Мунхагралын талаарх хураангуй
Бага ангид байхад аав хүүхдийн сонингууд байнга захиалж өгдөг байлаа. Тэдэн дундаас “Яагаад” гэх сонин их гоё. Их сонин мэдээлэл, нийтлэл ихтэй, содон зураг ихтэй сонин. Хотод нүүж ирээд намайг дунд ангид орсон байхад сонингоо өөрөө очиж авч байх гэсэн болзолтойгоор тэр сонинг аав захиалсаар л байсан. Би яахав нусаа татаад л Сансарын туннел дээр байх авга эгчийнхээ нэр дээр бүртгэлтэй шуудангийн хайрцаг манаж байгаад сонингоо авна. Манайх тэр үед кабелын сувгууд үзэх боломжтой айл биш байсан, тэгээд ямар Үндэсний телевиз үзээд байлтай биш тэр “Яагаад” сонинтойгоо их цагийг өнгөрөөж байж. Тэр сонины олон дугаар дундаас одоо хүртэл нүдэнд харагддаг нэг нийтлэл байдаг нь дэлхийд амьдарч байсан эсвэл үлгэр домгийн шахуу аварга амьтдын талаар зурагт нийтлэл. Орон орны домогт гардаг араатан, маш том арслан барс, матар гэх амьтдын дунд Kraken гэх нэртэй аварга наймаалж харагдана. Далайн гүнд далайн нууцыг хамгаалан амьдарч, өөрийн хамгаалах газар луу ойртсон завийг өөрийн тэмтрүүлээрээ бүхлээр нь ороож байгаад залгидаг гэх нууцлагдмал амьтан. Тосгоны жижиг горхи, үертэй үедээ их сүрлэг байх Хараа голоос өөр их ус харж үзээгүй нусгай бацаанд зах нь үл харагдаж, ёроолыг нь хэмжихэд хүний хүч мөхөсдөх тэр агуу далай, тэр далайд байх аварга тэр амьтан бүхэл бүтэн усан онгоцыг тэр чигээр нь залгина гэдэг бол хэтэрхий хиймэл, баригдаж барагдахгүй ойлголт байснаас гадна миний мэдлэг хир бага байгааг миний тархинд хир их өлсгөлөн агуулагдаж байгааг илэрхийлж байсан юм.
Дан ганц аварга амьтдаас гадна Грекийн алдарт Трой хотын дайн тухай гарах алдарт Хомерын найраглал “Яагаад” сонинд зурагт комиктойгоор гарна. Хоо Грек гэж эрчүүд нь дан шорт өмсөх орон бас байна аа гэж бодоод л энэ талаар илүүг мэдхийг хүсэж хажуу айлын ахаас гуйж авч унших номнууд дунд Грекийн үлгэр домгуудтай ном нэмнэ. Тэдгээр дунд байгаль дэлхийг удирдах асар хүчтэй ч өөрийн төрсөн хүүхдүүдээ идэх Грек бурхадын талаар, үүл хөлөглөн хэдэн мянган жилийн цаг хугацааг хурууны дардасаар л шийдэх тухай өгүүлэх Тансан ламын аялал, дорнын гүн ухаан нэвт шингэсэн хирнээ хүний чадавхыг хэт дөвийлсөн уран зөгнөл гарах мөрөн голын адал явдал дүүрэн зохиолууд, аливаад бүгдийг чимхлүүр нарийвчлан авч үзэх Англи занг тодотгосон Шерлок холмесын адал явдлууд, хүн байгаль араатан амьтдын хоорондын холбоог болон хүнд орших араатан шинжийг гарамгай өгүүлэх Майн ридын романууд, капиталист нийгэмд хүний гаргах олон ааш араншинг болон болсон явдлыг нарийн шинжилж өгүүлэх Чейзын олон цувралууд гэх мэт олон төрлийн ертөнцийг агуулсан номнууд багтана. Үүний хажуугаар аавын цуглуулга дунд байх Чойномын номнууд, Монголын хөдөөний амьдрал, унаган байгалийн сайн сайхан, монгол анчин болон ан амьтдын талаар өгүүлэх туужууд, Их эзэн Чингис хааны үеээс эхлээд социализм хүртэлх Монголын талаарх бүх үеийн түүхийг өгүүлэх олон номнууд, Зөвлөлт засгийн үеийн алдарт зохиолуудын хүн нийгмийн төлөө амьдрах ёстой гэх үзэл суртал шингэсэн номнууд миний тархинд бодол болон зооглогдоно.
Их сонин л доо. Энэ бүгд тэгээд юунд хэрэгтэй юм бэ? Бага байхад бол бусад хүүхдүүдтэй яриа нийлэхэд бол огт хэрэггүй байсан. Би тэдний ярьдаг олон ангит солонгос кино, мундаг кунг футэй кинонууд, тэр лаг дуучин хамтлагууд, эсвэл хошин шогийн тэр тэр үзүүлбэрүүд гээд бүгдийг нь мэддэггүй тэд ч миний хэлэх түүхүүд, ийм байвал яах бол гэсэн санааг ойлгодоггүй. Гэхдээ энэ байдал аавын маань хүссэн зүйл. Явдаг байсан бөхийн дугуйланд бол ах нар хэрхэн хурдан хүүхэд зодох талаар, гудамжинд үеийн хүүхдүүдийн хүсэл болсон ах нар бол хэрхэн хүүхэд айлгах талаар, хөдөө гарахад ирэх ах нар бол хурдан бие, булчингаа хөгжүүлж яаж хүүхэд дээрэлхэх талаар л заах бол аав өөрийн ямар ч үг үйлдэл үзүүлэлгүйгээр надад хэнбугай нь ч ганцаараа биеээр заан, ухаан мэдэж өгч чадахааргүй зүйлийг өгч байлаа. Хүний сэтгэмж хязгааргүй их зайтай, мэдлэгийн хэмжээгээр хүний харах холын ухаан хэмжигдэнэ, хүн болгоны харах өнцөг өөр өөр, түүнээс шалтгаалаад сэтгэхүйн цар хүрээ ч өөр бөгөөд үүнийг мэдэрч таниж байхыг заавал сурах хэрэгтэй гэх ойлголт.
Харин энэ нь хүнд хэрэгтэй юу? Яг одоогийн нийгэмд бол заавал хэрэгтэй. Жишээ аван саяхан болоод өнгөрсөн сонгуулийн солиорлын хэдэн долоо хоногийн турш сурталчилгааны албаны хүмүүсийн гаргасан ааш араншин, жирийн ард нийтийн солиорол, бид дээд болосвсролтой нийгмийн орой гэх элитизм шингэсэн хүмүүсийн тэнэгрэл, хувь хүн болгоныг тус бүрийн хувийн сонирхол нь хөтөлж, хүн бүр өөр өөрийн эрх ашигт тулгуурлан сэтгэж, сэтгэхүйнхээ цэгнэсэн шийдвэрт биш гэдэснийхээ хоржигнох чимээнд захирагдаж явах жигшим үйлдэл илүүтэй харсан хөгийн хэд хоног болж өнгөрсөн гэдгийг дурьдахад болно.
