Сайн цаг, Ум сайн амгалан болтугай (R.I.P Good Times): COVID-19 Коронавирусын үүсгэж болох шинэ дэглэмд Монголын стартапууд бэлдэх нь

Tsengel Chimeddorj
5 min readMar 12, 2020

--

Удиртгал

Миний бие Сингапур улсаас эх нутаг руугаа 2020 оны 1-р сарын 28-ны өдөр нисэж байх үед ДЭМБ-ын мэдээллэж байснаар нийт халдварын тохиолдол 4,593 (БНХАУ — 4,537, бусад улсад — 56) байсан бол, өчигдөрийн байдлаар нийт халдварын тохиолдол 118,326 болж огцом өссөнөөс нэг тохиолдол нь Монгол улсад маань бүртгэгдсэн байна.

Та бүхэн коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүл, дотнын хүмүүсээ хэрхэн хамгаалах талаарх мэдээлэл, зөвлөгөөг олон эх сурвалжаас авч байгаа байх. Харин таны үүсгэн байгуулсан, ажиллаж байгаа стартапыг коронавирусээс үүдэлтэй санхүүгийн хямрал, түүнтэй холбоотой үүсэх шинэ дэглэмд хэрхэн бэлдэх талаарх мэдээлэл, зөвлөгөө дутмаг байгааг харгалзан үзэж Ирбис Венчурсын хамт олныхоо өмнөөс энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

Ирбис Венчурсын хамт олон дунд санхүүгийн хямралын үед ажилласан өндөр туршлагатай гадаад болон дотоодын мэргэжилтнүүд байгаа учир ойрын хугацаанд тулгарч болох олон бэрхшээлийг даван туулах тухай зөвлөгөөг та бүгдэд шат дараалан өгөхөөр шийдлээ. Гэвч одоогийн байдлаар бидэнд Монголын стартап эрхлэгч, дэмжигч залууст бодитоор тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаарх дэлгэрэнгүй дата, мэдээлэл хомс байна. Иймийн учир, энэхүү нийтлэлээр:

(а) олон улсын нэр хүндтэй, олон жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын сангийн зүгээс коронавирустэй холбогдуулан өгч буй сануулга, зөвлөгөөг хураангуйлан хүргэх,

(б) Монголын стартап эрхлэгч, дэмжигч залууст коронавирүсээс үүдэлтэй санхүүгийн хямралын үед тулгарч буй нийтлэг хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа нэгтгэх, тэдгээрийг хэрхэн даван туулах тухай шийдлийг хамтдаа боловруулах талаарх саналыг та бүгдэд хүргэх,

зорилготой юм.

Энэхүү нийтлэл нь “Сайн цаг, Ум сайн амгалан болтугай (R.I.P Good Times)” болон “Коронавирус (COVID-19)-ын үүсгэж болох шинэ дэглэмд Монголын стартапууд бэлдэх нь” гэсэн 2 хэсгээс бүрдэх ба энэ удаад та бүхэнд 1-р хэсгийг хүргэж байна.

Нэгдүгээр хэсэг: Сайн Цаг, Ум сайн амгалан болтугай (R.I.P Good Times)

Дэд хэсэг: 2008 он

Цахиурын хөндийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангийн нэг, Google, Apple, Linkedin, PayPal, Youtube, Yahoo! зэрэг технологийн аварга компаниудад анхан шатны хөрөнгө оруулалт хийсэн Sequoia Capital (жич. Секойяа Капитал нь өнөөг хүртэл хөрөнгө оруулсан компаниуддаа ойролцоогоор нийт 1.4 их наяд ам. долларын үнэлгээ бүхий хувьцаа эзэмшиж байна)-ын зүгээс “R.I.P Good Times” буюу “Сайн цаг ум сайн амгалан болтугай” гарчиг бүхий танилцуулгыг 2008 онд хөрөнгө оруулсан стартапууддаа хийж байжээ. Уг танилцуулгаар 2008 оны санхүүгийн хямралыг хэрхэн амжилттай даван туулах зөвлөгөөг хөрөнгө оруулсан стартапууддаа өгч байлаа. Та бүхэн тус танилцуулгын эх хувьтай энд дарж танилцаарай.

Та бүхэнд тус бүрийн дүгнэлтээ хийхэд хялбар болгох үүднээс Секойяа Капиталын өгсөн зарим зөвлөгөөг ишлэл болгон дор сийрүүлэв.

Дэд хэсэг: 2020 он

Өнгөрөгч долоо хоногт буюу 3-р сарын 6-ны өдөр Секойяа Капитал нь өөрийн хөрөнгө оруулсан стартапуудад нэгэн ил захидал илгээсэн нь олон улсын стартап хөрөнгө оруулалтын салбарт томоохон цочрол өглөө. Та бүхэн тус ил захидалтай энд дарж танилцаарай.

Стартап үүсгэн байгуулагч нарт хаягласан тус ил захидалд:

Нэгдүгээрт, Секойяа Капитал нь олон улс, хотуудад салбартай дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангийн хувьд өөрийн дотоод судалгаа, үүсгэн байгуулагч нартай хийсэн ярилцлага дээр үндэслэн коронавирусээс үүдэлтэй дараах хүндрэлүүдийг нийтлэг хэмээн тодорхойлжээ. Үүнд:

· Коронавирусын тархалтаас хамааран өргөн хэрэглээний бараанаас бусад бүтээгдэхүүний эрэлт буурах, борлуулалт цуцлагдах нөхцөл байдал үүсч байгаа ба үүний улмаас стартапуудын өсөлтийн түвшин (growth rate) огцом унаж байна.

