Эсперанза Спалдин

Эсперанза Спалдинийг Жаззын гүнж хэмээн цоллож болно. Гэвч гүнж, ханхүү, хаан, хатан гэх улиг болсон хямдхан сэтэр жинхэнэ уран бүтээлчийн язгуур үнэлэмжээс ямагт доогуур оршдог аж. Олета Адамс, Бетти Картер, Мелоди Гэрдот нарын аль нь ч эрт цагийн язгууртны цол хэргэмийн сүүдэргүйгээр хүндэтгэл хүлээж чадсан. Жааз урсгалын залуу төлөөлөгч, таван наснаасаа хойш морин хийлтэй нөхөрлөсөн өнгөт арьс бүсгүйн нэрийг бид юуны тулд дурдах болов оо гэвэл өнгөрсөн зуунд булшлагдах ёстой байсан гэх урлагийн нэгэн чухаг төрлийн шинэ амьсгал болж буйнх нь төлөө л гэчихье. Тэр од биш, хит дууны жагсаалтаас түүний нэрийг харахгүй, “Youtube”, “Vevo”-гоор ханилдаг сая хол давсан сонсогч байхгүй. “Хаа нэг ам нээдэг, этгээдзантай, урлан, номын сангаас салдаггүй, зожиг тэнэг гэх ангилалд багтаах бүхий л шалтгийг тээж явдаг мөртлөө начиртаа жинхэнэ урлагийг эд, эс бүхнээрээ мэдэрч чаддаг хүмүүсийн дууны санд Эсперанза Спалдин гэх шинэ цэс нэмэгдсэн” хэмээн өнөө цагийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхэм Уайне Шортер хэлж байв. Аливаа урлагт бүх нийтээрээ автах мөчид түүний үнэ цэнэ хэдийнэ арилан одсон байдаг гэдэг дээ.

Жаазын шинэ хөг

“Гремми”-ийн шагнал гардуулах 53 дахь удаагийн ёслолын үеэр нэн сонирхолтой түүх бүтсэн юм. “Оны шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд Жастин Бибер, Дрэйк, “Mumford and sons”, “Florence+The Machine” тэргүүтэй тухайн жилийн жинхэнэ тэсрэлтүүд нэр дэвшиж, сэтгэл догдлон хүлээж суутал дугтуй задарч, Эсперанза Спалдиний нэрийг хоёронтоо зарлав. Жааз уран бүтээлч энэ төрөлд ялсан цорын ганц тохиолдлын эзэн Эсперанзагийн ачаар шоу бизнестэй хутгалдсан шинэ цагийн урлагийн тогооноос жамаараа холдож явсан жааз хөгжим эргэн ирж байна.

Түүний ээж испани гаралтай америк эмэгтэй, аав нь гарал үл тодорхой, Бразил хавийн гэж таамагладаг өнгөт арьстан. Гэвч Эсперанзагийн зүрх сэтгэл Америкт ч биш, Бразилд ч биш Португалийг таашаадаг аж. “Португал хэл, дуу хөгжим хорвоо дээрх хамгийн гайхалтай хөг, эгшгийн бүрдэл. Бие минь Америкт төрсөн ч гэлээ португалчуудтай би зүрх сэтгэлийнхээ хамгийн бат бөх уяагаар холбогдсон гэдэгтэй эргэлздэггүй” хэмээн ярьж байсан удаатай. Түүнийг урлагтай, тэр дундаа жааз хөгжимтэй амьдралаа холбоход нөлөөлсөн хүн бол таван настайд нь морин хийл, наймтайд нь гитар, арван гуравтайд нь төгөлдөр хуур зааж өгсөн ээж нь. Өөрийн хүрээгүй оргил руу охиноо зүтгүүлсэн ээжийнх нь хүсэл биелэж, 15 настайдаа Эсперанза Спалдин “Noiso for Pretend”гэх инди рок хамтлагт элсэж, дуу бичих болон өнөөх олон хөгжмийн авьяасаа ашиглах хэрэг гарав.Гэвч тэрбээр хөгжмийн зэмсэгтэй хөөцөлдөхөөс илүү хоолойнд нь нуугдаж байсан гайхалтай аялгууг мэдэрч, өөрийн мэддэг бүхий л жааз, инди рок дуугаа дуулж эхлэв. Түүний хоолой яг л намуухан урсах хүрхрээ мэт хэмээн “Noise for Pretend”хамтлагийнхан ярьж байсан. Удалгүй Спалдин хувийн карьераа хөөхөөр шийдэж, GED группийн залуу уран бүтээлч хөтөлбөрийн шугамаар Портлэндийн их сургуульд тэтгэлгээр суралцах болов. Тэнд тэрбээр анхны продюссер Пет Метанитай танилцжээ. Пет түүнийг “X factor”уралдаанд орохыг ятгаад амжилт олсонгүй. Шоу бизнес гэх хөгийн зүйлтэй хутгалдахыг тэр хүсээгүй учраас тэр байх. Харин Эсперанза аялахыг илүүд үзэв. 16 настайдаа гэрээ орхин, Портлэнд, Ореган хотуудын жааз клубт дуулж яваад Патти Аустинтай танилцав. Паттийн зорилго мөн л дэлхийн тавцан байсан хэдий ч энэ удаа Эсперанза түүнтэй хамтрахаар шийдэж Элла Фицжералдын алдарт “For Ella”дууг бичүүлэв. Эхлэл муугүй байлаа. Гэвч нэрт саксафонич Жое Лованогийн гурвалын санал түүний сонирхлыг татав. Тэд Нью-Йорк, Калифорниор аялаж, жазз хөгжим сонирхогчдын дунд нэлээдгүй нэр хүндтэй болж амжив.

