Д.Галбаатар: Ерээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш. Тэд сахилгагүйтэж, үүнийг нь би өгдөөсөн төдий

Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор,профессор, Д.Галбаатартай ийн ярилцлаа.

-Уран зохиолын шүүмжлэгчид өдгөө “Улаан ном”-д ортлоо цөөрч, байгаа хэд нь ажин түжин байх болж. Таныг бүр сураг алдарсан хүмүүсийн тоонд оруулчихсан байна лээ шүү.

-Уран сайхны шүүмж бичигдэхгүй, бичсэн ч гарахаа байж, шүүмжлэгчид нам гүм байх болсны цаад учир шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Урьд шүүмжлэгчид хөдөлмөрийн хөлсөө авдаг байв. Одоо тийм зүйлгүй болсоор удаж байна. Хэн нэгний халтар ном барьчихаад шүүмж бичиж суудаг тэнэг толгой энэ цаг үед байхгүй л болов уу. Тиймээс шүүмжлэгчид онолын болон суурь судалгааны салбарт ажиллаж, аж төрж байна. Энэ нь шүүмжлэгчид байхгүй болсон гэсэн үг биш, бид хэд хэдэн үеэрээ байж л байна.

-Гэлээ ч өнөөдөр та Монголын уран сайхны шүүмжлэлийн салбарын нэртэй төлөөлөгч хэвээр байна. Олигархи гэдэг үгийг хүмүүс янз бүрээр л ойлгож, хүлээн авдаг байх. Төр түмний толгой дээр бус мэргэжлийн салбартаа ноёрхогч гэвэл тийм ч муу утгатай үг биш шиг. Та монголын уран зохиолын олигархи мөн үү?

-2002 онд Токиогийн их сургуулиас буцаж ирэх үед нэг сонинд намайг уран зохиол дахьолигархийн тоонд оруулаад, тэр дугаарыг манай сургуулийн анги танхимд тарааж байсныг санаж байна. Тэгэхээр би албан ёсны олигархи (инээв). Улс төр, бизнесийнхэн шиг луйвар залилан хийдэггүй олигархиуд урлаг, соёл, уран зохиол, шинжлэх ухаанд ч байдаг. Тэд тухайн салбартаа дээд төвшний, нэг ёсондоо ноёлох байр сууринд хүрсэн хүмүүс юм. Миний үеийнхэн буюу С.Байгальсайхан, С.Энхбаяр нар ч онолын салбар дахь олигархи шүү дээ. Гэхдээ хүмүүс “Хөөе, олигархи гуай” гэж нүд чичлэхгүй нь сайхан юм даа. Үг улс төржихөөрөө ийм болдог юм. Надтай уулзахаар өдөрт тав, түүнээс ч олон зочин ирдэг. Тэд бүгд утга зохиолын хүрээнийхэн. Би ийм л нэг олигархи даа.

-Та өнөөдрийг хүртэл ер нь хэчнээн номд өмнөтгөл бичсэн бэ?

-Юу шалиа аж, 20 гаруй л байх. Гайгүй явж буй залуусын номд бичихийг хичээдэг.

-Монголын уран сайхны шүүмжлэлийн салбар өдгөө номд өмнөтгөл бичихээс хэтрэхгүй болж гэсэн яриа яваад байх юм. Үүнтэй та санал нийлэх үү?

-Энэ үнэн. Тийм шалтгааныг нь дээр хэлсэн ш дээ. Уран сайхны шүүмжлэл зогсонги байдалд орсон. Хэн дуртай нь элдэв юм сараачаад шүүмжлэгчид рүү гүйж, магтаалын үг бичүүлнэ. Саяхан болсон МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар яг энэ асуудлыг хөндөж ярьсан. Шүүмжлэгчдийн бүтээлийг үнэлгээтэй болгох тухай. Нөгөө нэг хүчин зүйл нь бүх сонин сэтгүүл сенсаац хөөж, зар тавиад, тэдэнд уран сайхны шүүмжлэлд гаргах зай талбай байхгүй болсон. Тиймээс шүүмжлэгчид дуугаа хурааж, үзгээ амраан хашрааж байгаа юм, та нар шүүмжлэлийг унагаад үз гэж. Шүүмжлэлгүй уран зохиол бол согтуу, солиотой хүн жолоодсон машин л гэсэн үг. Тийм машин хаана ч онхолдож мэднэ. Монгол уран зохиолыг ачаад оршуулгын газар руу давхиж байж ч мэднэ. Уран зохиол бол тэр үндэстний түүх, соён гэгээрүүлэл нь юм.

