10 хоногийн Випашяна бясалгалаас би юу сурав?

Випашяна бясалгалтай холбогдсон түүх
Хэнтэй ч ярьдаггүй 10 хонодог бясалгалын талаар 2015 онд ажлын хүнээсээ сонссоны дараа хирэндээ хөнгөн судалгаа хийж тэрхүү бясалгал Випашяна гэдэг нэртэй бөгөөд Монголд ганц газар л урин дулаан цагт хамрагдах боломжтойг мэдэж авсан. Тэр үед byasalgal.mn сайтаас уг бясалгалын гарал үүсэл, аргачлалын талаар уншаад таалагдсан учраас нэг боломжоороо явах юмсан гэж бодсоор 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд боломж ч олдсонгүй, дандаа ажил хичээл сургууль гээд явж байгаа завгүй үед 10 хоног бясалгалд зориулна гэдэг угаасаа чанга л даа. Тэгж явсаар байтал надад яг сайхан тохироо нь бүрдээд ирсэн. Бүтэн цагийн ажлаасаа гарч гадаадад сурч төгсөөд дараагийн ажлаа эхэлтлээ Мьянмар улсын Янгон хотод 3 сар гаран чөлөөтэй байгаа маань бясалгалд явах боломжийг олгосон.
Мьянмар улсад бясалгалд бүртгүүлсэн нь

Монголоос бясалгалчид олноороо зорьж ирж суудаг гэж сонсож байсан учраас энэ хотдоо Випашяна төвүүдийг судалж хайлаа. Янгон хотын төвд байрлах Dhamma Joti Vipassana centre гэдэг газар олов. Азаар миний онлайнаар авч байгаа хичээлийн улирал хооронд бас ажил эхлэхээс нэлээн наана 10 хоногийн бясалгалын хуваарь яг таарч байна.Тэр даруйдаа мэдээлэл бөглөж өргөдөл явуулав. Сүүлд хүмүүсийн ярианаас сонсоход хоёр сарын өмнөөс бүртгүүлж байж хамрагдаж байсан гэнэ. Тэгэхээр би их азтай, хүн багатай үед нь таарсан байх нь, учир нь хичээл эхлэхээс 21 хоногийн өмнө л хүсэлт явуулсан ч эхний оролдлогоор хамрагдах зөвшөөрөл авч чадсан.
Миний бясалгалын туршлага
Миний бясалгалын түүхээс сөхвөл нэг их арвин туршлага байхгүй л дээ. Сүүлийн үед энд тэндэхийн хамаг мундаг хүмүүс бясалгаж, түүнийхээ ач тустайг хуваалцсаар ирсний нөлөөнд автаж оролдсоноос цаашгүй. Өдрийн зөв дадал хэвшүүлэх сорилтондоо өдөр бүр бясалгал хийхийг хичээж гар утасны headspace апликэйшн ашигладаг байлаа. Өглөөдөө 10 минут төвлөрөх гэж бөөн юм болно. Нүдээ аниад заавраа сонсоод хэдэн секунд суухад хэрэгтэй хэрэггүй, хол ойрын элдэв бодлууд туучин орж ирнэ. Тэгээд бясалгалаа хийсэн болоод өнгөрнө, гэхдээ тэр явцад сэтгэлийн амар амгалан эдэлж, бясалгалын үр ашгийг хүртсэн гэвэл үнэнээс холдох байх.
Бэлтгэл үе
Өмнө нь хүмүүсээс сонсож байсан учраас сэтгэл санааны бэлтгэл харьцангуй сайн байлаа. Тийм ч боломжийн байрлах газар, хоол унд, тав тух хүлээхгүй байх нь лавтай, мөн бясалгалын дэг жаяг ч чанга биз гэсэн хүлээлттэй очсон. Яг үнэндээ 10 хоног биш бэлтгэл өдөр, гарах өдөртэйгээ нийлээд 12 хоног байсан. Бэлтгэл өдөр буюу Day 0 –ийн өдрийн 3 цагт нэг хар чемоданд 10 хоног хэрэглэх зүйлс болох алчуур давуу, эвтэйхэн хувцас, саван, салфетка, усны саваа хийгээд бясалгалын төвдөө очлоо. Үүднээсээ эхлээл эерэг, нэг тийм энэрч хайралсан уур амьсгал мэдрэгдсэн. Оройн 5 цаг хүртэл байрлах өрөөндөө төвхнөх, өрөөний охинтойгоо танилцах гээд завгүй байж байгаад 5 цагт утас, компютер, түрүйвч, ном сонин зэргээ хураалгаж хадгалуулна. Ингээд л гадаад ертөнцөөс тасарч байгаан. Үүний дараа эхний хичээл болох бясалгалын үед дагаж мөрдөх дүрэм журмыг танилцуулаад хоорондоо ярихгүй, чанга чимээ гаргаж болохгүй ЧИМЭЭГҮЙ үе эхэлнэ. Хэн ч хэнтэйгээ ярихгүй, бие бие рүүрээ харахгүй, хүрэхгүй байж бусаддаа аль болох саад болохгүйг хичээх ёстой.

