Миний намар аа

Дамиан Райс бол…

Дуу сонсож байхдаа юуны тухай боддог вэ? Надад хэлээч. Хэзээ ч биелэхгүй байж мэдэх хүслийнхээ гараас хөтлөөд алхах. Тэр биш гэж үү?

“Би чамд хайртай, эсвэл хэнд ч хайргүй байх аа,

Миний намар аа!

Надаас чи гуниг гуйдаг болоосой

… Гэнэт л нурчихдаг. Тэнгэр

Хоосонг онох гэж бодлоо асгадаг шиг

Сонсдоно оо, цээжинд

Өөртөө л зориулж дуулдаг дуу минь ээ!”

Түүний уран бүтээлийг энэ шүлэг тодорхойлж мэднэ. Тиймдээ ч намрын улиралд Дамиан юм уу, Виктор Цой сонсоход тохиромжтой байдаг.

Дүнсгэр нэгнийг хүрээлэх худалч, мэхлээчдийн туйлаас бүрхэг цуврал гэмт хэргийн тухай өгүүлэх “9” цомог нь түүнийг алдарт хүргэсэн юм. “Боб Диланы залгамжлагч” хэмээн цуурч байлаа. Гэсэн ч түүнд тавгүй байсан юм. Гэнэн, цайлган сэтгэлээ алдчихсан юм шиг санагдаж өөртөө урам хугарчээ. Сацуу биеэ тоох өвчин туслаа. Үүнийгээ ухаарч байсан ч өөрийгөө захирч дийлэхгүй байв. Энэ л зөрчил тэмцэлдээ бухимдаж, уурсах болжээ. Дээр нь иртэй хурц зан чанартайг ч хэлэх үү. Бусдыг хүндлэхээ болив. Үгүйсгэгч, сүйтгэгч болж хувирчээ. Олон жил үерхсэн Лиса Ханнигантай аялан тоглолтынхоо үеэр муудалцаж, хатуугийн зөөлнөөр хэлэхэд бүсгүйг хөөж орхив. Ард нь бат зогсдог хөгжимчдөө ч тараав. Тэгээд бүхнийг орхилоо.

Дамиан Лиза хоёр 2001 онд нэгэн тоглолт дээр танилцаж байв. Тав, зургаан жил залуу нь бүсгүйдээ зориулан бичиж, хамтдаа дуулж байлаа.

“Би чамд шүлэг бичсэн.

Бичсэн шүлэг минь чиний багын зураг шиг

Болсон.

Тэр зургийг харахаар

Тэсгэлгүй дагаад л инээмсэглэдэг сэн. “Тийм их хайртай, би чамд”

Хаан угсаат морин хийл, гудамны тэнүүлч гитар хөгжимтэй бүжсэн. Дамиан болон Лиса тэр үдэшлэгт оролцсон “Volcano” дуунд нь дуртай.

Харин “9 Crimes” бол тэдний хослон дуулсан сүүлийн бүтээл. Өнгөрсөн жилийн өдийд өөр дуу мэддэггүй юм шиг л сонсож явлаа. Нэгэн жаахан охин “Угаас хэн ч чамайг хайрлахгүй. Тиймээс чи ч өөрийгөө хайрлаад хэрэггүй” хэлж байгаагаар эхэлдэг кино байдаг. Дорой жаалд тэгж томордог юм. Түүнээс хойш жаалхүү түүний дагуул болов. Охин гараас нь хөтлөөд чирэх шахан алхана. Цагдаагийн машины дохио сонсоод “Бид бол маш муу хүмүүс” гэж шивнэнэ… Төгөлдөр хуур… “9 Crimes”-ийн төгөлдөр хуур энэ кадрыг л тоглоод байгаа юм шиг…

Тэр Исландын хаа нэгтээ яваа, эсвэл хүмүүнлэгийн ганц, нэг тоглолтонд оролцож байгаа гэсэн л сураг дуулдана. Өөр чимээ үгүй явсаар 2014 онд “My favorite faded fantasy” хэмээх гурав дахь цомгоо гаргав. “9” цомог нь хэвлэгдээд аль хэдийн найман жил өнгөрсөн байлаа. Энэ тухай: “Би өөрийнхөө дотор буй бусад хүмүүсийг оройн зоогт урьсан. Их зант, сайн залуу… бид бүгдээрээ ширээ тойроод сууж байсан. Бид найзууд болсон. Өөртөө гутарч, уурсаж бухимдах зүйлгүй болсон. Тэгээд л гитараа авсан. Яг л 13 нас руугаа буцаад очсон юм шиг санагдаж байсан… Дууныхаа үгийг хайж ая, бичих гэж өчнөөн оролдсон ч болохгүй байсан. Эцэст нь тагтаа өөрөө нисээд ирсэн” хэмээн ярьжээ. Тэгээд зуун дуу бичсэн гэх. Лисатай дахин хамтран дуулахыг хүсч байж, бас. Зөвшөөрнө хэмээн их л найдаж. Харамсалтай нь бүсгүй татгалзав. Би юу олж уншсан гээч! “Би түүнд маш их хайртай” хэмээгээд уйлж байжээ, Дамиан.

“Ширээ дэрлэн чамайг ширтнэм

Ширээ тохойлдох гарын чинь хөдөлгөөн

Нэрийг минь биччихээд баллах шиг санагдах юм”

Харин Лисагаас түүнгүйгээр гаргасан цомгийг нь сонссон эсэхийг асуухад “Үгүй ээ, амжаагүй л явна” гэжээ. Харж байна уу. Чи нэгэнд зориулж бичнэ. Түүнийг чинь бусад, өөр хүмүүс уншаад чамд баяр хүргэнэ. Ийм л ертөнцөд амьдарч байна даа. (Энэ цомог Лисад зориулагдсан гэдэг нь эхний дуунаасаа л илэрхий байдаг)

Мань эрээс “энэ цомгийнхоо аль дуугаар бахархдаг вэ” хэмээн асуухад “Би үгийн сангаасаа энэ үгийг хасч орхисон. Миний хувьд, бахархал гэдэг бүх л дайн дажны уг үндэс нь байдаг. Би Ирланд хүн. Үүнийг харж өссөн. Шашин, үндэс, хувийн бахархлаас л дайн үүсдэг. Би хангалттай тулалдсан. Одоо надад бахархах зүйл байхгүй болохоор тулалдах шаардлага үгүй.

“it takes a lot to know a man” дуундаа их дуртай” гэжээ.

Дамиан зүйрлэл ашиглаж ярих дуртай. Христийн сургаал шиг. Тэгээд нэг өгүүлбэр хэлээд л зогсосхийж бодолхийлнэ. Сонсож байгаа хүнд жаахан түвэгтэй. Нэг удаа “Би далайд дуртай. Чөлөөт болон амьсгалын аппараттай шумбаж сурсан. Бас завь жолоодож, сурфингээр ч гулгаж сурлаа” хэмээн ярьж л дээ. Сэтгүүлч ч түүнээс “Усан спорт сонирхдог юм аа даа” хэмээн лавлаж. Мань эр хөмсгөө зангидан “Үгүй ээ, би зүйрлэж хэлсэн юм. Оюун ухаан руугаа шумбах, түүнийг жолоодох талаар ярьсан юм… Ааш авирт маань юу нөлөөлдгийг мэдэхийг хүсдэг. Тэдгээрийг хянах бус ойлгохыг хичээдэг” гэсэн удаатай. Дуунд нь “сурах” гэсэн утгатай үгс хамгийн их тааралдана. Түүнийг тайзнаа гарахад “Урд шөнө нь гудманд хоносон юм шиг л харагдаж байна” гэх. Нөгөө бол “Тэр яг даяанч шиг” хэмээцгээдэг. (Тэр даяанчийн ухаарлыг “Long long way” дуунаас тодорхой сонсож болно). Харин Дамиан өөрийгөө хөгжимтэй ноцолдохоороо зэрлэг хүн болчихдог гэсэн юм. Тэр зэрлэг эрийг “I Remember” дуунаас олж үзээрэй).

…Юу намайг дулаацуулдаг гээч. Үгүй дээ, би даарах дуртай. Намар орой цас хаяна. Гудам хоосон. Гагцхүү гитараа барьсан эр дуулж зогсоно. Би түүгээр өнгөрч яваа… дуулахыг нь сонсож байгаа… Тийм дотно санагддаг учраас л Дамианыг сонсдог байх аа магадгүй.

“…Догдолсон сэтгэлдээ бүдэрчихсэн. Бүдэрчихдэг

Тэмтчин сандчин босмооргүй

Тэндээ л хэвтээд уйлмаар болчихдог

Эмзэглэлд удаан ширтэхэд

Бодол нь боож үхэхээр сандал дээр зогсжээ.

Гар хүрэх сэн агшинд хөдлөхөө зогсох хорхой мэт нимгэх хүрмэндээ шургажээ”

Show your support

Clapping shows how much you appreciated Tserenbaljir Enh Od’s story.

Responses
The author has chosen not to show responses on this story. You can still respond by clicking the response bubble.