Миний Германд амьдарсан он жилүүд…
Герман улсын хамгийн томд тооцогдох хоёр хотод (Берлин, Мюнхен) амьдралынхаа нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсний хувьд хүмүүсийнх нь амьдралын хэв маяг, хотуудын өвөрмөц шинж төрх, хамгийн сонирхолтой нь амьдарч үзээгүй байхдаа төсөөлдөг байсан миний тэр мэдрэмжийг орвонгоор нь өөрчилсөн германы соёл..
Мэдээж яривал олон олон түүх дурсамжууд хөврөх ч, энэ удаа Германаар аялахдаа Монголчуудын хамгийн их асуудаг асуулт:
- Хаагуур шоппинг хийвэл зүгээр вэ???
Хэхэ, мэдээж, Берлинд олон дэлгүүрүүд бий л дээ. Тэгэхдээ энэ удаа дэлгүүр хэсэнгээ Берлингийн амьдралтай танилцах нэгэн сонирхолтой гудамжийг санал болгоё!
Германы нийслэл Берлин хотooр та зочлох гэж буй бол Kurfürstendamm гудамжаар алхаад үзээрэй! Түүнийг ‘’Тасралтгүй цохилох Берлиний зүрх’’ л гэж нэрлэмээр… Нээрээ, тийм их хүн байнга л холхилдож байдаг ёстой л шоппинг гудамж юм л даа. Kurfürstendamm-ийг үзээгүй бол Берлинийг үзээгүйтэй бараг ялгаагүй.

Берлинхний Kudamm гэж товчилдог уг гудамж хотын баруун хэсэгт байрлана. Berlin Zoo эсвэл Kudamm гэсэн буудал дээр буугаад очино.
Kudamm дэлгүүр хэсэгчдийн хувьд нэн сонирхолтойгоос гадна барилгын архитектур, хотын соёлын хувьд ч үнэхээр үзүүштэй газруудын нэг. Германдаа төдийгүй дэлхийн алдарт гудамжуудад тооцогдох Kudamm нь Breitscheidplatz-аас Halensee гудамж хүртэл нийтдээ 3,5 км үргэлжлэнэ. Kudamm-ийн дундуур автомашины төв зам байх ба хоёр талаархи явган хүний өргөн замаар дэлгүүр хэсэхэд ёстой л хүүхнүүдийн хорхойг гозолзуулсан гоёмсог дэлгүүрийн цонхнууд хараа булаана… Ядарвал мэдээж замдаа ямар ч кафед тухлан суугаад л амсхийж болно. Германы гудамжуудад кафе нь голдуу зам дагуу байх бөгөөд сандлуудаа гаднаа гудамж руугаа харуулан тавьсан байх бөгөөд та гудамжаар яваа хүмүүсийг ажиглангаа кофегоо уугаад л сууна гэсэн үг…:)
Кудамм-ийн гудамжнаас Берлин хотын түүх тэр чигээрээ үнэртдэг гэхэд болно. Энд хуучин байшингуудаа нураагаад шинэ байшин босгохоосоо илүүтэй эртний уламжлалт барилгуудаа улам өнгөлөн сайхан засахыг нь яана. Атаархмаар,,, тэгээд л хотоо тэр чигээр нь түүх болгож байгаам даа.. Тухайлбал, энэ гудамжин дахь түүх соёлын үнэт дурсгал болсон Cumberland-ийн байшинг дахин сэргээж засварласан,

мөн 20-р зууны эхэн үед баригдсан байшин ч Bleibtreu, Schlüterstraße гудамжуудын дунд бий.
Kudamm-ын түүхээс товчхон дурдвал, Kudamm нь16-р зууны дунд үеэс л байсан бөгөөд тэр үеийн Grunewald-ийн ноёдууд морьтой давхидаг зам нь байсан гэсэн. Харин 1886 онд канцлер Otto von Bismarck-ийн хүсэлтээр уг замыг Франц загвараар барьсан гэдэг. 53 метрийн өргөнтэй уг гудамжинд театр, кафе, дэлгүүрүүд байрлаж байв. Тийм эртний үеийн барилгууд нь одоог хүртэл хэв маягаа хадгалан байдаг гэхээр гайхамшигтай байгаа биз? Кудамм-ын хуучин болон шинэ цагийн барилгууд бие биеэ дэрлэн байх тэр хоршлыг ажиглан би энэ гудамжаар алхах их дуртай байж билээ…

Бас нэгэн дурдахгүй өнгөрч болохгүй бол том дэлгүүр бол Kaufhaus des Westens буюу Берлинийхний “KaDeWe” гэх Барууны Их дэлгүүр энэ гудамжны төгсгөлд буюу Wittenbergplatz-д байрладаг. KaDeWe нь 60,000 кв. метр талбай бүхий асар том худалдааны танхимдаа дэлхийд гайхагдсан брэндүүдийг дэлгэн тавьсан байдаг. Эндээс та Парисын загварын тайзан дээгүүр саяхан алхаж байсан хувцаснуудаас эхлээд тэнгисийн ховор нандин далайн амттануудыг ч амсах болно. “KaDeWe” -ийн барилга архитектурын сонин шийдэл, алмайртлаа гайхмаар үзмэрийн цонхнуудаараа алдартай. Ялангуяа шинэ жилийн засал чимэглэл нь их дэлгүүрийг бүүр ч үзэсгэлэн төгөлдөр болгож хараа булаанаа:)

Эндээс холгүй орших Joachimsthaler Straße нэртэй гудамж руу алхаж бас болно. Уг гудамжны буланд алдарт Оройгүй сүм буюу Gedächtniskirche дүнсийн харагддаг. Энэ сүмийн түүхийг өгүүлвэл дуусашгүй тул зочлоод гарахад илүүдэхгүй биз ээ.
Сүм өнгөрөөд л тоймгүй олон загварын дэлгүүрүүд таныг угтана. Ялангуяа Olivaer Platz-ийн чиглэлд явбал дэлхийн алдарт брэндийн дэлгүүрүүд төрөл бүрийн хямдралуудаа зарласнаар таны шуналыг хөдөлгөх буй заа… гэж… хэхэ…
Дэлгүүрүүдээр хэсч явсаар нэг л мэдэхэд Kantstraße- гудамжинд тулж ирнэ. Уг гудамжны эсрэг талд Joachimsthaler Straße гудамж байх ба уг гудамжинд Gerkan, Marg & Partner хэмээх архитекторын газрын өвөрмөц бүтээл 10 давхар зочид буудал бий. Хагас дугуй хэлбэртэй энэ барилгад мөн л дэлгүүрүүд байрладаг.

За тэгээд Kudamm-ийг тоочоод байвал дуусахгүй юм байна. Ингэсгээд зогсоё!
Аан тийм, Literaturhaus Berlin-р бас заавал ороод гараарай!Эндэхийн Кафе-д жуулчид саатан тухлах дуртай. Арааны шүлс асгаруулам хоол, амтат дарсны өргөн сонголт, өвөл, зунгүй тухлах цэцэрлэгт хүрээлэн нь бас л тансагхан хүмүүсийн очих тавтайхан газар л гэж зөвлөе дөө…
Үргэлжлэл мэдээж бий…….
