“Тэр харгис нийгмийг бид харанхуй дунд нь сөрсөн. Хожим гэгээ орно гэх итгэлээр сэтгэлээ тэжээж байлаа”

Ц.Лоохууз: Коминтернийн дэлхийг эзлэх бодлогыг заалгасан ч өөрийнхөө эсрэг зогсож чадаагүй

with Tilovalo (www.tilo-work.blogspot.com)

25 жил. Нэгэн эринийг дөрөв хуваасантай тэнцэх энэ хугацааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн нэгэн хүн төрж, өсөж, бүтээж, нурааж, мөхөхөд хангалттай хүрэх хугацаа. Басхүү өөр нэгний хувьд багваахай цэцгийг үлээх төдийд замхарсан цаг. Одоо түүнд “Хайран цаг” хэмээн халаглах л үлдсэн. Тэгвэл 25 жилийн зовлонг дааж гарах нь бидний дунд хэд бол? Цөөнгүй хүн чамаас нүүр буруулж, хаана ч очсон хавчлага, дарамтанд өртөх өдрүүд арваар биш хэдэн мянгаар тоологдоно. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Гэхдээ “Амьд хүн аргатай” гэх үг бас бий. Харин тэр арга Ц.Лоохууз гуайн гэр бүлийхний хувьд заль мэх огтоос биш, хатуужил тэсвэр, амьдрах ухаан хийгээд урлаг байсан мэт.

-Монгол төр таныг цагаатгаж, бүр баталгаажуулах бичиг хүртэл үйлджээ. Харин та сэтгэлдээ Монголын төрийг “цагаатгасан” уу?

Хэцүүхэн эхлэл. Түүний түр азнасан хоромд тэр агшин, тэр он жилүүдийн бараан өнгө бодолд нь тэр чигтээ цутгаж байгаа нь илт. Гэвч үзэл санаа, тэвчээрийн өмнө бүхэн нурдаг хойно.

-1990 онд Монгол оронд ардчилал ялж, ардчилал засаг төр намайг цагаатгасан. Хэрвээ ардчилал ялаагүйсэн бол би өнөө хэр гэмтэн хэвээр үлдэх байв. Гэвч тэгсэнгүй. Өнөө хэр МАХН (хуучнаар)-аа гэж яваа удирдлагууд, тийм бодолтнууд сэтгэлдээ намайг гүйцэд цагаатгаагүй байх. Монголд ардчилсан хөрс бүрнээ буй болсон цагт би болоод миний нөлөөнд орж хэлмэгдсэн хүмүүс жинхэнэ ёсоор цагаадах болно.

Цагийн цааз гэж үл дийлдэх хүч бий. Үйл хэрэг агшинд шингэж, улмаар түүх болон үлддэг учраас үнэний ялалт хамгийн хүндтэй, үнэтэй нь. Зүгээр ч нэг үнэн биш. Харин жинхэнэ ҮНЭН болой.

Арван жилийн түүхийн номноо анх танилцаж, аавын бахдам яриагаар бодолдоо биежүүлж асан Цогт-Очирийн Лоохууз гэх эрхмийнд ирлээ. 90 насанд дөтөлж яваа тэрбээр “Өвөө нь одоо л тусдаа гарав шүү” хэмээн инээмсэглэсээр биднийг угтав. Үндсэн хуулийг батлалцсан хүн бүрт олгосон мөнгөөр тэр XIII хороололд шинэ сууц худалдан авч, гэргий Ж.Бүрэнжаргалтайгаа амьдарч байгаа нь энэ. Нэгэн цагт эсэргүү хэмээн адлагдаж, хэл үг, хөдлөх алхмаа цагдуулж явсан тэрбээр сэтгэлээ, үзэл бодлоо буй чигээр нь хадгалж, хэлмэгдүүлэлтийн, худал хуурмаг, зусарын өмнө нугаралгүй, хана мэт бат бэх зогссон учраас л өнөөдрийн Ц.Лоохууз өнөд л ийм байсан мөн хэвээрээ өмнө минь сууж байна. Үзэл санаа, үнэний өмнө цаг хугацаа ч гуйвдаг гэдгийг батлах гэсэн мэт хүчирхэг.

Хөнгөхөн хожигдлын минь дараа тэр ийн ярьж эхэлсэн юм.

-Хятадын эрхшээлд 200 гаруй жил дарлагдсан монголчууд явсаар Оросын нөлөөнд шилжиж, нэг том гүрний амнаас нөгөө их гүрний саварт атгагдаж асан тэр үед би нийгмийн амьдралд орсон. Их гүрнүүд Монголыг өөрийн болгохын тулд түүх, улмаар соёл ахуй, шүтлэгээс нь салгаж ижий, аавын минь нүдэн дээр 15000 гаруй хуврагыг хөнөөсөн. 1921 онд монголчууд үндэсний эрх чөлөөгөө олсон ч хожмоо үүнд бэлтгэгдсэн бүхий л сэхээтнүүдийг нүд аниулсан. Үүнийг дөнгөж гэгээрч, нүдээ нээх насандаа харсан юм. Би Оросын Коминтерний комунист намын сургуулийн анхны монол төгсөгчдийн нэг. Гэлээ гэхдээ нүдээр үзсэн болохоор миний сэтгэлээс тэр гайтай явдал салаагүй. Москвад суралцаж байхдаа коминтерн гэж чухам юув, тэдний дэлхийг эзлэх бодлого юу болохыг заалгасан. Гэсэндээ би өөрийнхөө эсрэг явж чадаагүй монгол сэхээтнүүдийн нэг гэв.

Энэ бол нэгэн хүний, улмаар нэг гүрний түүхийн нэгээхэн хэсэг юм. Түүх бөхдөггүй, үнэн мөхдөггүй. Өдгөө 90 хүрч яваа энэ эрхэмтэй ярилцах үүтгэл маань энэ. Хэлмэгдүүлэх тогтоол, цагаатгалын бичиг аль алийг нь авдартаа хадгалжээ, тэр.

-Цаг хугацаа бүгдийг анагаадаг гэдэг. Гэвч таны үнэн байсныг, үзэл санаа тань зөв саруул байсныг өчнөөн олон жилийн дараа батлахад танд гомдох сэтгэл төрж байв уу?

-Хугацаа алдсанд нь би харамсдаг. Карл Марксаас нэгэн сурвалжлагч “Дэлхий дээр хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ” гэж асуухад “Цаг” хэмээн ганцхан үгээр хариулж байсан. “Алт үнэтэй биш үү, та яагаад цаг гэв” гэхэд “Цаг алтыг бүтээдэг болохоос биш алт цагийн бүтээдэггүй юм аа” гэж хэлсэн гэдэг. Ирээдүйтэй зүйлийг цаг алдалгүй бүтээх нь хамгийн чухал. Бид харин үнэний эсрэг тэмцэж цаг их алдлаа. Ардчиллын 10 жилд хийчих зүйлд 20 жилийг золив. Нийгмийн хөгжлийг хойшлуулж байгаа нь л хамгийн хохиролтой юм даа.

-Таныг эсэргүү хэмээсэн зарласныг анх мэдэхэд юу бодогдож байв?

- 1964 оны бүгд хурлын үеэр би Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН (хуучнаар)-ын явуулж буй бодлогыг хатуу шүүмжилсэн. Гэвч тэд миний хэлснийг ойлгоё гэж бодохын оронд намайг жигших, буруутгах, дайснаа болгохыг урьтал болгож, албан тушаалыг маань хурааж, нэгдлийн туслах хоньчноор цөлсөн. Тухайн үед надад эвгүй санагдсан боловч би бууж өгөөгүй ээ. Би ойд төрөөгүй, малчин хүний гэрт мэндэлж, хонь хариулж өссөн болохоор тэр малыг нь сайн маллана гэж бодсон. Үнэхээр ч би муугүй малласан.