20 настай профессор

Тэрбээр 2005 онд Бостоны жааз нийгэмлэгийн дэргэдэх урлагийн сургуулийг төгсөж, хөгжимчин гэж нэрлэгдэх эрхтэй болов. Удалгүй түүнд нэг сонирхолтой санал ирсэн нь Берклигийн хөгжмийн коллежид багшлах байсан бөгөөд тэр тус сургуулийн хамгийн залуу буюу 20 настай профессор болсон юм. Түүний заадаг хичээлийн гол цөм нь урлаг, тэр дундаа жинхэнэ урлагийг ойлгох мэдрэмж хөгжүүлэх байсан бөгөөд үүнийгээ амьд болгохын тулд ээжийнхээ заасан хөгжмийн төрөл бүрийг ашигладаг байсан гэдэг. Залуу профессор багшийн ажлынхаа хажуугаар 2006 онд “Junjo” хэмээх анхны цомоо гаргаж амжив.Худалдаанд ашиг олоогүй ч гэлээ энэ цомог жааз хөгжим сонирхогчдын дунд шуугиан тарьсан юм. Удалгүй түүний “Esperanza” “Chamber music society”цомгууд гарч жааз хөгжмийн ертөнцөд Эсперанза Спалдиний гэх орон зай бий болгосныг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Энэ зун түүний шинэ цомог гарч магадгүй гэсэн горьдлого байна. “Нью-Йорк Таймс” сонины хөгжмийн редактор Бен Ратлифф “Түүний хоолой гэрлийн намуухан шуугиан мэт олон өнгөтэй мөртлөө тэр нь яг л хүрхрээ мэт шуугин урсаж, аяганд буй мэт нам жим байж чаддаг” хэмээн оношилсон удаатай.

Цагаан товчлуурын аяз

Түүний дууны өнгө аясыг дүрслэх хэцүү. Лав хар бараан өнгийн тусгал байхгүй, ямагт хэр чадлаараа асаж, дүрэлзэж, нисэн, дүүлж буй мэт эрчимлэг бөгөөд уянгалаг сонсогддог. Яг л төгөлдөр хуурын дан цагаан товчлуураар тоглосон ая шиг. Гэвч хамгийн гайхалтай нь “Та ямар уран бүтээлчээс үлгэр дууриал авдаг вэ” гэх асуултад тэр Мадоннаг нэрлэж шуугиан тарьсан. Эсперанза Спалдин- Мадонна сонирхолтой хослол байгаа биз. Мадоннагийн эцэж цуцашгүй эрч хүчийг өөртөө шингээхийг хүсдэг аж. Тэр хөгжмийн шоу болгонд оролцдоггүй, клубт дуулахаа бүр больсон. 2009 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын тайзнаа гарах эрхэм хүндтэй дуучдын тоонд багтаж, өөрөөсөө өндөр морин хийл барин “Precious” дуугаа толилуулсан. Осло хотын төв танхимд цугларсан элит үзэгчдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама багтаж, арга хэмжээний дараа түүнтэй тусгайлан уулзсан аж.

Басс гитар, хийл, морин хийл, цоор, бишгүүр тоглож, жааз, босса нова, нео сөүл стилиэр дуулдаг Эсперанза Спалдины дууг та зориуд нэг сонсоод үзээрэй. “Precious”,“Samba Em Preludio”,“Ponta de Areia”, “Fall In”… Жааз хөгжим, Эсперанза хоёртой жаахан саатах юутай сайхан…


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.