“Үхэгсэдийн хөөрөлдөөн”

“Кираго: Миний эзэмшил бол жад болоод чарлах дуун, элсэн цөл, Бурханд мартагдсан хязгаар нутаг, хэнд ч дуулдаагүй ялалтууд байсан юм. Би Барранка Яако хэмээх газар илд агсаж, морь унасан бүлэг хүмүүст алуулсан учраас л хүмүүсийн нандин дурсамж дотор амьдарч байгаа, хойшид ч тэндээ олон жил үлдэх болно…

Росас: Чи ч хөөрүү хүн юм аа. Өөрийн үеийнхний бахдалаас илүүтэй хойч үеийнхний худал магтаал үнэтэй байна гэж үү. Тэр чинь ямар ч үнэгүй. Хэдхэн задгай зоосны л хэмжээнд хүрвэл дээд гэж хоржоонтойгоор өгүүлэв…

-Магадгүй би талийгаач байж зохихгүй хүн байж мэдэх юм. Гэлээ ч надад энэ газар, энэ яриа яг л зүүд шиг санагдаад байна. Гэхдээ энэ бол миний зүүд биш. Өөр хэн нэгэнд, хараахан төрөөгүй байгаа хэн нэгэнд л зүүдлэгдэж байгааа зүүдтэй илүү адилхан юм даа.

Тэдний хөөрөлдөөн үргэлжилсэнгүй, учир нь яг энэ үед Хэн нэгэн тэднийг дуудсан юм…”

Үнэмлэхүй сайн хэзээ ч байдаггүйтэй адил үнэмлэхүй муу ч гэж бас үгүй. Ядаж хүчээр хэн нэгийг нь үзэн ядах шалтгаан өгөөгүй учраас л энэ харилцан яриаг иш татаж балайрах вэ дээ. Үхэгсэдийн хөөрөлдөөнийг амьд ахуйдаа шүүн тунгаах нь утгагүйн адил Борхес бээр ч бас бурханд итгэдэг юм байна даа гэдгийг ойлгох гунигтай юм. Бурхан байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй гээгүй бил үү? Хэн нэгэн байхдаа ч яахав. Гэхдээ хамгийн чухал нь энэ биш (миний хувьд), хэнд ч дуулдаагүй ялалтууд… Хэнд ч дуулдаагүй ялалтууд… хэнд ч дуулдаагүй ялалтууд. Нийт даяар шагшин магтаж, үеийн үед дурсан, хөшөө багана босгон хүндэтгэл үзүүлдгээс тэс өөр, цөөн хүмүүс мэдэх, бүр хэнд ч анзаарагдаагүй, бүтээгчээсээ ч нууцгай ялалт бидний дунд бишгүй л байдаг хойно. Нийтийн зүрхийг догдлуулсан ялалтын амтнаас нууцгай, аминч ялалт үнэ цэнэтэй байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Гэхдээ бас үнэмлэхүй ялалт байдаг эсэх нь эргэлзээтэй. Ялагдлын амт хэдий чинээ гашуун тусам ялалтын үнэ цэнэ тэр чинээгээр дайвалздаг биш үү?”


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.