-Хэрэв тэр бүгд хурал дээр Ю.Цэдэнбал тэргүүтэй намын удирлагууд таны шүүмжийг хүлээж аваад, тэр чигт залсан бол ямар үр дүнд хүрнэ гэж та тооцож байсан бэ?

-Хэрвээ Улс төрийн товчоо миний саналыг хүлээн авч, ардчиллын зам руу хэлбийсэн бол өдийд Сингапур, Хонконг, Тайван мэт Азийн бар улс болох, тэднээс ч илүү хөгжилд хүрч болох байсан. Тэдэнд түүхий эд хомс, бидэнд тэр нь элбэг байсан ч тэр цагийг алдсан. Бидний шүүмжлэлийг хүлээж аваагүйгээрээ МАХН устаж, өөрчлөгдөхөд хүрсэн.

-ЗХУ (хуучнаар)-ын нөлөө хүчтэй байсан тэр үед үнэхээр бидэнд Азийн бар болчих боломж байсан уу. Хүмүүсийн сэтгэл зүй бэлэн байв уу?

-Хүмүүсийн сэтгэл зүй арай ч бэлэн болоогүй байв. Бодитоор авч үзвэл цөөнгүй зүйлийг бидэнд зөвшөөрөх байсан. Дамаа хөнгөн үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүнээ өөрөө хийхийг зөвшөөрнө. Их гүрнүүд колони орондоо хүнд үйлдвэр, металлургын завод, машин механизм, цахилгаан эрчим хүч биеэ дааж үйлдвэрлэхийг зөвшөөрдөггүй юм. Гэвч энэ бүхнийг биш юм аа гэхэд өмсөх хувцас, идэх хоолоо биеэ дааж хийгээд, дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй ЗХУ руу гаргах боломж байсан. Ялангуяа, боловсруулсан мах, сүү цагаан идээ, улаанбуудай, шар будаа экспортлоход тэд дургүйцэхгүй харин ч дэмжих байв. Гэвч удирдлагууд үүнийг олж хараагүй.

Тийм учраас Ц.Лоохуузын хувьд хар өдрүүд эхэлсэн юм. Хүчирхэг гүрний гар хөл болж, “Та нар юу ч битгий үйлдвэрлэ. Малаа л маллаад бай. Бид хэрэгтэй бүхнийг чинь өгөмц” хэмээн тунхаглаж байсанд итгэхэд бэрх. Гэвч улс гүрний удирдлагууд, цаашлаад ард иргэд цөмөөрөө энэ үгэнд итгэсэн нь даанч эмгэнэлтэй. “Би удахгүй 90 хүрнэ. Эргээд харахад энэ насны минь талаас илүү хувь нь цөллөгө, шоронд, үзэл санааны дарангуйлал дунд өнгөрчээ. Гэхдээ би үүнд харамсдаггүй. Тэр харгис тогтолцоог би харанхуй дунд нь сөрсөн. Гэгээ орсон хойно нь биш бүрэнхийд нь тэмцэж, хожим гэгээ орох байх гэсэн итгэлээр өөрийгөө тэжээж байлаа. Үүндээ би бахархдаг” хэмээн Ц.Лоохууз гуай хэлсэн. Тэр цааш нь “Амьдралын үнэ цэнэ бол үнэний төлөөх тэмцэл. Бодож явсан, санаж сэдсэн маань эцэстээ ялалтаар, үнэний ялалтаар дуусаж байна. Энэ бол ялалтын дээд юм” гэлээ.

Түүнтэй уулзахаар явах замдаа Сүхбаатарын талбайн хажуугаар өнгөрөв. Дүнсгэр байшингууд мөнөөх л хэвэндээ, заримыг нь гантигаар бүрж, зарим нь шилэн барилгуудын цаана “нуугджээ”. Түүгээр өнгөрөх хүмүүс энэ дунд юу ч болж байгаагүй юм шиг, энэ байшингууд мөнхөд л ийм гял цял байсан мэт дуугүйхэн зөрнө. Мартахыг хүсэвч үл чадна. Ардын зүйр үгэнд “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана” гэх хатуухан санаа бий. Ц.Лоохууз гуайн амьдрал надад ийм л хатуу бөгөөд хүчирхэг санагддаг. Үнэхээр ч түүний чацуутан, тэр үед сайд дарга хийж, бэлэн юм “идэж” байсан хүмүүсийн эрүү голцуу “хувхайрчээ”. Харин 1965 оноос цөлөгдөж, хөдөө мал дээр гарсан хүмүүс ихэнх нь амьд байна. Энэ бол Ц.Лоохуузын хэлсэнчлэн тэмцлийн хүч, үнэний ялалт биз ээ. Үнэхээр ч тэд үнэнийг ялж дийлээгүй юм. Ц.Лоохууз тэргүүтэй хүмүүсийг цөлснөөр тэд ямар үр дүн хүлээж байсан бол? Миний ажигласнаар тэр харин ч бууж өгөлгүй, хүчирхэг хэвээр байж, төлөвлөгөөг нь нураасан байх шүү. Энэ тухайн тэр ийн ярьсан юм.

-Би малаа маллаж, хоолоо өөрсдөө хийж, хувцсаа оёж өмсдөг эгэл ардын хүү. Тэдэн шиг хоршооноос бэлэн хоол авалгүй, хотон доторх хонио өсгөөд, махыг нь идэж, арьсыг нь элдэж өмсөөд л амьдарсан. Нэгдлийн туслах малчин болж цөлөгдөхдөө сар хонь хариулж байж 17 төгрөг, 50 мөнгөний цалин авдаг байв. Түүнийг нь би сарын дотор 800 төгрөг болгон өсгөж байлаа. Хоршооноос юм худалдан авах мөнгө надад өгөөгүй ч, хөдөлмөрийнхөө хүчээр би хүссэн бүхнээ авч чадсан. Тэгэхээр тэдний төлөвлөгөө нурахгүй хаачихав.

-Таны гэргий Ж.Бүрэнжаргал гуай жаргаж, зовох бүхий л үед тань хамт байсан. Гэвч эр хүн ханьдаа зовлон үүрүүлэх дургүй, бардам амьтад байдаг. Тухайн үед таныг хаяад явчихалгүй, хамт цөлөгдөхөөр шийдэхэд нь танд юу бодогдож байв?

-Юу ч болсон бай нэгэн биений минь хэсэг болсон гэргий минь л бодогддог. Хамгийн түрүүнд харамнах сэтгэл л төрдөг юм билээ. Намайг явахаар хүний гарт орчих вий, намайг хаяад явчих вий гэж айж л байсан. Гэвч тэгээгүй. Москвад байхдаа “Мужчины и женщины”гэх номноос эр хүний хайр дурлалын 90 гаруй хувь нь гадаад төрхтэй холбоотой байдаг гэж уншсэн. Говь-Алтай аймгийн Наран суманд хонины бэлчээр дээр түүнийгээ анх хараад зүс царайных нь гоо үзэсгэлэнд би бүх бие сэтгэлээрээ бууж өгсөн. Хэдийгээр 13 насаар дүү ч гэсэн би түүнтэй сууна л гэж шийдсэн. Насны зөрүүтэй хос өтөл насанд хэцүү тухай сонсож байсан. Гэвч би насан туршдаа гологдохгүй, үргэлж дэргэдээ байлгана гэж бодож, түүний төлөө бүхнээ зориулсан. Тэр минь намайг ямар ч үед хаяж яваагүй. Насны эцэст хоёул нэг байшингаас бурхны оронд явна гэж боддог гэв.

Түүний намтараас бүтсэн “Алтайн бүргэдийн амьдрал, сургамж” номноос нэгэн сонирхолтой баримт олов. Ц.Лоохууз гуай Х.Чойбалсан, И.Сталин хоёулангийнх нь оршуулгын ёслолд хүндэт харуулаар зогсож байсан юм билээ. “1952 онд Москвад Коммунист намын сургуульд сурч байх үед Х.Чойбалсан гуай бөөрний өвчнөөр Кремлийн эмнэлэгт нас барсан. Москвагаас гаргаж өгөхөд нь Үйлдвэрчний зөвлөлийн баганат танхимд хүндэт харуулаар зогсож, Монгол руу явах вагонд ачиж өгсөн. Удалгүй 1953 онд И.Сталин нас барахад би мөн л сурч байсан, хүндэт харуулд бас зогссон. Тэд хоёул жинхэнэ захирагч байсан. И.Сталин ХХ зууны суут хүмүүсийн нэг. Дэлхий түүнээс айн чичирч байлаа. Х.Чойбалсан ч гэсэн Монголын тухайд жинхэнэ захирагч мөн. Тэр Монголыг 10 жил бие дааж удирдсан. Энэ 10 жилд Монгол улс эрс тэс өөрчлөгдөж, бусад арван жилүүдээс хамгийн хурдацтайгаар хөгжсэн юм. 1952 онд Чойбалсанг нас барахад нүдний нулимс гаргаагүй насанд хүрсэн хүн монголд байгаагүй. Тэгж түмэн олны итгэлийг хүлээж чадсан хүнийг би Х.Чойбалсангаас өөрийг мэдэхгүй. Би ч гэсэн уйлж байсан.

-Төмөр-Очир гуай танд “Чамайг шоронд хийнэ шүү, хууль сайн унш” гээд Декабристуудыг шүүсэн тухай хоёр ном өгсөн юм билээ. Энэ ном таньд хэр их тус болж байв?

-Би тэр номыг эхнээс нь адгийг хүртэл хонины бэлчээрт уншсан. 1905 онд Хаант Оросын үед декабристуудыг нухчсан. 1965 онд болсон үйл ажиллагаа тэрний үргэлжлэл байсан учраас декабритсуудыг шүүсэн хаант оросын түүхийг уншиж, тэр үеийн улс төрийн нүүр царайг ойлгоно гэсэн санаагаар надад тэр номуудыг өгсөн. Тухайн үед би мөн Эрүүгийн хуулийг бүх зүйл ангиар нь цээжилсэн. Үүнийг уншаад ямар ч байсан намайг шийтгэж чадахгүй гэж бодож байлаа.

Гэтэл намайг 1960-аад оны Монголын эрүүгийн хуулийн заасан заалтаар биш эх орны дайны дараа 1950-иад онд сайд нарын зөвлөлөөс баталсан тогтоолын “Монгол хүн монгол нутаг дээр импорт, экспортын бараагаар ямар нэгэн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн хийж, борлуулахыг хориглоно” зүйл ангиар намайг шийтгэсэн. Тухайн үед би үүнд үнэхээр бэлтгэлтэй байгаагүй.

-1984 онд таныг дахин цөлөхөөр болоход та их хатуу үг хэлж байсан юм билээ. “Намайг ганцааранг нь Чандмань явуулбал би явлаа, эс бөгөөс би Сүхбаатарын хөшөөнөөс энэ сураар дүүжилж үхнэ шүү” гээд…

-Тэд намайг ингэж чадахгүй гэдэгт хатуу итгэсэн учраас би ийн хэлсэн. Тэрнээс биш үнэхээр үхье гэж бодоогүй. Бүх хохирлыг өөр дээрээ үүрэх, гэр бүл үр хүүхдээ йййтөв суурин газар, эмнэлэг, сургуультай, аав ээж ах дүү садангийн дэргэд, түмэн олны дунд үлдээх зорилго агуулсан. Тэр ч ёсоор биелэж, намайг ганцааранг явуулсан. Тухайн үед явахдаа эргэж ирнэ, гэр бүлтэйгээ уулзана л гэж бодсон. Тэнд очоод үхнэ гэж бодоогүй, амьдарна л гэж бодож очсон. Үнэхээр ч цөллөгөөс би 100 гаруй бог малтай ирсэн.

-Социалист нийгэм бүхэлдээ хар бараан, саарал байсан гэж хэлж болохгүй байх. Тэр үеийн нийгмийн хамгийн сайхан зүйл нь таныхаар юу байсан бэ?

-Тэр нийгэм маш хатуу зохион байгуулалттай. Дамаа юм мэдэхгүй, нийгмийн түүхийг ойлгохгүй, боловсрол муутай хүмүүст бэлэн хоол, бэлэн мөнгө тарааж, улмаар нэг дуугаар, нэг захиргаан дор ажиллуулж байсан үе. Фермийн үнээ шиг хоол өгсөн газар хошууруулж, хүнийг малын зохион байгуулалтад оруулсан. Үүний сайн тал гэж байна. Ухамсар муутай хүмүүсээр юм бүтээлгэхэд амар байв. Жишээ нь, 1966 онд Улаанбаатарт их үер болоход хотыг тойруулж суваг ухах ажлыг сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэсэн. Ю.Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчооны гишүүд толгойлоод хотын бүх хүмүүсийг хөдөлгөөд дор нь амжуулсан. Мөн би Говь-Алтай аймгийн намын хорооны I дарга байхдаа, 20–40 насны бүх хүнийг цуглуулаад, Завхан голын усыг арав хоногийн дотор Гуулингийн тал руу урсгаж чадаж байсан. Одоо бол хэзээ ч ингэж хүчрэхгүй. Ухамсартай хүнийг ийм ажилд хөдөлгөж чадахгүй. Ухамсаргүй, юм мэдэхгүй хүмүүст таарсан ажил хийлгэх арга нь энэ.

-Эргээд бодоход таны амьдралын хамгийн сайхан, аз жаргалтай үе хэзээ байсан бэ?

-Би намын төв хорооны лектор суртал нэвтрүүлгийн ажил хийсэн. 1000 хүн зааланд цуглуулаад, тэднийг үүрэглүүлэхгүй ярьж, миний хэлсэн зүйлийн утга учрыг хүн ойлгож, баярласан царайг харахдаа надад сайхан байсан. Улаанбаатар хотын намын хорооны суртлын хэлтсийн дарга, Говь-Алтай аймагт намын хорооны I дарга хийж, аймгийн ард түмнийг цахилгаан гэрэлтэй болгож, ногоо, тариа тариулж, байшин барилга бариулж, Монголын хамгийн анхны хөдөөгийн музейг бий болгож, Завхан голын усыг Гуулингийн тал руу урсгаж байхдаа, тэр суваг дээр цахилгаан станц барьж, гэрэл асаж байхыг харах, энэ бүгд намайг баярлуулж байсан. Сүүлд би САА-н удирдах газрын дарга долоон жил хийсэн. Монгол Улсад атар газар эзэмших ажлыг удирдаж, улаан буудай, гурил импортлохыг болиод харин ч бүр экспортолдог болсон. Сэлэнгэ, Говь-алтай, Дорнод, Ховд, Баян-Өлгийд алим тарьж, шүүс нь шимширсэн алим амсаж үзэхдээ хэмжээгүй баярлаж байсан. Тэр болгоныг устгасан ч, хожим ардчилал бий болж, ард түмний санаачлагаар энэ бүгд дахин сэргэж байна. Энэ мөн намайг баярлуулж байна.

