Абстрактын тухай товчхон

Энх-Од
Nov 4 · 13 min read

Энэ хоёр дууг сонсонгоо уншаарай.

Зураачид [хоосон зотон дээр бус] улиг домог﴾cliche﴿-ийн ертөнцөд сэрдэг. Боломжит ертөнц﴾possible world﴿ өмнө нь нээгдмү. Зураач уран сайхны﴾figurative﴿ боломжит өгөгдлийн цогцолбороос сонгож, бодит болгон хэрэгжүүлж зотон дээр буулгана. Өөрөөр хэл, зотон дээрх [priori] домгийн ертөнцийн боломжит өгөгдлийн цогцолбороос шилж тодруулан амьдралд дуудаж уран бүтээлээ туурвидаг. Үгүй гэж хэлтэл тийм. Үнэндээ зотон дээр домгийн ертөнцийн уран сайхны баатрууд хийгээд зураачийн дунд тулаан өрнөмү. Тийм гэж хэл. Олон уран бүтээлч зүгээр л бууж өгч домгийн ертөнцнөө уусму. Домгууд үнс нурамнаасаа босч ирж зураач улиг болсон илбийн үзүүлбэрт амар сайхандаа жаргаму. Ахуйд ялагдах нь үхэлтэй тэнцүү бүтээлчид бууж өгч чадахгүй тэмцмү. Тэдний хувьд энэ тулаан зурах үйл бус харин бэлтгэл ажил болно. Зотонг цэвэрлэж авахын төлөөнөө санамсаргүй, чөлөөт зураасууд, утга үл илэрхийлэх, дүрслэл үгүй тэмдэглээсүүдийг ашигладаг. Эсвэл лагс багсаар арчих юм уу даавуу, сонингийн тасархайгаар үрэх тактикыг хэрэглэнэ. Мөн будгийг олон янз өнцгөөс, олон янз хурдаар домгийн ертөнцөд тэсэлж, цохилт өгнө. Энэ довтолгоог бодитоор хармаар бол Ф.Бэконы хөрөг зурагсыг үзэж болох. Хөргийн нүүрнээ үл үзэгдэх хүчин﴾force﴿ [Гар] олон талаас нь буусан мэт. Арьсных нь цаанаас мах цухуйна. Уран сайхны ертөнц, түүний магадлалын талбарт Сүйрэл ялалт байгуулж зотонг гартаа авсан мэт. Зураачийн хүсэл, хараанаас ангид хүчинд хөтлөгдөх Гарны тусгаар тогтнол адил. Энэ Гар зотон дээрх харааны зохион байгуулалт﴾optical organization﴿-ыг нурааж хаяхын тулд бараг л сохор довтолно. Дүнд нь, сүйрэл, эмх замхгүйн дунд юу ч эс үзэгдэх… Сүр чимэг тохиолдуулж хэл, домгийн ертөнц их түймэрт шатаж, гэгээнд нь зураач бүтээлээ туурвидаг мэт.

Three studies for a portrait of George Dyer,1963 Francis Bacon

Гарны сохор хүчийг туйлдсан нөхцөл гэж болох. Эсвэл хүсэл эрмэлзэл: Өөрийн хүслээс ангижрах хүсэл. Өөрийгөө бүрэн чөлөөлөх хүсэл. Хүсэл гэдэг яг тохирох үг ч биш. Эцэст нь, үүнийг цөхрөл гэж болох: Домгийн ертөнцөөс яагаад ч гарч чадахгүйн үнэмлэхүй мэдрэмжээр юу ч юм үйлдэх… Үйлдсэн тэр зүйл нь аз тохиолоор бүтсэн үү, зөн совингийн хөтөлбөр үү, эсвэл ухамсар, зөн, аз, хутгалдаж боссон уу гэдгийг хэн хэлж мэдэх. Харин авьяас гэдэг сонирхогчдын нэр томъёо. Нэг нь нөгөөгийнхөө авьяасыг биширч ахул нэг сонирхогч нөгөөгөө үнэлж буй л хэрэг. Урлаг бол рулетын үр дүн болохоос авьяас биш.

Бэкон утга үл илтгэх, дүрслэл үл үүтгэх, юуг ч эс өгүүлэх Сүйрлийн зураас, тэмдэглээсүүдийг график, диаграм хэмээжээ. Нэг талаар диаграм нь эмх замхгүй сүйрэл мэт, нөгөө талаар хэв журмын үр хөврөл гэлтэй. Зотон дээрх боломжит өгөгдлүүдийн хувьд хүчирхийлсэн довтолгоо болох ч шинэ хэв журмын хувьд ритмийн үүдэл бүрэлдэл болно. [Диаграм бэлтгэл ажлыг гүйцээснээр зурах үйл эхэлсү.]

Эмх замхгүй-үр хөврөлийг туулаагүй зураач гэж хаа байх. Тэд эмх замхгүйд явж орж, юу ч үзэгдэхээ зогсож, урлаг үгүйд унах эрсдэлд явмуй. Зураач уран бүтээл болоод сэтгэцийнхээ хувьд аймшигт аюултай тулму. Тэд сүйрлийг зохиож, эмх замхгүйд тэмүүлж, түүнээс дахин мэндлэхийг тэмцсү.

Харин абстракт эмх замхгүйг үл үзэгдэх болтол нь хязгаарладаг. Жигдхэн урсгал болгож хувиргадаг. Өндөр утга бүхий хэлбэр, абстрактад хүрэхийн төлөөнөө эл урсгал дээгүүр үсэрч гардаг. Гадаад чимээ шуугиан, сэтгэлийн харанхуй ангал, тусгаар тогтносон Гарны замхгүй хөдөлгөөнөөс нэгнийг хамгаалах орчинг бүтээдэг. Гадаад ертөнц улам чих дөжрөм болму. Орчин үеийн хүн амар амгаланг эрмү. Тэр учир абстрактад тэмүүлжээ.

Абстракт Оюун сүнс﴾Spirit﴿-ний эрчим ихт зүтгэлээр домгийн ертөнцийн дээр гарч зогсму. [Пит Мондрианын дөрвөлжин уран сайхны байгалийн зураглал﴾landscape﴿-ыг ардаа орхижээ.] Шинэ дээ цэвэр харааны орон зайг байгуулдаг. Тэр учраас абстракт нь диаграм бус код болно. Тусгаар Гарны хүчит довтолгоон бус, дижитал дээр товшиж үйлдэх хуруу буюу. [Бослого хөдөлгөөн бус, даяанчлал, оюун санааны авралд дөтлөх хөтөлбөр.] Хөгжмөөр хэл, өнгө гэдэг даруул, “Soul” хэмээгч нь төгөлдөр хуур. Зураач гэдэг цагаан бээлийт гар. Начиртаа хуруу. Даруул дээгүүр хүрч “Soul”-д ая зохиосу.

Composition in blue, red and yellow, Piet Mondrian

Абстракт зураач гэдэг хэтэрхий тэгш гар. Чухам хэл, гар алга хуруу. Хэтрүүлж ярь, бие үгүй Оюун сүнс болно. Өөрөөр хэл, организм алга хэлбэрт тэмүүлнэ. Учир нь органик амьдрал, зураачийн бие бод гоо зүйн тааламж, таашаалд нь төвөг бартаа болму.

Домгийн уран бүтээлчид органик обьектыг төгөлдөржүүлэн хөг хэмнэлийн зохицол, яруу найраглаг мэдрэмжийг түгээдэг. Нөгөө бол, обьектын шинж чанарыг онцгойлон төгөлдөр илэрхийлэхийн оронд зайлшгүй бус зүйлсийг нь хасч орхидог. Харин абстрактад органик обьектыг өнгө, хэлбэрийн кодоор орлуулдаг. Хэлбэр нь гадна үзэмжээрээ огтоос төгөлдөр бус, уялдаа зохицол бага ахул хамгаас яруу илэрхийлэл тээж явсу гэж үзнэ. [Тэднийг үзэмжгүй муухайд нэрлэх нь уламжлалт томьёолол. Харин абстрактын хувьд дотоод хэрэгцээг илэрхийлж буй болгон гоо сайхан болно.] Гадна-утгын эгэл дохиог дамжуулж явах төдийд л хангалттай хэмээнэ. Театрчилж хэл, морь гэдэг энгийн саваа мод. Асар цамхаг нь өлгөж дүүжилсэн даавуус. Яруу найрагт бол, олон давталтаар үгийн дотоод ритмийг эрчимжүүлж, санаанд оромгүй чанарыг нь гаргаж ирмү. Цаашлаад, улам давталтаар үгийн эх утга нэг мэдэх нь ээ замх одож, оюун сүнс л үлдмү.

