Tungaa Tungalagtuya
Sep 6, 2018 · 3 min read

Looooooooooooong Museum

Хятадаар аялсан хотуудаас хамгийн тансагхан Шанхай хотод үзэх зүйлс мундахгүй байсаан… Сонирхол татсан нэгэн музейн тухай энд өгүүлнэ…

Хоёрхон хүнээс анх санаачилсан Хятадын нэгэн музей хил хязгаарыг алгасан олон улсын жуулчдыг соронзон мэт татахын учир юу вэ? Нэр нь хүртэл Long Museum буюу Урт музей гэгдэх энэ сунжирсан нүсэр байгууламжинд ямархан баялаг нуугдан байдаг юм бол гэсэн сониучхан хүслээр босгыг нь давлаа…

Хятадын нэгэн гэр бүл Liu Yiqian, түүний эхнэр Frau Wang Wei нарын үүсгэн байгуулсан тус музей Шанхай хотын New Area болох Binjiang мужийн Xuhui дүүрэгт оршино. Long музей нь Хятад улсын хэмжээнд хамгийн том хувийн цуглуулга бүхий музейд тооцогдох бөгөөд үзэсгэлэнгийн зориулалтаар хоёр томоохон газрыг эзэмшдэг гэнэ: Тэдгээрийг Long музей Pudong ба Long музей West Bund гэж нэрлэх бөгөөд “Нэг хот, хоёр музей” гэсэн урлагийн өвөрмөц экосистемийг бүрдүүлдэг.

Хятадын архитектор Zhong Song-ийн уг бүтээл нь 10.000 кв.км талбайг эзлэн оршино. Музейн барилга гаднаасаа цагаан саарал өнгийн дөрвөлжин хэлбэртэй боржин чулуугаар баригдсан, зүүний минималист, цэвэрхэн, даруухан энгийн хэв маягтай.

Энд хүмүүс олноор цуглан зүгээр л орчин тойронд нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг мэт санагдсан. Музейн нам гүмхэн хэсэгт хүмүүс ёго болон биеийн тамирын дасгалууд хийн, зарим хэсэгт хүүхдүүд бужигналдан тоглох ажээ.

Мэдээж музейн дотоод хэсэгт нэвтэрвэл илүү сонирхолтой орчин таныг угтана. Long Pudong музей дөрвөн давхартай. Хамгийн доод талын давхар буюу хонгилын хэсэгт нийтийн номын сангийн зориулалттай, нэг уншлагын танхим болон академик танхимтай. Нэгдүгээр давхар нь ихэвчлэн орчин үеийн урлагийн төрөл бүрийн сэдэвтэй үзэсгэлэн, урлагийн бүтээлүүдийн дэлгүүр, урлагийн кафе гэх мэт амралт зугаалгын бусад байгууламжуудаас бүрдэнэ. Хоёрдугаар давхарт “Улаан сонгодог”бүтээлийн байнгын үзэсгэлэнгийн газар байрлах ба Yan’an -ийн үеийн урлагийн бүтээлээс эхлээд Хувьсгалын үеийн, Шинэчлэлийн үеийн гэх мэт урлагийн бүтээлүүдийг системтэйгээр танилцуулсан байдаг. Харин 3-р давхарт үзмэрүүд нь байнгын болон солигдож байдаг үзэсгэлэнгийн танхимуудтай. Эндээс эртний хятадын эд зүйлийн олдвор, эд хогшил тавилга, уран зураг, уран бичмэл, ховор нандин дурсгалуудыг хадгалсан уламжлалт урлагийн үзмэрүүдийг харж болно.

Харин Long Museum West Bund нь Шанхай хотын Binjiang, Xuhui дүүрэгт орших урлагийн төв болох West Bund хэмээх урлагийн корридор хэмээн нэрлэгдсэн газар, Longteng Avenue өргөн чөлөөнд байрлана.

Long Museum West Bund нь энгийн музейн ердийн хаалттай орон зайн загварыг баримтлалгүй харин ч олон нийтэд нээлттэй орон зайг бий болгосноороо онцлог ажээ. (Манай музейнүүд ийм байдаг бол гоё оо… гэж эрхгүй бодогдсон…) Жишээ нь, хамгийн доод давхартаа голын урсгал ширтэнгээ амтат хоол зооглох ресторан, олон нийтэд зориулсан томоохон талбай, концертын заал, кафе, урлагийн бүтээлийн дэлгүүр бий. 1-р давхарт хүүхдүүдэд зориулсан үзэсгэлэнгийн танхим, номын сан байхаас гадна музейн эртний олдворыг сэргээн засварлах өрөө, урлагийн номын дэлгүүр байдаг. Харин 2-р давхар нь 300 гаруй автомашины зогсоолтой.

Музейн доторхи зохион байгуулалтыг харахад, урлаг болон ард түмний амьдрал газар тэнгэр мэт хол биш, харин ч хүмүүсийн өдөр тутмын амьдрал, амралт чөлөөт цагтай нягт уялдаатай нэгдмэл байдлаар хийж чадсан нь үнэхээр бахархууштай санагдсан. Ийнхүү энэхүү музейг үүсгэн байгуулагч Liu Yiqian, гэргий Wang Wei нарын санаа нь жирийн амьдрал дээр хэрхэн жинхэнэ бодит мөрөөдөл болон хэрэгжснийг харах сайхан байв.

Музейн гол зорилго нь, урлагийг тасралтгүй хөгжүүлэн, түүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх онцгой хүндтэй үүргийг хүлээсэн. Музейн үзмэрүүд нь эсрэг тэсрэгийн туйл, эртний болон орчин үеийн харьцуулал, барууны болон зүүний урсгал хийгээд үндэсний үзлийг олон улсын үзэл баримтлалаар харах янз бүрийн өнцөг, Хятадын урлагийн гайхалтай ололт амжилт, дэлхий дахины орчин үеийн урлагийн эрч хүчийг системтэйгээр харуулсан зэрэг нь Long Музейг дэлхийн түвшний музей болгож чадсан гэдэг.

Shanghai, 2012 on.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade