Намайг янаглан хорлоорой

Ийм амьдрал дунд ийм удаан тэсчихээд ганцхан удаа амилах, бас үхэх хайран юм. Төсөөлшгүй олон гоо үзэсгэлэн зөрж өнгөрч байхад нэг зүрхээр нэг л хүн хайрлах хэцүү юм. Модноос тасрах навч шиг мөнхийн юм шиг үхээд үүрдийн мэт сэрэх юмсан. Даанч хязгааргүй ертөнцөд хязгаартай нь бий юмсан. Гэвч миний бодол хязгааргүй юм. Мэдрэмж бүр ч төгсгөлгүй юмсан.

“Есөн аялгуу”- Майкл Уинтерботтом

“C’mon, c’mon”. Ичмээр сайхан учралын дараа хагацаж болдог юм уу? Инээдтэй ч бол доо. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес… Есөн удаа. Есөн аялгуу, есөн учрал. Гэр бүлтэй хүмүүс “солгой” нүдэнд минь хөөрхийлэлтэй харагдаж байх чинь. Аз жаргалын, зовлонгийн, хагацал, гунигийн, тааламжийн ганцхан сувагтай. Хаха, ес биш ганц шүү дээ. Ганц бие хүмүүсийн нүдэнд хос биеийн уур амьсгал нь хэчнээн зэвүүн харагддаг билээ дээ, хаха.

“Чам шиг хэн нэгэн” — Аделе

Авч чадаагүй хэн нэгнийг алдах шиг хэцүү учрал байдаг гэж үү? Хараад л, бодоод л, мөрөөдөх бүрт илээд авмаар ойрхон хэрнээ, хүршгүй холын холд оршино. Хэрэв амссан бол, ядаж нэг удаа мэдэрсэн бол алдах надад хайран биш ээ. Харин хэзээ ч минийх байгаагүй чамайг хэн нэгнийх болохыг харах амаргүй юм. Миний амсаж чадахгүй жимс, миний хүрч чадахгүй гэрэл. Чам шиг хэн нэгнийг би хаанаас ч олохгүй нь дээ.

Абсурд

Хэзээ эхэлсэн нь мэдэгдэхгүй цаг хугацааны эргүүлэгт хэзээ орсноо та мэддэг үү? Тэр он тоолол чинь шал дэмий эд. Чам шиг махан бие л бодож олсон тэнэглэл шүү дээ. Харин ертөнцийн цаг тоолол хэний ч мэдэхгүй хэвээрээ эргэж л байгаа. Хэзээ ч бид мэдэж чадахгүй. Тиймээс л бид үзэн ядан хайрласаар байгаа юм, энэ амьдралыг. Булш руу нохой сарихийг харах таньд инээдэмтэй байдаг уу? Аль эсвэл бурхан байдаг гэдэгт одоо хүртэл итгэж яваа нь хөөрхийлэлтэй санагддаг уу?

“Хашгираан” — Эдвард Мунк

Ертөнцөөс зөөлнийг хайгаад олдох уу? 1893 онд нэг удаа. 1910 онд бас нэг удаа. Хайр дурлалд үнэн юм байдаггүй гэсэн. Зүгээр л тоглоом. Учирснаас цаг эхэлж, үхэх хүртлээ дуусдаггүй уйтгартай тоглоом. Гэхдээ хэн бүхний дайрч л өнгөрөх ёстой тоглоом юм гэсэн. Зарим нь нэг зэрэг хоёр тоглоно. Чаддаг нь бүр гурав удаа. Харин нэг ч удаа тоглоогүй тэр л жинхэнэ хүнээрээ байх. Яагаад гэвэл тэр тоглоомын дүрмийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Түүнд бусдын зүгээс ирэх хайр, үзэн ядалт байхгүй юм чинь цаас шиг цагаан ирсэн мөн хэвээрээ л буцна.

Криптекс

Нууцаа алдаж байсан уу? Үгүй биз. Үгийн сүлжээ тааж дууссаны дараа ирэх тайтгарал хамгийн үнэн. Ёстой хөгжилтэй үнэн. Ингэхэд чиний үнэн төрхийг таньж мэдэх миний мэдэх хамгийн хэцүү криптекс байсан шүү. Гэхдээ би тайлсан л даа. Даанч дотор нь юу ч байгаагүй. Яг чам шиг хоосон гээч. Тамхи татах шиг хоосон байсан. Чамд юу ч байхгүй гэдгээ эрт хэлж болоогүй юм уу. Нууцлах хүсээд байх юм биш ш дээ, нуугдтал нь нууж чадаагүй л бол. Нууц амрагууд баригдах шиг л хөгийн үзэгдэл.

“Зуун жилийн ганцаардал”- Габриэль Гарсия Маркес

Гахай сүүлтэй хүүхэд төрөөгүй учраас гай зовлон тэднийг дарсан юм болов уу? Нэгэнт тодорхой нөхцөл байдлыг өөрчилж хэн ч чадахгүй. Төрнө, үхнэ, хайрлана, уйдна. Ахиад л хайна. Дараа нь хайхаасаа ч уйдна. Нар мандах нь үнэн, гэхдээ маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэлтэй биш. Нэг хором нэгэн зуун мэт санагдах үед нэг л хүнийг хайрлаж яваадаа харамсах ч юм билүү. Ганцаараа л байсан бол би ганцаардлыг огт мэдрэхгүйсэн. Олуулаа байгаад л учир байна. “Надад мөн чанар бий аваас, тэр нь хүн чанар”.

Ийм л болохоор би энэ биендээ ганцхан хүн оршдог гэдэгт итгэж чаддаггүй юм даа. Түм бумын бөөгнөрөл болсон ганц бие. “Оюун санааны дур тавилт” гэж онож хэлж шүү, тэр. Тийм ээ, яг чи. Намайг янаглан хорлоорой.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.