Ghost of a Genius, 1922 Paul Klee /Энэ зургийг үзээд би уран бүтээлч болохоор шийдсэн юм/

Абстракт хэлбэр материаллаг бус оюун сүнсний нэгжийг дүрсэлдэг. Материаллаг бус амь чанарт нэгжүүдийг дугуй, гурвалжин, ромбо, трапеци гэхчлэн жагсааж болох. Эдгээр дүрс өөрсдийн оюун сүнсийг агуулж яваа гэж үзнэ. Өөрөөр хэл, абстракт хэлбэр дүрс өөртөө сүнс чанартай гэж мэтгэнэ. Тэр учраас гурвалжин, дөрвөлжин, дугуйс бүгд өөрийн сүнс чанарыг ондоогоор илэрхийлсү. Жишээ хэл: хурц өнгөс хурц өнцөгт хэлбэрийн сүнстэй хосолно:Шар гурвалжин. Харин гүн зөөлөн өнгөс дугуй хэлбэрт тохирно:Цэнхэр тойрог. [Нэг бүр нь дотроо мөн ялгарна: Адил талт гурвалжин, элдэв талт гурвалжингаас илүү дөлгөөн амгаланг илэрхийлнэ.] Гэсэн ч өнгө болоод хэлбэрийн сүнс чанарт үл нийцэл нь заавал даа харшил зөрчил үүтгэхгүй. Харин хөг зохицлын шинэ хэмнэл үүсгэж болох. Өнгө хийгээд хэлбэр түмэн янз. Тэдний нэгдэл хийгээд нөлөөлөл үл шавхагдсу.

Unequal, 1932 Wassily Kandinsky

Нэгэнт абстракт нь диаграм бус код болох учир Гарны тохиолдлын сонголтод найдах бус хоёртын систем, хос эсрэгцлийн сонголтыг эрхэмлэнэ. Өнгөөр авч хэл, эхний хос эсрэгцэл дулаан болоод хүйтэн, удаах нь, цайвар хийгээд бараан. Тэр учраас өнгө бүр дулаан-гэгээтэй, дулаан-бараан, хүйтэн-гэгээтэй, хүйтэн-бараан гэх дөрвөн хувилбарт илэрсү. Дулаан өнгө цагаантай хосолж тэлэх буюу гэрэлтэх бол хүйтэн өнгө бараантай дотно явж тэлэх буюу харанхуй болно. Дулаан өнгөний [Шар] хөдөлгөөн хөндлөнгөөр урагшаа үзэгч руу тэмүүлэх бол хүйтэн өнгө [Цэнхэр] үзэгчээс ухарч эсрэг хөдөлнө. Шар, цэнхэр хоёр дугуйг зурагт дүрсэлжээ гэж сана. Шар нь төвөөсөө тойрч хөдлөх ахул цэнхэр дугуй өөртөө төвлөрч эргэнэ. Шар өнгөний хөдөлгөөн эхлээд үзэгчид хандаж, удаагаар өөрийн хязгаарыг эвдэж тархана. Энерги хашилт бартаа бүрийг дайран гарч, бүхий л чиглэлд тэсэрч үсэрдэг шиг. Хэрэв зээ шар гурвалжин тийш жаахан саатаж ширтвэл түрэмгий чанараа дэлгэн, тайван нөхцлийг алдагдуулж гарна. Шар өнгө галзууралтай параллел зогсоно. Ухаангүй солиорол, түрэмгий галзууралтай хосолно. Дэлхий газрын өнгө болно. Тэр учраас гүн гүнзгий утга агуулахгүй. Харин тэр утга цэнхэр өнгөнд оршино. Энэ өнгө тэнгэр диваажингийн өнгө болно. Тиймдээ энэ өнгөний үндсэн бүтээл амар амгаланд оршино. Ногоон өнгөний газрын амгалан хангалуун явдлыг бус ер бусы амар дөлгөөнийг илэрхийлнэ. Цэнхэр, шар хоёрын дундаас ногоон төрнө. Өөрөөр хэл, шарыг хүйтэн өнгө болгохоор цэнхэрт ойртуулахад төвөөсөө тэмүүлсэн хөдөлгөөн нь аажмаар зогсму. Өнгө нь суларч бодит бус чанарт болно. Цэнхэр шарын хөдөлгөөнийг хязгаарлах замаар өөрөө ч өөртөө тэмүүлэхээ алдаж, эцэст нь, аль нь ч хөдлөхөө зогсоход ногоон асна. Ногоон хөдөлгөөн алга амар гүмийг илэрхийлнэ. Цагаан харын дундах сүүдэр сааралтай ижил татах хүчтэй зогсоно. Саарал нь ногоон шиг эс хөдөлнө. Гэлээ ч ногоон өнгө шар, цэнхэр гэх идэвхт өнгөний бүтээл учир хөдөлгөөний чадамж тээж явах бол саарал идэвхт бус өнгөнөөс бүтэх учир огт хөдөлгөөн мэдэхгүй зогсоно. Цагаан гэдэг чимээгүй өнгө. Үхлийн чимээгүй бус, хөгжмийн бүтээл дэх хэсэг зуурын зогсолт мэт. Харин хар төгсгөлийн зогсолт, хөшиг хаагдах үхлийн чимээгүй өнгө болно. Хар нь бүхий л өнгөтэй зохирох саармаг ар дэвсгэрд зогсож чадна. Хар дээр бусад өнгөний нарийн хөг улам тодорхой илэрсү. Байхад цагаан элдэв өнгөтэй үл нийцэх буюу нэг мөр хэлгүй болгож орхино. Цэнхэр өнгө хард бараг л уусахад бараг л хүмүүн бус уй гашуу түгнэ. Ногоон түүний амар амгалангийн бүтээгдэхүүн болж явдаг байхад хөх ягаан уй гашуу мөн цэнхэрийн дэргэд зогсож байдаг. Цэнхэр цагаан тийш дөхөхөд эргээд жаахан хөдөлгөөн олж, үзэгчдээс улам алсарч, татах хүч нь хүнийг сульдааж орхино. Час улаан өнгө цагаан дээр бүүдийж, бохирдох бол хар дээр өөрийн хүчээ гайхуулму. Цайвар шар цагаан дээр суларч, хар дээр цэвэр хийгээд хурцаар гэрэлтмү.

