Өөлөх зүйлтэй өнгөрүүлсэн оюутны зуны амралт минь!!!

Өчигдөр /баасан гараг/ эртхэн унтсан болохоор өнөөдөр /бямба гараг/ эртлэн босохыг хичээлээ. Ер нь амралтын өдрөөр их унтаад байдаггүй зуршилтай ч, залуу хүн байна Баасан ахын ойн өдрийг хэтрүүлэн тэмдэглэсэн тохиолдолд маргааш нь үд хүртэл ногоорох үе байлгүй л яахав. Өглөө босож аар саархан зүйл хийж байгаад гэнэт өчигдөр, уржигдар, тэрний цаад өдөр, бүр тэрний ч цаад өдөр бодон бодон яваа нэгэн бодролоо хуваалцахыг зорилоо. Энэ бол Өөлөх зүйлтэй өнгөрүүлсэн оюутны зуны амралт минь!!!

Би багаасаа олон ажил хийж үзсэн л дээ - ундаа зарах, сүү зарах, тараг зарах, машин угаалга, барилгын туслах, сүүлд хавтангийн үйлдвэрт туслах ажилтан /10 жил, оюутан ахуйдаа хийж үзсэн/-аар ажиллаж байсан юм. Их сургуульд ордог жилээ сургалтын төлбөрөө олох хэрэгтэй гэж гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд хуваариа сонгоол маргааш нь Улаанбаатар хотод ахынхаа хавтангийн үйлдвэрт ажиллахаар ирж билээ. Тэнд би 2 сар гаран бараг 2 ээлжээр ажилласан юм. Эхний ээлж нь өглөө 09:00–18:00 цаг, оройн ээлж нь 19:00–03:00 цаг хүртэл, заримдаа тэндээ шууд манаач хийгээд хоночидог байсан ч үе бий. /сүүлийн 1 сар л шөнийн ээлжинд гарсан байх/

Одоо эргээд бодоход Их сургуулийн 4 жилийн зуны амралт минь надад үнэхээр чамлалтай санагддаг юм. Бүтэн жил борви бохис хийлгүй ясаа цайтал, цусаа юүлэгдтэл ажил хийгээд гэртээ ирж амарч байгаа мэт юу ч хийхгүй, идэж ууж, зугаалж цэнгэж байгаад 9 сард Их сургуульдаа ирдэг байж. Гэхдээ тухайн үедээ ажил хийх, эсвэл өөрийгөө хөгжүүлэх, сурах талаар өчнөөн боддог байсан ч бусад хүүхдүүд зүгээр л амарч, зугаалж, цэнгэж байхад би ч бас гэсэн аминчхан, атаархуу, барьцамтгай гэмээр юм уу ядмаг сэтгэхүйгээр хандсанаа бодохоор гутармаар ч юм шиг. Гэхдээ бүх хүүхэд амарч зугаалдаг гэж би хэлээгүй шүү, биднээс хавь илүү ухаантай нь илүү их хөдөлмөрлөж, сурч мэдэж, хийж бүтээж байсныг би бас мэднэ.

Зарим нь санал зөрөлдөхийг би үгүйсгэхгүй, насаараа ажиллах, насаараа сурах, насаараа тэмцэлдэхээс цааш арван жилийн, оюутан насны зуны амралтаа л амарч, зугаалж, цэнгэж өнгөрүүлэх хэрэгтэй гэж магад. Би одоо арван жилээ төгсөөд 9 жил, Их сургуулиа төгсөөд 5 жил болж байна. Хэрвээ би оюутан насны зуны 4 амралт буюу 1 жилийг илүү үр бүтээлтэй, ухаалаг, хөдөлмөрч өнгөрүүлсэн бол өнөөдөр та бүхэнд магадгүй амжилтын нууцаасаа, магадгүй арай илүү ахисан түвшний мэдлэг, мэдээллийг хүргэхийг зорих байсан байж ч магадгүй.

Тэхээр залуусаа, оюутан, оюутан болох гэж байгаа дүү нараа…

Сурах хугацаандаа заавал ажил хий гэж зөвлөхгүй ч зуны амралтаараа заавал ажил хийж үзээрэй. Нэг үеэ бодвол Улаанбаатарт ч тэр, орон нутагт ч тэр оюутан залууст зориулсан цагийн ажил, 2, 3 сараар ч хийх боломжийн ажил өч төчнөөн болсон байна. Эсвэл насаараа ажиллах юм чинь гэж бодож байгаа бол өөрийгөө ямар нэг хэлбэрээр хөгжүүлээрэй. Спорт, урлаг, танин мэдэхүй юу ч байж болно. Бүр болы, ядаж 3 сарын дотор нимгэн зузаан нь хамаагүй 6 ширхэг ном унших зорилт тавиад түүнийгээ биелүүлээрэй.

Show your support

Clapping shows how much you appreciated Turtogtokh Erdenebaatar’s story.