-Та миний аав Ц.Жамъян-Очиртой хамт 1990-ээд оны эхээр Монголд анх удаа Нутгийн зөвлөл байгуулж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцаач?

-Бүх сумдын сэхээтнүүд сургууль дамжаад Улаанбаатарт шингэчихсэн тэр үед нутгаа эргэж очдог хүн болсон байсан. Тиймээс нутгийн сэхээтнүүдийг зохион байгуулж, үзсэн харсан, сурсан мэдснээ нутаг орныхоо хөгжилд зориулж, дэм болгох санаагаар Нутгийн зөвлөл гээчийг байгуулах санааг чиний аав Ц.Жамъян-Очир гаргасан. Улмаар даргаар нь би, нарийн бичгээр нь Ц.Жамъян-Очирыг томилоод, Монгол Улсын анхны Нутгийн зөвлөл Говь-Алтай аймгийн Чандмань суманд байгуулагдсан. Үнэхээр хэрэгтэй ажил байсан учраас бүх сумдаар, аймгаар тархаж, бүгд л өөрийн Нутгийн зөвлөлтэй болсон. Энэ бол нийгэмд бүтээсэн нэг чухал зүйл гэж санадаг.

Ц.Лоохууз гуай эд мөнгө, албан тушаалд биш, саруул ухаан, хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг аж. Тийм ч учраас хэлмэгдсэн түүхээ биш, хийж бүтээж, тэмцэж явсан тухайгаа ярихдаа өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлж, нүдний нь гал асаж байхыг би харсан. Түүний тухай дуртгал ном, сэтгэгдэл хөргүүд цөөнгүй бий. Энэ бүгдийг уншиж байхдаа дараах бяцхан түүх сонирхлыг минь татав. Ёндон ахлах хоньчны туслах малчнаар очоод удаагүй байхад ийм явдал болжээ. “Бага охин минь хонины хоргол хараад “Мойл байна, идье” гэсэн. Тэнгэрт байгаа сарыг хараад “Алим байна, буудаад аваад аль” гэнэ. Тэр минь цөллөгөт буйгаа мэдэхгүй ч алим, чихэр нь гэнэт “тасарсныг” ойлгосон хэрэг. Ийм сэтгэгдэл над ч байв. Сарын 2000 төгрөгийн цалин авдаг байснаа гэнэт л 17 төгрөг 50 мөнгөн дээр буусан. Үүний хооронд асар их зөрөө бий шүү” гэв. Ийнхүү Ц.Лоохууз гуай охиноо зовоохгүй, өөрөө ч дутуу гуцуу амьдрахгүйн тулд хөдөлмөрлөж, удалгүй замын жолоочоор алим, мойл авчруулсан тухайгаа хуучилсан.

Үүнээс ч дутахгүй хөгжилтэй түүх бий. Ардын уран зохиолч, Т. Галсан гуай мөн адил тэмээчин болж цөлөгдөхдөө анд Ц.Лоохуузад ийм захидал бичиж байжээ.

Ачтай нь дэндсэн намынхаа, ухаантай илгээлтээр…

Баян нэгдлийн хоньчин болж суга дэвшсэн, Бавгар сахалт сайн байна уу?…

…Буянтай сүргийг адгуулж өсгөнө гэж

Буур хургалуулж, хуц ботголуулна гэж

Надад бас танд итгэл хүлээлгэсэн

Нам төрдөө талархаад талархаад барашгүй яа.

1965.04.13

Баянхонгор, Жинст сумын ердийн хөсгийн баазын тэмээчин Т.Галсан.

Тэд ийм ёгт утгатай захиагаар хоорондоо харилцаж байжээ. “Тухайн үед энэ захианы хариуг явуулж би чадаагүй. Тэмээн дээрээ гутралгүй байж бай, эрх чөлөө олдох цагт уулзъя гэж захьдаг байсан. Бид сэхээтэн, сэтгэдэг хүмүүс байсан. Т.Галсангийнхаа сэтгэх чадвар, бичих авъяасаар бахархаж, баярлаж, шүтэж байсан, би” гэв.

-Таны дурдатгалд өгүүлсэнчлэн “Огт гэмгүй мөртлөө 76 хоног шоронд хоригдох, хожим их хурлын сэнтийд заларч, Үндсэн хууль батлалцсан 76 хоног”-ийн хооронд хэр том зааг бий бол?

-Зөрүү нь асар их байсан. Үнэний төлөө өнгөрүүлсэн хоног бүр хожим үрээ өглөө. Түмний итгэлийг хүлээсэн тэр он жилүүд би буруу биш, зөв юмны төлөө тэмцэж байжээ гэдгийг надад ухааруулж, цааш явах урам зоригийг өгсөн.

-Та хожмоо бүр Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Энэ түүхийг сэтгүүлч Б.Нацагдоржийн “БНМАУ-ын сүүлчийн өдрүүд” номноос уншаад сэтгэл хөдөлж байсан шүү. Гэхдээ та тэр индрээс Ерөнхийлөгчөөс өөрөө нэрээ татаж буйгаа хэлсэн юм билээ.

-Албан тушаалын төлөө яваагүй ээ, би. Өрх гэрийн амьдралаа өөд татъя л гэж шийдсэн. Би тэр явдлын дараа Засгийн баазаас ГАЗ-24 машин аваад зургаан жил халтуур хийсэн. Тэгэхэд миний машин суусан хүмүүс “Яагаад ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзав” гэж намайг зэмлэдэг байсан. Харин сүүлийн 20 жилийн засаг төрийн байж байгааг хараад тэр үед ер нь буруу юм хийжээ гэдгээ ухаарч байна. Би намын хороо төдийгүй нэг яамыг ч тэргүүний болгож чадаж байсан. Төрд очиход надад итгэх хүн ч цөөнгүй байхаар байв. Тэр итгэлийг хүлээж аваагүйдээ одоо жаахан харамсдаг.

-Өнөөгийн улс төр халуунаар амьсгалж байна. Нэгэн цагт тогоонд нь байсан, өдгөө ажиглагчийн байрнаас харахад танд юу бодогддог вэ?

-Заримдаа улс төр биш шиг санагддаг. Улс төр гэж юу байдгийг ойлгодоггүй хүмүүсийн тоглоом болсон юм уу даа. Энэ бүхнийг интернэтээр харж байгаа гаднын хүмүүсээс ичих юм. Зарим нэртэй улстөрчдийн авир яг л жаахан хүүхдийнх мэт харагдах юм. Улстөрч хүн хэзээ ч хиймгүй тийм л эрхэлсэн, нялхарсан авир л бууж байна гэв.

Ж.Бүрэнжаргал: УУЧЛАХААС ӨӨР СОНГОЛТ НАДАД БАЙГААГҮЙ

Хүчирхэг эр хүн бүрийн ард хүч, чадлыг нь мэдрүүлдэг, түүнд нь эргэлзээгүй итгэдэг түшиг-бүсгүй байдаг гэх. Магадгүй Ц.Лоохуузын ард Ж.Бүрэнжаргал байсан тул юунд ч бууж өгөөгүй, хувь заяатай тэрсэж, тэмцэлдсэн эр зоригийн нэгэн түүх бүтсэн биз.

Энэ түүх 1964 оны арванхоёрдугаар сарын 29-нд эхэлсэн юм. МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлыг зорин ирсэн олны нэгнийх нь амьдрал үндсээрээ өөрчлөгджээ. Тухайн үед ЗХУ-д (Хуучнаар) аспирантурт сурч байсан сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга Ц.Лоохууз тус хуралд үг хэлэхээр өмнөх өдөр нь эх орондоо ирээд байв. Тэрбээр эхнэрээрээ кофе бэлтгүүлж, шөнөжин суун илтгэлээ бичсэн аж. “Өвгөн маань бичсэн зүйлээ өглөө нь надад уншуулсан юм. Ю.Цэдэнбал дарга ард түмнийхээ дунд орж ажилладаггүй, тэдний амьдрал дорой байхад сайн сайхан мэтээр ярьж, сурталчилдаг, байнга бэлдсэн зүйл дээр очиж, орос эхнэрийн аяыг даган байнга Орос руу явдаг, эх оронтойгоо ч танилцдаггүй зэргийг шүүмжилсэн байсан санагддаг. Миний бодлоор хэлсэн үг нь тэгтлээ хал балтай, гаж буруу байгаагүй. Гэхдээ хурал дээр Ц.Лоохууз маань бичсэн илтгэлээ уншсан уу шууд ярисан эсэхийг нь би мэдээгүй. Бодож байгаа бүхнээ шууд л хэлчихдэг хүн байгаа юм. Тэр өдрөөс л бүх зүйл эхэлсэн дээ. Би 18.00 цагт ажлаа тараад гэртээ иртэл тэр ирээгүй байсан. Үдшийн 23.00 болоход ч чимээ алга л байв. Тухайн үед хурлын үйл ажиллагааг радиогоор шууд дамжуулдаг байсан ч тэр өдрийнхийг эхний хэсгээс нь л тасалчихсан. Тэгэхэд манай гэрт миний ач дүү, өвгөний зээ дүү хоёр хамт амьдардаг байлаа. Бид гурав өвгөнийг хүлээнгээ хурлыг радиогоор яагаад дамжуулаагүй тэргүүтэй ойр зуурын зүйл ярилцахын зэрэгцээ санаа зовж, түгшиж эхэлсэн” хэмээн Ж.Бүрэнжаргал хэлээд хэсэг чимээгүй болов. Айсуй өдрүүдийн бараан сүүдэр түүнийг ийн нөмрөн авсан биз. Зурагт, интернэт, гар утасны алин ч байхгүй тэр үед зөвхөн зөн совин, мэдрэмж хүмүүсийг хөтөлж байсан гэдэг. Тэгвэл Ж.Бүрэнжаргалын совин мууг зөгнөж байсан тухай ярьсан юм.

Харамсалтай нь түүний мэдрэмж үнэн байлаа. Цагийн зүү 06.00-г зааж, шугамын радиогоор шинэ өдөр эхэлснийг сануулах мэт төрийн дуулал эгшиглэхтэй зэрэгцэн Ц.Лоохууз гэртээ орж ирлээ. “Байхгүй ээ, байхгүй. Бүх юм байхгүй” хэмээн үглэх түүнийг хүлээж асан гурав тал талаас нь тэврэн, уйлахаас өөрийг хийсэнгүй. “Араас тагнаж яваа байх. Болгоомжтой байгаарай” хэмээн тэрбээр хэлэв. Хэдэн өдрийн дараа Ц.Лоохуузыг гэр бүлээр нь цөлөх шийдвэр гарлаа. Том хүүгийн төрсөн өдөр, шинэ жилийн баяр ч үүнтэй давхацсан аж.

-Хөдөө цөлөгдөх шийдвэр танд хүнд туссан уу?

-Мэдээж хэцүү байлгүй яах вэ. Гэвч цөллөгдөх нэгэнт тодорхой болсон тул хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр сайд, дарга нарын захиалгаар авчруулдаг байсан Румын мебель тавилгаа зарж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө цуглуулж, бяцхан найр хийсэн. Хүү маань нэгдүгээр сарын нэгэнд төрсөн юм. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, уртын дуучин С.Цоодол тэргүүтэй хүмүүс ирж, шөнөжин хөгжимдөж, дуулж хоносон. Хожим сонсохнээ тэр орой манайд цугларсан хүмүүсийг дуудаж, байцааж зовоосон л юм билээ. Маргаашнаас нь л биднийг байнга хөөж, амар заяа үзүүлэхийг ч больсон тул нэгдүгээр сарын 16-нд Өвөрхангайн Сант суманд малчнаар хуваарилагдан явсан. Хөдөө, аж ахуйн яамнаас ачааны машин гаргаж, хотын бидэнд хөдөө зохицсон хувцас байгаагүй учраас ах дүү нар хөвөнтэй дээл оёж, эсгий гутал тэргүүтэн авчирч өгцгөөв. Холбооны яаманд ажиллаж байгаад нас барсан төрсөн ахын маань эхнэр өөрийнхөө гэрийг өгч, хэдэн сав суулга, хувцас сэлтээ аваад явсан. Тэгэхэд том хүү маань найм, охин хоёр настай байлаа. Яамны н.Чулуун гэдэг дарга бага балчир хүүхэдтэй хүмүүсийг яаж ачааны машинд явуулах вэ гээд УАЗ-469 гаргаж өгч билээ. Ингээд л хотоос явсан даа. Эрүүлийг хамгаалах газраас суманд очиж эмийн санд ажиллах томилолт надад өгсөн байсан юм. Өвөрхангай аймгийн төвийн эрүүлийг хамгаалах газрын даргатай уулзахад сумын төвд эмийн санд ажиллах томилолт бас хийж өглөө. Харин өвгөн угаасаа малчнаар хөөгдсөн. Сумын төвд очтол гэрээ барих, буух газар олддоггүй ээ. “Зочид буудал” нэртэй жижигхэн байшинд гурав хонох зуур өвгөн зээ дүүтэйгээ буух газар хайгаад л байлаа. Цөллөгдсөн биднээс хүмүүс жийрхэхийг ч хэлэх үү. Тэгж явсаар урд зах руу, борчуудын хороололорхуу газар н.Шоовдор гэдэг эмэгтэйн хашаанд буусан. 2–3 хоногийн дараа өвгөн хуваарилагдсан ёсоороо Ёндон хэмээх малчныд очиж, би хоёр хүүхэдтэйгээ сумын төвд үлдсэн. Хүүгээ тэнд сургуульд оруулж, охиноо гэртээ харж байлаа. Нэгэн өдөр намайг захиргаан дээр дуудахаар нь очтол аймгийн захиргааны дарга н.Эрдэнэ-Очир ирсэн байв. “Хөдөө гарч, мал маллахгүй юу хийгээд байгаа юм бэ” гэв. “Хүүхэд энд сургуульд сурж байгаа. Тэгээд ч би сумын төвд ажиллах томилолттой ирсэн шүү дээ” гэхэд өөдөөс үг, сүггүй загнаж гарлаа. “Үгүй ээ, би эндээ мэргэжлээрээ ажиллана. Мал дээр гарах ёстой хүн нь гарчихсан. Хүү маань орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн учраас хэл, ус муу, Би хажууд нь байна” гэхэд тэр хүн “Юу яриад байгаа юм. Тэр хүүхдээ сургуулиас гарга. Хөдөөнийнхөн угаасаа хүүхдээ дөрөвдүгээр ангиас нь гаргадаг байтал чи яахаараа болдоггүй юм. Чамд өгөх ажил ч байхгүй. Хөдөө рүү явахгүй бол хариуцлага тооцно” гэдэг байгаа. Тэр орой өвгөн биднийг эргэхээр ирэхэд нь болсон явдлыг зөвлөж, хүүдээ дуулгатал “Та хоёр яв, яв. Би дотуур байранд сууж байя” гэнэ. Тийм жаахан амьтан ингэж ярьж байсныг бодоход тун хэрсүүжсэн байгаа биз. Тэгээд л охиноо дагуулаад мал руу очсон доо.

