Melancholia

Найруулагч: Ларс фон Триер

Зураглаач: Мануэл Альберто Кларо

Гол дүрд: Кристен Данст, Шарлотте Гэйнсбур, Кифер Сазерленд

Киноны нийт төсөв: 9.4 сая ам.доллар

Өөрөөсөө ч нуудаг үнэнийг ичгүүр сонжуургүйгээр өмнө минь дэлгэдэгт тэрслүү Ларс фон Триерт мэхийн ёслоё. Уйгагүй христчингүүдийг ойг гутаасан “Антихрист”-ийн дараа кино сонирхогчдод барих гайхалтай бэлэг энэ байлаа. Холливудын хамгийн уйтгартай жүжигчдээр зэвсэг хийсэн Ларсын ээлжит дайралт харин ч хүмүүнлэг байсныг дурдах хэрэгтэй. Самюэл Беккетийн “Годог хүлээх зуур”-ыг уншсан, үзсэн нэгэнд “Melancholia”-гийн өмнө алга ташилт ч багадахаар байсан биз. Хэзээ ч ирэхгүй Годог хүлээх Эстрагон, Владимир болоод хэзээ мөдгүй ирэх Меланхолияг угтах Жюстин, Клэйр нарын сэтгэл зүй эсрэг тэсрэгийн заагт уулзсан л бол болох нь тэр. Хүлээнэ гэдэг ер нь утгагүй хэрэг. Амьдрал өнгөрсөнд ч биш, ирээдүйд ч биш гагцхүү одоо цагт л өрнөдөг биш билүү?

Нүцгэн урцан дор гар гараасаа барин суугаа жаал хүү, мөнөөх Жюстин, Клэйр нар гарцаагүй ирэх үхэлтэй өөрсдийнхөөрөө нүүр тулж буй нь киноны хамгийн өөдрөг дүрслэл бүхий хэсэг байв. Жан Поль Сартр бээр нэгэнтээ хэлсэн дээ. “Бурхан байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй” гэж. Гэвч тэр нэг зүйлийг мартсан бололтой. Тулсан үхлийн өмнө өөрөө өөрийгөө аварна гэдэг ч байж боломгүй хэрэг аж. Хүн эхлээд тохиолддог, дараа нь тодорхойлогддог хэмээх экзистенциалистуудын бадрангуй үзэл ч нурлаа. Эцсийн цэгт үр дүн нэг л байдаг гэдгийг тэрслүү Ларс хэлэх гээд байна.

Кино хоёр хэсэгтэй. Киноны гол дүр Жюстиний нэрээр нэрлэгдсэн эл хэсэг эхлэл шигээ бадрангуй төгссөнгүй. Хуримын цайллагын үеэр хадам ээждээ доромжлуулахаас өмнө сүйт бүсгүй Жюстин Антарес хэмээх одыг анхлан харжээ. Энэ улаан өнгөт эрхэс манай глактикийн арван зургаа дахь тод харагддаг од юм. Гэвч тэр энэ удаа дэлхий рүү айсуй ажээ. Эхлэлээсээ л итгэл төрүүлээгүй тэдний хурим хадам ээжийн шорвог үг, хуримын шөнөө өөр эрийн энгэрт эрхэлсэн Жюстиний увайгүй үйлдэл ёсоор бүтэлгүйтэв. Магадгүй Меланхолияг хүлээхэд сүйт залуу Майклийн хэрэг үгүй байсан болоод л ингэж өрнөсөн байлгүй. Хүлээлтийн өмнөх салалт. Уйтгартай гэж хэлсэн дээ. Жюстиний, Клэйрийн мөн адил Жонын баяр хөөр нь хүртэл цаанаа анхаарлын тэмдэгтэй, айдастай байх бөгөөд бяцхан хүү Леогийн инээмсэглэл нь ч түгшүүртэй. Гэхдээ хуурамч биш. Галзуурч, сэтгэл мэдрэлийн өөрчлөлтөд орсон Жюстиний нүднээс Антарес ч алга болов. Учир нь дэлхий рүү үхэл үнэртүүлэн довтлох хүчирхэг эрхэс Мелахолия түүнийг хиртүүлсэн байжээ.

Үхлийн бүжигт огт бэлтгэлгүй Клэйр киноны эхний хэсэгт Леог тэврэн, газран цөмлөн алхаж байгаа хэсгийг мартаж болохгүй. Эхлэлээс төгсгөл шууд залгасан өрнөлгүй хуримын золиос Жюстинийг явуулж зүрхлээгүй Клэйрт дөтөлж буй Меланхолияд итгэх нь хүртэл айдас. Тэрбээр төсөөлөл хийгээд айдасаа таньж мэдэхийг эрмэлзэх ч энэ бүхэн утгагүй хэрэг байв. Түрүүн хэлсэн дээ нэгэнт тодорхой нөхцөл байдалд ямар ч бэлтгэл тусыг хүртээхгүй. Антаресийн нууцыг Жюстинд нээсэн, ойртож байгааг нь ч мэдсан Жонын цогцосыг Клэйр морины жүчээнээс олов. Тэр ч бас Меланхолияд бэлтгэлгүй байсан бололтой. Ийнхүү үхэлтэй нүүр тулах ариун үүрэг аймхай Клэйр, сэтгэцийн өвчтэй Жюстин, бяцхан хүү Леод оногдов. Типий маягийн модон урцанд тэд цугаллаа. Үхлийн бүжгийн гойд үзүүлбэр эхэндээ байсан юм шүү дээ.

Эл кино шүүмжлэгчдийн зүгээс харьцангуй эерэг үнэлэлт хүртэв. “Melancholia”-гийн гол дүрд тоглосон Кристен Данст 64 дэх удаагийн “Канн”-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртэж, Холливудаас илүү эрхэм зиндаад хүрсэн. Мөн уг кино “Европын кино наадам”-аас Шилдэг кино, шилдэг зураглаач болон шилдэг хувцас дезайнер төрөлд шалгарсан.

Ричард Вагнерийн галзуу операд хөтлүүлэн, Шведийн үзэсгэлэнт байгаль дунд Меланхолиягийн гүнд хүрээрэй. Тэндээс та увайгүй үнэнтэй нүүр тулах вий. Харин надад нэг санаа байна. Үхлийн бүжгийн төгсгөлд “Set fire to the rain”-ийг сонсоод үзээрэй. Та солиорно, нээрээ шүү. Та солиорно.

Бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл:

http://fun.now.mn/watch/movie/2096.html


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.