Жокер үргэлж шалгуур байсан буюу хэн жокерт тэнцэх вэ?

Даваа Шошеле
Nov 6 · 2 min read

Сайн бүтээлийг бид үздэг

Сод бүтээл биднийг үздэг

Үзэгчид үргэлж өөрсдийгөө ямар нэгэн урлагийн бүтээлд дүн тавих эрхтэй хэмээн сэтгэсээр ирсэн. Гэвч бидэнд дүн тавьдаг урлагийн бүтээл байдгийг Жокерийг үзэж дуусаад санаа алдалтаар хуяглан хэсэг дуугүй суухдаа ойлголоо. Найруулагчийн намайг шалгах гэж тавьсан найруулгууд төгс байсны зэрэгцээ Joaquin Phoenix -ын уруу татлагууд хэлэх үггүй алмайрмаар байлаа. Хүний мөн чанар ямар сул дорой, жоохон чиглүүлээд л сул тавьчихад бид нэг нэгнээ хялбархнаар үзэн ядаж, хямдханаар буруутгаж болдгийг эцэстээ тэр нь “Цус” хараад аз жаргал, тайвшрал, сул тавилт болон хувирч байгааг ямар ч өөгүйгээр барахгүй зөвтгөж болох мянган шалтгаанаар харуулжээ. Хүний суурь хэрэгцээнүүдийн алийг нь ч мэдэрч, хүртэж чадахгүй, итгэл найдвар өгөх юу ч үгүй, хайрлаж хайрлуулах мэдрэмжээр дутаж, нийгэмд гадуурхагдана гэдэг чамайг новш болгох хангалттай шалтгаан. Гэвч энэ бүтээлийг сод болгож байгаа зүйл нь эдгээр бүх шалтгаануудыг өмнө чинь тавиад чиний юу бодохыг харж, чамайг өөрийгөө хэрхэн буруутгаж эсвэл зөвтгөж байгааг чинь даажинтайгаар харж суухдаа “чиний үхэл амьд байх үеэс чинь илүү үнэтэй байна гэж итгэж байна” гээд хажуунаас чинь ёврох үе юм. Тэр л үед чи энэ бүх гунигт үнэний өөдөөс ЗӨВийг гаргаж тавих зоригтой байх уу? Надад хараал идсэн Нэг л ЗӨВ шалтгаан байна гээд эсэргүүцэх чадал байна уу? Бүх хүн чиний эсрэг байсан ч, чамайг хайрлах, чамд итгэх хэн ч байхгүй үед ч чи ЗӨВ-ийг үйлдсээр л байж чадах уу? Нуруу хүйт даатал Инээж байгаад бидэнд тавьсан шалгуур нь энэ байлаа. Тиймээс л Жокер бол гагц жүжигчнийг биш үзэгчийг давхар шалгадаг дүр юм. Харин хэн тэнцэх вэ?

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade