухайн уншигчийн тархин дотор л төгсөж байвал бол оо.

-Чамд өөрөөсөө асуух асуулт бий юу?

-Би гайхдаг юм. Авъяасыг надад бурхан ямар зориулалтаар өгсөн юм бол гэж. Нэг шүлэг санаанд орно, тэрийг бичье гээд бичиж болдоггүй. Тэгснээ гэнэтхэн ороод ирнэ. Цаанаас хүн хэлж өгч бичүүлээд ч байгаа юм шиг…

-Хэлж өгч байгаа тэр этгээд бурхан уу эсвэл…

-Харин тэрийг л би гайхаад, асуугаад байдаг юм.

-Чи шашинд хэр итгэл үнэмшилтэй ханддаг вэ?

-Зүгээр л сонирхоно, сүрхий шүтдэггүй. Буддаг шүтдэг, гэхдээ шашин гэдэг талаас нь биш хувь хүн, гүн ухаанч гэдэг үүднээс нь илүү үнэлдэг. Тэрнээс Будда зүгээр нэг жаазанд хэвтэж байх гоё хүний хөрөг биш шүү дээ.

-Чиний шүлгүүд их хөгжимлөг юм.

“Өвсний үндэс загасны нүд болох тэр цаг хугацаанд

Охидын хөхний товчноос дуслах усны чимээг

Хийлийн ямар өнгөн дээр дуулах вэ?

Си Мрмажор… ч гэж байх шиг.

-Би хөгжмийн ямар ч авъяасгүй хүн л дээ. Гэхдээ би дотроо хөгжимтэй, тэнд байнга хөгжим эгшиглэж явдаг. Ямар гэж чи асуух гээд байна. Тэрийг хэлэх хэцүү. Жишээ нь цох хорхойны синфони ч гэж байх шиг. Би энэ эгшиг, нотыг тайлж мэдэхгүй ээ.

-Чи ямар улиралд илүү дуртай вэ?

-Би намарт дуртай. Намар л хүн өөрийгөө таньдаг, чагнадаг. Хавар бол хүн чагнахгүй, гэгэлзээд сэтгэл санаа нь тогтворгүй болчихдог юм.

-Ихэнх хүнд намар гуниг болж мэдрэгддэг. Чи харин намраас юу чагнадаг вэ?

-Намар ерөнхийдөө гуниг, ганцаардал юм даа. Тэр дундаас л жинхэнэ шүлэг гардаг. Цатгалан хүн бол хэзээ ч гоё шүлэг бичихгүй.

-Чи өөрийгөө зожиг, ганцаардмал хүн гэж байсан. Хүмүүстэй харилцах юу нь чамд “там” шиг санагдаад, ганцаардлын юунд нь илүү татагддаг юм бэ?

-Ганцаараа байхад бүх юм чөлөөтэй. Өөрийгөө чагнаад яг яах гээд, юу хийх гээд байгаагаа мэдэж болдог. Хүмүүс дунд байхаар чагнахгүй, дан бусдын нөлөөлөлд байна шүү дээ.

-Чиний амьдрал, үзэл бодолд чинь хамгийн их тэсрэлт болсон үйл явдал юу байв?

-Данзангийн Нямсүрэн гэдэг хүн миний үзэл бодлыг өөрчилсөн. Би нэлээд хэдэн жилийн өмнө, шүлэг бичих гэж оролдож байх үедээ гудамжны номын худалдаачнаас “Яруу найргийн ном байна уу” гэхэд нэг шар нүүртэй, морины зурагтай ном шидэж байсан. “Энэ арай дээр ухаантай юм” гээд. Номыг сөхөөд үзсэн чинь “…шүлэг бичиж байхад хаалга онголзуулж болохгүй” гэсэн мөр толгойд зурс гэж орж ирсэн. Энэ ямар сонин юм, Монголд бас ийм шүлэгч байдаг юм уу гээд гайхаж байлаа. Тэр номыг би 500 төгрөгөөр худалдаж авсан. Д.Нямсүрэн гэж агуу хүнийг монголчууд танихгүй, номыг нь шидэж байдаг…

-Тэр шидэлт чамд их тус болжээ дээ.

-Тийм, миний оюун санаа руу шидэж, гоол орсон байхгүй юу (инээв).

-Бусдаас ялгарах юмгүй бол шүлэг бичих хэрэггүй гэдэг. Чи бусдаас юугаараа “өөр” вэ?

-Миний ганцаардал юм даа. Хоёрдугаар тэргэнцэр дээр суух болсон нь надад их нөлөөлсөн. 10 гаруй жилийн өмнөө л би ертөнцийг арай өөр өнцгөөс харж эхэлсэн. Нэг бодлын зовлон юм даа. Цонхоор хараад суухад эрүүл хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэлээр унадаг байсан. Эдэн шиг чөлөөтэй хөдлөх юмсан, ганц хором ч болтугай хөл дээрээ босох юмсан гээд л. Сүүлдээ тохоо больсоон. Яагаад гэвэл оюун санаан дотроо би чөлөөтэй хөдөлж, нисэж, дүүлж чадах юм байна гэдгээ мэдэрсэн. Тэр үед хамаг бухимдсан сэтгэлээ шүлэг рүүгээ асгадаг байсан.

-Тэр үеийн шүлэг хурц, ширүүн байж дээ.

-Ширүүн байсан. Гэхдээ Д.Нямсүрэн гуайн шүлгийг уншаад яруу найраг өөр юм байна гэж мэдсэн. Яруу найраг бухимдал биш, харин эмзэглэл байж болно. Зүүдэндээ би огт танихгүй, өөр ертөнцөд очдог. Надад далайн ёроолд үхчихсэн юм шиг хүйтэн загас байнга зүүдлэгддэг. Тэр лав хаана ч байдаггүй байх. Сонин хоншоортой, хачин эвэрлэг хайрстай. Бие тавгүйрэх бүртээ түүнийг зүүдэлдэг. Тэр загас над дээр их олон удаа ирсэн шүү.

“Далайн гүнээс нарны тусгалыг тэмтрэгч загас аа чи

Ийм их амирлангуйг хаанаас олж авсан юм бэ” гэж шүлэг болгож буулгаад сэтгэл амарсан.

-Чи ер нь хэнд зориулж шүлэг бичдэг вэ?

-Би хэнд ч зориулдаггүй. Цаанаас гарч байгаа зүйлийг л буулгадаг. Хүнд зориулчихвал шүлэг хоосон, бярдаж бичих гээд байдаг юм. Одоо би чамд шүлэг бичнэ гэвэл юу бичихээ мэдэхгүй, хүчлэх хэрэг гарна бас магтана. Магтаал гэдэг чинь худлаа юм, тэгэхээр баахан худлаа үгээр шүлэг бичих болно.

-Жинхэнэ яруу найраг эрүүл сэтгэлгээнээс төрдөг үү, эсвэл бидний хэлдэгчлэн “шизо”-ноос үүдэлтэй юү?

-Шизо талдаа юм уу даа (инээв). Эрүүл сэтгэлгээ гэхээр сэтгэлийн хөөрөл талдаа болчихно.

-Харин ч шизо нь сэтгэл хөөрөлтэй холбоотой юм биш үү?

-Юм гэдэг хоёр талтай, түүнээс ч олон байж болно. Мэдрэмжийн шизо байж болно шүү дээ. Амьдрал дээр би жирийн л хүн. Гэхдээ шүлэг бичиж байгаа үед би өөр хүн болчихдог. Өөрийгөө ч танихаа байна. Ихэнх яруу найрагч ингэж хэлнэ дээ. Тэгэхээр эрүүл сэтгэлгээ яасан ч биш.

-Чиний шүлгийн нэг мөр санаанаас ер гардаггүй юм. “Голын урсгалд миний шүлгийн дэвтэр бий, миний шүлгийн дэвтэрт голын урсгал бий…” гэдэг билүү дээ. Чиний шүлгийн дэвтрүүд ер нь “хаагуур” байдаг вэ?

-Хөдөө, би чинь угаасаа хөдөө байдаг хүн. Архангайн Тариат суманд “Тэрхийн цагаан нуур”-ын усыг туучилж өссөн хүүхэд. Тэнд Суман гол гэдэг аялгуутай гол бий. Орой сумын төвөөр нэг шуугиан нь мэдрэгдэнэ. Их гоё эгшиглэнтэй, эрэмгий урсгалтай гол. Тэнд би олон шүлэг бичсэн дээ. Суман гол явсаар Байгаль нуурт цутгадаг. Сонин байгаа биз. Миний шүлэг Суман голоор дамжаад хил даваад явчихдаг гэсэн үг (инээв).

