… Цасан ширхгүүдэд чин сэтгэлээсээ хандахгүй бол хайлдаггүйг би ойлгосон…

Сэтгэлд “Цасан хөшиг” татжээ. Угтаа бол амьдрал гэдэг чинь чимээгүйхэн хаялах цасан ширхгийг хараад уйтгар гуниг төрөхийг мэдрэх, харин бусад нь (баярлаж гомдох, хайрлаж дурлах, г.м) хачир чимэглэл төдий л хуурамч зүйл шүү дээ гэж шивнэх мэт ганцаардаж гунигласан, хүлээж арга ядсан, эвлэрч хатуужсан олон дүрүүд сэтгэлд минь “цасан хөшиг” татуулна. Цав цагаахан, эмзэг турьхан цасан ширхгүүд амьдралын тухай, хайрын тухай, үнэний тухай ийм шулуун шударга өгүүлнэ гэж бодоогүй явсан миний хувьд зохиолч эмэгтэйн ур чадварыг өндөрт үнэлэхээс гадна үгэн цаана үг, баяр баяслын цаана гуниг гутралыг нууж бичсэн явдал нь эмэгтэй хүний сэтгэлээс л энэ мэт нандин бүтээлүүд гардаг болов уу гэх бодлыг төрүүлж байлаа… Амьдрах явцад тохиолдох асар олон хагацлын дүнд ч зүрх сэтгэлээ гээж, хаалгүй шаналал гэгчийг мэдэрсээр байдаг, мэдрээд эмтэрдэг, эмтэрсэн ч гэлээ эвлэрч чаддаг ариун гэгээн сэтгэлүүд цасан ширхэг адил гялалзан гялтганаж, цайран цацарч яваасай…
