Энни Лейбовиц

Энни Лейцобовиц

Энни Лейбовиц сонирхолтой эмэгтэй биш. Өөрийнх нь хэлснээр “эмэгтэй хүн” гэдэг талаас нь түүнийг сонжвол юу ч олж харахгүй. Гэвч түүний бүтээлүүд хэний ч, бүр урлагийн мэдрэмж огт байхгүй хөдөөний залуугийн ч сэтгэлийн хөвсөлзүүлэх чадалтай. Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөрөг гэрэл зурагчин эмэгтэй гэх алдрын туг түүний ширээн дээр намирдаг ч, түүний хувьд энэ сэтгэл хөдөлгөм зүйл биш. Америкийн нисэх хүчний дэд хурандаа аавынхаа “ачаар” тэр нэг газар тогтвор суурьшилтай байдаггүй нь зан суртахуун, уран бүтээлд нь ч нөлөөлсөн гэдэг. Жонн Леннон түүний өмнө нүцгэлж, Английн хатан хаан Элизабета зөвхөн түүнээс л болж ариун цэврийн өрөөнд хагас цаг саатаж, Вүүпий Голдберг сүүгээр дүүргэсэн ваннинд шоколадан бор биеэрээ булхаж байсан юм. “Миний зургуудад авч байгаа хүмүүстээ дурлахаас айдаггүй нь харагдана” гэж хэлэх дуртай гэрэл зургийн ертөнцийн тод гэрэл Энни Лейбовиц. Тэр бол “энгийн” гэх тодотголд хамгийн ойртсон эмэгтэй.

-Би ичимхий. Ер нь миний мэдэх бүх хүнд угын ичимхий зан чанар нуугдаж байдгийн би мэдэрсэн. Ичих нь чимээгүй “хаалга”-ны түлхүүр. Тэр хаалгыг онгойлговол… Миний гэрэл зургийн орчинд чимээгүй байдал ноёлдог. Чухам ийм л нөхцөлд би “галзуурч” чадна. Ийм л галзуурлаас жинхэнэ зураг амилдаг. Гэрэл зурагчид мэдээллийг шууд дамжуулдаггүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Би үүнтэй эвлэрэхийг хүсдэггүй. Зурагчны зовж авсан тэр агшиныг хэн нэгэн хялбархан ойлгож, үнэлэхэд би дургүй. Галзуурахын тулд хэчнээн зовдогийг та мэдэх үү?

-Би өөрийнхөө хэзээ ч хийж чадахгүй байсан зүйлсийг зургийн аппараттай хамт хийсэн. Тэнгисийн зогсоол дахь загасчдаас намайг хамт авч явахыг гуйдаг байснаа санадаг юм. Учир нь тэдний очих газарт эрх чөлөө бий гэж боддог байлаа. Хэрвээ камер байгаагүй бол би хэзээ ч үүнийг хийж чадахгүй байсан. Зургийн аппарат бол миний найз. Яг л дотнын хүнтэйгээ хамт аялаж байгаа шиг мэдрэмжийг аппаратнаасаа мэдэрдэг. Зургийн аппарат намайг үргэлж зөв зүгт зална. Мартсныг чинь сануулахгүй ч, хэзээ ч харж чадахгүй зүйлсийг өмнө минь нээж өгдөг. Бүх зүйл өөрчлөгддөг шүү дээ. Харин түүнийг өөрчлөгдөхөөс нь өмнө зуурч хоцрох чадал гэрэл зурагчинд л бий.

-Миний зураг болгоноос гүн утга хайх хэрэггүй. Бидний л мэдэх энгийн амьдрал, будаггүй нүүр, нүд, хамар, амнаас таашаал авч болно. Хар бараан дүрслэл, гуниг миний мэдрэмж биш. Харин хар цагаан дүрслэлээс амьдрал үнэртэх шиг санагддаг. 1980-аад оноос хойш би хар цагаан зураг авахаа больсон. Бодвол миний бүтээлүүд “амьдралгүй” болж байгаа юм байлгүй. Өнгөлөг эсвэл тас хар. Энэ хоёрыг зохицуулах хамгаас хэцүү. Гол нь мэдрэмж чухал. Мэдрэмж доогуур байгаа үедээ би юу ч хийдэггүй.

