Шоколадтай шагшуур

“шар шар, ихххх, шар, иххх ихххх, шар шар шар”

Бүтэн уут шоколадтай шагшуурыг эхэр татуулан уйлангаа идээд дуусгачихлаа. Энэ шагшуур маань уул нь их тансаг шагшуур, дотуур байрныхаа монитагаас бэлгэнд аваад өвлийн амралтаараа ах, эгч нар дээрээ очихдоо бэлэглэнэ гээд шүүгээндээ хадгалчихсан байсан эд. Тэр орой би өрөөндөө орж ирээд ихэд догдлон и-мэйлээ шалгахад таагүй мэдээ ирж өрөөнөөсөө ахиад гармааргүй, хэнтэй ч ярьмааргүй болсон юм. Би 2006 оны 11 дүгээр сард АНУ-ын Юта мужийн “Васач Академи” дотуур байртай сургуулийн төгсөх ангийн сурагч, хүсэл мөрөөдлийнхөө Йелийн их сургуулиас “early decision” буюу эрт хариугаар “үгүй” гэсэн хариу авчаад уншаад сууж байлаа.

Ахлах сургуульд орсон цагаасаа мөрөөдөж, тэрнээс ч олон жил хөдөлмөрлөж байсны минь үр дүн ийнхүү “үгүй” гэсэн хариугаар үгүйсгэгдэж байгаа мэт санагдаж, Солонгос киноны гол дүр шиг гутран уйлж суулаа. Харин энэ киног урагш нь гүйлгэвэл энэ тийм ч гунигтай түүх биш, харин ч миний амьдралын хамгийн аз жаргалаар дүүрэн мөчүүдийн эхлэл байсан юм. 17 насны минь нус, нулимс, пологтол холилдсон тэр оройноос хойш ойлгосон 5 зүйлээ илэн далангүй хуваалцъя гэж бодлоо.

1. Хүн чин сэтгэлээсээ хүссэн юмныхаа төлөө юу ч хийхэд бэлэн байдаг

Киногоо хойш нь хэдэн жил ухраавал, би их “номын” (nerdy 🤓), ичимхий охин байлаа. Шилдэг их сургуульд элсэн орж, дандаа өөртэйгөө адилхан хичээл хийх дуртай (nerdy 🤓) хүүхдүүдээр хүрээлэгдэхийг хүсдэг байлаа. Харин Америкийн шилдэг сургуулиудын тухай судалж эхлэхэд онц сурч, өндөр шалгалтын оноотой байхын хажуугаар нийгмийн идэвхитэй, спортлог, тал талаар төгс хөгжсөн байж, өөрийнхөө талаар хүнийг уйлтал нь уяраасан эссе бичих хэрэгтэй гэсэн ойлголт авлаа.

Тухайн үед эргэн тойронд маань энэ талаар туршлагатай зөвлөж өгөх ойрын хүн байхгүй байсан учир за за бүх юманд л оролцох хэрэгтэй юм байна даа гэсэн ойлголтондоо хөтлөгдөөл явсан. Тэгээд ямар ч спортын эвсэл, сонирхолгүй мөртлөө сургуулийнхаа лакрос, сагс, хөл бөмбөгийн багуудад элсэж, хэний ч өмнө олон үг дуугарч анхаарлын төвд ормогц нүүр улайн сандардаг байсан ч сурагчдын зөвлөлд өрсөлдөн орж, мэтгэлцээний багт элссэн юм. Энэ нь гэв гэнэт би чадна гэсэн итгэл төрснийх биш харин би ингэхгүй л бол болохгүй, сургуульд орж чадахгүй гэсэн ойлголтдоо хөтлөгдөөд өөрийгөө сорьсон хэрэг юм.

Мөн SAT шалгалтандаа өндөр оноо авахын тулд олон дахин өгөх шаардлага гарч магадгүй гээд 10 дугаар ангиа төгсөөд зуны амралтаараа бэлдэж ирэх намар, хавар нь нийт 2 удаа өгсөн юм. Энэ нь 11 дүгээр ангиа төгсөөд эссендээ зунжин төвлөрөх боломжийг олгохоос гадна, 9 дүгээр ангид байхдаа уншсанаасаа хойш орчуулах юмсан гэж боддог байсан “Сиддарта” номоо ахин хойш нь тавихгүй орчуулах боломжийг өгсөн. Энэ болгон нь миний учир зүггүй гадаа гарах дургүй, огт нийлэх найз нөхөдгүй байсных биш, бас л ингэхгүй л бол би хүссэндээ хүрч чадахгүй гэсэн бодолдоо жолоодогдож байсных юм.