· Бараа, материалын нийлүүлэлтээс шууд хамааралтай бизнесүүдийн хувьд, БНХАУ-ын хилийн хориг, экспортын хязгаарлалт зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан алтернатив импортын эх үүсвэрүүдийг бий болгох, нэвтрүүлэх шаардлага үүсэж байна.

· Борлуулалт хийх, бизнес хөгжүүлэлт хийх, түншийн харилцаа үүсгэх зэрэг зорилгоор заавал биечлэн хийх шаардлагатай уулзалтууд ихэнхи тохиолдолд цуцлагдаж байгаагын улмаас стартапуудын борлуулалт буурах, хөрөнгө оруулалт босгох үйл явц удаашрах төлөвтэй байна.

Бидний санал:

Монголын стартап экосистем нь (а) жижиг зах зээл, (б) хэрэглэгчийн төлбөрийн чадамж, уян хатан байдал, шинэ бүтээгдэхүүн хэрэглэх дадал зэрэг хүчин зүйлсээс хамаарсан өвөрмөц онцлогтой экосистем учир Секойяа Капиталын тодорхойлсон нийтлэг хүндрэл, бэрхшээлүүд Монголын стартапуудад яв, цав таарахгүй байж болно. Бидэнд өөрсдийн гэсэн өвөрмөц хүндрэл, бэрхшээлүүд тулгарах боломжтой. Оршил хэсэгт дурдсанчлан, стартап үүсгэн байгуулагч, дэмжигч залуус бид тулгарч буй нийтлэг асуудлуудаа хамтдаа тодорхойлоод, тэдгээрийг зардал, хохирол багатайгаар даван туулах шийдлийг гаргах нь өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой санал гэж бид үзэж байна.

Тиймээс, Ирбис Венчурс компанийн зүгээс Монголын стартап үүсгэн байгуулагч, дэмжигч залууст коронавирусаас үүдэн учирч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох, улмаар тус хүндрэлүүдийг даван туулах бодит шийдлүүдийг санал болгохоор ажиллаж байна (жич. бидний ажиллуулдаг “Ирбис Оазис”-ийн тодорхой хэсэгт бэлэн мөнгөний төлбөргүйгээр сууж ажиллах боломжийг бид судалж байгаа ба удахгүй та бүхэнд таатай мэдээ дуулгана). Үүнтэй холбогдуулан, бид судалгаа, ярилцлага хийж байгаа ба та бүхэн энд дарж өөрийн бизнест тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдэж буй арга барилаа бидэнтэй хуваалцаарай.

Хоёрдугаарт, Секойяа Капитал нь сүүлийн 50 гаруй жилд үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн олон хямралыг амжилттай даван туулсан туршлагатай сангийн хувьд, коронавирусын үүсгэж болох санхүүгийн хямралыг хэрхэн даван туулах талаарх зөвлөгөөг дараах байдлаар өгчээ. Секойяа Капиталын үзэж буйгаар, стартап үүсгэн байгуулагч бүр өөрийн бизнесийн загвар, хэтийн төсөөллийг дахин нягталж үзэх шаардлагатай. Ялангуяа, бизнесийн загвар, төлөвлөгөөндөө ашигласан аливаа таамаглалыг (assumptions) дахин нягтлах нь ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Дараах нийтлэг таамаглалуудыг нягтлах шаардлагатай. Үүнд: а) Бэлэн мөнгөний нөөц (cash runway), б) Хөрөнгө оруулалт босгох төлөвлөгөө, хугацаа, в) Борлуулалтын төсөөлөл, г) Маркетингийн зардал, д) Ажилчидын тоо болон е) Зардлын төсөөлөл.

Баг, хамт олноороо өөрсдийн бизнесийн загвар, хэтийн төлөвлөгөөгөө дахин нэг нягталж үзэхэд тань тус болох үүднээс, Секойяа Капиталын өгсөн зарим зөвлөгөөг ишлэл болгон дор сийрүүлэв. Та бүхэн тус бүр өөрийн дүгнэлтийг хийх биз ээ.

Бидний бодол

Залуус бид бодит байдал, ирээдүйг гэгээлэг, өөдрөгөөр хардаг нь нийтлэг. Гэвч, Монголын стартап эрхлэгч ихэнх залуус маань 1998 оны Азийн санхүүгийн хямрал, 2008 оны Дэлхийн санхүүгийн хямрал зэрэг хямралуудын үед бизнес эрхэлж байгаагүй, хямралыг даван туулсан туршлага байхгүй учир олон улсын нэр хүндтэй, олон жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын сангийн өгч буй зөвлөгөө, анхааруулгыг сайтар уншиж судлан, нөхцөл байдлыг дутуугаар үнэлэлгүй цөвүүн цагт бэлтгэх хэрэгтэй болов уу.

Энэхүү нийтлэлийн 2-р хэсэгт бид Монголын стартап экосистемийн өнөөгийн байдал, коронавирусээс үүдэлтэй санхүүгийн хямрал, түүнтэй холбогдон үүсэх шинэ дэглэмд хэрхэн бэлтгэх, хамтдаа даван туулах арга замын талаар ярилцах болно.

Хүндэтгэсэн,

Ч. Цэнгэл

Гүйцэтгэх Захирал

Ирбис Венчурс

#wetooinnovate #irbisventures #startup #coronavirus #recession #neworder #SUCK

--

--

Tsengel Chimeddorj

TC is a lawyer-turned-entrepreneur. Acting as CEO of Irbis Ventures, TC aims to create a virtual, but intimate startup community for last tech frontiers