Source: Pexels

Англи хэл сурах уу яах уу

Tumurtogtokh Davaakhuu
4 min readApr 22, 2018

Хүмүүс англи хэл сурах гэж бөөн юм бодоод байгаа хирнээ тэрийгээ ч сайн сурсан юмгүй нэг байрандаа чөдөрлүүлсэн морь шиг байгаад байдаг тухай бодол.

Би гэдэг нөхөр өдөрт хэдэн удаа ийшээ IELTS-д бэлдэгчдийн групп орж хүмүүсийг хэрхэн англи хэл сурч байгааг хардаг ухаантай хүн. Тэндхийн админ болохоор тэр л дээ. Би ч бас өөрөө гадаад хэл сурах гэж үйл тамаа цайж явсан хүн болохоор хүмүүсийг хялбар биед амар аргачлалаар хэлээ сураад цаашдын үйлдээ цаг гаргаасай гэж боддог. Англи хэл анх сурч байхдаа англи аялга, америк аялга гэж өөр байдаг. Тэд нарыг нь хамт сурахгүй бол хүмүүсийн яриа ойлгохгүй гэх ухааны би юм боддог байлаа.

Хай, хоу аарь юу фриенд (Hi, how are you, friend) гэж хэлэх мэлэх дээр бол сургалтын төвүүдийн хүмүүсийн хэлдгээр англичууд өөр дуудлагаар, америкчууд нь өөрөөр хэлнэ. Фриенд (friend) гэдэг үгийг ярианд дүүдье (dude) гэж хэлнэ гэж мэж сүр болоод л… тэгээд л энэ бүхнийг бодох тусам яаж энэ олон байдлыг ялгаж сонсож, ашиглаж сурна аа гэж нервтээд л тийм ээ. Нэг л танил сонсогдож байна уу?

Тэгсэн би англид сурахаар ирээд юу сонссон гээч:
Ай уу аалъ аайт паа (Are you all right, pal)… Хаөйяөө мээйт (Hi mate)….

Зөвхөн мэндчилгээн дээр л ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэж олон хүний зөвлөгөө, олон аялгын талаар мэдэх гэж оролдох ч тэр нь тэгээд л хог болоод л өнгөрчих жишээтэй. Тэгэхээр англи хэл сурч байхдаа тэр аялга ямар имэр тимэр томор дамар шамир бомор болом болохгүй гэдэг дээр анхаарах хэрэг байхгүй. Ярианд үүсгэсэн аман харилцаагаа огт нураагаад хаячихгүй өгүүлбэр амнаасаа унагачих зоригтой, олон тв сериал үзсэн байхад л яриа бол хангалттай. Бусдыг бол англи хэлээ хангалттай эзэмшсний дараа дуртай үедээ сурчихаж болно.

Харин англи хэл хангалттай эзэмших гэж юу яриад байна. Энэ бол харьцангуй ойлголт. Хэн нэгэн сайн ярьж сурахыг л хүсч болно, өөр нэг нь бизнесийн хэрэглээнд сайн бичиж сурахыг зорьж болно, эсвэл зарим нэг нь гадны их сургуульд орохын тулд суралцаж байж болно. Их олон янзын шалтгаан байх хэдий ч хүн болгонд таарах хэмжүүр нь IElTS 6.5 оноо гэж байж магадгүй ч тэрийгээ хэрхэн эзэмших замнал бол өөр. Хүмүүс яагаад англи хэл сурах гэж байгаа вэ гэдгээ сайн бодолгүй сургалтын төв, багш бараадаж үг цээжилж өөрийгөө тамалж эхэлдэг. Яг үнэндээ яагаад энэ хэлийг сурч,яаж энийгээ хэрэглэх юм гэдгээ мэдээгүй хүн заавал мэдэх ёстой гэсэн хэдэн мянган үг цээжлээд л байгааг харахад өр зүрх минь шимшэрч, өрөвдөх сэтгэл төрнө. Хэзээ яаж хэрэглэхээ мэдэхгүй, хир удаан толгойдоо агуулах нь тодорхойгүй баахан үгээр яг яах ч юм. Ямар алхдаг англи-монгол лавлах ном болох гэж байгаа биш. Хэрвээ тийм бол ч яая гэхэв. Харин миний зорилго бол тийм биш, англи хэл ашиглаж сурах байсан. Тэгээд ч надад тийм олон үг тогтоогоод байхаар оюуны потенциаль байхгүй, тэгээд суугаад байх сэтгэлийн тэвчээр нь ч байхгүй байлаа. Тэглээ гээд би англи хэл сурч чадахгүй байна гээд өлбийгөөд гөлөн гөлөн хийгээд дэбийл царайлаад суугаад байлтай биш. Тэгэхээр яах вэ?

Эхлээд яагаад сурах вэ гэдгээ нарийн гаргаж бод. Зүгээр л гадаадад сурахын тулд, үеийнхэн бүгд сурч байна, орчин үеийн иргэний заавал мэдэх ёстой бла бла дүүн дүүн диш диш гэх хэт энгийн зүйлс биш шүү. Яг нарийнаар яагаад сурах гэж, яаж ашиглах юм. Ойлгомжтой байлгах үүднээс өөрийн жишээг хэлэхэд бол надад ielts-н оноо хэрэгтэй байсан учраас академик англи хэл дээр гаргууд болох хэрэгтэй байсан. Англи хэлийг бол ажилтай холбоотой мэдээлэл авах, ажил дээрх шинэ програм, аргачлал сурч хичээл үзэх зэрэг дээр ашиглах байсан. Дунд сургуулиа төгсөөд орсон их сургуулиасаа гараад шууд ажил дээр гарсан болохоор бие дааж сурах зүйлс их, би дипломтой гэх гаруудтай өрсөлдөх хэмжээний мэдлэгтэй байх ёстой учраас ажил дээр англи хэл шаардлагатай байсан хэрэг. Тэгээд л өглөөнөөс орой хүртэл ажил дээрх бүх зүйл англи хэл дээр, орой гэрт очоод тв сериал үзээд унтана. Энэ мэтээр өдөр бүр хагас бүтэнсайн олон нийтийн амралтын өдөр хайхралгүй. Энэ мэтчилэн сураад англи хэлийг Elementary-с эхэлж заалгаж 9,10н сар суугаад оноогоо авсан. Сонгож суусан сургалт маань ч академик англи хэл, ielts дээр анхаардаг байлаа. Яагаад ингэж болж байгаа нь яагаад гэдгээ нарийн гаргаад, яаж хэрэглэх гэдгээ нарийн тодорхойлсон учир. Мэдээж багшийн зааж байгаа зүйлс ч энэ байдалтай яв цав таарна. Яах гэж сурах гэж байгаагаа мэдэж байгаа болохоор заалгаж байгаа зүйлсдээ ч нарийн анхаарал хандуулна. Харин энэ хооронд үг цээжлэх гэж дэвтэр цаас харж, үг амандаа бувтнуулж ганц ч удаа сууж байгаагүй.

Англи хэл сурах, тэгээд тэр хэлний шалгалтуудыг давах бол хэн хүн даваад байшгүй ачаа биш. Тэгээд мэдээж хүнд англи хэл сурахаас гадна өөр цаад зорилго бий шүү дээ. Гадаадад боловсрол эзэмших, мэргэжилдээ дэлхийн түвшинд хүрэх, одоогийн өөрийнхөө ажиллаж буй салбараа мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх гээд цаад алхам их бий.

Тэгээд одоо үед англи хэлгүй бол ээрүү хүн гэж хэлж ч болохоор үе. Бас гадаад хэл дээр мэдээлэл авч боловсруулж сурахгүй бол сэтгэхүйн хэмжээ, мэдлэг боловсролын гүн нимгэн болчихоод элдэв шуугианд хамхуул шиг хийсчихээд байх үе ирж. Энд тэнд “би мэднэ” гэж бичиж яригчдын яриа,үйлдлийг гадны сурвалж, сувагтай харьцуулж харахгүй л бод тэр гарууд юу ч гэж яаж мэднэ. Юугаа ч сайн мэдэхгүй нэг хүний үгийг даган давтаж өвчигнөөд байх нь нөгөө хүний үйлдлийг муухайн дагаж дуурайдаг сармагчны үйлдлээс ялгаагүй болчихно биз дээ.

Дахин нэг давтаж хэлэхэд англи хэл сурах гэж оролддог бол яагаад, яаж ашиглахаа л сайн бод. Тэрийг олсон байхад цаашаагаа easy peasy. За тэгээд амжилт хө. Төрөлхийн бусдаас гойц төрөөгүй, амьдрахдаа ч хэн хүнээс илүү потенциальтай байгаагүй бачкагийн англи хэл сурсан аргачлал нэг иймэрхүү. Бурхнаас заяагдаж төрсөн мундаг хүмүүс өөр зүйл хэлж ч магад. Бөть хвү кеерэс 🙎

Д.Төмөртогтох

Таалан тамшаатал бичигдэж үү үгүй юу? Хэрвээ иймэрхүү нийтлэлүүд уншимаар бол миний блог руу орж үзээрэй. Сар бүр өөрийнхөө уншсан номны талаар бичихээс гадна тунгааж үзэх хэрэгтэй зүйлсийн талаар бичдэг. Нийтлэл уншаад хэлмээр санаа оноо эсвэл төрсөн сэтгэгдлээ бичээрэй. 😄 👇

--

--