Юм болгон дээр ийм уйгагүй байж чаддаггүй, залхуурч юмыг хойш нь тавьж, болох байлгүй дээ гэж тайван ханддаг тохиолдол надад тохиолддог. Харин тийм үед би энийг чин сэтгэлээсээ хүсэхгүй байна даа гэж дүгнэдэг болсон.

2. Өөртөө итгэх итгэл нь төрөлхийн зан чанар биш хөдөлмөрийн үр дүн

Би хөл бөмбөг тоглох, олон нийтийн өмнө ярих гэх зэрэг өөрийнхөө огт чаддаггүй, бодохоос ч сүрддэг юмнуудыг хийснээр юмыг тууштай хийхийн үнэ цэнийг ойлгосон. Олон цаг судалж суралцаж, өөрөөсөө илүү хүмүүсээр нэрэлхэхгүй заалгаж, давтсаны үр дүнд хичнээн авьяасгүй хүн ч сайжирдаг.

Юманд сайжрах тусам урам орж улам өөртөө итгэлтэй болдгийг би мэтгэлцээний багтаа ороод мэдэрсэн. Би 11 дүгээр ангидаа намар нь элсээд, багш болон багийнхнаасаа суралцаж, бэлдэж бэлдсэний үр дүнд өвөл нь анхныхаа тэмцээнд оролцсон ч багаасаа бараг ганцаараа байр эзэлсэнгүй. Ёстой хэцүү мэдрэмж, яаж ч өөдрөгөөр бодоод гутрахгүй байхын аргагүй. Гэхдээ багийнхан маань миний сайжирсныг гайхаж, бууж өгөхгүй улам хичээ гэж шахлаа. Нээрээ л саяхан хүртэл олон нийтийн өмнө яриа хийхээс зугтааж явсан хүн бас ч гэж тэмцээнд сандрахгүй оролцоод үзчихлээ, илүү сайн бэлдвэл улам л сайжрах боломж байна даа гэж зоригжиж бүр хичээлээ.

Бэлддэг байсан аргуудын нэг жишээ: Мэтгэлцээний нэг төрөл нь “impromptu” хэмээн сэдэв сугалаад 1.5 минут бэлдээд 5 минут илтгэл тавьдаг төрөл байв. Тэр бол миний хамгийн айж сандардаг төрөл байсан юм. Сайжрахын тулд би багшаараа баахан сэдэв зохиолгоод тэднээсээ өглөө бүр нэгийг сугалаад усанд орохдоо амандаа илтгэж бэлддэг байв. Бүх төрөлд ямар нэгэн байдлаар бэлддэг аргатай болж, багийнхантайгаа байнга хамтран ажиллаж, мэтгэлцээний урлагт улам дурлаж, улам өөртөө итгэлтэй болсон. Миний дуртай болж байгааг хараад багш болон багийнхан маань ч урамшиж 12-р ангид ороход намайг багийн ахлагчаар сонгон бүр их итгэл хүлээлгэсэн юм. Тэр их итгэлийг даахын тулд улам хичээж, тэр намар 2 том тэмцээнд оролцож, 2 дахь дээр нь түрүүлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч байсан. Над шиг ичимхий, тэмцээнд бараг л сүүлийн байр эзэлж байсан хүн ганцхан жил чин сэтгэлээсээ бэлдсэний үр дүнд тэмцээнд түрүүлэх хэмжээнд хүртлээ сайжирч, дурлана гэдэг бол төрөлхийн авьяас чадвартай огт холбоогүй зүйл, зүгээр л бэлтгэл, хичээлт, өөрөөсөө илүү хүмүүсээс суралцсаны үр дүн.

Хүн өөртөө итгэлтэй байхад юуг ч хийж чадах юм шиг тэр мэдрэмж бол хүчирхэг, тэрэн шиг кайфтэй мэдрэмж байхгүй. Хүн бүрт өөртөө бүрэн итгэлтэй байх боломж байдаг. Өөртөө итгэх итгэл бол хүн өөрөө л хүсэж, хөдөлмөрлөж байж бий болгодог зүйл. Хичээлээ ойлготол давтчихсан, ажлаа дуустал нь хийчихсэн, тэмцээндээ тултал нь бэлдчихсэн ийм л үед хүн хамгийн өөртөө итгэлтэй байдаг, ийм л үед хүн сайжирч байгаагаа мэдэрч, урам орж, улам хийж байгаадаа дурлаж, би ялна, би чадна гэсэн галтай болдог.

3. Амьдрал бидэнд өдөр болгон шинэ боломжуудыг өгч байдаг, тэрийг олж харж байж хүслүүд маань биелнэ

За бялууртлаа шагшуур идээд уйлж суусан оройноос киногоо хэдэн сар урагш нь гүйлгэе. 2007 оны 4 дүгээр сарын 1 гэхэд АНУ-ын хэдэн сургуулиас “авлаа” гэсэн хариу ирчихсэн, зарим нь бүрэн тэтгэлэгтэй, гадаа ч дулаарчихсан, мэтгэлцээний багийн ахлагчийнхаа албан тушаалыг дараагийн ахлагчид хүлээлгээд өгчихсөн, хичээл, хөл бөмбөгийн бэлтгэлдээ яваад л, ямар ч л байсан АНУ-д их сургуульд сурах боломж хангагдчихсан, цаанаасаа нэг тайвширчихсан сайхан байлаа. Тэр өдөр үдээс хойш бэлтгэлээ тараад өрөөндөө орж ирээд компьютерээ асаалаа. Тухайн үед “AOL instant messenger” гэдэг чатаар хүүхдүүд хоорондоо харьцдаг байлаа. Манай хөвгүүдийн хөл бөмбөгийн багийн Робби гэдэг хүүхэд юм асуух гэсэн юм гээд бичиж байна. За гэчихээд асуухыг нь хүлээгээд и-мэйлээ шалгалаа, хоосон байна. Робби нэг юм шивээд л арилгаад байх шиг байна, тэр хооронд мэйлээ ахин харлаа гэтэл junk дотор нэг юм ирсэн байна. Устгадаг юмуу гээд нээсэн чинь Харвардын их сургуулиас ирсэн мэйл байна. Тэр үед сургуулиудаас байнга олон нийтэд түгээсэн мэдээлэл ирдэг байсан болохоор юу ч бодохгүй уншиж эхэлсэн чинь “we are delighted” (“бидэнд таатай байна”) гэсэн үгийг уншаад шууд шоконд орчихсон.

Аав ээждээ хамгийн түрүүнд хэлье гэж бодсон ч монголд шөнө дунд болчихсон, мөн тэр үед ухаалаг утас гэж байдаггүй үе, надад жирийн ч гар утас байхгүй, байрныхаа утсаар 30 охин ээлжилж ярина, олон улс руу гадагшаа ярих карт манай тосгонд олдохгүй, аав ээжээс дуудлага орж ирэхийг хүлээхээс өөр аргагүй байдаг байсан юм. Яаж зүгээр байхав дотуур байрныхаа амралтын өрөөнд очиж тэнд байгаа хэдэн охидод хэлтэл тэдний зарим нь өмнөөс баярлаж ээж нар рүүгээ залган хэлж, нэг нь надад гар утсаа хэрэглүүлж би Вашингтонд амьдарч байсан ах, эгч нартаа хэлж баярлуулж билээ. Тэгж тэгж өрөөндөө эргэж ирээд мэйлээ ахин тухтай унших гээд суутал хөөрхий Робби маань чатаар “prom” (төгсөлтийн үдэшлэг) хамт явах уу гэж бичээд, хүлээгээд хариу ирэхгүй байсанд бантаад баахан өөртэйгөө юм биччихсэн байв. Инээд алдан тэгье гэж биччихээд хоолны цаг болтол ирэх жилийнхээ амьдралыг төсөөлөн хэвтэж билээ.

Йелээс авахгүй гэсэн хариу сонссоноос хойш би яг үнэндээ хамгийн шилдэг сургуулиудын аль нэгэнд орж чадахгүй нь дээ гэж бодох болсон юм. Гэхдээ Йелээс хариу авчихаад бусад сургуулиуддаа өргөдлөө бэлдээд өгөх сарын хугацаа байсан юм. Мэдээж хичээлийн дүн өөрчлөгдөхгүй, SAT дахин өгөхгүй, гэнэт шинэ авьяас хобби хөгжүүлэх боломжгүй ч эссегээ засан сайжруулах боломж байна гэж хараад өвлийн амралтаараа уйгагүй ажилласан. Зунжингаа 2 эссе бичиж суусан бол тэр хэдхэн долоо хоног дотор дор хаяж 10 эссе бичиж, англи хэлнийхээ багшид өдөр болгон явуулж засаж дүгнэж өгөөч гэж гуйж, тэрнээсээ хамгийн гоё болсныг нь шилж сургуулиуддаа явуулж, үлдсэнийг нь сургуулиудын нэмэлт эссенүүдэд тааруулаад явуулсан.