-Намын өндөр албан тушаалтны гэргий цөллөгт явж, жирийн малчин болоход юу бодогдож байсан бэ?

-Хэдийгээр эвгүй байсан ч бид хоёр сэтгэлийн дарамт, гутралд ер ороогүй шүү. Буруу юм хэлээгүй, муу зүйл хийгээгүй гэдэгтээ бид итгэдэг байсан юм. Малчин болох юу нь тэгтлээ муу байх вэ. Угаас монголчууд нүүдэлчин, эцэг эх, өвөг дээдэс маань ч малчин байсан гэх бодол давамгайлж байв. Тэрнээс биш хувь заяандаа харамсаж, сэтгэлээр унасан тохиолдол бараг үгүй дээ. Тушаал, даалгавартай улсыг эс тооцвол хөдөөнийхөн сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс. Хүн болгон л манай гэрийнхэнд туслахыг бодно. Түмпэн, түмпэнгээр хөлдөөсөн сүү, хонины хаа гуя авчирч өгөхөөс эхлээд өвгөнд морь, хүүд дааганаасаа барьж өгөх нь ч олон. Бидэнтэй хамаагүй ойртож болохгүй учраас тэд эмээж, голдуу шөнө, оройн цагаар ирдэг байсан даа, хөөрхий. Нэгдлээс бидэнд хонио хариул гэж нэг орилоо тэмээ анх өгсөн юм. Муухай дуутай ч гэж юу хэлэх вэ. Өвгөн минь гар цүнхэндээ ойр зуурын ном сонин, жижиг халуун саванд аяга кофе найруулж аваад л тэмээгээ орилуулаад яваад өгнө. Нэгэн шөнө нутгийн Дашзэвэг гэдэг хүн ирж, “Шинэ ирсэн хүмүүст бүх юм ховор байгаа” гээд богцноосоо нэг хаа гуя гаргаж өгөөд “Гадаа нэг хонины морь уясан байгаа. Унаандаа хэрэглээрэй” гэлээ. Гараад хартал сайхан хээр морь зогсож байж билээ. Тэгж өвгөн минь өнөө орилоо тэмээнээсээ салсан юм. Тэрбээр цааш нь 48-ын чихэр, үзэм гурван хайрцаг, “Барбарис”, “Театральный” тэрүүтэн чихэр хэд, хэдэн хайрцаг, хуурай өндөг, тэмээтэй шүдэнз зэргийг нөөцөлж явсан тухайгаа ярьсан юм. Сумын төвд анх очихтой цагаан сар давхцаж, тэндхийн нохойноос бусад нь тэднийд орж ирсэн гэнэ. Хотоос цөлөгдөж ирсэн хүмүүс сонирхлыг нь татсан биз. Орж ирсэн болгонд чихэрнээсээ холиод өгсөөр дууссан аж. Ж.Бүрэнжаргал өнгөрснийг нэхэн санах мэт хэсэг бодлогширсноо “Тэнэг байж дээ” гэв. Биднийг ярилцах үед тэрбээр цөөнгүй удаа ийн хэлсэн. Өөрийгөө голонгуй ярих тэрбээр бүх ачааг үүрч гарсан ухаантай, хүчтэй хүн болохыг цаг хугацаа хэдийнэ харуулсан. Энэ тухай түүний хань “Хэлмэгдсэн нэр нь над дээр байсан ч үнэндээ хамаг л хүндийг Бүрнээ минь үүрсэн дээ” хэмээн “Ойр гишгэж, хол харж явья” номондоо бичсэн нь бий. -Зовлон хүнийг хатуужуулдаг юм болов уу. Эсвэл хүн бүрийн дотор нуугдаж байдаг тэсвэр хатуужил, бэрхшээлийг даван туулах чадварыг зовлон сэрээдэг үү?

-Аль аль нь нөлөөлдөг байх. Тэсвэр, хатуужилтай, хүлээцтэй байх чанар бол аав, ээжээс өвлөсөн хамгийн чухал зүйл болов уу. Аавыг маань нутгийн хүмүүс Жамба гэдэг нэрээр нь огт дууддаггүй, залуучууд “Хэцүү ах”, хөгшчүүл “Хэцүү хүү” хэмээдэг байв. Яагаад ийн нэрлэдэг байсныг мэдэхгүй ч аав бусдын хүндлэлийг хүлээсэн гэдгийг харуулж буй. Ээж минь ч ажилсаг, шударгуу, хичээнгүйгээрээ нутаг усандаа үнэлэгдсэн, нэр хүндтэй хүн байлаа. Тэр бүх сайхан чанар надад өвлөгдсөн гэж хэлэхгүй ч өөрийгөө болон гэр бүлээ асрах, авч явахад минь нөлөө үзүүлсэн нь зүйн хэрэг. Өвгөнийг маань хэлмэгдүүлсэн тэр он жилүүдэд хөдөө амьдрах үед мал маллах ажлаа би хариуцдаг байв. Тухайн үед анзаараагүй хэдий ч эргээд бодоход цөллөгийн хүнд жилүүд, шөнө дүлээр унтаж, үүрийн гэгээтэй уралдан сэрж ажилладаг байсан нь зүүд мэт. Тэр бүгдийг би яаж давж гарсан юм бол хэмээн өөрөөсөө асуух ч үе бий. Харин хариулт нь аав, ээжийн минь өвлүүлсэн ажилсаг, хатуужилтай байх зан чанар юм.

Ж.Бүрэнжаргал гуай залуудаа тун ч сайхан бүсгүй байсны дээр үеийнхэн нь “Бага Цогзолмаа” хэмээн нэрлэдэг байж. Яг одоо өмнө минь түүний 1950-иад оны сүүлчээр авахуулсан гэрэл зураг байна. Тухайн үеийн “мода”-аар засуулсан тайрмал үс, яралзсан цагаан шүд, сэтгэл татам сайхан инээмсэглэл. Нүдэнд дулаахан энэ төрх нь одоо ч хэвээр. Тэр хоёр анх хөдөө очоод малчны цалин гэж 17 төгрөг 50 мөнгө авч байжээ. Хоёр хөгшин, хоёр хүүхэдтэй нийлээд зургаан ам бүлийг тэр жаахан мөнгөөр яаж тэжээж хүрэлцэх билээ. Тэгээд л наймаагаа эхэлсэн юм. Анх тэд жолооч нарт дотоодын булигаар захиж, гөлөм оёдог байв. Ц.Лоохууз нутгийн хүмүүсээр гөлөм оёхыг заалгаж, угалз ч тавьж сурсан аж. Анхны гөлөм хийх оролдлого бүтэлгүйтсэн бол дараа, дараагийнх сайжирсаар, сүүлдээ “нанжин гахай” гөлөм ч хийдэг боллоо. Дараа нь Ц.Лоохууз аймгийн төвийн алт мөнгөний дархныг гэртээ аваачиж, нэг сар эмээл хийхийг залгасан. Дараа нь жолооч нарт эмээлийн мод захиж, эмээл хийдэг болсон. Тэдний эмээл ч нутагтаа алдартай болсон гэдэг. Хүмүүс тийм бүүрэгтэй, ийм гөлөмтэй гээд захиалж хийлгэнэ. Өвөрхангайн Сантад байхад наймаа хийлээ гэж хэл ам бараг гараагүй тухай Ж.Бүрэнжаргал ярив. Тэрбээр 1971 онд гурав дахь хүүхдээ төрүүлэх гээд хотод ирлээ. Хадам эгч нь тусалж байгаад бие нь муудаж, аймгийн төвийн эмнэлэгт өнгөрч, цөлөгдөхөд хоёр настай байсан охин маань нэгдүгээр ангид элсэж, том хүү дунд сургуульд орох насанд хүрлээ. Гэтэл Сант суманд дөрвөн жилийн сургууль л байлаа. Хавар хүүхдээ төрүүлээд ирэхэд өвгөн дунд сургуультай газар бараадья хэмээн төв хороонд хэлж, хөөцөлдөж байж арайхийн Хархорины сангийн аж ахуй руу явах эрхтэй болсон байна. -Танайхны нүүдлийн дараагийн зогсоол Хархорин байжээ. Тэнд байхдаа наймаачин хэмээн цоллуулж, өвгөнийг тань хорисон гэхээр сайхан дурсамж ховор байх. Энэ бүхэн яг хаанаас эхэлсэн юм бэ?

