Урт модон хоолойноос хүнгэнэх аялгуу
Анх би нэгэн өвөрмөц хөгжмийг санамсаргүйгээр youtube сувгаас сонсч билээ. Гитарын аялгуутай хоршин хэмнэл нэмэх хурдтай бөглүү тэр аялгууг анх хаанаас гарч байгааг хараад гайхан алмайрсан.
Дараа нь тэр гайхамшигт аялгуу эгшиглэх хөгжмийн зэмсгийн төрөлх нутаг Австралид очиж үзэх завшаан тохиов. Австралийн уугуул иргэн аборген(aborigine) эр уртаас урт модон бүрээг газар шүргүүлэн тавиад тоглож байгааг сонирхсон.
Бүрээг үлээхэд хүнгэнэсэн өвөрмөц дуу сонсогдоно. Зөөлөн нэгэн хэвийн үргэлжилсэн монотон… Үргэлжлүүлэн сонсвол хэмнэлттэй хурдан, удаан, чичиргээ аялгуу нь байгаль, амьтдын дуу чимээг дуурайх мэт…Заримдаа Монголын хөөмийтэй ч адилхан сонсогдоно…

Диджериду (Didgeridoo) гэж нэрлэх энэ хөгжмийн зэмсэг бол Австралийн уугуул иргэдийн өвөрмөц бүтээл. Дэлхийн эртний хүмүүс болох аборгенчуудын нээж олсон энэ хөгжмийн зэмсэг яг хэзээ үүссэнийг хэлэхэд бэрх. Магадгүй 2500–3000 жилийн өмнө үүссэн гэх.

Аборгенчүүд өөрсдөө 40.000 жилийн өмнөөс хөгжүүлж ирсэн ч гэх юм билээ. Ямар ч байсан Автсралийн хойд хэсгээс үүсэлтэй гэсэн. Нутгийн хүмүүс бүжиглэж дуулахдаа суурь хөгжмөө болгон ёс заншилдаа хэрэглэдэг байжээ. Анчин гаралтай энэ ард түмэн амьтдын дууг дуурайх зориулалтаар ч ашигладаг байв. Диджериду хөгжмөөр тоглож өссөн аборген хүүхдүүд байгальтайгаа их л ойрхон өсдөг байсан байх.
Уг хөгжмийн зэмсгийг Австралийн уугуул иргэд анх хэрхэн нээж олсон тухай янз бүрийн л домог байдаг ажээ. Хамгийн энгийн нь байгаль дунд зүгээр л хэвтэж байсан модыг олж авч хөгжмийн зэмсэг болгосон нь сонин. (Eucalyptus) гэдэг маш хатуу нэгэн модыг морин шоргоолжнууд хөндийлж идээд, модон хоолой үүсгэсэн байсныг үлээж үзэхэд өвөрмөц дуу гарч байсныг хөгжим болгон ашигласан гэдэг.

Голдуу 1–2.5 метр урт модоор уг бүрээг хийдэг ба амсрыг нь амаа урахаас сэргийлж, модны лаваар бүрдэг байна. Бүрээг бэлэн болсоны дараа тусгай ёс заншилдаа зориулан будаж янзалдаг. Бүрээний хээ нь тодорхой түүхийг өгүүлдэг байж. Голдуу улаан, хар, шар өнгөөр буддаг байснаа сүүлийн үед илүү гоёмсог болж өнгө өнгөөр урлан будах болжээ.

Аборгенчууд энэ өвөрмөц хөгжмийн зэмсгийг өвөг дээдсээс нь өгсөн гэж итгэдэг. Өөрсдийг нь тэдэнтэй холбодог аялгуу нь ямар нэгэн учир битүүлэг холбоо үүсгэдэг хэмээн мөн сүсэглэдэг.
Хөгжмийг тоглохдоо явган сууж эсвэл газар сууж тоглодог байсан бөгөөд бүрээний доод хэсэг газарт шүргэн байрлана. Голдуу эрчүүд тоглох ажээ. Бүрээнээс гарах бүх төрлийн хэмнэл нь хөгжимчнөөс яггүй ур чадвар шаарддаг. Зүгээр л нэг үлээхэд аялгуу гарах нь ховор тул амьсгалаа зөв хуваарилаж тоглох нь маш чухал.
Хөгжим нь гэхээсээ илүүтэй хүн нь өөрөө хөгжим болдог нь сонирхолтой санагдсан. Учир нь, уг модон бүрээг үлээхдээ хэрхэн ямар аялгууг гаргаж чадах эсэх нь тухайн хөгжимчний хоолойны өнгө, амны хөдөлгөөн, амьсгалын хуваарилалт, дуу хоолойны өндөр намаас шалтгаалан төрөл бүрийн хэмнэл үүсч гардаг байна.
Бүрээнээс гарах хүнгэнэсэн өвөрмөц хөг аялгуу нь далдын ямар нэгэн гайхалтай татах хүч энергийг агуулсан мэт.. Зах хязгааргүй сансар огторгуйн гүн рүү нэвчин шингэх мэт, заримдаа болж буй үйл явдлыг тас марттал транс мэдрэмж төрдөг…. Уугуул иргэд диджеридуг шашны зан үйлээс гадна бясалгалд ч ашигладаг байжээ. Байгальтайгаа хүйн холбоотой нутгийн эдгээр хүмүүс хөгжмийн энэ л аялгуугаар дамжуулан эх дэлхийнхээ гүн рүү нэвчин орох мэт оюун санааны аялал хийдэг мэт санагдсан. Зарим хүмүүст диджеридугийн аялгуу яг л агаарт хөвж яваа мэт жингүйдлийн сэтгэгдэл төрүүлдэг гэхийм байна лээ. Бүхнийг мартаад юу ч гэсэн биеэ сул тавиад сонсоод нэг үзээрэй.
Диджериду гэх энэ модон бүрээ нь австралидаа маш олон янзаар нэрлэгддэг. Харин дэлхий даяар түгэн дэлгэрч буй энэ л нэрээрээ алдаршиж, олон орны хүмүүс дуртайяа сонирхон тоглож сурч байна. Энэ хөгжмийг тоглосноор амьсгалыг сайн зохицуулж сурах бөгөөд хурхирч унтдаг хүмүүст сайнаар нөлөөлсөн тухай ч судалгаанууд байдаг юм байна лээ.
Австрали тивээр аялсан тэмдэглэлээс…2017 он

