“Франц Үнсэлт”

Full Time — PSG 4:0 BARCELONA FC

Хайрын баяраар Хайрын хот болох Парист болсон Хайргүй тоглолтыг Европийн хэвлэлүүд өнөөдөр “Франц Үнсэлт” хэмээн нэрийджээ. Өнгөрсөн улирал хоорондоо 4 тоглоход 3т нь Барса хожсон ч өчигдөр энэ улирлын Аваргуудын лигийн хасагдах шатыг нээж Барса Парист зочлон тоглоод талбайн эзэдэд 4:0-ээр бут ниргүүллээ.

Хэдий тоглолтын өмнө бид статистик хардагч талбай дээр ямар нэгэн үзүүлэлт бус хөлбөмбөг өрнөдөг гэдгийг баталсан тоглолт боллоо. Ерөнхийдөө тактикийн тулаанд Барса ялагдсан. Парис Сэйнт Жермэйнний дасгалжуулагч Унай Эмэри 3 жил дарааллан Европа Лигт үлдэж улмаар түрүүлсэн туршлагаа хоосон биш гэдгийг баталсан хэрэг байв. Унай Эмэри ПСЖ-гээс өмнөх кареертаа нийт 4 өөр баг удирдан Барсагын эсрэг 23 тоглолт хийхдээ Испаний Sevilla-гийн хамтаар 2015 онд 2:1 гэсэн үр дүнгээр цор ганц удаа ялалт байгуулж байсан нь мөн л сөрөг стат.

БАРСАГЫН СУЛ ТАЛ ЮУ БАЙВ?

1. Атлетико Мадрид болон Арсенал зэрэг багуудтай өнгөрсөн 2 улиралд тоголсон тоглолтуудыг ерөнхийд нь харвал Барсагын эсрэг тоглож буй баг хамгаалалтын шугам болон дундын шугамд өндөр хэмнэлээр нэхэлт хийх нь асар өндөр давуу тал үүсгэдэг гэдэг нь харагдсан. Барса ч үүний эсрэг бэлэн биш байсаар өнгөрсөн шөнө шийтгэлээ хүртэж Парис хотод 4:0-ээр бут ниргүүллээ. Учир нь Барсагын дундын шугамд 1 л тамирчныг хамгаалалтгүй орхиход МСН бөмбөгтэй байх гол нөхцөл бүрддэг. Месси, Нэймар 2-ыг хамгаалхад эсрэг багийн 1–2 хүн ирж байгаа нь энэ байдлыг үүсгэх үндэс болдог.

2. Дундын шугмыг урд довтолгооны 3 тамирчнаас тусгаарласан эсрэг багийн нэхэлтийн хариуд гаргах нөөц хөзөр алга. Зарим тоглолт дээр Месси хойш сууж найруулгыг өөрөө хийдэгч энэ нь хангаллтай хэмжээнд багийн тоглолтыг олон талтай болгохгүй байна. Энэ тохиолдолд хувь тамирчны ур чадварт тулгуурласан сөрөг довтолгоо үүсгэх боломжтой болдог. Гэхдээ энэ хувилбар ямарч багийн эсрэг хэдийд ч аюул тарих уу гэвэл ҮГҮЙ.

3. Шави + Иниестагийн эрин үе дууссан уу. Барсагын дундын шугамын ид үед буюу Шави Иниестагийн эрин үед хэн ч бөмбөгөө алдах вий гэж санаа зовдоггүй байсан гэхэд болно. Бас Playmaker-ийн пассууд өгөх аргагүй болохоор өгсөн тийм харанхуй пассууд биш байдаг байсан. Тэд гоол эсэх нь чухал биш бөгөөд довтолгоо хамгаалалтын үед бөмбөгний шилжилт хуваарилалт хаагуур явах, хожигдож байхад эсвэл хожиж байхад тоглолтын хэмнэлийг тохируулах нь чухал байсан. Өөрөөр хэлбэл тоглолтын тэнцвэрийг ямар ч үед төгс хадгалдаг байсан гэхэд болно.

Гэхдээ өмнө нь 2012–13 оны улиралд Италийн AC Миланы талбайд Барселона Аваргуудын лигийн яг энэ шатанд 2:0 гэсэн үр дүнтэй хожигдсон ч өөрийн талбайд хийсэн хариу тоглолт дээр 4:0 гэсэн үр дүнгээр илүүрхэж дараагийн шатанд шалгарч байсан. Улмаар тухайн жилдээ хагас шигшээд үлдэж байсныг бид мэднэ. Өчигдөр шөнийн тоглолт дээр Месси эсрэг багын торгуулын талбай дотор ганц ч удаа бөмбөгөнд хүрч чадаагүй нь Аваргуудын лигт хэзээ ч болж байгаагүй тохиолдол. Хэрэв Барса хариу тоглолт дээр 4:0 гэсэн энэ үр дүнгээс эргэн ирэлт хийж дараагийн шатанд шалгарч чадвал мөн л урьд өмнө нь байгаагүй түүх бичигдэх болно.

ПСЖ-гийн давуу тал юу байв?

  1. Толголтын туршид ПСЖ нийт 16 удаа цохилт хийснээс 10 нь хаалга онсон бол Барса ердөө 7 цохилт хийснээс 1 нь л хаалганд туссан. Парисийн багийн хамгаалалт ямар сайн байсныг энэ үзүүлэлтээс харж болно. Том зурагаар нь харвал бүтэн талбайн нэхэлт хийж Барсагын довтлогч нарт бөмбөг өгөх боломжыг хаасан нь энэ үзүүлэлттэй холбоотой.
  2. 2 давхарын тоглолт. Барсагын сул тал 2 давхарын тоглолт /хөдөлгөөнгүй бөмбөг/ болон сэтгэл зүй гэдэг нь сүүлийн үед ажиглагдаад байгааг маш сайн ашигласан.
  3. Илүү үйлдэлгүй тоглолт. Бөмбөг эзэмшилт тэдний зорилго биш байсан нь эсрэг багаас бөмбөг таслагдаад 2–3 дамжуулалтын дараа л Барсагын торгуулын талбайд ирж байснаас харагдана. Бөмбөг эзэмшилт ПСЖ 43% БАРСА 57% байсан. ПСЖ олдсон боломжуудаа сайн гүйцэтгэж байсан гэсэн үг.
  4. Adrien Rabiot. Тулгуурт тоглож байгаа тамирчны сайн гүйцэтгэл. Гэхдээ төгс бол биш. Цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж бөмбөг бүрийн араас явж байсан нь 2 дахь гоол орох эхлэл болсон. Бөмбөг таслалт маш сайн хийдэг, гүйлтийн тэсвэр сайн. Хэрэгтэй үед торгуулын талбайн гаднаас довтолгоо дэмжих чадвартай. 2 давхарын толголтонд ч муугүй гэдгээ харуулаад авсан.

Миний хувьд ерөнхийдөө эхний тоглолтыг дээрх байдлаар харж байна. 14 хоногийн дараа Испанид болох бүхэл бүтэн 2 үе буюу 90 минут бий. Барсад найдвар бий ч тун бага. Талбай дээрээ 1 л гоол алдахад хариу 6 гоол хийх хэрэгтэй болно. Онолын хувьд л боломжтой.

Мөн Испанид #EnriqueOut гэсэн hashtag гарсан нь 14 хоногийн дараа “Франц Үнсэлт”-ийг “Spanish corrida” болгон хариулах чадал түүнд байгаа эсэхийг харах л үлдлээ.