Анхнаасаа эссегээ өөрөөр бичсэн бол Йелд орох байсан эсэх нь эргэлзээтэй, магадгүй яг тэдний хүсч байсан сурагч биш байсан байх. Харин хүсэл мөрөөдлийнхөө Йелээс эртхэн үгүй гэсэн хариуг сонссоноор би амьдралынхаа дараа дараагийн олон зуун “үгүй” гэсэн хариуд илүү сэтгэл санааны бэлтгэлтэй болсны хажуугаар, сиймхий ч гэсэн сайжрах боломж байна гэж хараад тэр боломжийг ашигласан. Тэгснээр би материалуудаа 12 дугаар сарын 31-ний өдөр сургуулиуд руу явуулахад өөрийнхөө хийж болох бүхнийг хийсэн, ямар ч хариу ирэхэд өөртөө гомдохгүй гэсэн сэтгэл хангалуун мэдрэмжтэй байсан юм. Тийм учраас би Харвардаас хариу хүлээж байгаагаа ч мартчихсан, тайван байв. 4 дүгээр сарын 1-ний тэр өдрөөс хойш өдөр бүр илүү догдлон, төгсөлтийн үдэшлэгээрээ сэтгэл дүүрэн баярлаж, ахлах сургуулиа төгссөн билээ.

Амьдралд нэг хаалга хаагдахад хэд хэдэн өөр хаалга нээгдэж байдаг. Харин буруу хараад суучихсан байгаа хүнийг соронздож хаалгаар чирж оруулахгүй нь мэдээж. Хүн өөрөө л хаана ямар хаалга байна гэдгийг хайж, нээж үзэж, нээгдэхгүй байгаа хаалгыг эвдлээд ч хамаагүй орох ёстой.

4. Аливаа үнэ цэнэтэй зүйл хэзээ ч амархан бүтдэггүйг ухаарч юмыг амархан бүтээхийн төлөө биш өөрийгөө илүү чадварлаг болгохын төлөө зорьж ажиллах хэрэгтэй

Намайг Харвардын их сургуулийг төгсөхөд хүмүүс “компаниуд уралдаад л ажилд урьж байна уу?” гэж асуух тохиолдол их байсан. Оксфордын их сургуулийн магистраа төгсөхөд ч мөн адил, бараг л бэлэн том албан тушаалд очих ёстой юм шиг яриа гардаг байлаа. Энэ нь сайхан сэтгэлийг агуулж байсан хэдий ч бодит байдлаас их хол. Үнэн хэрэгтээ бол хэн ч хэзээ ч чамд бэлэн юм өгөх албагүй, хэнээс ч ямар ч бэлэн юм хүсэх ч эрхгүй. Ямар ч сургууль төгссөн бай ажлын байрыг хэн ч зүгээр бэлдэхгүй, хичнээн онц сурсан ч бай сургалтын тэтгэлэг гардуулаад өгөхгүй, ер нь юу ч байсан бид өөрсдөө л хүсэж, хөдөлмөрлөж, хөөцөлдөж байж л бий болгодог.

Би Харвард төгсөх жилээ бусад ангийнхныхаа адил, хаа ч газрын шинэ төгсөгчдийн адил CV-гээ бэлдэж, сонирхсон компаниудаа судалж өргөдлөө явуулж, ярилцлаганд орж, тэнцэхэд нь тэнцэж, тэнцэхгүйд нь тэнцэхгүй явсаар Рио Тинто компаний Австрали дахь салбараас ажлын гараагаа эхэлж байсан. Оксфордыг төгсөхөд би хаана ажиллах уу, юу хийх үү гэдгээ бодож судалж байтал тэнд ажилладаг монгол найз Монжигоос маань Маккинзи-г сонирхох уу гэсэн сайхан боломж гарч ирж CV-г минь дамжуулж өгч байсан. Гэхдээ л найз чинь хэлээд өглөө, та манай компанид тавтай морил гэж хэзээ ч урихгүй, бас л хүн бүгдийн адил заасан шат дамжлагаар нь шалгалт, ярилцлаганд орж байж л тэнцсэн. Ажилд орсон хойно бол хаана юу сурч байсан, хэний танил гэх мэт зүйлс бүр ч огт хамаагүй болж, ерөөсөө хийсэн ажлынхаа үр дүнгээр л дүгнэгддэг.

