Төрсөн өдрөөс төрсөн бодол

Цаг хугацаа гэж байдаггүй, мань шиг л махан биеийн бодож олсон тэнэглэл шүү дээ гэх. Магадгүй цаг хугацаа урсдаггүй, урьд царцаж орхисныг нь бид мартаад доог хийж суудаг ч юм билүү. Энэ амьдрал дунд 21 жил тэснэ гэдэг амаргүй юм аа. Төгсгөл нь тодорхойгүй, гэхдээ хэзээ нэгэн цагт төгсөх нь тодорхой тоон хүрд эргэх бүрт жилийн яг энэ өдөр л яг хуучнаараа, тогтсон найруулгаар өнгөрдөгт дасжээ. Үргэлж л даваа гариг байдаг, энэ өдөр л байнга давтагдаж байдгийг нээснийхээ төлөө туулайн бөөр модонд хүлүүлсэн Хосе Аркадио нэг иймэрхүү юм мэдэрсэн тухай тайлал байдаг даа.

Төрсөн өдрийн хамгийн эхний мэндчилгээ “…Uheld neg jiler oirtoj bgad ni bayar hurgey…”гэж эхэлж байна. Гарцаагүй үнэнээс бултах аргагүй, эерүүллээ ч эцсийн цэг нь үнэний дэнсэнд хамаатай болохоор яах ч билээ. Гэхдээ энэ нь гуньж гутрах, шалдаа бууж сөхрөх шалтаг биш шүү. Өнөөдрийн эхлэл хамгийн сайхан, ёстой үргэлж давтагдахыг хүсмээр сайхан байлаа. Ээж минь төрсөн өдрийн мэнд хүргээд, үнсэж сэрээлээ, намайг. “Миний хүү 20.00 цагийн үед төрсөн шүү” гэж байна. Миний ээж 21 дарь эхийг шүтдэг, сонин дээр хэвлэгдсэн зургийг хүртэл жаазлаад ханандаа хаддаг, дэвтэртээ наадаг жир бишийн сүсэгтэйг нь хааяа шоолдог юм. Тийм болоод ч тэр үү миний 21 насны төрсөн өдөр ээжийн хувьд хувь заяаны гайхалтай тохироо болж буй нь илт. Гэхдээ ээж минь нэг их нялуун хүн биш учраас үнсчихээд л яваад өгнө лээ. Харин би гэртээ аавтайгаа үлдлээ. Аав минь тэнгэрийн оронд байгаа ч бурхны тавиур дээр заларсан зураг нь амьтай, тэгээд биднийг үргэлж харж, ивээж тэтгэж байдаг гэх мухар сүсэг надад бий.

Аав бид хоёр тав хоногийн зөрүүтэй төрсөн, би гэрийнхээ ганц эрхийн тэнэг нь учраас хоёр төрсөн өдөр тэмдэглэдэг байсан дурсамж тодорч байна. Аавын найзууд гэрт ирэхдээ “эрх шар”-д гар хоосон ирдэггүй. Зургаан настайдаа аавынхаа төрсөн өдрөөр анх удаа бэлэг бэлдэж, аав, ээж бас өөрийгөө зурснаа санадаг юм. Аавыг ээжээс өндөр зурж, хоёр ахыгаа ор тас мартсан учраас ээж учиргүй шүүмжилж билээ. Дурсамж эргэн санахад сайхан ч гэлээ давтагддаггүй, ахиж ирдэггүй нь тоогүй. Бас өнгөрсөн цагт.

Өглөө гэрээс гарахын өмнө бурхны өмнөх хүрдийг эргүүлж, бас аавынхаа хөргийн өмнө хэсэг саатлаа. Аавынхаа зургийг аваад би хацартаа наасан. Аав минь байсан бол намайг үнсэх л байсан учраас би энэ эрхийг өөртөө олгосон юм. Хүний ургуулан бодох, хүссэнээ төсөөлөх төрөлх зангаар аавын минь зураг нээрээ ч над руу инээмсэглэж байна гэж харсан. Аавгүй гэж хэлүүлэх дургүй шалтгаан минь энэ. Бие нь л байхгүй болохоос хүссэн үедээ би аавыгаа бодол дотроо харж, төсөөлж, ярьж чаддаг болохоор энэ байхгүй гэсэн үг биш.

Энэ өдөр л би найзуудынхаа дунд ямар чухал хүн болохоо мэдэрдэг. Гэхдээ бусад үед нь хэн ч биш гэсэн шалтгаан бас биш. Хүн хамгийн дотнын хүндээ сэтгэлийн үгээ хамгийн бага хэлдэг гэдэг дээ. Уулзах бүртээ “Чи миний нэг хэсэг шүү” гэж хэлж зүрхлэхгүй, дотроо бодно, бодохгүйгээр цаанаа л нэг дохио солилцоод байх нь бий. Харин энэ өдөр бид дотор үргэлж байх тэр мэдрэмжээ үг болгон солилцдог юм. Энэ дэлхийн зургаан тэрбум хүнээс ингэж таарах нь жирийн тохиолдох биш л байх.

20 насны төрсөн өдрөөс хойш би нэлээдгүй өөрчлөгджээ. 365-хан хоног шүү дээ. Гэхдээ хүсвэл хэдхэн хором ч амьдралыг минь тэр чигт нь өөрчилж чадахтай харьцуулбал багагүй хугацаа. Эсвэл би өөрчлөгдөөгүй байх, өөрийгөө өөрөөр харж, жав ёсны нэмэгдлүүддээ дассан байх л даа. Өнгөрсөн жилийн энэ өдөр ээж минь нэг нууц задалж билээ. Би энэ ертөнцөд мэндлэхгүй ч байж магадгүй байсан гэсэн. Хачин юм шүү, одоо би энд. Гэхдээ ээж, аав хоёр минь эцсийн шийдвэртээ хожим эргэлзээгүй гэдгээ хэлсээн. Хэрэв буруугаар эргэсэн бол… яаж ч бодсон боломжгүй юм даа. Сэтгэл дотор минь үргэлж байдаг ч санах тоолондоо уудалдаггүй, нандин үгээ хэлье. Ээж ээ, намайг төрүүлсэнд баярлалаа. Эрх шар хүүтэй байхын жаргал, зовлонг мэдрүүлж яваа хүүгээс чинь. Аав минь өнөөдөр намайг, бас таныг үнсэнэ дээ. Яг бидний мэдэх тэр дурсамж амилна.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.