Хүн өөрийн ухаант дүрээ гээж өөрийн үзэл бодлоо хангах хүслээр өлсөх нэгэн араатан болж хувираад үзсэн зүйлс, бодсон бодол болгонд нь харшилсан нэгнийг хэмлэн гадуурхаж, өөрийн бодол гэх шалдан шүдээрээ зэвсэглэн тэр нэгнийг дайрч, хаа хүрэх гэж хамт яваагаа үл тоон боломж гармагц л халуун хоолойд нь шүдээ шигтгэн өөрийнхөө бодолтой харшилсан нэгнийг устгах тэр үйлдлээ их л гэгээхэн баатарлаг үйл гэж санах нь харамсалтай. Яг л Жек Лондоны “Цагаан соёт” романд гардаг сүрэг чонын хатуу өвлийг хэрхэн давж холын аялал хийж байгааг харуулан бичсэн тэр жижиг хэсэг шиг л. Олны танил гэх хэргэмтэйгээр бэлэн инээд нүүрэндээ тодруулж, тогтож дүгнэх аргагүй урсгал үг урсгах хэдэн хүн дөрвөн жилийн зайтай үлээх салхинд туугдан өөрийн гэх байр суурийг үл олон тэнүүчлэх нь Дантегийн “Там”-ын туульд гарах хоёр дахь тамын гогцоонд үүрдийн салхинд үлээгдэн өөрийн тачаалын горыг эдлэх нүгэлт хүмүүс шиг л санагдана. Хонгорхон хорин насандаа ч дөмөгхөн сайн тогтож амжаагүй залуус хүртэл тачаалын салхинд цохигдох нь мөнгөний үнэрт сэрэл нь хүрдэгийнх үү. Цөлсөн хүний чиглүүлсэн зүг рүү өөрийн мэдэлгүй үсчих бөмбөг шиг жирийн иргэдийн тархи сэтгэхүйг тоотой хэдэн хүн өөрсдийн мэдлээр хоорондоо харилцан наадаж байгаа нь тоглогчдын хувьд бол эрх мэдлийн төлөөх спорт бол харин ард иргэдийн хувьд бол тэдний амьдралд тодруун үлдэх шалбархай, сэтгэл санаанд угших том булдруу. Энэ мэт одоогийн манай нийгэмд байгаа бүтэхгүй зүйлсийг тун товчхон хирнээ их жинтэйгээр хамаад алсын оронд докторын зэргээ хамгаалж буй Цэлмүүн хэлсэн байдаг.
Тэнэглэл нь тэдэнд хөгжилтэй. Уран ярьдаг л бол тэдэнд ухаантай. Сайн хэлбэрдэж чаддаг нь тэдэнд мундаг. Дэмий бие биенээ хөөргөcөн. Оюуны ядуурал юм бэ. [1]
Ч.Цэлмүүн — MPH., PhD Candidate
Чухам юуны улмаас одоогийн нийгэм маань ийм оюуны ядуурлаар дүүрэн болов? Асуултын цөм болох нийгмийг тэр чигээр нь төсөөлөөд үзэхэд яг л дан хүмүүсээс бүрэлдэх агуу том уул мэт. Газар шороо, ус мод, чулуу хайрга юу ч үгүй нэг том уулыг дан амьд хүмүүс бүрдүүлж, тэдгээр хүмүүс нь өөрийн ашиг сонирхол гэх зүйлийг даган уулынхаа аль болох өндөрлөг дээр нь байхыг хүсэж тэмүүлэнтээ хажуудахь, доодохь, дэргэдэхь өөрийн цус нэг хүмүүсийг гишгэлэн өөд өөд мацаж байхдаа өөрийн дээр байх хүмүүсээс зүүгдэж зунгааралдсаар эцэс сүүлд нь татаж унагаагаад өөрийгөө дээш гаргахыг илүүчлэн амьдын чанараа алдсан махан биетнүүд шиг л. Өмнөх амьдрал, шаантаглах шалтаг, бариутай тус гэх мэтчилэн татаж болох бүхнээс татах бол нэр хүнд, хүн чанар, бусдын хүндлэл, хүмүүсийн хайр зэргийг бүгдийг гишгэлэх бол өөрийн чадалгүй болсон зарим нь дэмий л нэгний доор сөхрөн, залбирч сууна. Галзуурам байгаа биз? Нэг зүйл тодорхой нь хүн болгон өөрийн төсөөлөлдөө харагдах сайхан амьдрал гэгчийг шүүрч авахын тулд л тэгж яваа.