Хар, цагааны дундын сүүдэр хөдөлгөөнгүй, дуугай саарал болдог бол улаан, ногооны нийтлэг нь мөн саарал болно. Ногооны идэвхгүй байдал улааны гал дулаан чанартай ойртоход халуун галын дэргэд түшлэгт сандалнаа тухлан суугаа шиг саарал болно. Цайвар, дулаан улаан дундаж шартай төсөөрхөн хүч чадал, эрс шийдэмгий чанар, ялалтын мэдрэмжийг өгмү. Харин час улаан нь улайсан ган мэт цочир хурц. Улайсан ганг усанд хийж хөргөдөг бол час улааныг цэнхрээр унтрааму. Хүйтэн өнгөтэй час улаан эс ойртох. Тэр учир эдний нийтлэг бохир өнгө болму. Гэсэн ч хүний дотоод хэрэгцээний дуудлагад гаднаа бохир ч дотроо цэвэр тунгалагийг өгүүлж болох.

Цайвар дулаан улаан болон час улаан хоёр нь шартай ижил татах хүчтэй ч шар шиг үзэгч тийш үл тэмүүлэх. Харин өвөр дотроо асмуй. Улааны хязгааргүй чанар хязгаарыг давж үсрэх хариуцлага сул шарын татах хүчнээс ондоон өөртөө асах хүчин болно. Гэлээ ч шартай тэнцүү гүнзгий бус. Гүн улааныг хартай хутгаваас гал нь унтрах аюул үүсмү. Үлдэх юм нь, сэтгэл хөдлөлгүй, хөдөлгөөнд дургүй бор болно. Харин улааныг хооронд нь хутгахад гаднаа үл анзаарагдах ч хүчирхэг хөг хэмнэлийг барьсу.

Хүйтэн улаан [ягаан ч гэж болох] хөх номинтой ойртож гүн болму. Улааны чанарт өөрчлөлт учирч өөртөө асах нь улам нэмэгдэх ч идэвхт хөдөлгөөн нь алга одсу. Гагцхүү тэсрэх мөчөө анан нэгтээ далд зогсму.

Зохисон шараар эрчимжсэн улаан улбар шар болно. Өөрөөр хэл, улаан, шар хоёрын нийтлэг улбар мөн. Энэ хольц улааныг үзэгч тийш хөдлөхөд хөтөлмү. Улбар шар гэдэг өөрийн хүчинд үнэмшсэн өнгө болму.

Улбар шар дулаан улаан, дулаан шарын хослол бол хөх ягаан хүйтэн улаан, цэнхрийн хослол болно. Улбар шар, хөх ягаан нь дөрөвдүгээр хос эсрэгцэл. Харин гуравдугаарх нь, ногоон хийгээд улаан болно. Эд дөрвөн хос эсрэгцэл нь эгэл, суурь өнгө-даруул, түүн дээгүүр зураач гэх хуруу гүйж “Soul” хэмээх төгөлдөр хуурын хөг эгшиг дуулдаж гарму.

Урлагийн түүхийг ур чадвар, техникүүдийн хөгжлийн түүх гэж үзэх: Египетийн урлаг алслалд хүрч чадаагүй бол Грекийн урлаг алслалд хүрчээ. Нөгөө бол, урлагийн түүхийг аливаа цаг үеийн хүний дотоод шаардлагын шилжилт хөдөлгөөн гэж үзнэ. Тэрүүгээр бол, өнгөрсний бүтээлийг ур чадвар, техникийн дутуугаар тайлбарлахаа зогсох: Египетчүүд алслалд хүрэх ур чадвар дутаж, алслал зохиож чадахгүй явсан юм биш. Харин дотоод шаардлага нь алслалыг үл тэвчих. Тэр учраас алслалд тэмүүлж үл чадах. Тэгж үзвэл, ур чадвар, техник гэдэг дотоод шаардлагын үр дагавар төдий. Египетийн тохиолд, алслалаас зайлах ур тактикт тэмцэнэ гэсэн үг.

Аливаа эрин үеийн хүн болоод байгаль хоёрын холбоо таарамж, тэр цагийн улс энэ ертөнцийг хэрхэн хүртэн мэдэрч ахуйг сэтгэцийн нөхцөл, эл нөхцөл сэтгэцийн хэрэгцээгээр илэрч, уул хэрэгцээ шаардал ур чадвар, арга техникийг эрмү.

Абстракт нь ертөнцийн юм үзэгдэлд тэвдсэн улсын дотоод их үймээний үр дүн болно. Түүнийг бид оюун санааны орон зайн айдас гэж болох. Ертөнц авгайд танил дотно бус, харин түүнд төөрсөн мэт. Ертөнц авгайд тогтмол юм гэж үгүй. Зүс бүгэг, олон аашт харьцангуй чанартаа зогсолтгүй урсаж, хоорондоо хязгааргүй орооцолдох түмэн үзэгдэлд нь самуурч гүйцэх. Тэр хүмүүсийн хэрэгцээ амар амгаланг шаардана. Тэд гадаад ертөнцийн ширхэг обьектыг ахуйн төгсгөлгүй урсгалаас нь салган авч, амьдралаас хараат байдлыг нь юу ч үгүй болтол цэвэрлэж, тогтмол бус болгоныг нь алга хийж, үзэгдэх байдал﴾appearance﴿-ыг огоорч, абстракт хэлбэрт кодолж, зайлшгүй, гарцаагүй мөн чанар﴾essence﴿-ыг нь дэлгэж амар амгаланг олму. Товчхон хэл, тэдний урлагаас эрэх жаргал нь үзэгдэх байдал﴾appearance﴿-д бус, “thing in itself” мөн чанарт оршино. Тэгш хэмийн хууль дор органик амьдралын хүчийг нэг мөр алга хийж орхисон геометрын эмх тогтолцоо нь тэдний мэдэх дээдийн гоо сайхан болно.

