Tungaa Tungalagtuya
Sep 6, 2018 · 4 min read

Эсрэг тэсрэг үзэл бодлын зааг дахь эв нэгдлийг мөрөөдөх нэгэн зурвас газар…

очиж үзэхээр зориг шулуудлаа…Нэг тийм хоосон мэдрэмж төрмөөр, нэр нь хүртэл аюулгүй мэт сонсогдовч айдас дагуулсан…энэ газрыг зориуд зорин ирэх жуулчид цөөнгүй ажээ…

Энд очиж үзэхээр шийдсэн бол Солонгост ирсэн эхний өдрөө л бүртгүүлчихэд гэмгүй. Учир нь, нэгэнт бүртгэгдсэн аялал цэргийн жагсаал цуглаан товлогдсоноос болж цуцлагдах магадлал байдаг гэнэ. Ядаж л 3 өдрийн өмнө бүртгүүлснээр аюулгүй бүсэд нэвтрэхэд тэнцэх эсэхээ мэдээд авна.

Энэ бол нэг хэл соёлтой улсыг тэг дундуур нь хувааж орхисон Солонгосын DMZ (Demilitarised Zone) буюу “Цэрэг зэвсэггүй бүс” юм.

Энэ зурвас газрыг 1950 оноос гурван жил үргэлжилсэн Солонгосын дайны дараа Хятад, Хойд Солонгос, НҮБ-ын гэрээгээр Солонгосын хойгийн 38 дугаар өргөргийг дайруулан, 250 км урттай, 4 км өргөнтэй хил татан зааглажээ.

Эвлэлдэн нэгдэж чадаагүй энэ улс одоо хүртэл энхийн гэрээ байгуулаагүй тул уг бүс дайны горимд байдаг. Хэдийгээр “Цэрэг зэвсэггүй бүс” гэж нэрлэдэг ч дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай “цэрэгжсэн бүс” гэгддэг.

Хоёр Солонгосыг тусгаарлаж үлдээсэн энэ газарт очоод өөдөө өөдөөсөө эсрэгцэн зогсох Өмнөд ба Хойд Солонгосын цэргүүдийн дундуур явахад дайн ба энхийн аль нь ч өрнөж мэдэхээр нэг тийм эргэлзээтэй…

Энэ бүсэд хүрэлцэн ирээд хамгийн түрүүнд харах зүйл бол магадгүй DMZ бүсэд байрлах нэгэн хөшөө байх. Энэ хөшөө нь хагарсан бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд бөмбөрцгийн дотор талд Хойд ба Өмнөд Солонгосын газрын зургийг хоёр талд нь товойлгон хийсэн харагдана. Хагарсан энэ бөмбөрцөгийг хоёр талаас нь хүмүүс түлхэж буйгаар дүрсэлжээ. Хэзээ нэгэн цагт элэг нэгтэй Солонгосын ард түмэн эргээд нийлэх гүн утга агуулсан мэт.

Үзэж болох бас нэгэн сонирхолтой зүйл бол 1600 гаруй м урттай, 80-аад метр гүнд байрлах 3-р тунелээр ороод гарч болно. Боржин чулууг дэлбэлж газрын гүнд ухсан энэ тунелийг Хойд Солонгосчууд нүүрс олборлох зорилгоор ухсан гэх боловч эндээс нүүрс олдоогүй гэдэг. Ийм тунелыг 1970-аад оноос хойш 4-ийг илрүүлжээ. Өмнөд Солонгосын нутаг руу газар доогуур ойртсон энэ тунелээр явж үзвэл давхар давхар минижүүлсэн бэхлэлтэнд хүрээд зогсох аж.

Өмнөд Солонгосоос Хойд Солонгос хүрэхийг бэлгэдсэн Dorasan төмөр замын өртөө нь хэзээ ашиглагдахаа хүлээн байгааг бас харж болно.

Энэ өртөөний ойролцоо байрлах 500 хүний багтаамжтай 304 кв.м талбай бүхий Dora ажиглах байранд очиж, Хойд Солонгосын нутгийг дурандах боломжтой.

Энэ ажиглах байрны дээрээс Эрх чөлөөний тосгон нэртэй 200 гаруй хүн оршин суух тосгоныг бас харж болно. Тэндэхийн оршин суугчид цэргийн алба хаадаггүй, татвар төлдөггүй гэсэн.

Бас нэгэн хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл нь юу гээч…Өндрөөс өндөрт мандах Өмнөд Солонгосын туг! 98.4м өндөр энэ тугны эсрэг түүнээс ч өндөрт намирах Хойд Солонгосын туг- 160 метр! Хэхэ, Солонгосын “Тугны дайн” гэж ч нэрлэдэг энэ өрсөлдөөнөөрөө дэлхийд 4-т орох уг тугийг сүндэрлүүлсэн гэдээг…:)

Энэ мэтчилэн тоочоод л байвал өрнөөд л байх сонирхолтой түүх олонтоо ажээ. Хэрвээ та ч бас үүгээр зочлохыг хүсвэл… хэдэн зүйл зөвлөе!

  • Шалган нэвтрүүлэх бүсээр орж гарах тул паспортаа заавал биендээ авч яваарай.
  • Хаа сайгүй зураг авч болохгүй, зөвшөөрөгдсөн тодорхой газруудад л авч болно
  • Ил задгай хувцас өмсөхгүй байх, цэргүүдийн нүд рүү харахгүй байх гэх мэтээр биеэ зөв боловсон авч явах хэрэгтэйг хэлэхэд бас илүүдэхгүй биз ээ…

Солонгосоор аялсан богинохон ч гэсэн сонирхолтой замын тэмдэглэлээс… үргэлжлэл бий… 2018 он. 1 сар

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade