10 хоногийн Випашяна бясалгалаас би юу сурав? — үргэлжлэл

Enkhtsatsral Tsatsa
Nov 8 · 5 min read
Photo by Jon Tyson on Unsplash

Миний сурсан хичээл #5: Одоодоо амьдрахыг илүү ойлгосон нь

Одоодоо амьдар, энэ агшинд байгаа бүхэндээ талархаж бод гэдэг зөвөлгөө зөндөө сонсож байсан байх. Би ч маш олон удаа уншиж сонсож байсан. Гэвч мэдэх болоод ухаарч ойлгох хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй аж. Салж хагацамгүй амтат дурсамжаа бодож тэр үед л, тэнд л, тэрэнтэй л байхдаа хамгийн аз жаргалтай байсан, харин одоо тийм байж чадахгүй байна хэмээн харамсаж өнгөрснөөсөө зуурах, эсвэл бодохоос өр өвтгөм гомдолтой түүхээ бодож өөрийгөө өрөвдөж өнгөрсөндөө амьдарсаар л байна уу? Үүнтэй адил бид ирээдүйн төсөөлөлдөө бас их амьдарнаа. Төсөөлөл, мөрөөдөлдөө амьдарч байгаа хүний хувьд одоо цаг дамжин өнгөрөх шат дамжлага мэт санагдаж өнөөдрийн зовлон шаналал, сэтгэл санааны байдал нэг их сонин биш. Гэтэл төсөөлөл бидний харж мөрөөдөж байгаагаар өрнөж ч болно үгүй ч байж болно. Ялангуяа олон хувьсагчтай бүр төвөгтэй. Энэ бүгд ойлгомжтой л сонсогдож байгаа байх. Тэгэхээр өөрийн ухаарсан түүхээ хуваалцая 😁. Бичихэд жоохон ичмээр ч миний л мэдэрсэн зүйл болохоор яалтай. Хоёр дах байна уу гурав дах өдөр нь бясалсалдаа сууж байлаа. Төвлөрөх гэж хичээх тусам хаа хамаагүй бодлууд орж ирж сарниулна. Гэхдээ нэг авууштай нь энэ үед би ядаж юу бодож байгаагаа анзаардаг болсон байлаа. Нэг анзаарсан бага насаа бодож байна, ээж минь намайг алдаж онож байхад яагаад түс тас хатуу ч хамаагүй хэлээгүй юм бол, би одоо өөрийгөө оронд нь тавиад бодвол охиндоо хэлэх л байсан. Ингэж бодохуйд дотор хүндрээд л ирсэн. Тэгснээ дараагийн агшинд би ирээдүйд оччихож. Ажил карьераа амжилттай байх талаар төсөөлж бодохтой зэрэгцэн нүүрэнд инээмсэглэл тодорч жоохон жуумалзаж байна. Бясалгалын танхимд 100 гаруй хүний хааяа ханиах, хоолойгоо засахаас өөр чимээ аниргүй. Яг энэ үед гадаа нэг хэрээ Гуаг Гуаг дуугарлаа. Би гэнэт сэрсэн юм шиг болж сүүлд толгойд орсон бодлуудаа нэхэн бодов. Тэр хэдхэн хоромд өнгөрсөнд очиж нэг гомдоод, ирээдүйд очиж нэг баясаад иржээ. Сэтгэл санааны байдал мэдээж дагаад намирна. Гэвч үнэндээ би энэ нам гүм дунд, яг одоо энд байсныг тэр хэрээ багш сануулж байгаа мэт. Намайг гадуур тэнэлгүй эндээ байгаач гэж загнаж байгаа мэт. Ингэж би одоо, хором мөчдөө байхын учрыг ойлгоод баярласан гэж. Эрт ухаараагүй ч одоо амжиж ухаарсандаа их хөөрсөн. Гоё мөч!

Photo by narubono on Unsplash

Миний сурсан хичээл 6: Мөнх бус хорвоо

Бүх зүйлс мөнх бус. Би ч , та ч, таны, миний баяр хөөр, гуниг зовлон, тав тух, эд хөрөнгө гээд бүх юмс зуурдын шинж чанартай. Миний ойлгосноор энэ ухагдахүүн Випашяна бясалгалын цөм нь. Гэхдээ үүнийг яс махаараа мэдэрч бие сэтгэл хоёрыг холбодгоороо энэ бясалгал гайхалтай санагдсан.

Өмнө бичсэнчлэн өдөрт 11 цаг бясалгал хийн суухад энд тэнд ирвэгнэж (ялангуяа үс ихтэй над шиг хүнд их тохиолддог асуудал хэхэ) маажмаар санагдах, суудлаа засмаар, хуянгаа барьмаар, түрэн орж ирсэн бодолдоо захирагдаж үймэрмээр үеүүд олон. Гэтэл бидний даалгавар бол тэдгээр мэдрэмжүүдийг өөрийн бие, сэтгэл санаа биш мэтээр төсөөлж ХӨНДЛӨНГӨӨС АЖИГЛАН ХАРИУ ҮЙЛДЭЛ ХИЙХГҮЙ БАЙХ. Яагаад гэвэл эдгээр таатай болон таагүй мэдрэмжүүд хар аяндаа үүсээд тодорхой хугацааны дараа замхарна. Бүх мэдрэмжүүд ийм л зарчим хуулийн дагуу өрнөнө. Тэр бүрийн хойноос хөөгөөд байвал бие ч сэтгэл ч хүрэлцэхгүй элэгдэнэ. Уурлалаа гэж бодъё, тухайн үедээ байнга тийм байх мэт санагдавч хэсэг хугацаа өнгөрөөд тайвширчихдаг. Сэтгэл санаа сайхан инээд хөөртэй байвч нэг мэдэхэд хоосон санагдаад ирдэг. Аргамжиж болохгүйг аргамжих гэж, хувирах жамтайг хуучнаар нь байлгах боломжгүй.

Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү л дээ. Өөрийн бодол санаа хаана байгааг, мөнхөд үргэлжлэхгүй эдгээр мэдрэмжинд автаж боол нь болохгүй байх тухай асуудал.

Миний сурсан хичээл #7: Аз жаргал өчүүхэн, маш энгийн зүйлд оршдог.

Бясалгалын заал орох зам

Бас нэгэн түүх:) . Бясалгал хэдийнээ дундаа орсон байлаа. Энэ үед сэтгэл санаа маш гоё тайван, юунд ч адгаж яарахгүй, алхах, амьсгалах хүртэл бясалгал мэт санагдаж байсан. Манай бясалгалын төв том хашаагаар гадаад орчноос тусгаарлагдсан. Нэг өдөр цайны цагаараа тагтан дээрээ гараад нарлаж байгаад хашааны гадаа 3 хүүхэд байгааг харлаа. 4-с 8-н насны боловуу гэмээр хүүхдүүд. Ах нь бололтой нэг хүү сэмээрхэн нуугдаж ирээд эмэгтэй эрэгтэй хоёр дүүгээ цочиоход тэр гурав цангинатал инээн баясав. Ямар гоё гэнэн, зөнгөөрөө гайхалтай инээд вэ! Аз жаргалтай байх талаар тэр 3 лав бодож хичээгээүй байх. Гэвч аз жаргал энэ л байх гэмээр тэр инээд, баяр хөөр 😍.

Аз жаргалын ардаас элдэхгүйгээр, тайван тогтож суугаад эргэн тойрноо нэг сайн харах нь илүү ойрхон.

Миний сурсан хичээл #8: Хэн нэгэн, эд зүйлс, нийгмийн статус гээд юунаас ч хүлээсгүй амьдрах

Бясалгалын 7 дах өдрөөс биднийг ганцаараа бясалгаж сургах зорилгоор суварга дотор бараг цонхгүй, маш өндөр таазтай, нэг л хүн багтах өрөөнд тусгаарлан орууллаа. Хэт жижигхэн давчуугаас болсон уу нэг тийм бачуурсан эрх чөлөөгүй мэдрэмж төрсөн. Хорих газар хүмүүс иймэрхүү л байдаг байхдаа гэж бодогдов. Энэ бол биеийн эрх чөлөөгөө алдах. Гэтэл бид сайн дураараа өөрийн сэтгэл санааг шорон бариад дотор нь хийчихдэг, эсвэл ямарваа нэгэн юмнаас хүлж орхиод боол нь болгодог. Чухам энэ хүнтэй л хамт байвал би аз жаргалтай амьдарна, ингээд жоохон өөрчлөгдчихвөл, их мөнгөтэй болчихвол, өндөр албан тушаал эрх мэдэлтэй болчихвол гэсэн бодол, хичээл зүтгэл бүрийн цаана бат бөх хүлээс бий. Хүлээс хамааралгүй, эрх чөлөөтэй зөнгөөрөө байх.

Миний сурсан хичээл #9: Өнгөрсөн цаг руу хийх цаг хугацааны аялал

Өнгөрсөн үе рүүрээ зочилж очоод ямар ч сэтгэл санааны эерэг сөрөг нөлөөгүйгээр томоохон үйл явдлуудыг анализ хийх. Энэ өмнө бичсэн өнгөрcөндөө битгий амьдар гэдэгтэй зөрчилдөнө л дөө. Гэхдээ амьдрах талаар биш түр зочлох талаар ярьж байгаан. Миний бодлоор бид ухаан орсон цагаасаа хойш үзэж туулсан амьдрал, хэн нэгэн, үйл явдлыг тухайн үеийн сэтгэл хөдлөл дээр үндэслэн дүгнэлт хийгээд өнгөрсөнд нь хав дарчихдаг. Өнөөгийн өндөрлөгөөс харахад тэр үед болсон асуудал арай өөрөөр харагдах байх. Баярлаж талархсанаа бүрэн илэрхийлээгүй мэт санагдаж байвал сэтгэлээ илэрхийлээд, гомдож зовсон мэдрэмж бодох бүрд төрж байвал тэр үйл явдал, хүмүүсийг уучлаад эсвэл зүгээр л өнгөрсөнд нь үлдээж баяртай гээд тавьж явуулах.

За ингээд дууслаа. Ойлгоход хэцүү сэдвийг бичихэд бүр ч хэцүү юм.

Эцэст нь Випашяна бясалгал хэн бүхэн амьдралдаа заавал нэг үзэх туршлага гэж бодож байна. Хүн бүр өөр өөр мэдрэмж ухаарал авах байх.

Түр баяртай!

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade