2017 онд уншсан санал болгох 7 номын товч тэмдэглэл

Өнгөрсөн онд уншиж дуусгасан номнуудаасаа хуваалцая. 2017 онд 30 ном унших зорилт тавьсан ч сүүлийн 3 сард уншихаа багасгасны ачаар зорилтондоо хараахан хүрсэнгүй.

  1. “The life-changing magic of tidying up” Marie Kondo

Минималист амьдралыг шүтэх болсон өнөө үед залуусын заавал унших номын нэг. Компьютерийн фолдер, ажлын ширээнээс эхлээд шууд хэрэгжүүлж болохоор бодит жишээ олон оруулж өгсөн нь үнэхээр таалагдсан. Хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өөртөө ойр байлгаж, хэрэгцээгүй болсон эд материалаасаа баяртайгаар салах цаг иржээ. Хаяхад хэтэрхий хайран мэт зүйлс шүүгээг чинь дүүргэсээр байвал энэ номоос хариултыг нь олоорой. Цөөн байх нь илүү дээр. Эмх цэгцтэй амьдрал аз жаргалын эхлэл.

2. “Эрүүлд хүрэх зам их энгийн” П.Анужин

Хүлээн байж унших үед жижигхээн ном гарт минь ирж жаахан гонсойлгосон. Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэндээ хэрхэн тордох, ходоодруугаа хор биш хоол шидэхэд туслах хөөрхөн гарын авлага. Мацаг барихын ач холбогдол, тусыг олж мэдсэн. Тогтмол мацаг барьж чадахгүй байгаа ч удахгүй зуршил болгоно гэж төлөвлөөд л байгаа. Жилдээ нэг энэ төрлийн ном унших хэрэгтэй санагдсан. Энэ жилийн унших ном бол “Эрүүлжих ухаан, эмгүй амьдрал” Пол Брэгг.

3. “Жек Ма-гийн бүтээсэн АЛИБАБА” Данкан Кларк

Англи хэлний орчуулагчаас Дэлхийн хэмжээний томоохон цахим дэлгүүр бүтээсэн зам үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр. Галзуу хүсэл эрмэлзэл, тууштай зан түүний амжилтын луужин. Бусдын олж хараагүйг харж, эрсдэлийн өөдөөс тэмцдэг нэгэн. Хятад улсын тэргүүн баян, алдарт бизнесмен, хөрөнгө оруулагч энэ эрхэмийн намтар олон залууст урам зориг өгсөөр байгаа. “Өнөөдөр хэцүү, маргааш бүр илүү хэцүү ч нөгөөдөр үнэхээр сайхан байх болно. Харамсалтай нь ихэнх хүмүүс нөгөөдрийг үзэж чадалгүй маргааш нь л үхчихсэн байдаг.” ~ЖЕК МА

4. “ТЭГ-ээс НЭГ-рүү тэмүүлэх нь” Питер Тиэл

Гарaаны бизнес, энтрепренер, эко систем гэдэг үг залуусын амны уншлаг болжээ. Миллениал буюу шинэ мянганыхан дэлхийг өөрчилж чадах агуу санааг эрэлхийлж түүндээ тэмүүлэх болж. Хэрхэн бизнес эхлүүлэх, юу ч үгүйгээс шинийг бүтээх зөвлөмж, түүхүүд мянга мянган залууст урам зориг өгж, тэдний ширээний ном болсоор байна. Орчин цагтай хөл нийлүүлэн алхаж залуусын дунд тренд болж байгаа олон үг тодорхойлттыг олж унших боломжийг энэ ном танд олгоно.

боломжийг энэ ном танд олгоно.

5. “Жонон гуйлгачин хоёр” Марк Твен

Энэ жилийн хувьд уран зохиолын ном харьцангуй бага уншлаа. Сүүлийн үед хүмүүс хэдий зөвлөсөн ч уран зохиолын номыг шуурч авч уншихаа больсон. Уэлсийн жонон, гуйлгачин хүү хоёр хоорондоо усны дусал мэт адил харин жонон баян тансаг амьдралаас уйдаж эрх чөлөөнд тэмүүлнэ, гуйлгачин хүү гадуурхал, өлсгөлөн байдлаас зугтахыг хичээнэ. 2 хүүгийн хүсэл биелсэн ч энэ тэдний төсөөлснөөс дэндүү хүнд байлаа. Киног нь бол бүгд үзсэн байх ном нь илүү сонирхолтой. Сонгодог бол сонгодог л байдаг хойно.

6. “Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг” Гармин Галло

Энэ жил бизнес, илтгэх урлагийн ном л их уншлаа. Хэлэх гэсэн санаагаа бусдад ойлгуулж, ятгах чадвар бидний амьдралын алхам бүрт хэрэг болдог билээ. Стив Жобсыг агуу бизнесмен гэдгээр нь хүн бүр мэддэг бол энэ ном түүнийг ямар агуу илтгэгч байсан талаар өгүүлнэ. Илтгэлээ хэрхэн бэлдэх, сонсогчдыг хэрхэн яриандаа оруулах нууцууд энэ номд бий. Түүний бусдыг өөртөө татаж, амнаас унасан үг бүр нь итгэл найдвар төрүүлдэг зан чанар нь Дэлхийн хамгийн баян корпорацийг босгох түлхүүр байжээ.

7. “Оюуны зураглал” Тони Бьюзан, Барри Бьюзан

Бид оюуны зураглал, цацаргах сэтгэлгээнд суралцсанаар өдөр тутмын тэмдэглэл, төлөвлөгөө хийх илүү хялбар болох бөгөөд таны цаг завыг маш их хэмнэнэ. Лекц, хурлын тэмдэглэл, санаанд орсон шинэ санаагаа цаасаа гаргаж ирээд л шууд зурагла. Үр дүнг нь шууд л мэдэрнэ. Эртхэн л олж уншихгүй яавдаа гэмээр л амттай ном. “Уураг тархиныхаа үл ойлгогдом нууцад улам нэвтрэх бүрд, бүх юмс харьцангуй атлаа өөр хоорондоо холбоо хамааралтай гэдгийг ухаарах тусам, “хүн төрөлхтөн нэг гэр бүл” гэдгийг ойлгож мэдрэх болгонд та бидний ирээдүйдээ итгэх итгэл улам цацран гэрэлтэх авай.”

Энэ ондоо оюундаа хөрөнгө оруулалт хийсэн, олон шинэ номтой танилцах жил болох болтугай. Ном бол ертөнцийг харах цонх юм.

Өнөөдрийн Уншигч Маргаашийн Удирдагч

2018.01.11