-Хил зөрчигч байх нь. Байгалийн ямар үзэгдэл чиний мэдрэмжийг илүүтэй хөглөдөг вэ?

-Бороо орохын өмнө. Тэнгэр бүрсийгээд л, тэр үед тогоруу гур гур гэж дугаран нисэлдэнэ. Тэр ёстой янзтай, жинхэнэ мэдрэмж байхгүй юу. Уулс зайвалзаад л, хэдэн тогоруу нисээд л, чөдөртэй морь ганц нэг өвс зулгаагаад л тэр л жинхэнэ шүлэг бичиж баймаар үе.

-Хөдөө байдаг бас чам шиг зожиг хүнд хот газар их тээртэй санагддаг байх даа.

-Хот бол шорон. Энэ “шорон”-д хүмүүс хөршөө хүртэл танихгүй. Дан болгоомжлол, хажуугаар хүн зөрөхөд түрүүвчийг минь суйлчих вий гэсэн айдас үргэлж дагана. Хөдөө бол өөр. Хажуугаар хүн зөрж л байна тоох ч гүй, нэг айлд гэрийнхээ түлхүүрийг тавьчихна, би орой ирээд авъя гэнэ. Амьдрал ийм л гоё, итгэлээр дүүрэн.

-Олон хүн цугласан газар итгэл угаасаа нурчихдаг л даа.

-Хүн ч байхгүй болно. Зүгээр л хамелион шиг жүжигчид. Инээд хүрэхээс өөр сэтгэл хөдлөл алга.

-Чи ямар өнгөнд дуртай.

-Хар өнгө нар их татдаг. Нар гэдэг чинь эрчим хүч. Тэгэхээр нарын эрчим хүчийг би өөртөө шингээж авч байна гэсэн үг. Гэхдээ минийхээр бол өнгө гэж байдаггүй. Хар өнгө гэж хамгийн анх хэн хэлэв гээд л миний улигт асуултууд гарч ирнэ. Навчинд хэн анх навч гэдэг нэр өгөв гэх ч юм уу…

-Хэрэв чи навчинд нэр өгөх бол ямар нэр өгөх вэ?

-Би өд гэнэ, модны өд. Навч, өд хоёрыг зэргэцүүлээд унагаад үзээрэй. Хоёул агаар халбагадаж унадаг юм.

-Харин хүнд…

-Морин шоргоолж гэдэг нэр өгнө дөө (инээв). Тэд ямагт дарангуйлагч байдаг. Бусад жижиг шоргоолжоо үргэлж дээрлэхнэ.

-Тэгэхээр чи ч бас морин шоргоолж байх нь ээ.

-Тийм л болж таарлаа. Гэхдээ би юуг ч дарангуйлахыг хүсдэггүй.

-Даруухан морин шоргоолж гэсэн үг үү?

-(Инээв) Дарамт гэдэг тийм сайхан зүйл биш ээ.

-Хүнийг найзаар нь таньдаг гэдэг. Чи хэр олон найзтай вэ?

-Би хоёр л найзтай. н.Мөнхбаатар гээд зураач, яруу найрагч найз маань бий. Гайхалтай авъяастай, бас дуулна. Нэг хүнд хэтэрхий олон авъяас цогцолсон юм уу даа. Нөгөө нь харин надаас явж байгаа юм шиг байна лээ. Нэг ийм үг байдаг даа “Хүнтэй битгий нөхөрлөх гэж яар, нөхөрлөсөн хойно оо харин салах гэж бүү яар”. Энэ үнэн үг шүү.

-Чи авьяасаа хэрхэн торддог вэ?

-Хөгжим их сонсоно, Бетховений сонатуудыг байнга сонсоно шүү. Хөгжим сонсож байх даа би юу ч хийдэггүй, шүлэгч бичихгүй. Дараа нь харин тархин дотроо бодож, бичнэ. Дахин дахин давтаж байгаад л унтана шүү дээ. Өглөө босоод цаасан дээр буулгаад л гүйцээ. Хамгийн эцсийн хувилбар тэр. Бас ном унших хэрэгтэй, би ойрд буддын ном уншиж байгаа. Тэгж л бид өөрсдийгөө зөөллөхгүй бол энэ хатуу нийгэмд чулуу болох гээд байна. Чулуу болж царцахаасаа өмнө зөөлөн юм унших хэрэгтэй. Буддын ном уншихаар цэцэг тасдаж чадахаа байчихна. Юм болгон амьтай. Юу тарина түүнийгээ хураана гэдэг үг ч бий.

