Нөхөрлөл: Үзэл санааны гэрлэлт

Эсрэг хүйсийн хэн нэгнийг сонгоод амьдралынхаа тоосго бүрийг түүний хамтаар өрж, дурлах асаах зориг гаргаж, эрсдэл хүлээх нь хайраас үүдэлтэй гэрлэлт болой. Зохист амьдралын жор ёсоор бол энэ сонголт цорын ганц байх ёстой бөгөөд хоёр зүрх хоорондын аминчхан харилцаа эхлүүлнэ. Харин үзэл санааны гэрлэлтийн хүрээ үүнээс хэд дахин илүү эрх чөлөөг танаас шаардана. Хүн амьдралдаа цорын ганц хайрыг л эхлэлээс эцэс хүртэл нь эд эс бүрийг нь мэдрэх завшаантай байдаг бол үзэл санааны хувьд хэчнээн хүнтэй “гэрлэх” нь таны таалал хийгээд сэтгэлд нийцэх үйл явц юм. Эцэг эх, ах дүү, элгэн саднаа би сонгож төрөөгүй, зүгээр л энд тохиолдсон учраас тэд намайг бүрнээ илтгэж чадахгүй. Үр хүүхдээ ч би сонгох боломж байгаагүй учраас тэд намайг бүрнээ илтгэх боломжгүй. Харин хайр дурлалын болоод үзэл санааны гэрлэлтэд миний сэтгэл зүрх голлож, сонголт хийх эрх чөлөө бий учраас найзаар минь намайг дүгнэхийг хувьдаа илүүд үзнэ, би.

Үзэл санааны ханиа сонгохдоо махан биеийн гоо үзэсгэлэн, насны зөрүү, хэтэвчний хэмжээ, уг гаралыг үл тоож болдог учраас байж болох хамгийн эрх чөлөөтэй, эгэл харилцаа бий болох вий. Бидний дундаас бас махан бие, нэгэн “би” биш харин үзэл санаа, хандлага урган гарах учраас үр дүнгийн хувьд ч өөр. Нэг биш нэг дор хэдэн ч хүнтэй үзэл санааны хувьд “гэрлэж” болох учраас насан туршийн, үүрдийн, мөнхийн хугацалд зарим талаар хүлээс ч байж болох гэр бүлийн аминчхан харилцаанаас чөлөөлөгдөж болох учраас нөхөрлөлд илүү зоригтой хандана. Гэтэл гэр бүлийн харилцаанд зүрх, сэтгэлээ дагах чухам хэрэгтэй учраас үзэл санаа, оюун бодлыг холын холд таягдах хэрэгцээнд тулдаг. Харин жинхэнэ нөхөрт хэзээ ч анхны харцаар “дурлахгүй”. Тэгэхээр хайр сэтгэлийн сул тал энд гарч ирж байгаа биз.

Зүрх сэтгэлээ өгдөггүй мөртлөө нөхөрлөлөөс бид ямагт хамгаалал хүсдэг нь нууц биш. Найзаа бид өөрт хэрэгтэй үед нударга, хэтэвч, бирд мэтээр төсөөлөх гээд байдаг. Найз гэдэг нь миний хоёр дахь би учраас зоргоор байх юм шиг боддог. Гэтэл найз гэдэг “миний хоёр дахь би” байж яагаад ч таарахгүй. Уйлахад минь хамт уйлж, баярлахад минь мөн адил сэтгэл хөдлөл илэрхийлэх сүүдэр хэнд ч хэрэггүй. Учир нь бид зүрх сэтгэлээр биш үзэл санаагаар нэгдсэн болохоор тэр. Харин хамгийн уйтгартай нь нөхөрлөлд ч бас хүсэл тачаалаас үүдсэн эрх ашиг бий. Хүйс хоорондын харилцаанд биеэ үнэлэлт, араар тавилт, нууцаар амраглах, хаяан одох зэрэг үзэгдэл байдагчлан нөхөрлөлд ч мөн ийм хууралт бишгүй бий. Зөвхөн өөрийн амин хэрэгт тулсан үедээ нууц амраг мэтээр нөхөрлөхийг илүүд үздэг нэгэн байхад нүүрэн дээрээ инээвч араар тань хутгалах “тавилт”-ын хэлбэрүүд ч илрэн гарч болно. Цаг зуурын үерхэлд салалт, цуцлалт бишгүй. Гэвч харилцаа үзэл санаан дээр босдог учраас эрсдлүүд нь хууль ёсны гэрлэлтээс бага байдаг байх л даа.

Итгэлцлийн бус хосууд “хайр”-аа гэх үгийг ам нээх тоолондоо хэлж сул талаа нээдэг шиг “хуурамч” нөхдүүд “анд”-аа гэдгийг үг бүртээ хавчуулна. Та сана даа, жинхэнэ үзэл санааны найзууд тань “Найз” гэдэг үгийг хэр их хэрэглэдэг бол. Харин одоо энэ үгийг хамгийн их хэрэглэдэг хүмүүсийн тухай бод доо? Магадгүй ховор тохиолдолд алдаж болох ч найз тань хөндлөнгөөс дайсан шиг харагдавч, “жинхэнэ” сэтгэл нь гүндээ нуугдсан байх вий. “Анд”-ууд хэзээ ч таны тухай таагүй үг хэлж, нүүр улайлгахгүй харин ч магтаалын үгээр булна. Энэ харин үзэл санааны хань, нөхөрт үнэн үгийг эрээ цээргүйгээр нүүрэн дээр тань хэлэх итгэлцэл бий. Ялгаа нь энэ учраас андаа гэх үгнээс ихэнх нь жийрхдэг. Олон жил ханилсан хүмүүс “хайртай” гэдэг үгийг огт хэрэглэхгүйгээр хайрлалцаад байдгийн учиг нь магадгүй энд бий байх. Найзыг анхны харцаар сонгодоггүй, эхлэхдээ удаж, эцэслэтлээ ч бас хэврэг биш байдаг нь мөнөөх л үзэл санаатай холбоотой биз.

“Хүн бүхний найз бол хэний ч найз биш” гэх мундаг үг бий. Эрх чөлөөтэй гээд үзэл санааны хувьд мянган хүнтэй “гэрлэх” боломжгүй. Нөхөрлөл хоорондын биеэ үнэлэлт, араар тавилт, хууралтаас торж үлдсэн үзэл санааны хань тун ховор гэх. Харин тэдэнтэй холбосон гинж хайр дурлалынхаас ч бат бөх. Хайр сэтгэлээс үүдсэн гэрлэлт, хамтын амьдрал алхам бүртээ хөрсөөр, уйдсаар тэвчээрийн хязгаарт тулж хүлээн зөвшөөрөх, дасах, сонголтгүйн мухарт тулдаг бол найзын холбоо үзэгдэл бүртээ баяжиж, тэтгэгдсээр хүчирхэг нэгэн цул болох нь бий. Учир нь мөнөөх л үзэл санаа. Магадгүй та эл үгнээс хэдийнэ уйдаж эхэлсэн байж мэдэх ч дахиад хэлье “ҮЗЭЛ САНАА”.

Шинэ харилцаа эхлэх бүрийд зүрхээ дагах уу, тархиа дагах уу хэмээн ээрч байдаг, бид. Эцэстээ хайр сэтгэлд зүрхийг, нөхөрлөлд тархийг тушаадаг. Харин таны зүрх үнэн үү, тархи үнэн үү сонгоорой.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.