Heavy circles, Wassily Kandinsky

Хүн төрөлхтөн ертөнцийн үзэгдэл юмстай хэчнээн хүйтэн харьцаа тогтоож, дотно хандлага, итгэлцэл дутна төчнөөн хүчээр абстракт гоо сайханд тэмүүлнэ. Тэгж үзвэл, урлагийн эхэнд абстракт зогсму. Энэ утгаараа эртний соёл, геометрын тэгш гоо сайхан хоёр гүн бат холбоотой явна. Ингэхдээ эртний хүн байгалиас эмх тогтмол эрж, харсан болгоноосоо тэгш хэм үзэх донд автжээ явсан юм биш. Эсрэгээрээ, ертөнц авгайн организм дунд аврал алга зогсох доо ширхэг обьектыг урсгалаас нь салгаж геометрын хуульд цоожилж санаа амарсу. Түүнээс бид эртний хүний “Thing in itself”-д тэмүүлэх инстинкт асар хүчтэй байжээ хэмээн үзэж болох. Абстрактад тэмцэх дотоод шаардлага органик амьсгалыг алга хийхийн сацуу орон зайг дарладаг. Орон зайд юмс хоорондоо хутгалдаж, тэдний харьцангуй чанар ноёрхож, “thing in itself” эс баригдах. Тэр учраас обьектыг орон зайгаас тусгаарлан [хамгаалж] хавтгайд зоодог. Египетийн тактик: Геометрын хавтгай, хүрээ шугам, хэв дүрс гурваас тогтоно. Хэв дүрсийн байрших газар-талбай [зургаар хэл landscape] түүний доор, ард, цаана бус яг хажууд нь нэгэн хавтгайг хуваалцан орон зайг алга хийж явна. Харин хүрээ шугам тэднийг холбох хийгээд тусгаарлах үүргээр зогсоно. Хэв дүрсийн “thing in itself” мөн чанарыг цогцлооно. Элдэв тохиол, алив өөрчлөлт, хэлбэрийн гажилт, ямар боловч завхрал, санаандгүй явдал бүхнээс хэв дүрсийг хамгаалж, мөн чанарт нь бат зогсооно. Хавтгай гадаргуу энэ урлагийн үндсэн элемэнт болох учир нүднээс optical үйл ажиллагаа бус haptic чанар нэхнэ. [Өөрөөр хэл, Египетийн абстракт haptic чанарт бол орчин үеийн абстракт pure optical.] Нүд, гар хоёрын чанд холбоог өгүүлнэ. Харах, хүрэх хоёр маань ойртож, нүдийг хүрэлцэхүйн эрхтэн адил үйлдэхэд хөтөлнө.

Эртний хүний юмс үзэгдлийн талаарх будилсан хүртэхүй дотоод ахуйг нь цочоож түгшээх учир уран сэтгэмжээрээ балархай бус, будилсан замбараагүй алга одох жинхэнэ Гэр, Spirit, thing in itself, мөн чанарт тэмүүлжээ. Аажимдаа хүн ертөнц авгайд уярч, гэртээ суугаа мэт болж, натурализм, реализмаар түүний организмыг магтан дуулах болсноор thing in itself-д тэмцэх инстинкт балархайшин сонсогдохоо зогсжээ. Гэтэл орчин үеийн хүн мэдлэгийн их бардамналаасаа ойчиж, эртний хүний адил авралгүй, төөрчихсөн байдалтай өөрийгөө олжээ. Мэдлэгийн баталгаатай нөхцөл, найдвартай байдал, алдаа эндүүрэлгүй зарчмуудыг эс харгалзан орчин үеийн хүнийг айдас, найдвар, баталгаа алга мэдрэмж отох болжээ: Уржигдрын шинжлэх ухааныг өчигдрийн улс няцаачихсан, өчигдрийнхөөс харин өнөөдрийн шинжлэх ухаан татгалзчихсан байхад өнөөдрийн ухааныг маргаашийн хүн няцааж, татгалзаж мэдэх нь ээ. Хамгийн бардам, бахархангуй хариулт нь “тэгэлгүй яахав, боломжтой.” Тэгэхээр хараахан тайлбараа олоогүй асуудлыг хэзээ нэгтээ шийдлээ гэхэд тэр шийдэлд найдаж болох болов уу? Эсвэл… Мэдлэгийн энэ тогтвор батгүй харьцангуй нөхцөл дунд хүн абстракт хэлбэрт амгаланг барьму. Эгэл зураас, түүний геометрын эмх тогтолцооны хөгжилд Spirit, thing in itself, жаргалаа олму.

Абстракт гэдэг байгалийн хараат байдлаас ангижрах гэсэн бослого болохын сацуу хүн өөрийн организм, өөрийн мэдлэгээс хэсэг амрах нөхцөл. Өөрөөр хэл, Spirit-г юмсаас хараат байдлаас нь цэвэрлэхийн хажуугаар бодогч субьектээс хором зуур ангижирсан хэлбэр болно. Үл мэдэг мэтгэж хэл, геометрын абстракт хэлбэр нь хүн-организм нөхцөл явдлаас өөрийгөө цэвэрлэж авсан цэвэр Мөн чанар, Оюун сүнс болно.

Одоо, жаахан бүдүүлэг аналог хэлэхийг минь зөвшөөр. Мэдлэг гэж юу вэ? Ницше-Фукогийн мэдлэгийн талаарх ойлголтыг ерөнхийлөхийг минь болгоо.

Үнсэлцээрэй, үнсэлцээрэй

Ницше “Ursprung” буюу үүсэл гарал гэх үгийг сөргүүлэн “Erfindung” зохиох, бүтээх гэсэн үгийг эсрэгцүүлэн тавьжээ. Шопенхуар шашны үүслийг хайж алдаа хийж, гэтэл шашинд Ursprung гэж үгүй. Харин бүтээгджээ. Мэдлэг ч ялгаагүй Erfindung. Зохиогдсон гэдэг нь мэдлэгт “Origin” гэж байхгүй гэсэн үг. Хүний уг чанар﴾human nature﴿-т мэдлэг бичигдэн тэмдэглээстэй явдаггүй гэсэн хэл. Мэдлэг инстинктүүдийн боловсорсон хэлбэр бус, инстинкт, мэдлэг хоёр адил чанар﴾nature﴿-тай ч биш. Харин инстинктүүдийн тулгарал, харилцан үйлчлэл, тэмцэл, түүний хэсэг зуурын зөвшилцөл﴾compromise﴿-ийн үр дүн мэдлэг болно. Ницшегийн бичсэнээр “хоёр илдний дундаас үсрэх оч.” Илд хүний уг чанараас үүсч ирсэнгүй, тулаанд зориулж бүтээсэнтэй л адил зүйл.

Мэдлэг, инстинкт хоёрт залгамж холбоо﴾continuity﴿ гэж үгүй. Харин инстинктүүдийн ноёрхол, дарагдал, зөвшилцөл тэмцлийн дүнд үүсэх аж. Нөгөөтэйгөөр мэдлэг хийгээд танин мэдэх юмс хоёрын дунд ч нийцэл, төсөөрхөл, залгамж холбоо гэж байхгүй хэмээж. Өөрөөр хэл, мэдлэгээр энэ ертөнцийг мэдэх ямар ч нөхцөлгүй гэж мэд. Мэдлэг юмсыг таньж тогтоон, ухаарч ойлгон хүлээн авдаг юм биш, харин тэдний хүчирхийлэл болон орших аж. Мэдлэг эмх цэгц, гоо сайхан, мэргэн ухаан, зохицоо, хууль үгүй ертөнцийн эсрэг тэмцдэг хэмээж.

Спиноза ойлгох﴾understand﴿-ыг элэг доох хийх﴾laugh﴿, дургүйлхэх﴾lament﴿, жигших﴾detest﴿-ийн эсрэг босгож тавьжээ. Юмсыг үнэхээр л ойлгож, мөн чанарт нь тэмтэрч, үнэнг нь үзмээр бол элэг доог хийн үл тоож, дургүйлхэн бултаж, жигшихээ зогсох учиртай аж. Харин Ницше тэрийг нь эсрэгээр нь тавьж. Ойлгох гэдэг тохуурхал, дургуйцэл, жигшил гэх инстинктүүдийн зөвшилцөл, тохиролцооны үр дүнг хэлэх аж. Чухам хэл, эдгээр инстинкт мэдлэгийн үндэс болж, түүнийг бүтээдэг. Юмсад ойртож, таньж мэдэх бус, хөндийрч, зайгаа авч, жигшил зэвүүцлээр устгадаг. Элэг доог хийх, дургүйлхэх, жигшиж үзэн ядах механизм мэдлэгийг бүтээх үйлийг эрхэлдэг гэжээ. Мөн дөө тэдгээр инстинкт Спинозагийн үзсэнчлэн тайвширч намжаад алга болсны учир мэдэх, ойлгох үйл эхэлдэг бус, эсрэгээрээ, нэг нь нөгөөдөө хор хүргэх гэсэн тэмцэл, дайны нөхцөл байдлын учир сэлэм дундаас оч үсэрчээ, мэдлэг бүтдэг гэжээ.

Абстракт эмх замхгүйг тэгтэй тэнцүүлж кодоор дүрсэлж ажилладаг бол абстракт импрессионизм эмх замхгүйг дээд цэгт нь тулгаж, зургийг бүхэлд нь диаграмын гарт атгуулна. Гарны ажиллагаа харааны геометр зохион байгуулалтыг үгүй хийж, нүд Гарны хөдөлгөөнийг дагаж гүйхэд улам бэрх болж ирмү. Абстракт обьектыг өнгө, хэлбэрт орлуулж ямар боловч дүрсийг авч үлдсэн байхад абстракт импрессионизмд өнгө-толбос, зураасууд юуг ч ялгаж тогтоолгүй урсана. Зураас нэг цэгээс нөгөө цэгт татагдахын оронд цэгүүдийн дундуур давхиж, хором бүрт чиглэлээ эргэнэ. Дэлбэрч байна уу гэлтэй тэр зураасуудыг материйн задрал, сүйрэл гэж болох. Сүйрлийг дүрсэлсэн өгүүлэмж бус уран зургийн зураасны хязгаар болох Сүйрлийн өрнөл тохиолдол байж таарах…

Үймээн самуунд түгших [жигших] нэг хэсэг нь өдөр тутмын мэдрэхүйн нөхцлөөс халихаар абстракт ухамсарт хоргодох газар эржээ. Байхад нөгөө хэсэг нь үймээн самууны хязгаарт, Сүйрлийн дэргэдээс ритмийг олжээ. Жаахан өөрөөр хэл, диаграм, сүйрэл хоёрын нэгдлээс ритм зохиожээ.

Autumn Rhythm (Number 30), 1950 Jackson Pollock

Зураачид Гарыг харааны зохиомжид захируулах бийр, зургийн тавиур хоёрт найдахгүй. [Орчин үеийн уран зурагт түгсэн чухал хандлага: Зургийн тавиураас ангижрах байлаа. Зургийн тавиур гэдэг домгийн ертөнцийг хадгалах чухал хэсэг, мөн дөө зураач, байгаль хоёрын нандин харилцаанд гол хэрэгсэл, түүнчлэн зургийн дотоод зохион байгуулалтыг сахихад зайлшгүй элемент болно.] Тавиур дээр бус газарт, зураг дээрх, зураг тойрох галзуу бүжиг хийнэ. Абстракт оюуны мэлмийд хандах цэвэр харааны орон зай бүтээх бол нөгөө нь нүднээ өчүүхэн ч амралт өгөхгүй довтлох хүчирхийлэл үйлдэнэ. Харааны сүйрэл, Гарны ритм ноёрхоно: Сохор зураачийн Гарны түрэмгийлэл өрнөмү.

Jackson Pollock working photo by Joe Fig

Абстракт органик хэлбэрийг дарангуйлж, үзэгдэх байдал﴾appearance﴿-ын хязгаарт “thing in itself”-д тэмүүлж ахуйд нөгөө нь органик амьдралын органик бус илэрхийлэл болму. Түүнийг автомат үйлдэл, “desiring machines” гэж болох. Хүсэл гэдэг үргэлжилсэн их урсгал салангид машинуудтай хослон бүхий л чиглэлд урсана. Юун машин? Амьдрал бол үйлдвэр. Үйлдвэрийн хэрэгсэл, төхөөрөмжийг машин гэдэг. Бид бол амьдрал үйлдвэрийн машин мөн. Миний гар машин, хөл машин, ам машин. Энэ утгаараа нэг машин нөгөөтэйгөө үргэлж холбогдоно. Эрхтэн машин энерги-эх сурвалж машинд залгагдаж ажиллана. Нэг машин нь урсгал үйлдвэрлэж, өөр машин нь түүний урсгалыг тасалдуулна: Хөх бол сүү үйлдвэрлэх машин, ам машин түүнд залгагдаж, урсгалыг нь авна. Эргээд хөх машин ондоо машинд холбогдон урсгалаас нь тасална. Тийн бүхий л чиглэлд урсаж түгнэ. Хүслийн машины үйлдвэрлэлийн явц﴾process﴿ тодорхой зорилгод- идеал дүр бүтээх, нэгж дүрс, юм бүтээгдэхүүнд чиглэх бус гүйцээх. Гагцхүү үйлдвэрлэлийн үйлдвэрлэл болно. Абстракт импрессионизм органик хэлбэр-бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус, органик амьдралыг үйлдвэрлэх автомат урсгал үйлдвэрлэл болму.

Амьдрал үйлдвэрийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хоёр нь ижил болно. Энэ ижилсэл хүслийн машинс хором зуурт зогсоход ялгарал үгүй обьект﴾undifferentiated object﴿-ыг байгуулна. Эрхтэн машины урсгал зогсчээ, түүнийг Делёз Body without organs хэмээж. Абстракт импрессионизм хүслийн машин, автомат үйлдэл, үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийг заах бол Бэконы бүтээл үйлдвэрлэлийн агшин зогсолт Эрхтэнүүд үгүй Биеийг цогцлоодог.

    Энх-Од

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade