Өвөл өнө мөнх

Зуны уйламхай, уйдамхай өдөр өвлийн тухай бодож сууна. Тэр өвөл, өнгөрсөн өвөл жаварт хацраа хайруулан, чихээ даран гүйж байхдаа зуны яг ийм нартай, бас бороотой ялдам өдрүүдийг тэсгэлгүй хүлээж байснаа санав. Харин одоо хүлээлттэйгээ нүүр тулж, хурц нар ээсэн, бороон дуслуудтай зуныг харамгүй мэдэрч байгаа хэрнээ юу бодож сууна вэ, давруу ч бол доо.

Зун цас ордоггүй, бие, сэтгэлийн дулаанаа бие биедээ харамгүй өгөхгүй. Хайр сэтгэл ч байдаггүй, халамж бүр ч хүлээлтгүй. “Хонгор минь гадаа хүйтэн байна, хоноод явах уу”… Зун цонх цантдаггүй. Халуун кофетэй аяганд алгаа дулаацуулан, хацар улайн суудаггүй. Цонхны цасыг ханцуйгаараа арчиж, тэр завсраар цагаан дэлхийг харах зуур цонх дахиад л цантчихна, үлээж үзнэ, аягатай кофегоо ахиад нэг балгана…

Гадаа + 29. Харин миний сэтгэл зүрх хасах хэм рүү тэмүүлэх юм. Өвлийн тухай улигт бодол зун л хүчтэйгээр сэдрэнэ. Цасгүйд цасны тухай бодох нь л хамгийн таашаалтай бололтой. Учир нь ирэх өвөл зуны танхил өдрүүдийг дурсана. Мэдрэмж ийм хуурамч, хувирамтгай.

Улаанбаатарын өвөл өвөл биш, цас нь ч цас биш болсон. Гэхдээ зуны өдрийн бодолд утаа, саарал цас алга. Гацуур модонд тогтсон цасны нандин ширхэгүүд, цаадхан талд нь цантсан цонхтой модон байшин, бүдэг шар гэрэл. Шинэхэн орсон цасан дээр гуталны хээ тогтсон байх вий, хэн нэгэн тэнд байна… Шатам халуунд сэнсээ залгачихаад, хүйтэн кола шимих зуур иймэрхүү л дүрслэл толгойд буух юм, зун л бид өвлийг эд эсээрээ мэдрэх юм даа. Яг л хайр дууссаны дараа бүхий л сайхныг нь мэдэрдэг шиг.

Бороонд норсон бүхэн үзэсгэлэнтэй харагддаг. Яагаад ч юм хүний жинхэнэ гоо үзэсгэлэн тэнд… будаггүй, баггүй, нойтон. Харин цас бүхнийг ариусгадаг гэдэгт би итгэдэг. Бүхнийг цагаан өнгөөр будчихдаг болохоор тэр биз. Тайван амгалан, даарах нь хүртэл зовлонтой биш. Том том цасан ширхэгүүд тэнгэрээс будраад л, бороон дусал шиг яарч биш, ер бишийн тайван. Удахгүй шинэ жил болно доо гэж бодох нь нэг л гоё, чамин мэдрэмж төрүүлнэ. Яг тэр үед их хотын хөл хөдөлгөөн саарч, сэтгэлдээ байх бүхий л сайхнаа эргэцүүлэх, аз жаргал бэлгэлэх хүн хоорондын хамгийн нандин харилцаа цастай өвөл л өрнөнө. Яг одоо цас орвол, яг одоо гараад гүймээр… Гэвч энэ зун.

Амьдралдаа цас, өвөл ямар байдгийг мэдэхгүй нэгнийг бодвол надад дурсамж, хүлээлт, итгэл бий. Дэлхий жилээс жилд дулаарч, цастай өдрийн тоо багасаж байгаа л гэх. Азаар бидэнд өвөл сайхан дурсамжаа харамгүй өгсөн. Хөгжил дэвшилийн оргил үед амьдрах ирээдүйгээс дурсамжаараа бид ялгарна. Тэр хөгжлөөс нь холын хол ч гэлээ бид байгальтайгаа илүү ойрхон аж төрж байна. Зун дуусна, өвөлтэй учрахын тулд уйтгарт намраар дайрна. Гэвч өвөл бөмбөрцгийн хаа нэгтээ л яваа, мөдгүй ирнэ. Энд зун, тэнд өвөл.

Эх дэлхийн анхны цас хэзээ хаана ороод, эцсийн бас хэзээ, хэрхэхийг бид мэдэхгүй. Гэвч үхтлээ амьдрах эх газарт өвөл хэзээ ч дуусахгүй.

Яг одоо цас орж байна. Сэтгэл доторх дурсамжийн орон зайд цасаар шуурч, жавар тачигнасан өвөл, бага нас маань цонхны цаана цагаахан ертөнцийг ширтэн зогсоно. Цас ороод л, ороод л, орсоор л байна гэнэ ээ. Өвөл бүхэн дандаа урт, өнгөрсөн хойно нь л богинохон санагддаг хойно.


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.