Day19 Бичиж байгаа минь зөв үү?
Өнөөдөр нэгэн арга хэмжээнд очиж, өөрийн яагаад бичих болсон? цаашид бичих эсэх талаар эргэцүүлэн бодох боломж гарлаа. Үүнд тусалсан хүн бол Тагтаа Хэвлэлийн Газрын үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан байлаа. Тэрээр Mental health буюу сэтгэцийн эрүүл мэндийн сэдэв дор ярьж байхдаа дараах зүйлийг дурдсан юм.
Хүн бүхэн адилгүй ч хүн бүрт тулгарах асуудал, жаргал гуниг эцэстээ ижил. Энэ дэлхийд ганцхан танд л тохиолдох жаргал, зовлон гэж үгүй. Энэ үед зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө өөртэй үлдээж, чимээгүй л байдаг. Энэ чимээгүй байдал эцэст нь бие махбодын өвчлөл бус сэтгэл оюуны өвчлөлд хүргэдэг. Цааш сэтгэл гутралын хам шинжид шилжих мэтээр бүр л ганцаардмал болгож, өөрийгөө буланд шахсаар байдаг. Харин нөгөө хэсэг нь өөрийн стресс, гунигийг бичгийн хэлнээ буулгаж, үүнийгээ бусдад түгээж, өөрийгөө тайтгаруулдаг. Нэг ёсондоо тэд өөрт тохиолдсон гуниг, гутралын үнэнг бусдад наманчилж байгаа хэрэг. Эдгээр хүмүүс бол зохиолч.
Чимээгүй хэсэг хүмүүст зохиолчдын бичсэн зүйлс энэ гуниг, уйтгаралд “би ганцаараа биш” юм байна, үүнд би ганцаараа өртөөгүй юм гэсэн итгэл болоод “ханьтай” юм байна гэсэн бодлыг төрүүлдэг.
Уран зохиол урлагаар дамжуулж өөрийгөө эдгээх, бусдад эдгэрлийг түгээх боломж юм.
Энэхүү чөлөөт орон зайдаа бичсээр байх болно. Та нар ч бас бичээрэй. Ирээдүйд бий болох магадгүй хэдийн бий болсон оюун ухаан дахь тэр сөрөг нөлөөг арилахын тулд, үүнд эзэмдүүлэхгүйн тулд үүнийг хийх болно.