Би тэгсэн үү, үгүй ээ. Би үүнд ямар ч хамаагүй гэх өөрийгөө зөвтгөсөн бодлууд таныг хамгаалж бас хаацайлна. Тэгэхдээ юу гээч энэ орчлон дээр бид нэгэнтээ хавттгай ертөнц дээр цугтаа амьдарч байгаагийн хувьд бид нэг нэгэндээ хамааралтай амьдарч байгаа. Таны хэлсэн үгс, таны хийсэн үйлс ямар нэг байдлаар бусдад нөлөөлнө.
Мэдэхгүй ээ, би уул нь нэг их юм анзаараад байдаггүй юм. Гэвч би одоо өөртэйгөө зөрчилдөж байна. Өөрийгөө олох гэж хайж байна. Энэ олон утга учиргүй мэтгэлцээн, санаа, байгууллага, ажил, сургууль, олон арван хичээлүүд ба тэдний дүнгүүд эд бүгд хэрэгтэй гэж үү. залхаад эхэлсэн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч ХЭЗЭЭнээс гэдгийг нь бол мэдэж байна. Өөртэйгөө зөрчилдөж эхэлсэн цагаас. Тэгэхдээ би яагаад өөртэйгөө зөрчилдөж байгаа талаар бас л мэдэх юм алга. Энэ нөгөө мухар гэгч нь үү…
Би ер нь яах гэж өөрөө өөртэйгөө ингэтлээ ярилцаж суугаа юм болоо? … Аан тийм өөрийгөө олох гэж, өөрийнхөө хийж чаддаг юм аа олж авахын тулд юм байна. Яах гээд вэ? өө нээрэн эргэн тойрны минь хүмүүс намайг эрчилж, чангалж, боож байгаа учраас. Ангийн хүүхдүүд, багш нар, үнэтэй зөвлөгч нар маань, тэр бүү хэл автобус болон таксинд уулзалдах таних танихгүй баахан хүмүүс над руу чичлэнэ. Чи бол хожигдогч хэмээн. Чи өдий 12 анги шүүдээ, төгсөх гэж байж өөрийгөө юу болохоо мэдэхгүй байна гэж үү, мэргэжлээ тодорхойлоогүй гэж үү… Тэгээд би худлаа ярьж эхэлдэг болсон. Үнэнд баригдахын тулд.. Худлаа зүйлс үнэн болон гэж бодоод худлыг эрхэмлэсэн. Би тэдэнд Олон улсын харилцаа, нийгмийн чиглэл, маркетинг, хүний нөөц гэх мэт худал зүйлсээр тэдний амыг тагладаг болсон.
Уг нь надад хийх ажил яг одоогоор овоорсон мэт санагдаж байна л даа. Бие даалт, нөхөх хичээл, атаархалдаа хөтлөгдөн хийсэн нэг ажлийн тайлангаа гаргах, найздаа төсөл бичихэд нь туслах, дизайнертаа юм сануулах, тэмдэглэлээ янзлах, хичээлдээ явах бэлтгэлээ базаах, бас хэд хэдэн хүнээс уучлалт гуйх.. Уучлалт гуйх гэснээс энэ их хэцүү байгаа шүү. Эцэг эхийн зөвлөснөөр бол би үргэлж түрүүлж уучлалт гуйж байгаарай гэж сургасан. Гэхдээ тэд өөсрдөө эхэлж урдуур дайрсан, зүгээр хэлчихгүй үг хэлээр өдсөн, аан тийм бас би зарим нэгийг нь гарцгүй болтол ятгасанаас болж би одоо бараг дэвтэр дүүрэн хүмүүсээс уучлалт гуйх хэрэгтэй болчоод байгаа юм.
Одоо надад амьдрал уужим биш мэт санагдаж байна. Өчүүхэн мэт, хэн нэгнийг үргэлж шахалтад оруулж байдаг… тийм л жижигхэн, давчуу газар шиг санагдаж байна. Том мөрөөдөх хүсэл алга. Учир нь надад том мөрөөдөл гэгчийн гаргалгаа байхгүй байна шүү дээ.
Энийг хэн ч битгий уншаасай гэж хүснэ. Тэгэхдээ би хэн нэгэн уншаад надад болоод байгаа зүйлд туслаасай гэж хүсч битүүхэн хүсч байна.