Миний сурсан хичээл #1: Бодоход их, ярихад бага цаг зарцуулах
Дуугүй байх нь эхэндээ хэцүү юм шиг санагдаж байсан ч надад бол шууд таалагдаж эхэлсэн. Бид өдөр тутам хичнээн их юм ярьдаг юм бэ. Зарим нь хэрэгтэй л байх гэхдээ л ихэнх нь ач холбогдол багатай зүгээр л өөртэйгээ байхаас зугтсандаа тааралдсантайгаа юу хамаагүй хөөрдөг. Хэнтэй ч ярихгүй байхын хамгийн гоё нь шинэ мэдээлэл орж ирж миний санаа бодол, төвлөрөлд саад болохгүй байсан нь. Хичээлийн дундуур заримдаа 4–5 аараа багш дээр очиж явцаа товч ярилцдаг юм. Энэ хэдхэн минутад маш их мэдээлэл авчихна. Энэ америк эмэгтэй бясалгал хийхээрээ гар хөл нь халуу оргидог гэнэ, яагаад тэгж байгаа юм бол гээд бодол тэнэж өгнө. Эсвэл миний арын охин сайн ойлгож сайн хийхгүй байх шиг байна яаж цагийг өнгөрөөж байгаа бол гэх мэт хэдхэн минутад сонссон бүхэн маань бясалгалдаа төвлөрөхөд нилээд саад болно. Бодит амьдрал дээр гэтэл бид асар их мэдээллийн дунд амьдарч байна. Нүдээ нээснээс эхлээд л эргэн тойрныхоо хүмүүс, ТВ, сошиал мэдиа, ном, подкаст гээд л цаг минут тутам хүссэн хүсээгүй асар их мэдээлэлд бид булагдсаар. Ийм завгүй амьдралын хэмнэлд мэдээлэл цуглуулагчийн л ажил түлхүү хийгээд байгаа болохоос эдгээр сурч мэдсэнээ тавтайхан суугаад яагаад ийм юм бол, өөр талаас нь бодож үзвэл ямар байна гээд тунгаадаг билүү. Тиймээс завгүй хэмнэлтэй амьдрал дундаа жаахан саатаад түр пауз аваад эрэгцүүлэн бодох цаг өөртөө гаргаж байхыг сурлаа.
Миний сурсан хичээл #2: Бидний тэвчээр,потенциалын хязгаар бодож байгаагаас хамаагүй хол
Бясалгалын цагийн хуваарийг анх хараад нүд орой дээрээ гарах шахсан. Үүрийн 4 цагт босоод тасралтгүй 2 цаг завилж суугаад бясалгана, тэгээд 6:30-д өглөөний цайгаа ууж цаг хагас амарчихаад дундаа 5 минутын завсарлага аваад дахиад 3 цаг, цайлчихаад дахиад 4 цаг, орой 2 цаг гээд нийтдээ өдөрт 11 цаг бясалгал хийнэ. Бясалгалын үеэр нойр хүрч үүрэглэх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, зөв буруу хийж байгаагаа мэдэхгүй шаналах, хүзүү мөрөөр хуян хөөрч чяс чяс хийн халуу оргих, завилж удаан сууснаас хөлөө мэдрэхгүй болтлоо бадайрах гээд олон хэцүү асуудлуудтай тулна. Эдгээрийн хажуугаар бясалгалдаа төвлөрч, биеэр гүйж буй нарийн мэдрэмжүүдийг мэдэрч оюун санаагаа төв байлгах хэрэгтэй. Зарим үед 1 минут ч 1 цаг шиг санагдаж өнгөрч өгөхгүй тавгүй тухгүй бүхэн хэд дахин томорч зовооно. Би чадахгүй юм бишүү ч гэсэн сэтгэл төрнө. Гэхдээ энэ бүх явцад бидний давж даах тэсвэр тэвчээр боломж санаснаас минь хавьгүй их гэдгийг ухаарсан. Тэгэхээр