We will always love you, Whitney

Үхлийн нууцыг бид өнөө хэр тайлж чадаагүй учраас биднээс явчихсан хэн нэгний араас уйлж, гашуудахаас өөр сэтгэл хөдлөл үзүүлж чадахгүй юм. Магадгүй тэд бүхнийг дахин эхлэхээр, илүү сайхныг мэдрэхээр явсан ч байж болох, тийм үү?. Уянгын дууны хатан хаан хэмээдэг ч ямар ч цол хэргэмийн нөлөөгүйгээр бидний сэтгэлийг хөглөж чаддаг, бурхны номлол мэт түмэн жил хүмүүнийг цэнгүүлэх “I will always love you” дууны эзэн Уитни Хьюстон тэнгэрт хальжээ. 48 нас гэдэг хүний амьдралын нэлээдгүй урт хугацаа хэдий ч илүү удаан, ядаж л нэг хором илүү амьдрахыг, энд үлдэхийг хүсэх сэтгэлийн үүднээс бол харамсалтай богинохон хором ажээ. Амьд ахуйд нь элдэв муу үгийн илдээр хайр найргүй сүлбэж, нулимж, доромжилж байдаг хэрнээ “явчихсан” хойно нь мянган халуун үгээр булаад ямар ч нэмэргүй. Гэлээ ч Уитни амьд ахуйдаа хүнд учирч болох бүх сайхныг, бүхий л муу муухайг амсаж туулаад, энэ насны амьдралдаа нэр төртэйгээр цэг тавих гавъяаг амьд ахуйдаа бүтээж чадсан юм шүү.

Тэрбээр амьд ахуйдаа 415 шагналын эзэн болж, “Гиннес”-ийн номд бүх цаг үеийн хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч хэмээн бичигджээ. Үүний дотор “Грэмми”-ийн зургаа, “Эмми”-гийн хоёр, “Billboard music awards”-ын 30, “American music awards”-ийн 22 шагнал бий. Гэхдээ энэ бүхнээс илүү үнэ цэнэтэй нь зүрх сэтгэлийн холбоо билээ. Уитни 11 наснаасаа эхэлсэн карьерийнхаа турш дэлхий даяар нийт 170 сая цомог, дуу, видео борлуулж амжжээ. Түүнийг хөгжмийн ертөнцтэй загалмайлсан эх нь болох Арета Франклин, үеэлүүд болох Дионе Варвик, Ди Ди Варвик нар нь хөтөлсөн бөгөөд 11 насандаа төгөлдөр хуур тоглож сурч, улмаар сүмийн найрал дуучидтай нэгдсэн байна. 1980-аад оноос түүний моделийн карьеар эхэлж, “Seventeen”, “Cosmopolitan”,“Glamour” сэтгүүлийн нүүрийг чимж байв. Мөн “Seventeen” сэтгүүлийн анхны өнгөт нүүр бүхий дугаарын тэргүүн нүүрэнд түүнийг зураг нийтлэгдэж байжээ. “Бие хамгаалагч” кино болон цомог түүний карьерийн хамгийн оргил үе байсан бөгөөд “I will always love you”, “Run to you”,“I have nothing” зэрэг дуу нь амилсан юм. Гэвч өдгөө түүнтэй холбоотой өгүүлбэр бүхэн өнгөрсөн цагийг заах болжээ. Ганцхан хоног…

Өнөөдөр хөшгөө нээж буй (2.12) “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохоор Уитни Калифорнийн “Beverly Hilton” зочид буудалд буудалсан байсан хэдий ч арга хэмжээ болохоос нэг хоногийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өглөө түүний цогцосыг мөнөөх зочид буудлаас олжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байсан учраас үхлийн шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж байгаа ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Өнөөдөр эхлэх “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын продюссерүүд түргэн авч, өнөө оройны арга хэмжээний үеэр Уитни Хьюстон хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дуучин Женнифер Хадсон гоцлох аж. Тийм ээ, дуугаар түүнийг үдэн гаргах нь хамгийн өөдрөг хувилбар ч байж болох. Тэр магадгүй илүү сайхан руу тэмүүлэн одсон ч байж мэдэхюм.

We have nothing, Whitney. But we will always love you!


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Like what you read? Give Tekist Tegshee a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.