Хүн хэдий далайг балгах агуу том амтай ч гартаа барих шанага чинь хул аяга хугаслаж дүүргэхтэй үгүйтэй байхад яаж өөрийнхөө хүслийг хангах билээ гэдэг шиг хичнээн сайхан амьдралыг хүсэн мөрөөдөх ч тэрийг олох арга барил чинь атгаг бол яалтай ч билээ. Хүмүүн болж төрсөн учраас бүгд л өөр өөрсдийн сайн сайхан амьдралыг хүснэ. Үүнийг буруутгах арга үгүй, хүн ч гэсэн нэгэн сүүн тэжээлт амьтан учраас байгалиас заяасан зөн совингийн дагуу байгалийн шуурганд амь гарч, өөрийн амьсгалах хугацаандаа өөртөө сайн сайхныг хүсэх нь зүйн хэрэг. Хэн ч дотроо “за би сайхан зовж амьдарна аа” гэж хүсэж мөрөөдөхгүй. Харин аз жаргалыг яаж харах нь хувь хүн бүрт адилгүйд зангилаа бий. Сахил хүртсэн хүн хуяг тачаалыг тэвчин насыг барах бол зөвхөн зугаа цэнгэл хөөх хэсэг хүн ч бий. Олон орноор тэнэж, зүйл зүйлийн үзэгдэл сонирхохыг зарим нэг нь баясал гэх бол өөр нэгэн гэртээ сууж эцэг эхийгээ санаа амар баярлуулах нь жаргал гэж хэлнэ. Амьд явсных алтан аяганаас ус ууна гэж зүтгэх нэгэн байхад бусдын гэрэлт инээмсэглэлд цадан, олонд хүндлүүлж явахыг амьдын учир шалтгаанаа болгосон хүн ч тааралдана. Энэ мэтээр үргэлжлүүлж сэтгэж, урьд хойдох цаг хугацааг сөхөж, хүмүүсийн үлдээсэн шастир бүрийг нээх тусам аз жаргал гэгч зүйл зүгээр л нэг хувь хүний сэтгэхүйд л орших хоосон үзэгдэл төдий болж харагдаж, тэрийг яаж тодорхойлж хүнд ойлгуулах нь улам бүр бүрхэг болоод, харанхуй тайгад төөрөөд дэн лаа барин ойн гарцыг хайхтай л дүйж очно.
Тэгэхээр яах билээ? Тийм гээд хэлэгдэж чадахгүй, хаана байна гээд зааж чадахгүй, ойрхон байна гээд мэдэрч чадахгүй тэр сайхан амьдралыг хэрхэн барихаа мэдэлгүйгээр өөрт ногдсон ганцхан жаранг дэмий өнгөрөөнө гэж үү? Үүнийг бол хэн ч хүсдэггүй, хэн ч хүсэхгүй, хэн ч хүсэж ч байгаагүй. Бүх цаг үеийн турш хүн төрөлхтөн амьдралын утга учир, аз жаргал, сайхан амьдрал гэх зүйлийг хайх аялал хийснээс олон тооны томоохон сэтгэгч нар нэг зүйл дээр санал нэгдэж байдаг. Тэр бол боловсрол сайхан амьдралыг төрүүлдэг гэх үзэл. Арьс өнгөний эсрэг маш том хөдөлгөөний эзэн Нельсон Мандела “Боловсрол бол дэлхийг ч өөрчилж чадвартай зэвсэг” [2] гэж хэлсэн бол АНУ-г үүсгэн байгуулагч эцэг гэх алдрыг зүүх эрхмүүдийн нэг Томас Жефферсон “Ард иргэдээ боловсролтой, мэдээлэлтэй болго.. Тэд л эрх чөлөөг баталгаатай хадгалах болно.” [3] гэж хэлж байж. Харин боловсрол гэж юу вэ? Одоогийн олон нийтийн тодорхойлдогоор өөрийнхөө нэрийг бичээстэй ямар нэг диплом зуурч суухыг боловсролтой болох гэж хэлэхгүй. Гадаадын ямар нэг улсад төгсөж ирээд хаа тааралдсан хүндээ онгирч суухыг ч бас боловсролтой гэж хэлэхгүй. Их сургуулиуд болон боловсрол олгогч байгууллагууд анх байгуулагдсан шалтгаан бол хүнийг зөв сэтгэдэг болгож хүмүүжүүлж, аливаа тусгай ажилд мэргэшсэн болгоход л оршиж байсан. Тийм байхад чи дипломгүй, чи мэдлэггүй, чи тэнэг гэж хүн харааж суух нь зөв сэтгэж сурч боловсрол эзэмшээгүйн илрэл. Энэ санааг ч хэдэн зууны турш агуу сэтгэгчид олж хараад хойч үедээ хэлж захиж үлдээж ирсэн. Жишээлбэл Грекийн гүн ухаанч Аристотель “Хүний зүрх сэтгэлийг боловсруулалгүйгээр, сэтгэлгээг боловсролтой болгох нь огтоосоо ч боловсрол биш” [4] гэж хэдэн мянганы өмнө хэлсэн бол саяхныг хүртэл дэлхий даяарх хөдөлгөөнийг удирдаж явсан Мартин Льютер Кинг “Боловсролын гол үүрэг бол тухайн хүнийг нухацтай бөгөөд хүчтэй сэтгэхэд оршино. Хүн чанар болон ур ухааны нийлбэр боловсролын гол зорилго байх ёстой.” [5] гэж айлдсан. Энэ яг юу гэсэн утга агуулагдаж байна вэ? Боловсролтой байх гэж тэгээд юу гэсэн үг вэ. Хэн ч биш миний бие өөрийн дураар энэ асуултанд хариулт өгөх гэж оролдвол болосролтой байх гэдэг нь хүмүүн нэгэн мэргэжил эзэмшиж, тэр салбарынхаа талаар давгүй мэдлэгтэй байхаас гадна хувь хүний хувьд төлөвшсөн байж өөрийн хийж байгаа үйлээрээ, эзэмшсэн боловсролоороо бусдад хэрэгтэй зүйл хийж байхыг хэлнэ гэх утгыг шүүж гаргана. Үүнтэй ч адил төс бүхий бодролыг саяхан 2017оны 7 сард Финланд улсад болж өнгөрсөн олон улсын гарааны бизнес эрхлэгчдийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод ирсэн Б.Бөртэ-Үжин өгүүлсэн байдаг.
Мэдлэг бус эрдэм хэрэгтэй аж. Эндээс ойлгож авсан том зүйл нь бид хүсэлтэй байвал мэдлэгийг хаанаас ч юунаас ч олж авч болох аж. Хөгжмөөс, номоос, киноноос, уран зургаас, гэрэл зургаас, бусдын ярианаас, өөрийн бодлоос гээд хэрвээ бид өөрийн сурах арга барилаа олвол хаана байгаа чинь хамаагүй мэдлэг олж авч чадна. Тэр мэдлэг танд ЭРДЭМ болон хэрэглэгдэж, ёс зүй, хүн чанараар өнгөлөгдөн байгаа эсэхэд л учир бий аж. Модны үндэс хүчтэй сайн байж гэмээнэ мод сайн ургана. Тэгвэл улс орны үндэс нь та өөрөө. Тэгээд л зүгээр бодоод үз. Өөрсдөө сулбагар үндэс хэрнээ модны орой дахь навч жижигхэн, шар байна гэж гомдоллох нь шударга уу. Үндэснээс л үүсэлтэй навч шүү дээ хөөрхий минь. [6]
Б.Бөртэ-Үжин — Founder, Managing Director at Bee Happy LLC
Одоогийн энэ байдлын эсрэг бидний хэдэн залуус боловсрох хүсэлтэй эгэл монгол иргэнд туслах зорилготойгоор нэгдэж нэгэн сайн дурын ажил эхлүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд сар бүр тогтмол онлайнаар сонгогдсон сэдвийн дагуу шууд онлайн хичээл орох бөгөөд тус хичээлийн сэдэв ч бичмэл маягаар дараа нь нийтлэгдэнэ. Эхний байдлаар хичээлүүд програмчлал, академик англи хэлний хүрээнд орох ба цаашид гадаадад мэргэжил дээшлүүлж буй эсвэл өөрийн мэдлэгээсээ бусадтай хуваалцахыг хүсэх мэргэжилтнүүд нэгдэж өөр олон чиглэлээр хичээл явагдах болно. Мэдээж энэ сайн дурын ажил маань боловсорч байгаа хүнээс ямарваа нэг хэмжээнд мөнгөн төлбөр нэхэхгүй. Тэр хүн өөртөө эрдэм мэдлэгтэй болъё гэсэн туйлын хүсэл болон сар бүр тогтсон цагт интернетээр холбогдох бололцоотой байхад л хангалттай. Эдгээр зүйл хүн болгонд байж болох хамгийн эхний зүйлс. Хичээлүүд маань уламжлалт боловсролын системийн дагуу тоочиж өгүүлсэн баримтын дэс дарааллаас аль болох зугтасхийн боловсрол гэж юу болох, хэрхэн өөрийн хүссэн зүйлээ сурах вэ, түүнийгээ хэрхэн ашиглаж эрдэмтэй болох вэ гэдэг тал дээх түлхүү анхаарахаас гадна орсон хичээл болгон маань уг чиглэлийнхээ хамгийн үндсэн, хөдлөшгүй чухал ойлголтууд байна. Ямар ч салбарт юугаар ч юм хийе гэсэн тухайн хүнд тэр хийх зүйлийн үндсэн мэдлэг хэрэгтэй. Хүн тэр үндсэн мэдлэгийг мэдсэнээр өөрийн сонирхол, сониуч зангаа даган тэр салбараа улам гүнзгийрүүлэн судалж шинэ нээлт эсвэл өндөр нарийвчлал бүхий бүтээл хийж болно.
Үүнтэй адил санааг Исаак Ньютоны хэлсэн үгээс харж болно. Тэрбээр “Намайг бусадтай зэрэгцүүлж харах юм бол би бусдын агуу мөрөн дээр зогсож байгааг харах болно” [7] гэж хэлснээрээ өөрийн математик болон физикийн салбарт нээсэн алдарт ажлуудаа өөрөөсөө өмнөх үеийн судлаачдын ажилд тулгуурлаж хийсэн гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй төстэй санааг “Хүнд загас өг, тэр хүн нэг өдөр цатгалан байна. Хүнд загас барих арга зааж өг, тэр хүн нэг насаараа цатгалан байна.” [8] гэх үгнээс ч харж болно. Хүн зөвхөн үндсэн мэдлэгүүдийг сайн сурч аваад тэрнээс цаашаагаа өөрийнхөө хүссэн зүйлийг хөгжүүлж хийж болно. Тийм учраас хичээлүүд маань ямарваа нэг лаг юм гаргаад хийж харуулахдаа биш, үндсэн ухагдахуунуудыг хэрхэн судлах тал дээр их анхаарсан аястай явагдана.
Яагаад програмчлал болон академик англи хэлээр эхлэх гэж? Өнөө үед гудамжинд тааралдсан хэнбугайг ч барьж аваад одоо ямар зуун бэ гэхэд бүгд л нэг дуугаар мэдээллийн эрэн зуун гэхээр буй. Үүнийг ч нотлох мэт сүүлийн хэдэн жилийн турш дэлхий дахинд программистаас өөр мэргэжилтнүүд ингэж их дутагдаж байсангүй. Энэ ч манай оронд ч гэсэн ялгаагүй. Гэвч хачирхалтай байдлаар олонх хүмүүсийн толгойд энэ мэргэжлийг ямар нэгэн гавал толгойт л эзэмшдэг маш хүнд гэх ойлголт бий. Үүнээс гадна хүмүүс бичиж байгаа код болон програмчлалын хэлэнд маш их ач холбогдол өгдөг. Эдгээр нь олон хүнийг програмчлалыг оролдоход саад тушаа болно. Энэ бэрхшээлүүдийг давж гарахад хүнд туслах үүднээс програмчлалын хичээлүүдийг Ruby, Python, Java гэх хэл дээр зэрэг тайлбарлаж програмчлал нь бичигдэж байгаа хэлэндээ биш програм бичиж байгаа хүний бодож байгаа процессдоо байдаг гэдгийг гаргаж өгөхийг оролдох бол яг компьютерд юу болж байгаа талаар гаргаж ирэх эсвэл яг цаадахь ажиллагаа нь ямархуу гэдгийг тайлбарлаж, хэрэгцээтэй үед C/C++ хэлийг заримдаа ашиглах болно. Академик англи хэлний хувьд бол нэмэлт тайлбар бараг илүүц биз. Одоо үед өөрийн хүссэн салбартаа мэдээлэл олъё, өөрийгөө хөгжүүлье гэвэл академик англи хэлний мэдлэг сайн байхаас өөр арга байхгүй. Өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ хайж олж, тэрийгээ ойлгох хэмжээнд байж чадахгүй бол өөрийн одоо байгаа байрнаасаа хэрхэн дээшээ хөгжиж цойлох билээ дээ. Үүнийг хийхийн тулд англи хэлний мэдлэг хэрэг болно. Нэг их айж сандраад, ширээн доор орж нуугдаад байхаар хэцүү сэдэв биш боловч одоогийн хүмүүсийн ой ухаанд энэ нь эсрэгээрээ. Үүнийг би IELTS-д бэлдэгчдийн групп гээд олон мянган гишүүнтэй группыг удирдан хянаж, хүмүүсд англи хэл сурах, уг шалгалтыг давах, гадаадад сургуульд сурах зэрэгт туслангаа олон нийтийн англи хэл сурахад юу саад болж, ямар зүйл дээр зовж гачлаад байгааг хэдэн жилийн турш ажиглаж суусны эцэсд иймэрхүү дүгнэлт гаргаад бодож суугаа юм.
За тэгээд хаанахын хэн гэгч чөтгөр тэгээд энэ хичээлүүдийг орох билээ? Эхэн үеийн байдлаар бидний хөдөлгөөн маань дөнгөж эхэлж буй учраас академик англи хэл болон програмчлалын хичээлүүдийг миний бие орох болно. Гэвч Даваахүү овогтой Төмөртогтох гэж хэн бэ? Тийм эрдэм мэдлэг нь хэтийдэж, хаа явсан газраа хүндэтгэл хүлээж хүмүүс тонголзуулаад байх мундаг, хурал цуглаан, уулзалт зөвлөгөөнд л өөрийн гэгээн дүрээ харуулж хүмүүсийн оюун ухаанд сийлбэр урлаж байдаг хүн мөн үү гэвэл биш. За тэгвэл цаг зав нь илүүдээд, хурааж овоолсон хөрөнгө нь халгиж цалгисан, өөрийн нэр хүндээ олон түмэнд өсгөхөөр ядаж яваа нэгэн үү гэвэл биш. Харин ч эдгээр хүмүүсээс эсрэг дүр төрхийг агуулсан нэгэн. Би өөрөө одоогоор програмчлалын чиглэлээр сурч байгаа оюутан бөгөөд энэ том шинжлэх ухааны салбарын олон салбар дундаас өөрийн дуртай чиглэлээ олоод тэр өөдөө мацаж яваа. Миний гэр бүл ч тэр хоёр гүүрний цаана амьдрах нь битгий хэл нийслэл хотынхоо утааны голомтуудын нэгэнд амьдран суудаг. Гагцхүү надад хүн ямарваа нэг зүйлийг сурахын тулд хэрхэн их хүчийг давж туулж, хэдий чинээ зовлонг давж, ямар хэмжээний цаг хугацаа, сайн сайхан зүйлийг золиослодог вэ гэдэг дээр яг таг баримжаа аваад хэлж болохуйц төсөөлөл байдгаас гадна энэ их хэцүүг хүмүүсд бага мэдрэхэд нь туслах хүсэл л бий. Өмнө нь дурьдсанчлан энэ ажил маань цааш ахихын хирээр гадаадад сурч буй оюунлаг залуус болон эх орондоо өөрийн салбартаа мэдлэгээрээ цойлж буй залуусаас маань бидэнтэй нэгдэж, нийгмээ боловсролжуулах үйлсд гар биеээрээ оролцоно гэдэгт бид итгэж буй. Эхэн үед миний бие бол зөвхөн харанхуй агуун шагайвчаар орох гэрлийн тусгалд толь ойртуулан тэр гэрлийг цааш ойлгон уг харанхуй агуугаа гэрэлтүүлэхэд анхлах үүргийг л гүйцэтгэж буй ухаантай. Яг л доорх киноны хэсэгт гардаг шиг л…
Эсвэл хүн болгоны үзэх дуртай “Хаан ширээний тоглоом”-д гардаг шиг л …
