Та хэр залуу вэ?

Nas Daily T-Shirts

~Хүмүүс намайг хэдэн настай вэ? гэж асуудаг.

~Би хорин дөрвөн настай гэж хариулдаг.

~Тиймээ чи залуу байна гэдэг.

Үгүй шүү би тийм ч залуу биш. Яагаад гэвэл америкт эрэгтэй хүн дунджаар 76 насалдаг. Энгийн математикаар бол 24/76=32% буюу би амьдралынхаа бараг л гуравны нэгийг туулсан гэсэн үг. Тэгэхээр би залуу биш хөгшин.

Хэд хоногийн өмнө үзсэн YouTuber, Дэлхийгээр аялагч Nas Daily-гийн ярианаас тасалж оруулав. Бид нээрээ л шинэ зүйл эхэлхээс эмээж, үргэлж залуу гэсэн тодотголоор хойш суудаг. Гэтэл бидний амьдралын гуравны нэг нь аль хэдийн ард хоцорсон гэж бодвол арай өөр сонсогдож байгаа байх. Шинэ адал явдал, шинэ бизнес, шинэ аялал эхлүүлэхэд хамгийн тохиромжтой нас 20–30. Хүний өсөж дэвших процесс эхэн хэсэгтээ хамгийн хүнд байдаг нь хууль. Хэдэн зуун удаа унаж бүдэрч байж хөлд орно; хазгай муруй, буруу дуудаж байж хэлд орно. Дараа нь сургуульд орж том жижиг, хөрөөний ир шиг юм бичиж байгаад л бичиж сурдаг. Яг үнэндээ энэ үед биднийг томчууд шоолж, доог тохуу хийж байдаг ч хүүхдийн гэнэн томоогүй, алдахаас айдаггүй зан, хүсэл тэмүүлэллээр энэ бүгдийг даван туулдаг. Анхны ажил, гарааны бизнес эхлүүлэх, бидний урьд нь огт хийж байгаагүй зүйлээ туршиж үзэх эхэндээ тийм л хүнд бэрх байдаг. Яг л бага ангийн багш саваагаа бариад алдах бүрт минь толгойруу тоншдог шиг. Би ч гэсэн яг энэ зарчимаар medium дээр хэд хэдэн удаа юм бичих гэж оролдож, хэн нэгний шүүмжлэлээс айж бичсэн бүх юмаа арилгаж, олон удаа хойшлуулсаны эцэст анхны бичвэрээ publish хийх гэж байна. Сайн муу 2 мэдээгээр энэ бичвэрээ өндөрлүүлмээр байна.

Та өнөөдөр шинэ зүйл туршиж, хийж бүтээхэд хангалттай залуу байна.
Хурдхан шиг л хийж эхлэхгүй бол өдөр хоног гэдэг харавсан сум шиг л өнгөрсөөр.