- Өвгөн сангийн аж ахуйн туслах бригад буюу туулай, гахай, тахиа зэрэг амьтны аж ахуйд тоо бүртгэгч болж, би мэргэжлээрээ ажиллах болсон. Хархоринд таван жил ажиллаж байгаад отгон охиноо гаргахаар хотод ирж, Зурагтад зээ дүүгийнхээ хашаанд ирж суусан. Намайг төрсний дараахан өвгөн маань нэг л удаа эргэж ирсэн. Тэгэхэд манайх машинтай болсон байсан юм. Зурагтын хашаанд машинтайгаа ноцолдож байгаа байх л гэж бодсон. Тав хонож, эмнэлгээс гарах цаг болоход намайг хэн ч ирж аваагүй. Орой болохын алдад зээ дүү минь хувцас аваад ирчихэж. Авчирсан хувцсыг нь хартал өм цөм, нэг л биш. Уг нь би эмнэлгээс намайг гаргахдаа аваачих хувцсыг захиж үлдээсэн юм. Нөхөр маань ч байхгүй, түргэний машин гуйж авчирсан байв. Гэртээ очиход хашааны гадна хүүхдүүд минь зогсож байсан ч Ц.Лоохууз бас л үзэгдсэнгүй. Зээ дүү намайг Андиа гэж дууддаг байв. Хоол хийж зогсонгоо “Андиа танд хэлэх зүйл байна” гэлээ. Би ч палхийгээд л явчихсан. “Ахыг уржигдар бариад явчихсан” гэнэ. Байшингаас нь гарч машиндаа очтол хоёр хаалгыг нь лацадчихаж. Гэртээ ортол чемодан, авдрыг хүртэл лацдаад явсан байв. Хэсэг уйлж тайвшрасны дараа дүү маань “Андиа, юу ч болсон тайван байгаарай” гэлээ. Анх цөллөгөөр явахад гэрээ өгч байсан бэр эгчийн амьдарч байсан Анагаахын дунд сургуулийн багш, ажилчдын дотуур байр газарт орж, очих газаргүй болжээ. Тэр эгч минь охинтойгоо зээ дүүгийн хэсэг амьдарч байв. Удалгүй хүргэн дүү ирээд “Андиа минь та бидэнтэй хамт бай” гэж байна. Том хүү маань цэрэгт явчихсан байлаа. Гурвын гурван хүүхэдтэйгээ айлд яаж дараа болж байх билээ. Юутай ч гэртээ орж галаа түлье гэж бодоод ортол нөгөөдүүл маань сандралдаад араас ирж байна. Би гэртээ орно хэмээн зүтгэж, тэд ч хааяа манаж, ор дэр засаж өглөө. Өвгөн маань хэрэг хийгээгүй тул байцааж, шалгаж байгаад явуулчих байх хэмээн найдаж, хүлээсээр байв. Зун нь цайгаа чаначихаад, машины чимээ гарангуут харуулдана. Нэгэн өдөр Ганц худаг руу авч явсан сураг дуулдсан. Сарын дараа хувцсыг нь солиулна хэмээн дуудсан. Би зээ дүү, бусад гурван хүнтэй хувцас, жаахан хүнс бэлдээд очлоо. Эргэлтийн өрөөнд өвгөнөө харангуутаа л би уйлчихсан. Үсийг нь хусаад, нөгөө муухай алаг хувцас өмссөнийг нь хараад ганц ч үг хэлж чадалгүй, уйлаад л байлаа. Ганц худагт очсон хүмүүс бөөстдөг гэж дуулаад л гэртээ ирэнгүүтээ хувцсыг нь гадаа хонууллаа. Маргааш нь харахад бүх хувцас нь цэвэрхэн байсанд тун гайхаж билээ. Дараа нь сонсохнээ, өвгөн цэвэрлэгээ хийдэг хоригдлуудаас ус гуйж аваад байнга хувцсаа угаасан гэсэн. Тийм л цэвэрч, нямбай хүн.

-Хэрэг хийгээгүй байхад нь бариад явсан гэж та хэлсэн. Яагаад хорисны учрыг мэдсэн үү?

-Хархорины сангийн аж ахуйн дарга Гомбосүрэн гэдэг хүн дээрээс даалгавар авсан биз. Өвгөнийг хот руу явсны дараа тэр хүн хурал зохион байгуулж, Ц.Лоохууз бол намын эсэргүү, гэмт хэрэгтэн, суусан газраасаа шороо атгадаг ховдог, шунахай хүн гэж хүмүүст ухуулжээ. Хувийн үйлдвэрлэл эрхэлж, дамын наймаа эрхэлсэн хэмээн тэд дээш мэдээлж, өвгөнд зургаан жилийн хорих ял, гурван жилийн нутаг заалтаар шийтгүүлсэн дээ. Би нялх хүүхэдтэй, хоёр бага хүүхэдтэйгээ Хархоринд очиж, гэрээ хот руу нүүлгэсэн. Хавар нь эрүүл мэндийн яаман дээр очиж, ажлаа хийх хүсэлт гаргахад Гандангийн хүүхдийн эмнэлэгийн эмийн санд хуваарилсан юм. Ялын зургаан жил өнгөрч, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд нутаг заагдсан гурван жил нь ч дуусаж, өвгөн ирлээ. Тэр үед цаг үе арай өөр болж, Ж.Батмөнх гуай төрийн тэргүүн болсон тул дээш өргөдөл бичиж үзлээ. Гэтэл бүр дэмий юм болж, бид хоёрыг хоёр өөр газар луу хөөчихдөг юм байна. Өвгөн дахин хөөцөлдөж, хотын захиргаа руу очиж, боож үхнэ гэж байж ганцаараа нутаг руугаа явах болсон.