Бид үүнээс гадна өөр бас бус богино хугацааны сургалтын ажлыг нийгмийн эмзэг бүлэг болон боловсорч, шинэ ур ухаан сурахыг туйлын ихээр хүсэж буй хэсэг хүмүүст зориулан хийх болно. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг бид цаг тухай бүрд нь өөрсдийн сайтдаа байршуулахаас гадна бидний дэмжигч болсоноор уг мэдээллүүдийг бусдаас түрүүлж авах боломжтой. Түүнчлэн бид хичээлдээ академик ёс зүйг маш дээдлэн үзэх ба ашигласан материалуудын эх сурвалжыг заавал оруулж өгч, хичээлийн танилцуулга бэлдэцээ зүй ёсны дагуу тарааж, хүмүүсд буян болох нэрийдлээр бусдын оюуны өмчийг хуулж авахаар тавих мэт ёс бүс үйлдэл хийхгүй.
За тэгээд бидний энэ ажлын маань сайт 2017.08.08-ны 08:00am (UTC+08)-д нээгдэж манай багийн мэдээлэл болон яаж хичээлүүдэд хамрагдах талаар мэдээллүүд тавигдах болно. Харин хамгийн эхний хичээл 2017.08.12-нд програмчлалын хичээлээр эхлэнэ. Товт өдрүүдээс өмнө илүү мэдээлэл авахыг эсвэл хамтрахыг хүсвэл надтай холбогдож болно.
Д.Төмөртогтох
2017.07.31
Уг нийтлэлийг миний хувийн блогт тавигдсан эхээр эндээс уншиж болно.
Таалан тамшаатал бичигдэж үү үгүй юу? Хэрвээ иймэрхүү нийтлэлүүд уншимаар бол миний блог руу орж үзээрэй. Сар бүр өөрийнхөө уншсан номны талаар бичихээс гадна тунгааж үзэх хэрэгтэй зүйлсийн талаар бичдэг. Нийтлэл уншаад хэлмээр санаа оноо эсвэл төрсөн сэтгэгдлээ бичээрэй. 😄 👇
Эх сурвалж:
[1] Ч.Цэлмүүн. Facebook.com. https://www.facebook.com/tselmuun.chinzorig.7/posts/1919874891559577
[2] Nelson Mandela. “Education is the most powerful weapon which you can use to change the world.” Quotes.net. http://www.quotes.net/quote/3127
[3] Thomas Jefferson. “Educate and inform the whole mass of the people… They are the only sure reliance for the preservation of our liberty.” Brainyquote.com. https://www.brainyquote.com/quotes/quotes/t/thomasjeff135368.html
[4] Aristotle. “Educating the mind without educating the heart is no education at all.” Goodreads.com. https://www.goodreads.com/author/quotes/2192.Aristotle
[5] Martin Luther King, Jr. “The function of education is to teach one to think intensively and to think critically. Intelligence plus character — that is the goal of true education.” Brainyquite.com. https://www.brainyquote.com/quotes/quotes/m/martinluth402936.html
[6] Б.Бөртэ-Үжин. Facebook.com. https://www.facebook.com/photo.php?fbid=1393522864059214&set=a.317628011648710.73573.100002045419674
[7] Isaac Newton. “If I have seen further than others, it is by standing upon the shoulders of giants.” Brainyquote.com. https://www.brainyquote.com/quotes/quotes/i/isaacnewto135885.html
[8] Unknown. “Give a man a fish, and you feed him for a day. Teach a man to fish, and you feed him for a lifetime” Quoteinvestigator.com http://quoteinvestigator.com/2015/08/28/fish/
Cover image: Contenly.com