Shoe Dog — Phil Night
Энэ намар хэдэн ном уншсаны хамгийн сүүлийх нь 20-р зууны 2-р хагаст Nike брендийг үүсгэн байгуулсан Phil Night эрхмийн намтар байлаа. Энэ номны өмнө намтар гэвэл Jack Ma, Elon Musk нарын намтрыг уншсан ч эхлүүлсэн тэмдэглэл маань дуусаж өгөхгүй байна.
Phil Night анх 24 настайдаа ааваасаа мөнгө зээлж дэлхийн тойрон аялал хийсэн үйл явдлаар ном эхэлсэн нь сонирхол түрүүлж би анх энэ номыг нээхдээ л талд нь хүртэл зогсолтгүй уншсан. Үйл явдал замбараагүй ар араасаа өрнөж байсан ч аргагүй их хугацаа зарж эмхэтгэсэн ном тул уншиж байгаа хэнийг ч уйдаахааргүй байсан нь мэдээж. Фил Ореганий коллежэд хичээл орж байхдаа урд эгнээнд суусан цэнхэр нүд, шаргал үстэй бүсгүйг анх харсан нь түүний ирээдүйн эхнэр Пенни байлаа. Тэд Маттью, Трэвис гэх 2 хүүтэй болсон ч том хүү нь усанд осолдож амь үрэгддэг.
Бизнесээ бий болгож буй явцад анх борлуулалт хийж байсан Японы Оницакатай хуулийн маргаанд орсон хэсэг, АНУ-ын ЗГ-тай мөн татварын маргаанд орсон хэсэг болон хэрхэн даван туулсан зэрэг нь бизнес эрхэлж буй хэнд ч хамтрагчид бол хамгаас үнэтэй эрдэнэ юм гэдгийг бодит болсон явдал дээр ойлгуулсан хэрэг болжээ. Хамтрагчид бол хамгаас үнэтэй Эрдэнэ. Чи алдсан ч тэд чамайг босгоод хамтдаа цааш явна гэсэн үг. Номын баатар өөрөө хэзээ ч бууж өгөхгүй сэтгэл зүйтэй нь магадгүй коллежид байхдаа гүйлтийн тамирчин байсантай нь холбоотой. Ер нь энэ төрлийн бизнес эрхлэхээр зориг шулуудаж анх хэнтэй уулзахаа ч мэдэхгүй Япон улсыг зорьж байсан нь гүйлтийн тамирчин байсантай нь холбоотой.

Номын төгсгөлийн бүлэгт амжилтанд хүрсэний дараа хэн хэн хаана юу хийж байгааг дурдсан хэсгүүд үнэхээр таалагдсан. Яг л киноны төгсгөл шиг. Эцэст нь энэ номноос миний ойлгосон хамгийн чухал 2 зүйл:
1. Өөртөө буюу өөрийхөө бий болгосон багтаа итгэх байдал.
Амьдрал, бизнес аль алинд жижиг том, хүнд хэцүү олон төрлийн асуудал бидэнд тохиолдоно. Ийм үед нэг л зүйлийг чи толгойндоо бат ойлгох хэрэгтэй. БИ БОЛОН БИД ЭНЭ АСУУДЛЫГ ДАВЖ ЧАДНА. Давж чадна гэдэгтээ итгэхгүйгээр чи хэрхэн давах замаа олж чадахгүй. Тухайн асуудлыг шийдэх чадах чадвар чиний багт байгаа гэдгийг ойлгохгүйгээр асуудал шийдэх замаа тод харж чадахгүй. Фил Найт бизнес нь асуудалтай үедээ шийдэл нь хаана байгаа вэ гэдгийг л орой бүр хайж байсан. Шийдэл хайхын оронд би давж чадах уу үгүй юу гэдэгтээ эргэлзэж суугаагүй гэсэн үг.
2. Энх тайван цагт сэлмээ ирлэхгүй бол дайныг хэрхэн давах вэ?
Ямарч асуудалгүй бүх зүйл сайхан байх хугацаа бол амрах биш бэлтгэлд зориулсан хугацаа. Хувь хувьсгалын бүхий л амьдралд энэ хамаатай. Бизнес нь бүх талаараа амжилттай байх үед хэзээ нэгэн цагт ирэх нь ойлгомжтой хуулийн маргаанд бэлтгэх үүргийг Phil Knight өөрийн багийхаа өчүүхэн хэсэгт ч болтугай өгч байсан. Таны ажлын тайлангын хугацаа сар бүр, улирал бүр эсвэл жилд ганц ч удаа байдаг байж болно. Эсвэл таны хувийн бизнест зах зээлийн өөрчлөлтөөс хамаараад ямарч эрсдэл тулгарч болно. Та оюутан бол энэ таны сурлагад ч хамаатай. Бүх зүйл сайхан байх үед илүү хичээцгээе. Бид дайны үед бага ядрах болно.!