-Одоо зохиолчид өөрсдөө гүйгээд л, шүүмж бичээд өгөөч гэж ичих ч үгүй хэлдэг болсон. Тэгэхээр зориод ир сэн хүнийг улайм цайм “балбачихаж” болдоггүй хэцүү ч ажил юм даа. Зохиолч яахав дураараа л бурна, сараачна. Ингэхээр шүүмжлэлийг зориуд үнэ цэнэгүй болгоод байх шиг санагддаг.

-Тийм ч байх. Ихэнх нь магтаалд дуртай. Жишээ нь миний шавь оюутан “Багшаа, би анхны номоо гаргачихлаа” гээд бариад ирнэ. Тэдэнд миний дэмжлэг, нэр хүнд хэрэгтэй байгааг ойлгодог. Тэд өөрийгөө олох гэж алдаж, онож яваа. Би ч багш нарынхаа хүчээр л хүн шүү юм болсон доо. Би шавь нартаа туслах үүрэгтэй. Залуу хүн анхныхаа номыг гаргаж, жин багцаагаа үзэх гэж байхад би өмнөтгөлд нь “Гөлийсөн шаар минь, энэ чинь болохгүй байна” гээд бичвэл сайхан байна гэж үү. Тиймээс энэ бол шавьд гаргаж байгаа багшийн халуун сэтгэл юм. Харин магтаал хүсэгч “насанд хүрэгчид”-ийн хувьд бол хаалттай. Тэдэнд зориулсан бичвэр бол шүүмж юм. Шүүмжлэгчид ямагт үнэний талд зогсдог. Гэхдээ хааяа танилын нүүр халуун гэгчээр “залиас” гишгэх юм амьдралд байлгүй дээ.

-Ингэхээр нэрээ ашиглуулж байгаа таны нэр хүндэд халтай хэрэг биш гэж үү?

-Энд нэг зүйлийг давтаж ярих хэрэгтэй. Номын өмнөтгөл нь шүүмжлэлийн нэг жанр боловч, шүүмжлэхийг урьтал болгодоггүй юм. Голцуу тухайн бүтээлийг хүмүүст танилцуулах, санал болгох, сайхны сэдэл өгөх зорилготой, нэг ёсондоо хөтөч маягийн бичвэрийг хэлдэг. Жинхэнэ шүүмж, шүүмжлэлийн өгүүллүүд нэр хүндтэй, том хэвлэлүүдэд гарч байх ёстой. Тэр хүрээнд хэнээс ч хараат бусаар тухайн зохиолчийн бүтээлийг шүүн, үнэлэх гэсэн үг. Уран сайхны шүүмжид зөвхөн үнэнийг бичнэ. Үнэхээр сайн бүтээл байвал түүнийг тэнгэрт тултал нь магтаж, авах юмгүй номын эзнийг уран зохиолын хаалгаар дахин дахин шагалзаад байхааргүй навсайлгах боломжтой.

Шүүмжлэл нь муушаал бус, үгүйсгэл биш үнэний егөө, шоглол мөн. Энэ нь буян үйлдэж буй хэрэг бөгөөд тухайн хүнийг чадахгүйн зовлонгоос нь ангижруулж буй хэрэг. Гэхдээ ихэнх шүүмжлэгч цөөн тооны зохиолчийг сонгоод, түүний өсөлт, бууралтыг анхааралтай ажиглаж, залж, чиглүүлж, бас судалдаг.

Түүнээс хүн болгон руу нохой шиг боргоод байвал өөрийн итгэл үнэмшилгүй, уран сайхны үзэгдлийг задлан шинжлэх чадваргүйг харуулахаас хэтрэхгүй. Би хувьдаа Д.Норов, До.Цэнджав, Ц.Бавуудорж, Г.Аюурзана, Ж.Баяржаргал, Б.Галсансүхийн ном зохиолд илүү татагддаг. Учир нь бидний үзэл ойлголт ойр төсөөтэй, ойлголцоход амар. Мөн уран зохиолын талаарх мэдлэг, онол сэтгэлгээний чиг хандлага, төвшин ойролцоо учраас бүтээлийг нь мэргэжлийн үүднээс тайлбарлах, ойлгоход хялбар.

-Монголын уран зохиолын ертөнцийн үүд хаалгыг өм цөм өшигчин орж ирсэн ерээд оныхон өнөө цагийн уран зохиолын нүүр царайг тахалж байна. Таныг 1990-ээд оныхныг өлгийдөж, тэднийг цээжээрээ хамгаалсан хүн гэдэг. Тэр нь чухам юу юм бэ, таны нөлөө байсан уу?

-1990-ээд оныхон өөрсдөө л над дээр ирсэн. Цагийн тохироо байсан биз дээ. Намайг Москвагаас ирэхэд хол ойр явж, арай өөр зүйл үзэж, сонссон болов уу л гэж ирцгээсэн байх. Орост ардчилсан хувьсгал болж, тэр үеийг хүртэл оросууд үзэл сурталд баригдмал, барууны философи, уран зохиолоос таслагдмал хэвээр л байсан. Гэхдээ их гүрэн их л байдаг юм байна гэдгийг би хувьдаа ойлгосон.

Бүх салбарын эрдэмтэд нь барууны болон Америкийн дуулиан шуугиан дагуулсан соёл, уран зохиол, шинжлэх ухааны гол чухал бүтээлийг аль хэдийнэ орчуулаад ширээнийхээ нүдэнд хийчихээд цаг өөрчлөгдөхийг хүлээж байсан юм билээ. Богинохон хугацаанд асар их ном хэвлэгдсэн. Үүний нөлөө туяа надад их, бага ямар нэг хэмжээгээр туссан байж мэднэ. Ямар ч байсан надад итгэж, найдаж ирсэн тэдгээр залуус дутуу зэм дэг мэдлэгтэй, хөдлөшг үй ганц үхмэл онолтой хол явахгүй, дэлхийн нийтийн уран зохиолыг ядаж төсөөлдөг байх учиртай гэдгийг л хэлсэн.

Уран зохиол чинь жинхэнэ ид шидийн хүчний бөөгнөрөл, хэзээ ч үхдэггүй амьд үйл явц. Цагийн жамаар олон зүйл өөрчлөгдөж болох ч дэлхий сөнөх хүртэл уран зохиол амьд оршсоор байх биз.

-1990-ээд оныхон анх гарч ирснээ бодвол нэг л мохсон юм шиг харагддаг. Тэдний зохиол, бүтээлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Өөдрөг. Монгол уран зохиолд эрх чөлөө, үзэл санааны асар том өөрч лөлт хийсэн залуус. Монгол уран зохиол сонирхолтой, олон тал тай, өрсөлдөөнтэй, хачин сонин болсон ш дээ. Тэдний араас манай сургуулийнхнаас голдуу бүрд сэн “Хөх мэдрэхүй”-нхнээс эх лээд хэчнээн ч олон өнгө төрх, сэтгэлгээ, ур чадварын нарийвчлалтай бүлэглэлүүд бий болов.

1990-ээд оныхон одоо төлөвшсөн. Өөрсдийн байр суурьтай, сэтгэлгээний хэв маяг тогтож, томоохон бүтээл рүү орцгоож байна. Хэсэгтээ л тэднийг та нар дагаж давхихаас өөр аргагүй л болов уу даа. Голлоо гэж бүү бод. Цагийн жам гэж нэг үл дийлдэх хүч буй. Өнөөдөртөө цагийн цааз тэдний талд байна.

-Та болоод таны үеийнхэн ямархуу явна даа. Жаахан гундангуй юм шиг…

-Гундаад байх ч юу байхав. Д.Норов, Д.Төрбат, Б.Цэнддоо, З.Түмэнжаргал, С.Байгальсайхан, П.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, О.Содномпил гээд ид л байна даа. С.Дулам багшийн дугуйлангийнхан гээд манаргаж л явлаа. Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Мөнх, Д.Цэнд, С.Лувсанвандан зэрэг ахмад үеийн шүүмжлэгчид, түү ний дараа үеийнхэн болох Х.Сампилдэндэв, Б.Цэдэв, Д.Оюунбадрах, С.Лочин, Ш.ЦэндАюуш нар надад маш их итгэл хүлээлгэсэн.

Багш шавь, ах захын ёсоор дэмжиж байсан нь өдий зэрэгтэй явахын үүтгэл шалтгаан байлаа. Энэ хүмүүсийн ачийг би тэдэнд өөрсдөд нь хариулж барахгүй ч өөрөөс минь үг сонсдог шавь нартаа дамжуулан өгөхийг л хүсдэг. 1990-ээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш, тэд “сахилгагүйтэж”, үүнийг нь би жаахан “өдөөсөн”. Тэд жамаараа өсөж, өндийсөн. Сахилгагүйт, чөлөөтэй сэтгэ, өөрсдийгөө нээ, бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийл, ном үз л гээ биз дээ.

2000 оныг хүртэл тэднийг нийгэм тийм ч таатай хүлээж аваагүй. Хэдэн хөөрүү сагсуу юмнууд, эдний зохиол гэж юу байдаг юм гэх янзтай хандаж байх шиг санагдаж байсаан. Одоо бол тэднийг уншигчид хүлээж байна. Ж.Баяржаргал, Б.Галсансүх, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, М.Уянсүх, Д.Энхболдбаатар, Ц.Хулан, Г.Аюурзаныг хүлээхг үй гээд яах юм бэ? Уран зохиол мөнхийн боловч нэг үеийнхэн гэдэг цаг хугацааны үзэгдэл, тодорхой цаг хугацааны дараа уран бүтээлчид аяндаа өөрсдийгөө давтаж эхэлдэг.

Тэгээд хуучирдаг. Зарим нь үлдэнэ, зарим нь мартагдана. 1990-ээд оныхон одоо өндөрлөгт гарсан. Тогтонгишиж, сахилгаг үйт лээс илүү ухаан нь түлхүү болж. Энэ цэнэгээрээ тэд ахиад 10–20 жил явна. Гэвч 1990-ээд оныхонд дахин тэсрэлт хийх боломж тохиолдохгүй.

Харин танай үеийнхэнд сахилгагүйтэл үнэхээр алга. 1990-ээд оныхон гарч ирсэн тэр төвшнөөс илүү өндөрт нисэх магадлал бага. Магадгүй уянгын тал руу гүнзгийрэх, сэтгэлийн ертөнцөд хүнийг шинжлэх, үүнийгээ уянга сэрлийн, мэдрэхүйн шинэ орон зай руу чиглүүлбэл амжилт ол но. Нэг ёсондоо 1990-ээд оныхны уриа тунхаг болгож, бодож мөрөөдсөн зүйл нь уран бү тээлийн практикт та най үеийнхэнд өвлөгдөн, жин хэнэ ёсоор биеллээ олох магадлалтай.

Яруу найрагт Д.Нацагдоржоос Б.Явуухуланд, Б.Явуухулангаас Б.Лхагвасү рэнг дамжин 1990-ээд оны залуучууд нэг том тэсрэлт хийсэн. Үүнийг гардан хийгчид нь 1990-ээд оныхон. Тэдний тавьсан замаар та нарт жинхэнэ урлагийн эрх чөлөө нээгдсэн.

-А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирэхдээ та мэргэжлийнхээ хувьд өөртөө ямар зорилго тавьсан бэ?

-Би 1983 онд их сургууль төгсөхөд манай тэнхимийн эрхлэгч С.Лувсанвандан, орлогч эрхлэгч С.Дулам багш нар багшлах санал тавьсан. Тэр үед Боловсролын яам томилолт өгдөг, Сайдын зөвлөлийн хурлаар орж байж багш болдог байлаа. Гэвч ямар нэг ойлгомжгүй учир шалтгаанаар би МУИС-д биш, Ховдын багшийн дээд сургуульд томилогдсон. Хэрэв би тэр хурал номоороо болж, МУИС-д багшлах болсон бол Москвагийн Их Сургуулийн онолын тэнхимд нэг жил уран зохиолын онол, ном үзэж, улмаар Горькийн сургуульд сурах хувь дутах байсан юм билээ.

Миний энэ аялал надад асар их юм ойлгуулсан. Төгсөж ирээд Их сургуулийн гудамжаар алхаж яваад С.Дулам багштай таарахад Утга зохиолын тэнхимд чиний орон зай байна гэсэн. Би ч их баярласан. 1991 оноос хойш тэнхимдээ ажиллаж байна. Зорилгын тухайд би ганц л юм хийж чадах юм байна гэдгээ ойлгосон. Онолын талын юм нэлээд үзэж, уран зохиолын өвөрмөц ертөнц, олон үндэстний зохиолчидтой хэдэн жил хамт аж төрсөн учраас онол болон практикийн зохих мэдлэгтэй болсон. Түүнийгээ залууст багшлаж түгээх зорилго байлаа.

-А.М.Горькийн сургуульд сурахаас өмнөх уран зохиолын талаарх бодол, төсөөлөл тань төгсөөд Монголдоо ирэхэд өөрчлөгдсөн байв уу?

-Уран зохиолын хувьд Орос, Монгол нэг л онолтой байсан. Гэхдээ М.Горькийн сургууль өвөрмөц, жинхэнэ утга зохиолын сургууль. Миний сурч байсан үед Орост хувьсгал дэгдэж, өнөө Цагаан ордны хамгаалалт, энэ тэр буудалцаан болж бид ч хөл хөөрцөг болж явлаа. Зөвлөлтийн Бүх Холбоотын Зохиолчдын Эвлэл задарч, профессор В.И.Гусев гэдэг мундаг багштайн хувьд уг хуралд оролцож байсан. Тэр задралын дараа түрүүн хэлсэнчлэн гаднын олон бодролтой танилцах боломж нээгдэж, түүний нөлөө, туяа надад тусаж байх магадлалтай.

-МУИС-ийн Утга зохиолын тэнхим 30 жилийн ойн босгонд тулав. Түүхэн хөгжлийнх нь нэлээдгүй хэсэгт та энэ тэнхимд ажилласан, одоо ч хамт байна. Монголын зохиолчдын нэлээдгүй хэсэг энэ тэнхимтэй ямар нэг сэжмээр холбогдсон байх?

-Миний багцаагаар бол Монголын зохиолчдын тал хувь нь МУИС-ийн Утга зохиолын дугуйлантай холбогдоно. Да, Ри, Га, Ха, Мө багш нарын үед манай тэнхим хэл шинжлэлтэйгээ хамт байсан. Зөвхөн утга зохиолын ангиас гэж байгаа хэрэг биш, Утга зохиолын оройн дээд сургуулийн төгсөгчид, бусад факультетэд суралцагчид, гаднаас ирэгсэд, монгол хэлний болон утга зохиол судлалын ангийнхан ч хамрагдана.

1981 оны намар намайг III курсын оюутан байхад манай тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр доктор С.Лувсанвандан, орлогчоор С.Дулам багш ажиллаж, Ч.Дагвадорж, Ж.Төмөрхуяг, Ч.Билигсайхан гээд багш нар ажиллаж байв. Ж.Төмөрхуяг багш 1990-ээд оныхныг оюун санааны хувьд цэнэглэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн дээ. Манай тэнхим ерөнхийдөө судалгааны тал руугаа илүү.

Одоо домог зүй, соёл, хүн судлалын чиглэлээр шинжлэх ухааны доктор С.Дулам багш, уран зохиол, сэтгүүл зүйн туурвил талаас доктор До.Цэнджав, Д.Батжаргал, аман зохиолын талаас доктор Г.Нандинбилэг, орчин үеийн уран зохиолоор доктор Г.Галбаяр, С.Дашдэжид, эртний уран зохиолоор доктор Б.Хишигсүх, докторант Г.Нарантунгалаг нар мэргэшиж дээ. Шавь нараа зөвхөн багшийн замыг хөөлгүй, уран зохиолын сайн түүхч, онолч, шүүмжлэгчид болоосой гэж би хүсдэг.

-Таныг уран зохиолын онолын томоохон толь бичиг бүтээж байгаа гэж дууллаа. Энэ ажлын явцын талаар сонирхуулахгүй юу?

-Өмнө нь би “Уран зохиолын онолын нэр томъёоны тайлбар толь” бичиж, нэмэн засварлаж дөрвөн удаа хэвлүүлсэн. Одоо барууны уран зохиолын онолын томоохон урсгал, чиглэлийн онолын үндсэн ойлголт, нэр томъёог багтаасан нэвтэрхий толь бичиж дууслаа. Дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдийн нэрийн онолын нэвтэрхий толь бичигтэй байдаг. Ер нь алив сургууль гэдэг нэг том дэг шүү дээ. Манай тэнхим ч өөрийн дэгтэй. Тэгэхээр МУИСийн МХСС-ийн нэрийн толь байх болно.

-Та уран сайхны шүүмжлэл, онолын судалгааны их ажлынхаа зайгаар шүлэг, зохиол бичих гэж оролдож байв уу?

-Үгүй. Би багадаа хааяа шүлэг бичих гэж оролдож байсан юм байна. Энэ миний мэргэжил, хоолоо олж идэх салбар биш байсан учраас орхисон. Одоо харин туульсын зохиол бичмээр бодогддог. Энэ нь хүнд, урт удаан хугацаа шаарддаг, залхуу хүрэм ажил. Хэзээ нэгэн цагт тэтгэвэрт суухаараа л бичиж үзнэ дээ. Гэхдээ байдаг нэг зохиол биш. Би ВГИК (киноны дээд сургууль)-ийн оюутнуудад хэд хэдэн кино зохиол бичиж өгч байсан удаатай. Болмоор юм байна лээ.

-Уран зохиолын ертөнцөд тэсрэлт болохуйц зохиол бичнэ гэж үү?

-Тэсрэлт ч юу байхав, миний насны хүн тэсрээд хаа холдохов. Гэхдээ хааяа нэг дэлбэрч байхад болохгүй нь юу байхав.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.