-Хөрөг зураг авах дуртай минь цаг хугацааг зогсоох, өчүүхэн ч гэсэн хэсгийг зуурч хоцрох хүсэлтэй минь холбоотой. Хөрөг зургаар үзэсгэлэн гаргахдаа үргэлж жижиг хэвлэдэгт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Харин би жижиг байх тусмаа ихийг өгүүлж, хүнийг бодуулахад хүргэдэг гэж боддог юм.

-Би багаасаа л хараагүй болохоос хамгийн их айддаг байлаа. Юу ч харахгүй байх шийтгэл гэж байхгүй. Би харанхуйгаас айх эмгэгтэй. Харанхуй гэдэг бол тав тухгүй байдлыг үүсгэдэг. Зураг авах орчинд тав тух хамгийн чухал. Гэхдээ… зургийнхаа баатарт тав тухыг нь зохиомлоор бэлдээд өгчихвөл тэд өөрсдийнхөөрөө байж чаддаггүй юм. Тэгэхээр миний баатрууд тав тухыг өөрсдөө бүтээх болдог. Дүр бүтээнэ гэдэг тэнэг хэрэг л дээ. Гэхдээ өөрийнхөөрөө байх нь үргэлж зөв байдаггүй.

-80-аад онд бүх зүйл хориотой, зураг авах газрууд хаалттай байсан. Одоо бодоход энэ үед л би жинхэнэ эрч чөлөөтэй байж. Шаргуу, уйгагүй Эннигийн дүр зураг тэр үедээ л өнгөрч. Харамсалтай нь нэг ч гэрэл зураг тэр төрхийг минь хадгалж хоцроогүй… хаха. Гэрэл зураг авахын тулд би бүхнээс түрүүнд алхах ёстойгоо мэддэг. Хожимдвол… тэр хэнд хэрэггүй.

-Энгийн байдал бол миний хэв маяг. Хатан хааныг энгийн нэг эмэгтэй гэдгээр нь хүмүүст харуулж чадсандаа би өөртөө баярладаг. Миний хамгийн дуртай хөргүүдийн нэг бол Жосеф Бродскийгийнх. Түүний зохиолыг уншихдаа яаж “тарчилдаг” байсан шигээ гэрэл зургийг нь авахдаа хамгийн ихээр хичээсэн. Түүнийг баяр баясалтай байгааг би хэзээ ч харж байгаагүй нь сонирхлыг минь хамгийн их татсан. Жосефд би ердөө л зургаан кадр зарцуулсан.

Би настай хүмүүсийн хөрөг зураг дарах дуртай. Хүмүүс зурагчдад байгаагаасаа залуу харагдах захиалга өгөх нь элбэг гэдгийг би мэднэ л дээ. Гэвч би байгаа зүйлийг яг тэр цаг хугацаанд л буулгах дуртай.

-Би Диане Арбуст хайртай. Түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй ч хэнээс ч илүү түүнийг мэднэ. 1970-аад онд Нью-Йоркт ирэхэд гэрэл зургийн салбарт Дианегийн нэр л гардаг байлаа. Тэр хүмүүсийн амьдралыг сайн мэддэг учраас нийгмийн сэдэвтэй олон зураг нь бодит, тухайн цаг үедээ тэсрэлт болж чадсан. Тэр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй гэрэл зурагчин гэж би үнэлдэг. Гэвч тэр амиа хорлосон. Түүний үхлийн тухай Патрисиа Воссын номыг уншаагүй, үнэндээ хүсдэг ч үгүй. Учир нь би өөрийн шүтээнээ амиа хорлосон гэдэгт итгэхийг хүсдэггүй.
Нью-Йоркт нүүж ирэх болсон минь зөвхөн түүнтэй л холбоотой байсныг хэн ч мэдэхгүй л дээ.

-Гэрэл зургийг компьютероор янзалахад би дургүй. Фотошопыг бүр үзэн яддаг гээч. Тэр мөчид миний зураг үнэгүйддэг. Зурагчин хүн зураг авахаар кадр дарах тэр мөчид л зураг авах бүхий л ажиллагаа дуусаж байна гэж ойлгох ёстой.

-Би гэрэл зурагчин. Би хүнийг, машиныг бус цаг хугацааг л авч байна гэж ойлгодог. Зураг бол яг л сувинер. Би цулгүй газар, байгаль авч чадахгүй юм билээ. Ямар ч хүнгүй зураг гэдэг амьгүй, сэтгэл хөдлөлгүй, хов хоосон. Тэр зүгээр л газар. Хэн нэгэн ирэхийг хүлээж байгаа элс шороо гэдэг гэрэл зургийн сэдэв биш.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.