Энэ үед хүүхдүүдээ бодож, тэд гэрлэлтээ цуцлуулахаар шийджээ. Гэсэн ч гэрлэлтээ цуцлуулсан нь бүхнийг өөрчилсөнгүй. Ж.Бүрэнжаргал хамт ажилладаг бүсгүйчүүдийн тусламжтай охиныхоо төрсний гэрчилгээний овгийг солиулж, гадаад паспорт авхуулан Орос руу сургуульд явуулсан аж. 1980-аад оны дундуур түүнийг үе, үе хөдөө рүү хөөдөг болов. Нэгэн өдөр районы намын хорооны байранд түүнийг дуудаж, хотын захиргаанаас ирсэн дарга нар нь загнаж гарч. Гомдсон, цөхөрсөн тэрбээр “Би 50 гарсан ядарсан эмэгтэй. Ямар ч хэрэг хийгээгүй. Хэрвээ намайг авч явна гэж байгаа бол яг одоо буудаж үз. Тэгээд хүүрийг минь ачаад явахгүй юу. Тэр өвгөн дээр очлоо ч хэдэн хүүхдээ яаж тэжээх юм. Сумын төвд бидэнд ажил ч олддоггүй. Бид гуйлга гуйх уу? Та нар Монгол улс гуйлгачинтай гэж хэлүүлэхээсээ ичихгүй юу? Ямар ч байсан намайг заавал хөдөө явуулна гэвэл хүүрийг минь ачаарай” хэмээн хэлчихсэн гэнэ. Үхлээрээ ийн айлгасан нь түүнд өөр ямар ч арга байгаагүйг харуулах биз. “Ажил дээрээ очтол эмийн сангийн эрхлэгч миний тухай хүнтэй утсаар ярьж байна. Сонсвол “Манайх тэргүүний ажилтнаа тийм амар халж чадахгүй” гэж байна. Дарга надтай уулзаж, “Бүрнээ минь, ийм юм боллоо. Гэхдээ би чамайг халахгүй” гэв. Тэдэнд чирэгдэл болоод яах вэ гэж бодсон тул ажлаас гарч, түр гэртээ суухаар шийдсэнээ хэллээ. Үүнээс ч илүү нь хоёр бага хүүхдийг минь сургуулиас гаргахаар болж гэнэ. Тэгэхэд Зурагтын 46-р сургуульд бага маань гурав, нөгөө нь долдугаар анги байсан юм. Гэтэл захирал нь хүүхдүүдийг сургуулиас гаргахгүй, ангийн багш, хичээлийн эрхлэгчтэй ярья. “Чи хүүхдүүдээ сургуулиас гаргасан гээд л хэлчих” гэхээр нь баярлаад л дахиад уйлчихсан. Хэдэн өдөр өнгөрсний дараа Төрхурхын аман дахь Хонхор өртөөний Айргийн эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч тэтгэвэрт гарах гэж байгаа тул шинэ хүн хэрэгтэй болсон тухай хамт ажилладаг бүсгүй дуулгав. Ингээд би найз бүсгүйтэйгээ Айргийн эмнэлэгт очиж, эмнэлгийн даргын орлогчтой нь уулзаж, учир байдлаа хэлэхэд уриалгахан хүлээж авлаа. Гурав хоногийн дараа даргатай нь уулзатал, намайг Ц.Лоохуузын гэр бүлийн хүн гэдгийг мэдсэн ч ажилд авсан юм. Тухайн үед эмийн сангийн эрхлэгч тэтгэвэрт гарах хараахан болоогүй байсан ч надад эмийн сувилагч гэдэг орон тоо гаргасан даа. Ингээд маргааш өглөөнөөс нь ажилдаа орсон. Сарын дараа нь эмийн сангийн эрхлэгч болж, гурван жил ажилласан. Тэнд ч нэр хүндтэй сайхан ажиллаад, 1989 онд ардчилалын уур амьсгал орж, паспортоо ч аваад тэтгэвэртээ гарсан. Намар нь өвгөн нутгаасаа ирж, бид Дамбад хашаа байшин барьж амьдарсан юм. Ардчилалын залуучууд өвгөнийг ирээгүй байхад л Энхтүвшин, Бат-Үүл, Баабар нарын залуус зөвлөгөө авахаар ирдэг байлаа. Тэгж л нэг халуун ам бүлээрээ цугласан даа. 1990 оны хоёрдугаар сард өглөө эрт радиогоор өвгөнийг цагаатгасан тогтоол уншсаны дараагаас баяр хүргэсэн олны цуваа тасрахаа больсон доо.

-Танай гэр бүл нийт 25 жил хэлмэгдэж явжээ. Энэ хугацаанд та Ц.Лоохууз гуайг 1964 оны хуралд оролцоогүй байсан болоосой гэж харамсаж байсан уу? -Үнэнийг хэлэхэд, би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Бичсэнийг нь уншиж байхад гаж буруу гэх бодол огт төрөөгүй. Тиймээс ч өвгөнийгөө буруу зүйл хэллээ гэж бодож, харамсаагүй шүү.

-Цаг хатуу байсан ч сайн хүн нь муугаасаа олон байсан мэт? -Хэдийгээр бид эсэргүү хэмээн гадуурхагдаж, цөллөгдөж явсан ч тусалж, дэмжиж байсан хүн маш олон бий. Тэр дундаа хөдөөний ард түмэн үнэхээр сайхан сэтгэлтэй. Яах вэ, өмнө нь таниж мэддэг байсан ч нүүр буруулсан хүн цөөнгүй. Гэхдээ тэд эсэргүүний хамсаатан хэмээн цоллуулж, хоолноосоо салахаасаа айсан биз, хөөрхий. Үүнээс гадна огт танидаггүй ч наашаа гэх, туслах хүн олон байсан юм шүү. Тэгэхээр хорвоод сайн нь муугаасаа олон байдаг юм. Харин миний хамгийн харамсдаг зүйл бол хүүхдүүдийн маань төлөвшил. Тэд маань ухаантай хүүхдүүд хэдий ч хар багаасаа хэлмэгдсэн учраас юу бодсон, санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй, дотроо айдастай байдаг мэт санагддаг юм. Ялангуяа том хүү минь хэлмэгдүүлэлтэнд бүтэн өртсөн. Орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн хүүхэд гэнэт сумын төвийн сургуульд орж, аав ээжээсээ хол дотуур байранд амьдрах сэтгэл зүйн хувьд ямар байх билээ. Нэг талаар хүүхдүүд минь хэрсүү болж төлөвшсөн ч нөгөө талаар багаасаа гадуурхагдаж, дарамтанд өртсөн дөө. -Өөртөө үнэнч үлдэх, шударга байх гэдэг таны хувьд юуг илэрхийлдэг вэ? -Зовлон, бэрхшээл хүнийг хурцалж, хатуужуулдаг юм. Тухайн үед хүнд байсан ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үгийн бодит биелэл, жишээ нь бидний амьдрал болов уу. Ардчилал хэмээх сайхан зүйлтэй учирч, өнөөдөр үр ачаа тойруулаад сайхан амьдарч байна. Энэ бол яах аргагүй шударга үнэний ач гавьяа. Юутай ч цаг хугацаа бүхнийг харуулдаг юм билээ.

Ю.Цэдэнбал агсан тэдний хамаатан байсан тухай би уншсан юм. Мах цусаараа холбогдсон хүмүүсээ олон жилийн цөллөг, гянданд хорьсон түүнийг Бүрнээ эгч уучилсан болов уу? Гэхдээ түүнээс ийн асууж зүрхэлсэнгүй. Харин “Гэр бүлийг хэлмэгдүүлсэн хүмүүсийг та уучилсан уу, эсвэл үйлийн үрээ амсана гэж боддог уу?” хэмээн асуухад тэрбээр:

-“Уучилхаас өөр сонголт надад байхгүй ээ. Учир нь тэр бол цаг үеийн асуудал. Социализм, коммунизмын нэг араншин нь бидэнд буусан биз. Харин одоо би тэднийг уучилсан” гэв. Биднийг гарах үед тэрбээр өнөөх л сэтгэлд дулаахан инээмсэглэлээрээ үдсэн бөгөөд ач, зээ нар нь эмээгээ тойрон, тоглосоор үлдлээ.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.