Би энийг хэлснээр надад сайн сургууль төгсөх ямар ч ач холболдолгүй байсан гэх гэж байгаа хэрэг биш — надад үнэхээр зөндөө боломжийг нээж өгсөн, өгсөөр ч байгаа. Харин надад өгсөн хамгийн чухал зүйл бол аливаа зүйлд хэрхэн өөрийгөө бэлтгэх үү, юмыг яаж хурдан бөгөөд нуxацтай суралцаж, чанартай гүйцэтгэдэг болох уу гэсэн зан чанарыг сургаж суулгасан явдал юм. Диплом гардаж аваад л бүх юм амархан болох биш, харин сурах үйл явцдаа юунд ч өөрийгөө бэлдэх чадвартай болгох л хамгийн чухал. Ахлах сургуульд байхдаа шалгалт шүүлэг, сургуулиудын өргөдөл бэлдэхээс эхлээд л энэ чадвараа бид хөгжүүлж эхлэн тэрнээс хойшиx алхам тутмынхаа хичээл зүтгэл, амжилт болон уналтаасаа суралцаж, өөрийн чадал хөдөлмөрөөрөө улам их өндөрлөгт өөрийгөө сориход бэлэн болгодог. Энэ нь фитнесс хийж биеэ хөгжүүлэхтэй адилхан санагддаг. Хүн хэсэгхэн хугацаанд биеэ тултал нь хөгжүүлчихээд л үлдсэн насан туршдаа санаа амар дуртай юмаа идэж уугаад хөдлөхөө больчихвол нөгөө гоё болсон бие нь таргалаад нөгөө мундаг булчин шөрмөс нь алга болчихно. Харин зөв эхэлчихээд тууштай дасгал хийвэл булчингууд нь улам л хөгжиж, бие нь дасч улам тэсвэр тэвчээртэй болж, илүү хүнд дасгалыг улам чадварлаг хийдэг болдог. Гол нь хэзээ ч зогсохгүй байх.

5. Хичээж сурсан ямар ч зүйл, сонирхож олж авсан мэдлэг хэзээ ч цагийн гарз байдаггүй

“Юухан ч сурсан эрдэм” гэх үгийг ээж аав маань жоохон байхад их хэлдэг байсан, жил ирэх тусам л ямар үнэн үг вэ гэж бодогдох болсон. Стив Жобс хүртэл 2005 оны алдарт Станфордын илтгэлдээ (https://www.youtube.com/watch?v=UF8uR6Z6KLc) их сургуулиасаа гараад сонирхлоороо калиграфын хичээл үзэж гоё уран бичиж сурсан нь тээр олон жилийн дараа Maк компьютрийн үзэмж сайтай олон төрлийн фонт бий болгохын үндэс болсон гэж ярьж байсан. Стив Жобс маань тэр хичээлд сонирхож суугаад, идэвхтэй суралцаагүй байсан бол бид бүгд компьютер дээр юм шивэхдээ дандаа л нэгэн хэвийн уйтгартай фонттой байх байсан ч юм билүү.

Түүнтэй адилхан бид сонирхлоороо юм уу шаардлагаар маш олон юм сурах боломж гардаг. Юм унших, сонсох, хийх тоолондоо л шинэ мэдээлэл, ур чадвар олж авах боломж байдгийг бид нээлттэй, идэвхтэй хүлээж авч хөгжүүлэх хэрэгтэй. Би ахлах сургуульдаа мэтгэлцээний багт байсан маань сургуульд ороход тодорхой хэмжээнд нөлөөлсөн л байгаа, гэхдээ тэрнээс илүү нь надад олны өмнө арай итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх чадварыг бий болгосон. Энэ чадвар маань хэзээд ч хэрэг болж байдаг, болсоор ч байх болно. Хэдийгээр тамирчин болох байтугай нээх онц сайжирсан юм байгаагүй ч (ялангуяа хөл бөмбөгт бол найдваргүй) спортын багуудад тоглосноор маш их зүйлийг олж авсан. Тухайн үед тасралтгүй хичээллэснээр надад биеийн тамир, багийн ажиллагаа, тэсвэр тэвчээр гэх мэт зүйлсийн ач холбогдлыг ойлгуулж өдөр тутмын хэв маягт маань тодорхой хэмжээнд суулгаж өгсөн юм. Дор хаяж л дэлхийн аврага шалгаруулах тэмцээн үзээд суухад тоглоом, дүрмийн ойлголттой байх хичнээн амар гээч.