ганц бясалгал гэлгүй ЮУНД Ч ийм тууштай, тайван мөртлөө тэвчээртэйгээр хандаж өөрийгөө ялан дийлэх боломжтой ажээ. Бууж өгөх бол хамгийн амархан, өөрийгөө зөвтгөх хэдэн шалтгаан гаднаас олоод л болоо. Гэтэл өөрийгөө ялах дийлэх хэцүү, ухаан шаардана. Хамгийн хэцүү үеүүдэд би өөртөө одоогийн зовиур тур зуурынх, үүрд өвдөнө гэж байхгүй гэж хэлж байсан. Бас яаж хэцүү байгаа дээрээ төвлөрснөөс бясалгалаа сайн хийхийг хичээгээд гүнзгий орчихвол бусад таагүй мэдрэмжүүд бүдгэрч цаг хурдан явж байлаа. За юу гэх гээд байна гэхээр шантраад орж чадахгүй байгаа мөртлөө өөрт тань асар чухал ажлууд руугаа (хэл сурах, шинэ чадвар эзэмших, олны өмнө ярих гэх мэт) зүгээр л шумбаад ор. Гүн рүү нь ёроолруу л уусаад ор. Ингэсэн нь нуурын хажууд хэдэн цагаар зогсоод усны хүйтэн, гүнд зовниж зогссоноос хамаагүй дээр.
Миний сурсан хичээл #3: Ходоодныхоо 1/4-г хоосон байлгах
Бясалгалын үеэр цагаан хоол иддэг бөгөөд өглөөний цайгаа 6 цагт, өдрийн хоолоо 11 цагт идээд л өөр хоол байхгүй. Анх 18–19 цаг хоол идэхгүй болохоор учиргүй өлсөөд хоолноос өөр юм бодохгүй, юун бясалгал болох байх гэж бодсон ч эсрэгээрээ бие хөнгөн, толгой сийрэг болж байсан. Орой тийшээ мэдээж өлсөх мэдрэмж төрнө тэр үед нь ус уухаар гайгүй болчихно. Гэтэл бид өдөр тутам өөрсдийн хэрэгцээнээс хэтрүүлэн идэж байна. Өлсөх нь байж боломгүй зүйл мэт жоохон өлссөн мэдрэмж авангуутаа өлсөж байгаагаа гайхан иднэ. Тэгэхээр ихэнх цаг хугацаанд хэтрүүлэн идээд тэрнийг бие маань боловсоруулах гэж хамаг анхаарал энерги зарцуулахаар бодож сэтгэхэд юу үлдэх бол? Тиймээс байнга иддэг муу зуршлаа больж ходоодны дөрөвний нэгийг хоосон байхаар хичээж эхэлсэн.
Миний сурсан хичээл #4: Гэртээ харьсан нь
Хэнтэй ч харилцахгүй өөртэйгээ, нүцгэн үнэнтэйгээ нүүр тулаад ирэхээр өөрийн бодлоо илүү анзаардаг болдог юм байна лээ. Нэгэнт гадаа ертөнц болоод эргэн тойронд юу болж байгаа падгүй болсон болохоор өөрийнхөө дотор луу өнгийж үзэхээс аргагүй. Ямар ч өөрийгөө хамгаалж өмгөөлөх, батлах харуулах, өөрөөр байх шаардлагагүйгээр зүгээр л байж байгаа ӨӨР дээрээ очлоо. Юу бодож, хаана амьдарч, юунд шаналж санаа зовж байгааг нь анзаарлаа. Өөрийн ухаан орсноос хойшх бага насруугаа очиж жижигхэн Цацаа дээр очлоо. Өөртэйгээ байхад гоё юм байна, би чинь заримдаа бодоод байдаг шигээ муу эсвэл сайн сайхныг хүртэх эрхгүй хүн биш юм байна гэсэн гүн ухаарал төрлөө. Өөрийн гэртээ тухтай тааламжтай, байх л ёстой газраа байгаа мэт тэр мэдрэмж. Ямар удаан салхинд хийсч гадуур тэнээ вэ, би!
Үргэлжлэл байгаа шүү