-Ингэж бодохоор өрөөсгөл санагдаж байна. Амьдрал хэзээ ч зөөлөн, сайхан байдаггүй. Хүн үргэлж сайн үйл хийж, сайхан амьдраад явбал сонирхолгүй болчих юм биш үү?

-Болохгүй, хүн юмыг дан зөвөөр бодож байх хэрэгтэй. Монголчууд их ухаалаг ард түмэн. Хэн нэгнийг үхчихлээ гээд зүүдлэхээр тайлал нь “найз чинь урт наслах нь ээ” гэж байна. Манай найз 100 насалах нь ээ гээд л бодчихно, дахиж муу зүйл бодох хэрэг ч байхгүй.

-Бид харин ч зөөлхөн, биенээ шүүмжилж ч чадахаа байсан юм биш үү. Дандаа хоосон магтаад л. Ингэхэд яруу найрагчийн чинь хувьд үнэлсэн, хамгийн үнэн бөгөөд үнэ цэнэтэй үг юу байсан бэ?

-Манай найз н.Мөнхбаатар их үнэн үг хэлнэ шүү. Түүнтэй танилцаагүй байхдаа бичсэн “Цэцэг битгий тасд” гээд шүлэг бий.

“Цаана чинь гөрөөс цахилах гээд чимээ чагнаж байна

Цэцэг битгий тасд…” гэсэн мөртэй. Энийг н.Мөнхбаатар хаа явсан газраа л хэлж явна, надад их урам өгсөн. Хааяа миний шүлгийн мөрүүдийг голно, “За энэ ч юу л бол” гээд л. Үнэхээр сайн анзаараад, дараа нь засахаар яг л байдаг юм.

-Саяхан хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд дэд байрт орсон гэж дууллаа. Шүлгийг нь ер нь шүүж болдог юм уу. Яг л эмэгтэй хүний гоо сайхныг уралдуулдаг шиг утгагүй санагддаг юм.

-Яагаад бид яруу найргийн наадамд оролцдог вэ гэхээр шүлгээ, оюун санаагаа солилцоно. Бие биенээ хөглөх гэж юм уу даа. Тэрнээс шагнал бол хамаагүй, угаасаа яруу найргийн наадмын шагнал тийм өндөр ч байдаггүй. Гэхдээ чиний зөв. Яруу найргийг уг нь шүүж болохгүй. Яруу найргийг ганцхан юм л шүүнэ. Тэр нь цаг хугацаа. Тэрнээс яруу найрагчийг яруу найрагч шүүнэ гэдэг шиг утгагүй зүйл байхгүй.

-Цаг хугацааны шүүлтүүр дунд торж үлдэх шүлэг чамд хэр олон байна вэ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Хэлэх ч шаардлагагүй. Цаг хугацаа л бүхнийг харуулна.

-Нэг “тэнэг” асуулт байна. Чи ер нь цаг үеээ олж төрсөн хүн мөн үү?

-Мөн, өнгөрсөнд төрсөн бол би жаахан ганцаардах байсан. Яагаад гэвэл арай өөр сэтгэх гэхээр тэрийг хүмүүн хүлээн зөвшөөрөхгүй. Харин ирээдүйд төрвөл гологдоно. Д.Нямсүрэн гуай бол цаг үеэ олж төрөөгүй хүн байхгүй юу. “Болор цом”-д “Амитаба” шүлгээ уншаад нэгийн даваанаас хасагдаж байсан. Гэтэл тухайн үед түрүүлсэн шүлэг мартагдаж, “Амитаба”-г хүн бүр гайхан биширч байна шүү дээ.

Г.Баяр саяхан хэвлэгдсэн “Азиза” номоо Д.Урианхай гуайд өгөх гээд найзтайгаа явлаа. Уулзаад л баймаар сэтгэгдэл төрүүлдэг хүн байдаг даа. Би яг ийн бодож зогссон юм. Бас түүний нэгэн шүлэг санаанд орж байна.

“Өөрөө би үгийн бал түүдэг хэмээн

Хөмсөг өргөж явтал

Өвсний л үг байж шүү…”!


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.