Бид ер нь л эргэн тойрон, өдөр тутмынхаа амьдралаасаа байнга л маш их хэрэгтэй мэдээлэл, мэдлэг олж авдаг. Гэрийн ажил хийх, төрөл бүрийн ном сэтгүүл унших, хүмүүстэй тухтай ярилцах, аялах, шинэ хобби хөгжүүлэх гээд л бид ерөөсөө л хийсэн юмнуудынхаа л бүрэлдэхүүн байдаг. Гол нь юу ч хийсэн, тэрийгээ өнгөцхөн биш, хичээж, ойлгож, сонирхож хийвэл цаашид үлдэцтэй байна. Хоол хийлээ гэхэд янз янзын амтыг туршиж, хийх болгондоо ур чадвараа сайжруулвал амьдралд хэзээд ч хэрэг болох ганц чухал ур чадварыг эзэмшинэ. Нүүр будалтын бичлэг үзэх дуртай бол тэрийгээ ойлгоод, хийж үзээд, давтаад, ямар ч арга хэмжээнд өөрийгөө болон найзуудынхаа нүүрийг будчихдаг болвол бас л хэрэгтэй. Цаашлаад түүгээрээ мөнгө олдог ч болж болно. Юу ч сонирхож байсан, тултал нь хийвэл хэзээ ч цагийн гарз байхгүй, хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм. Харин юмыг дутуу, идэвхгүй, хийсэн ч биш хийгээгүй ч биш сэтгэлээр хандах л хамгийн цагийн гарз. Зурагт үзсэн ч дутуу үзэх, нэг хүнтэй яриад суухдаа утсаа оролдоод бүрэн анхаарахгүй байх, зорилгогүй утсаа маажиж суух (би инстаграмд хайран олон цагаа зардагаа багасгаад л байгаа!), шинэ хобби дөнгөж эхлүүлчээд дандаа дундаас нь хаях гэх мэт бид зөндөө юмыг дутуу, зорилгогүй хийдгээ болиод анхааралтай хийхэд л Стив Жобс шиг ирээдүйд хүн төрөлхтөнд хэрэг болох юм мэдээд авчихсан ч байх юм билүү хэн мэдлээ.

Эдгээр сурсан 5 зүйл маань маш энгийн, урьд нь сонсож л байсан зүйлс мэт байна байх. Харин энийг өөрийн туршлагатайгаа холбож бичсэнээр илүү бодитой, ойлгомжтой байх юм болов уу гэж бодлоо. 2006 оны 11 дүгээр сарын шоколадтай шагшуур пологттол иддэг тэр оройноос хойш яг 12 жил өнгөрсөн байна, энэ нь бүрэн дунд боловсрол эзэмших хугацаатай тэнцэх хугацаа гэхээр цаг хугацаа маш хурдан хэрнээ маш ихийг агуулдаг юм байна. 12 жилийн өмнөх тэр орой би хүсэл мөрөөдлийнхөө сургуулиас “үгүй” гэсэн хариу авчихаад ганцаараа уйлж суухад амьдралын маань олон ангит цуврал кино маань яаж үргэлжлэх талаар огтхон ч төсөөлөлгүй байсан. Тухайн үед киногоо хэдэн сар гүйлгээд үзсэн бол ирэх намар нь Харвардад элсэн орж, 10 жил гүйлгэхэд Оксфордыг төгсөж, тэрнээс хойш маш сонирхолтой ажил хийж дэлхийгээр аялах боломж өгдөг Маккинзи компани-д ажиллаж, их л адал явдлаар дүүрэн, баяр баясгалантай кино байх байжээ. Одооноос дараачийн 12 жилд кино маань яаж үргэлжлэх нь бас л таашгүй ч чин сэтгэлээсээ хүсэн хөдөлмөрлөж, байгаа боломжуудаа тултал нь ашиглаж, байнга өөрийгөө сорин сайжруулж, шинэ юмыг идэвхтэй сурч байхад зам маань нулимстай холилдсон шагшуур шиг давстай ч, шоколад шиг амттай байх болов уу гэж бодож байна.

Та уншаад санаанд орсон өөрийнхөө амьдралын киноны үйл явдлуудаас хуваалцахыг уриалж байна :)